"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
2015/07/31
"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 29 дэх дугаарын тойм
Төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилт бүхий Нийтийн сонсголын тухайхуулиар “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн өнөөдрийн дугаар эхэлж байна.
Ямар этгээд нийтийн сонсголыг зохион байгуулахдаа энэ хуулийг дагаж мөрдөх, мөн хэлэлцэх, шийдвэр гаргахын өмнө ямар асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулах гэх зэрэг асуудлыг энэ хуулиас мэдэж болно. Сонсгол нь хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гэсэн төрөлтэй байх бөгөөд эдгээр сонсголыг явуулах тохиолдлыг мөн хуульд тусгажээ. Түүнээс гадна сонсголд оролцогч этгээд, тэдгээрийн эдлэх эрх, хүлээх үүрэг, сонсголын нийтлэг журам зэргийг тогтоож өгсөн байна. Тухайлбал, сонсголд тухайн асуудлаар мэргэшсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн төлөөллийг тус тус заавал оролцуулах, сонсголын товыг олон нийтийн телевиз, радио болон сонсгол зохион байгуулагчийн цахим хуудас, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ хуульд заасан журмаар тогтоосон давтамж, арга хэрэгслээр олон нийтэд мэдээлэх юм байна. Эмхэтгэлд энэ хуулийг дагалдаж гарсан бусад хуулиуд болон тогтоолыг нийтэллээ.
Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт нийтлэгдсэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт тарьж ургуулсан, өсгөж үржүүлсэн, олборлосон, эсхүл импортын түүхий эдээр үнэ цэнэ шингээж боловсруулалт хийсэн экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих харилцаанд хамаарах юм байна. Харин жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих харилцааг холбогдох хуулиар зохицуулахаар заажээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэчилсэн найруулгыг нийтэллээ.
Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчлэх юм.
Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэх бөгөөд үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн, бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан этгээд албан татвар суутган төлөгч байх нь.
Мөн хуулиар, албан татварыг болон албан татвар тооцох үнэлгээг ямар журмаар ногдуулж, тодорхойлох, ямар бараа, үйлчилгээг албан татвараас чөлөөлөх, албан татварын хасалт, буцаан олголт, албан татвар ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, тайлагнах зэрэг харилцааг зохицуулсан байна.
Эдгээр хуулиас гадна “Боловсролын чанарын шинэчлэл”, “Цахим эрүүл мэнд”, “Ухаалаг засаг”, “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах” зэрэг төслийн санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээр тус тус соёрхон батлах тухай хуулийг нийтэллээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухайтогтоолоос гадна төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн зорилго, үндсэн зарчим, үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зохион байгуулалт, арга хэлбэр, хугацаа болон хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийг тогтоосон Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.
Мөн дугаарт нийтлэгдсэн Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоолоор, Дорнод аймгийн Халх гол сумын нутагт хорио цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийг байгуулж, бүсийн газрын хэмжээг 500 мянган га-гаар тогтоож, хилийн цэсийг хавсралтаар баталсан байна.
Түүнчлэн бүсэд дагаж мөрдөх технологийн болон амьтан, ургамлын хорио цээрийн журмыг батлан, хэрэгжилтийг зохион байгуулах, бүсэд хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн загвар, шинжлэх ухаанд суурилсан байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чөлөөт бүсэд шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээг 2015 оноос эхлэн авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар //Ч.Сайханбилэг/-т даалгажээ.
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийн тухай, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай зэрэг Улсын Их Хурлын тогтоол, Цэргийн дээд цол хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.