Тавантолгойн гэрээ Монгол Улсын хуулийг зөрчсөн байвал УИХ-аар оруулах шаардлагагүй
2015/06/02
Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 31- нийг тамхигүй өдөр болгон тэмдэглэж хэвшсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 40 жилийн ойдоо зориулан 1987 оны дөрөвдүгээр сарын 7-ныг тамхигүй өдөр болгон зарласан түүхтэй. Харин үүний дараа жил нь буюу 1988 оноос тавдугаар сарын 31 болгон захирамж гарснаар "World no tobacco day" хэмээн тэмдэглэх болжээ. УИХ- ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Тамхины хяналтын хууль’’-ийг шинэчилж, 2013 оны гуравдугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт олон нийтэд “тамхины хяналтын” хэмээн нэрлэгддэг Л.Эрдэнэчимэг гишүүн Дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан мэдээлэл хийсэн. Мэдээллийнх нь дараа Л.Эрдэнэчимэг гишүүнээс дараах ярилцлага, тайлбарыг авав.
-Тамхины хяналтын хуульд өөрчлөлт оруулсан гишүүний тань хувьд асуухад өнөөдөр Монгол Улсад тамхидалт ямархуу хэмжээнд байдаг юм бол?
-Би бол сэтгэл эмзэглүүлэх түвшинд хүрсэн л гэж хэлнэ. ДЭМБ-аас гаргасан мэдээгээр манай улсын 15 ба түүнээс дээш насны хүн амын тамхины хэрэглээ 47 хувь болж, дэлхийд тэргүүлэх 10 орны тоонд багтах болсон. Шууд болон дам тамхидалтын нөлөөгөөр Монголын хүн амын эрүүл мэндийн байдалд ноцтой сөрөг үр дагавар учруулж, 1993 оноос хойш нас баралтын шалтгааны дотор зүрх судасны өвчин тэргүүлж, бүх төрлийн хавдар удаалж байгаа нь үнэхээр сэтгэл түгшээх хэмжээнд хүрсний нотолгоо мөн.
Түүнчлэн тамхинаас үүдэлтэй чихрийн шижин өвчний тархалт мащ хурдацтай нэмэгдэж байгаа статистик тоо гарсан байна лээ. Хамгийн гол нь өнөөдөр Монголд хоёр эрэгтэй тутмын нэг нь, дөрвөн эмэгтэй бүрийн нэг нь тамхи татаж байгаа тун ноцтой тоо баримтыг судалгааны байгууллагууд гаргасан байсан. Байдал ийм хэмжээнд оччихоод байгаа учир Тамхины хяналтын тухай хуулийн зарим заалтыг чангатгах, хууль хэрэгжилтийг сайжруулах шаардлага амьдралаас урган гарч ирж байна.
-Уг нь манайх чинь Олон улсны гэрээ конвенцид нэгдэж, тамхины эсрэг хуулиа чангатгаж, байдгаараа тэмцээд л байгаа биз дээ?
-Тийм ээ. Монгол Улс Тамхины хяналтын суурь конвенцид нэгдэн ороод 10 гаруй жил болж байна. Энэ нь улс орнууд хамтран тамхины хэрэглээний төвшин болон тамхины утаанд нэрвэгдэх явдлыг бууруулах, тамхины эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засагт учруулах сөрөг үр дагавраас хойч үеэ хамгаалах зорилготой гарч байгаа нийгмийн эрүүл мэндийн анхны Олон улсын хууль эрхзүйн баримт бичиг юм. Дээрх конвенцийн дагуу Монгол Улс хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох үүрэг хүлээсэн бөгөөд 2012 онд Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн найруулж, тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилго бүхий хуулийг УИХ-аар батлуулж, 2013 оны гуравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлснийг манай иргэд сайн мэдэж байгаа. Хууль хэрэгжиж эхэлсэн цагаасаа эхний хэдэн cap маш сайн хэрэгжилттэй байсан. Харин сүүл рүүгээ зарим заалт, хэрэгжүүлэх арга механизм нь тодорхой биш байснаас болж жаахан суларсан тал бий. Бид энэ талаар судалж байгаа.
