АН-ынхан хамтарсан гэрээгээ эргэж харах уу?
2015/06/22
Сүүлийн үед эрх баригч АН, МАН-ынхан хоорондоо хагаралдаж, түнжин муудацгаах болов. Олны анхаарлыг ихээхэн татаж буй уг үйл явдал хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй ч эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ынхан МАН-тай хамтарсан гэрээгээ эргэж харж мэдэх гэнэ. Үнэхээр ч сүүлийн үед АН-ынхан МАН-руу хандсан хурц, ширүүн мэдэгдлүүдийг ээлж дараалан хийх болсон. Хамгийн сүүлд л гэхэд тус намын дэд дарга Ш.Түвдэндорж МАН-ынханд хандан “Хамтарсан шиг хамтрах хэрэгтэй. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр нэгнийгээ ажил хийх гэхэд нь саад больдогоо болих хэрэгтэй. Хамтарсан нэрийн дор хэвлэлээр сөрөг гүжирдлэг явуулж болохгүй. Гишүүд нь “Чингис бондоос идэж ууснаа Эдийн засгийн өршөөлийн хуульд хамруулах нь” гэж гүжирддэг болсон. Ганц ч албан тушаалтан энэ хуулиар чөлөөлөгдөхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье Цаашдаа ийм байдлаар буруу зөрүү ярьж, гүжирдэх юм бол тухайн гишүүнтэй ёс зүйн асуудал ярьж, хууль хяналтын байгууллагад хандах болно. МАН хоёр их наяд төгрөгийг хавтгайрсан халамжаар тараасан бол манай нам үүнтэй дүйцэхүйц мөнгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд зарцуулж байгаа. Чингис бондын үр өгөөж удахгүй гарах болно гэв” гэсэн.
Түүнээс өмнө АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хэвлэлийн хурал зарлаж байгаад МАН-ын сайд нар яамныхаа ажилчдыг үндэслэлгүйгээр халж байна. Энэ үйлдлээ даруй зогсоохгүй бол хариуцлага тооцно гэх мэтээр ярьж байсан. Мөн тус намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар МАН хамтарч чадахгүй бол Засгаас гарах хэрэгтэйг ч сануулж байв.
Энэ мэт Ерөнхий нарийн бичгийн даргаасаа эхлээд бүлгийн дарга, дэд дарга нь хүртэл ээлж, дараалан МАН-ыг Засгийн газраас явах хэрэгтэй гэдгийг ил, далд хэлбэрээр сануулах болов.
Гэхдээ энэ хэрүүлийн овоог МАН-ынхан өөрсдөө эхлүүлсэн гэж хэлж болно. Тэд Засгийн газарт хамтарч ажиллаж чадна гэж гар, хөлөө барилцаж орчихоод АН-ыг буруутгасан мэдэгдлүүдийг эхэлж хийсэн билээ. Тухайлбал, Засгийн газраас өргөн барьсан хэд, хэдэн хуулийн төслийг МАН-ын бүлэг зарчмын хувьд дэмжихгүй гэдгээ илэрхийлж байлаа. Үүнд нь дургуйцсэн АН-ынхан ингэж байж мэдэх.
Гэхдээ МАН-ынхан хөөгдөөд Засгийн газарт суугаад байсангүй. Тэд сүүлийн үед эрчимтэй дуугарч эхлэв. Хамгийн сүүлд л гэхэд Ш.Түвдэндоржийн хийсэн мэдэгдлийн хариуд МАН-ын бүлгийн гишүүн Д.Хаянхярваа мэдээлэл хийж, сонгуулиар амласан үйлдвэрүүдээ барихыг АН-аас шаардсан.
Тэрбээр “АН-ын мөрийн хөтөлбөрт Коксжсон нүүрсний, төмөрлөгийн, нүүрс шингэрүүлэх, газрын тос боловсруулах, барилгын материалын, арьс ширний, мах, сүүний, цөцгийн тосны, аж үйлдвэрийн парк, ноолуурын, оёмол бүтээгдэхүүн, дизайны парк гэх мэт нийт 50 гаруй үйлдвэрийг 2016 он гэхэд ашиглалт оруулахаар тусгасан. Өнөөдөр парламетын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход нэг жилийн хугацаа үлдсэн. Гэтэл мөрийн хөтөлбөрт тусгасан үйлдвэрүүд дотроос хэд нь баригдсаныг хэлж мэдэхгүй байна. Мөн АН 2012 оны сонгуульд оролцохдоо “Монгол хүн” мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Ажилтай орлогтой Монгол хүн хөтөлбөрт “Гадаад улс орнуудын төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг хязгаарласан зохицуулалт хийнэ. Уул уурхайн ордод Монголын төрийн эзэмшлийн хувийг 51 хувиас бууруулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэсэн зорилт тавьсан байна. Гэхдээ энэ мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэхдээ тооцоо судалгаанд үндэслээгүй учраас өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Өнөөдөр 51 хувь биш 34 хувийг эзэмших эсхүл бүр төр хувь эзэмшихгүй байх гэсэн асуудал яригдаж байна.Тэгэхээр тэд мөрийн хөтөлбөртөө тооцоо судалгаагүй хандсан байна" гэх мэтээр ярьсан билээ.
Энэ мэт тэд нэг сэдвийг тойрч хэрэлдсээр.
Уг нь тус хоёр нам эдийн засгийг сэргээж, эх орноо хөгжүүлээд өгье хэмээн Засгийн газарт хамтарсан. Гэтэл хамтарсныхаа маргаашнаас бие, бие рүүгээ дайрсан мэдэгдлийг хийж эхлэв. Ямартай ч тус хоёр нам хамтарсан шиг хамтарч чадахгүй байгаа нь оргүй худал зүйл биш. Хамтраад асуудлаа шийдэхгүй алалцаж буй нь угаас АН, МАН хоёр хамтарвал ажил явдаггүйн аль эртний тогтсон жишиг. Тус хоёр нам Засагт хамтрахдаа 20 гаруй асуудлаар хэлэлцэж, тохиролцсон гэдэг. Гэхдээ энэ гэрээ нь олон нийтэд ил болоогүй. АН-ын уг хамтарсан гэрээгээ эргэж харах болсон бас нэгэн шалтгаан нь Засагт хамтарснаас хойш МАН-ын рейтинг суга өссөн нь судалгаагаар батлагдсан үзүүлэлт гэнэ. Харин эсрэгээрээ АН-ын рейтинг унасан байна. Тодруулбал, МАН-ын рейтинг 30 гаруй хувьд хүрсэн бол АН-ын 27 орчим болжээ. Тэгэхээр АН-ынхан МАН-тай Засагт хамтарсан гэрээгээ эргэж харах хэрэгтэй талаар сүүлийн үед эрчимтэй ярих болжээ.
Т.Хулан