УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил ажлаа өндөрлөж, төслөө бэлэн болгосныг уг  ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батбаяр мэдэгдсэн билээ.

Уг төслийг энэ намартаа багтан хэлэлцэх бөгөөд уг хувилбарыг дэмжихээр МАН, АН-ы удирдлагын түвшинд нэгэнт тохиролцсон тухай эх сурвалжууд өгүүлж байна.
Уг Үндсэн хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээр улс төрийн амьдралд ямар өөрчлөлтүүд гарах тухай товч өгүүлье.


1.     УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-ын  50 ба түүнээс дээш суудал авсан нам эвсэл  УИХ-д олонхи болно.  / Өнөөгийн социологийн судалгаанаас үзэхэд аль ч нам 50 суудал авахуйц олонхи болж чадахгүй. МАН-АН-гийн хамтарсан Засгийн газар дахин байгуулагдах нь тодорхой./

2. УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн 3/1-ны дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно. / Улс төрийн намуудын удирдлага, гол лидерүүд “давхар дээл”-тэй хэвээр үлдэнэ./

3. УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ. / Ерөнхийлөгч жинхэнэ утгаараа “бэлгэ тэмдэг” болно./



4. Засгийн газрын бүтэц буюу бүх яамд тогтмол байна. Эдгээр нь Сангийн яам, Дотоод хэрэг хууль зүйн яам, Гадаа хэргийн яам, Байгаль орчин хөгжлийн яам, Батлан хамгаалах яам, Гэгээрлийн яам, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам, Хөдөө, аж ахуйн яам, Дэд бүтцийн яам юм. / Эерэг өөрчлөлт. Төрийн бодлогын залгамж, ажлын уялдаа холбоог сайжруулахад хэрэгтэй./



5. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд, баг, хорооны Засаг даргыг хот, сумын Засаг дарга тус бүрийг гурван жилийн хугацаагаар томилж чөлөөлнө. / Орон нутагт намчирхах явдлыг халах эерэг , нутгийн өөрөө удирдах байгууллагыг нэр төдий болгож буй сөрөг талтай./
 
6. Ерөнхий сайд шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын үйл ажиллагааны тодорхой асуудал хариуцсан гурваас илүүгүй Засгийн газрын гишүүнийг нэмж болно. / Мега төсөл хариуцсан сайд М.Энхсайханых шиг орон тоо 3 болно./

7. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүндээ Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулснаар Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна. /Ерөнхий сайдын эрх мэдэл Ерөнхийлөгч бүү хэл УИХ-аас өндөр болж байна. Танхимын зарчмаар ажиллах нөхцлийг сайжруулах эерэг талтай, УИХ-ын хяналтыг үгүй болгох сөрөг талтай./

8. Ерөнхийлөгч огцорсон эвсэл нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Ерөнхий сайд хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Ерөнхийлөгчийг хоёр сарын дотор сонгоно. / Одоо хүчин төгөлдөр хуулиар УИХ-ын дарга уг үүргийг түр хэрэгжүүлдэг /

9. Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно. / Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг Ерөнхий сайд шууд удирдах нөхцөл үүснэ./



10. Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг УИХ-ын гишүүд аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ИТХ-ын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалтаар олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.
11. Ерөнхийлөгчийг сонгох журмыг хуулиар тогтооно. УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлж УИХ-д өргөн мэдүүлнэ. /МАН-АН, МАХН тэргүүтэй намын удирдлагууд Монгол улсын Ерөнхийлөгч хэн болохыг шийднэ гэсэн үг./


12. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн шүүгчид дотроосоо гурван жилийн хугацаагаар олонхийн саналаар нууц санал хураалтаар сонгоно. Түүнийг нэг удаа улируулан сонгож болно. / Эерэг өөрчлөлт нь : улс төрийн нөлөөлөл багасна. Сөрөг өөрчлөлт : Хэдхэн хүн ээлжлэн дээд шүүхийг удирдана./

13. Улсын Ерөнхий прокурорыг Ерөнхий сайд нэр дэвшүүлж, УИХ-ын зөвшөөрснөөр Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар зарлиг гарган батламжилна. / Гүйцэтгэх засаглал, шүүх засаглал холилдоно./
 
14. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс танилцуулсан Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-ын зөвшөөрснөөр, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус, тус Ерөнхийлөгч зарлиг гарган батламжилна. / Ерөнхийлөгч зөвхөн батламжилна гэснийг анхаарна уу? Ерөнхий сайд нэр дэвшүүлнэ./


15. Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгоно. /С.Ганбаатар, У.Хүрэлсүх зэрэг магадлал өндөртэй гэгдэж буй улс төрчид Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй болно./

16. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, мөнгөний бодлого, улсын төсөв, түүний гүйцэтгэлийг УИХ-д өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх.

17. Ерөнхийлөгч УИХ-д болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцох.

18. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч төлөөлөн сонгогчдын олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт төлөөлөн сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтаар нийт төлөөлөн сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.
Хэрэв хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч төлөөлөн сонгогчдын олонхийн санал аваагүй бол дахин сонгууль явуулна.

 

Ерөнхий дүгнэлт :

Намууд /МАН, АН, МАХН/ төрийг удирдах явдал ихэснэ. Зөвхөн намуудын удирдлагын сонгосон Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн, УИХ-ын даргын одоо хүчинтэй байгаа олон эрх, үүргийг авч, УИХ-ын гүйцэтгэх засаглалд тавих хяналт суларна. 


М.Гал