Гэхдээ дам тамхидалтаас урьдчилан сэргийлэх үндсэн зорилго маш сайн биелж байгааг хэлэх ёстой. Бидний өөрчлөлт оруулан батлуулсан хуулийн хэрэгжилтийн үр дүнг ДЭМБ- аас сайшаан тэмдэглэж Монгол Улсын Засгийн газар тамхины эсрэг хамгийн үр дүнтэй, амжилттай тэмцэж байна гэж үнэлээд саяхан ДЭМБ-ын Ерөнхий захирлын нэрэмжит, 2015 оныхоо шагналаар шагналаа. Анх 2008 онд тамхины хайрцаг дээр тамхины аюулын эсрэг сурталчилгаа гаргасан ажлаараа Монгол Улс энэхүү нэр хүндтэй шагналаар шагнуулж байсан юм билээ. Энд нэг зүйл хэлэхэд Тамхины хяналтын хуулиар УИХ болон Засгийн газрын хүлээсэн бас нэгэн үүрэг бол жил тутам тамхины онцгой татварыг нэмэгдүүлж, тамхины хэрэглээг бууруулах ёстой ч сүүлийн гурван жилд тамхины татварыг нэмэгдүүлж чадахгүй байгаа. Энд нөгөө л тамхи үйлдвэрлэгчид, импортоор оруулж ирдэг бүлэглэлүүдийн нөлөө яваад байгааг хэлэх ёстой.
-Сүүлийн үед Улаанбаатарын тодорхой байршлуудад “Тамхи татах цэг” гэгчийг байгуулсан ч одоогоор ажиллаж эхлээгүй байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Тамхины хяналтын тухай хуульд 2014 онд орсон өөрчлөлтөөр гадаад орчинд тамхины цэг байгуулах болон цэгийн байршил, хөрөнгийг тухайн ИТХ-аас батлахаар тусгасан. Тэгээд ч энэ чиглэлээр зарим аймаг, сум, дүүргүүд тодорхой арга хэмжээ авч, зохион байгуулж эхлээд байгаа. Мөн 300 метр квадратаас дээш талбайтай барилгын дотоод орчинд нэгээс илүүгүй тамхи татах цэг байгуулж болно гэсэн заалт орсон ч тухайн цэгийн стандартыг өнөөдрийг хүртэл баталгаажуулаагүй байгаа. Удахгүй асуудал нэг мөр цэгцлэгдэх байх гэж харж байна.
-Ярианыхаа сэдвийг өөрчилж, өөрийн тань ахалж байгаа Тавантолгойн гэрээг хянах ажлын хэсгийн ажил ямар шатанд яваа талаар сонирхож байна?
-Тавантолгойн гэрээний ажлын хэсэг Засгийн газраас Тавантолгойн гэрээний материалуудыг шаардаж нэлээн олон материал хүлээн авсан. Хамгийн гол нь англи хәл дээрх эх хувийг нь шаардаж 20 гаруй хонож байгаа ч өнөөдрийг хүртэл бидэнд өгөхгүй байгаа. Яагаад англи хэл дээрх эх хувийг нь ажлын хэсэгт өгөхгүй байгааг ерөөсөө ойлгохгүй байгаа. Бидний зүгээс англи хэл дээрх эх хувийг нь нэхээд байгаа учир шалтгаан ерөөсөө хэнд ч тодорхой шүү дээ. Арбитрын шүүхийн шаардлага бол ерөөсөө л англи эх хувийг баримтлана гэж заасан байдаг. Монгол Улс олон удаа Арбитрын шүүх дээр маргалдаж, ихэнхдээ ялагдсаар ирсэн. Энэ нь ерөөсөө л тухайн гэрээний англи эх хувилбар дээр нухацтай сууж ажилладаггүйтэй л холбоотой юм. Тийм учраас англи хәл дээрх эх хувийг нь бидэнд өгвөл дараагийн долоо /энэ долоо/ хоногт ажлын хэсгийн дүгнэлт бэлэн болно.
-Та их итгэлтэй ярьж байна. Та бүхэн Тавантолгойн гэрээнд ямар байдлаар үнэлэлт өгч, дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа вэ?
-Манай ажлын хэсэг 14 зүйл, заалтаар дүгнэлт гаргах ёстой. Одоогоор 50 гаруй хуудастай дүгнэлт бэлэн болчихоод байгаа. Бидний хувьд нэлээн нямбай ажиллаж, их материалтай танилцаж байгаа болохоор цаг их орж байна.
-Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хэдэн удаа хуралдсан бэ. Ажлын хэсгээс гарч байгаа зарим шийдлийг өөрийн тань ахалсан ажлын хэсгийн зарим гишүүн огт мэдээгүй гэдгээ мэдэгдсэн байна лээ. Энэ талаар та ямар тайлбар хийх вэ?
-Ажлын хэсэг 10 гишүүнтэй. УИХ дахь бүх бүлгүүдээс төлөөлөлтэй, гишүүд ихэнх нь оролцоод л явж байгаа. Ажлын хэсгийн хуралдаан хоёр удаа, дэд хэсгийн хуралдаан бараг өдөр тутам болж байна. Дэд хэсэг дээр ажлын хэсгийн гишүүд ирээд бүх мэдээллийг авах бүрэн боломжтой.
Гэхдээ ажлын хэсгийн хуралдаан дээр зарим гишүүн ирэхгүй байгаа нь үнэн. Үүнийгээ ч хэвлэл мэдээллээр илэрхийлсэн байна лээ. Тэр ажлын хэсэгт ажиллах сонирхолгүй байна, хүсэхгүй байна гэсэн л байна лээ. Мэдээж цаана нь тодорхой эрх ашиг явж байгааг манай иргэд харж, ойлгож л байгаа. Ирэх мягмар гарапг /өнөөдөр/ ажлын хэсгийн албан ёсны хуралдаан хэвлэл мэдээллийнхэнд нээлттэйгээр болно.
-Ер нь ажлын хэсгийн хуралдааны ирц гүйцэж байсан уу. Ирц нь гүйцэд байгаагаагүйгээс болоод нэгдсэн байр суурьтай болж чадахгүй, сүүлд нь баахан маргаан гарахгүй байгаа?
-Ажлын хэсгийн хуралдаан 50- иас дээш хувийн ирцтэй л хуралдаж байгаа. Гишүүдийн идэвх харилцан адилгүй байгаа ч тун идэвхтэй ажиллаж байгаа гишүүд ч бий.
-Гадуур Л.Эрдэнэчимэг гишүүний ахалсан ажлын хэсэг Тавантолгойн гэрээг зориуд удааж, цаг авч байна гэсэн хардлага явж байна. Үнэхээр та бүхэнд энэ гэрээг хойш нь чангаах ямар нэгэн эрх ашиг, гадны дарамт байгаа юм биз?
-Юу гэж тийм юм байх вэ дээ. Тавантолгойн гэрээ чинь өөрөө маш том гэрээ шүү дээ. Тавантолгойн нүүрсний бүлэг орд бол одоогоор тогтоогдсон нөөц нь 6.4 тэрбум тонн нүүрстэй, дэлхийн хэмжээний орд газар. Мэдээж ийм том баялгийн асуудлыг шийдэх гэж байгаа гэрээ, зохицуулалт нь өөрөө маш том, өргөн утга агуулгыг илэрхийлэхээс ч өөр аргагүй. Товчхондоо Монгол Улсын эдийн засаг, хувьцаа эзэмшиж байгаа нийт ард иргэдийнх нь хойшдын 100 жилийн хувь заяатай салшгүй холбоотой маш том гэрээ.
Тийм ч учраас яаравчилж шахамдуулаад, 10-20 хоногийн дотор бэлэн болго гэж тулгаад байх нь өөрөө их зарчимгүй асуудал юм. Яагаад гэвэл энэ ажлын хэсэгт орсон 10 гишүүн Монголын нийт ард түмний нэрийн өмнөөс, тэдний болон үр хүүхдүүдийнх нь 100 жилийн эрх ашигтай холбоотой асуудлыг нягталж байгаа болохоор маш нухацтай, хянуур ажиллахгүй бол болохгүй. Бас түүхийн өмнө хүлээх хариуцлага гэж нэг юм байна шүү дээ. Тавантолгойн гэрээний 3000 гаруй хуудас материал дээр бид ажиллаж байгаа гэдгийг бас бодолцох хэрэгтэй юм. Дээр нь маш олон төрийн байгууллагуудаас албан бичиг ирж байна.
Тэдгээрийг нэг бүрчлэн судлах, үнэлэлт, дүгнэлт өгөх гээд ажил бол үнэхээр маш их байна. Бидний хувьд бүх л боломжоо шавхан ажиллаж байгаа ч тэгтлээ яарч, алдаа мадагтай дүгнэлт гаргах ёс суртахууны эрх байхгүй. Гэхдээ бид дараагийн долоо хоногт ямар ч гэсэн дүгнэлтээ УИХ-д өргөн мэдүүлнэ.
-Зарим гишүүдийн зүгээс ийм ажлын хэсэг байгуулж, Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх гэж байгаа нь хуулийг зөрчиж байна гэж үзэж байгаа юм билээ. Энэ талаар та ямар бодолтой явна?
-Энэ талаар УИХ-ын Тамгын газраас асуух хэрэгтэй. Ер нь бол Тамгын газраас яг ийм ажлын хэсэг хоёроос гурван удаа томилогдон ажиллаж байсан гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Дэгийн тухай хуулийн тэдгээр заалтуудаа ч бидэнд гаргаж өгсөн. Ямар ч гэсэн бид хууль зөрчөөгүй.
Харин Тавантолгойн гэрээ нь өөрөө Монгол Улсын ямар хууль тогтоомжуудыг зөрчсөн эсэхийн талаар бид дүгнэлт гаргах учиртай. Хэрвээ Монгол Улсын хууль дүрмийг зөрчсөн байх юм бол мэдээж үүнийг УИХ-аар оруулах шаардлагагүй шүү дээ. Тийм зөрчил илэрвэл түүнийгээ арилгаж байж УИХ-д оруулж ир гэсэн шаардлагыг З.Энхболд дарга тавих эрхтэй. Бидний хувьд дүгнэлтээ гаргаад л УИХ-д өргөн барих үүрэгтэй.
-Танай ажлын хэсэгт УИХ дахь бүх бүлгийн төлөөллүүд багтсан 10 гишүүн орсон болохоор гаргасан дүгнэлт нь УИХ-ын нийт гишүүдийн санаа бодлыг ямар нэг хэмжээгээр тусгаж, дэмжлэг авах найдлагатай гэж дүгнэж болох уу?
-Болохгүй шүү дээ. Бид бол намын бүлгүүдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн дүгнэлтээ УИХ-д оруулах л үүрэг хүлээсэн гишүүд юм. Түүнээс биш УИХ-ын 76 гишүүний санаа бодлыг яагаад ч нэг бүрчлэн тусгаж чадахгүй шүү дээ. Тийм ч эрх байхгүй.
-УИХ-ын даргын зүгээс танай ажлын хэсэгт шаардлага тавих ч юм уу, ямар нэгэн байдлаар ажилд нь оролцож байгаа юу?
-УИХ-ын дарга удирдамжиндаа 14 зүйл заалтаар дүгнэлт гаргаж өг гэж л ирүүлсэн.Тэгээд яг энэ зүйл, заалтуудынх нь л дагуу бид ажиллаж байгаа. Өөрөөр бидний ажилд оролцсон зүйл байхгүй.
Д.Түвшин
Зочин · 2015/06/02
Yamar huuliin yamar zaalt zorchson um be..... Ih sonin baina. Helj ogno uu.
Зочин · 2015/06/02
*******avgai hudlaa olon uim ******ood baihiin guih nohoid hevteh nohoi saad gecheer uim hiih negendee bitgii saad bol aldsan ch baisan onson ch baisan yamar ch baisan ajiluud ehleh estoi yavts dundaa zasaad yavj bolno ugaasaa manai oron parlamentiin zasaglalatai esreg tal medej ch baigaa
Зочин · 2015/06/02
БУРХАН ЭРДЭНЭЧИМЭГ ГИШҮҮНД УХААН ӨГӨХГҮЙ ОРОНД НЬ ОЛОН ДАХИН ЭРҮҮ ӨГСӨНӨӨС БОЛЖ ИЙМ ТОМ ЭРҮҮТЭЙ БОЛСОН ГЭСЭН БАС БАЙНГА Л ЭРҮҮЛ СОЛИОТОЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЮМ БУВТНАЖ ЯВДАГ БОЛСОН ГЭСЭН