Дундаж давхаргыг бэхжүүлэх нь аль ч Засгийн газрын зорилт байв. Шинэчлэлийн Засгийн газрын хувьд чинээлэг дундаж давхарга бүрдүүлнэ гэж ярьсан нь содон зүйл биш.

Өмнөх хамтарсан Засгийн газрын үед ч дундаж давхарга бий болгох нь тэдний зорилго байлаа. Харамсалтай нь дундаж давхарга бий болсон эсэхийг хэлж мэдэхгүй. Эвсэлийн Засгийн газрын хувьд чинээлэг гэсэн үгээрээ л ялгаатай. Тэгвэл дундаж давхарга гэж юуг бас хэнийг хэлээд байна вэ. Та бид дундаж давхаргаас цааш бас дээш алхах боломжтой юу. Ядуу гэж нэрлээд буй хэсэг нь хэрхэн дундаж давхарга өөд мацах вэ. Дундаж давхаргын ирмэгт дэнчигнэж буй нь яаж тогтох аргаа олох гэж зүтгэх үү. Ер нь дундаж давхарга гэж хэн бэ. Үүнд хариулт хэрэгтэй байна. Тэгвэл энэ удаагийн Бодлогын судалгаа буландаа МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Хүн ам зүйн тэнхимийн эрхлэгч, профессор, доктор Б.Энхцэцэгийн багийн хийсэн “Дундаж давхарга” судалгааны товч дүгнэлтийг хүргье.

Дүгнэлт 1.

Анхдагч хэрэгцээгээ хангаж байгаа хүмүүс дундаж давхаргын хүрээлэлд багтаж байна. Өөрөөр хэлбэл, өмсөх, зүүх, идэж уух, өдөр тутмын зарлагаа нөхөх чадвартай хүмүүс гэсэн үг. Дундаж давхаргынханы гол шинж нь тэд ажилтай (төрд болон хувьд ажиллаж байгаа), орон сууцтай (хотын төвийн нийтийн орон сууцанд амьдардаг, гэр хороололд бол амины орон сууцтай), тодорхой хэмжээний санхүүгийн хуримтлалтай, мэдлэг боловсролтой, тогтсон амьдралтай, өөрийн гэсэн зорилготой, түүндээ хүрэх итгэл найдвартай, өөрийн хөдөлмөрөөрөө амьдарч буй, шударга, нийгэмд хамгийн тунгалаг бүлэг хэсэг. Түүнчлэн сэтгэл санааны хувьд хамгийн их аз жаргалтай хүмүүс байдаг гэж судалгаанд оролцогчид тодорхойлжээ.

Дүгнэлт 2.

Дундаж давхаргынханд тулгамдаж буй гол асуудал нь ажлын байр, эрүүл мэнд, орон байрны асуудал байгааг судалгаанд оролцогчид тэмдэглэжээ. Хувиараа хөдөлмөр эрхлэхэд ажлын байрны түрээс өндөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, хамгаалалт тааруу, зээлийн хүү өндөр учраас эрсдэлд өртөх магадлал өндөр байдаг. Учир нь зээлтэй яваа хүмүүс бизнес нь муудахад ядуу ангилалд орох эрсдэлтэй байна. Мөн дундаж давхаргынхан төрийн албанд ихэвчлэн ажилладаг нь эрсдэл дагуулах болжээ. Улс төрийн нөхцөл байдал, сонгуулийн дүнгээс хамаарч тус давхаргынхан маш олон хүн ажилгүй болж байна. Тулгамдаж буй дараагийн асуудал нь эрүүл мэнд. Дундаж давхаргын хүмүүс хамгийн олноор эрүүл мэндийн даатгал төлж, хамрагддаг боловч даатгалаар үйлчлүүлж чаддаггүй. Гол нь эрүүл мэнд муудах, өвчих тусах тохиолдолд эмнэлэгт үзүүлэх, очерлож дугаарлах цаг зав муутай байдаг тул өөрөө өөрсдийгөө эмчилдэг, аль болох өвчин тусахгүй, гэр бүл амьжиргаандаа гол анхаарлаа хандуулж байдаг. Нэн шаардлагатай тохиолдолд хувийн эмнэлэгт мөнгийг нь төлөөд үзүүлсээр байна. Сүүлийн үед сайн эмч нарт хувийн эмнэлэгт ажилладаг болсон. Тиймээс цаг хугацаа болон эмнэлэгийн баталгаатай үйлчилгээг авах үүднээс дундаж давхаргынхан хувийн эмнэлгээр голдуу үйлчлүүлэх боллоо. Дундаж давхарга орон сууцны зах зээлийн хамгийн том хэрэглэгч. Гэхдээ зээлийн хүү өндөр, барьцаа хөрөнгө шаардахын зэрэг шат дамжлаг ихтэй байгаа нь дундаж давхаргынхан гэр хорооллоос орон сууцад шилжих боломжийг хязгаарлаж байна. Жишээлбэл, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн нөхцөл, шалгуур нь дундаж давхаргын амьдралтай хүмүүст нийцээгүй.

Дүгнэлт 3.

Дундаж давхаргынхан нийгэм, улс төр, эдийн засгийн оролцоо хамгийн өндөртэй бүлэг. Тэд нийгмийн гол түлхэгч хүч бөгөөд нийгэмд тогтвортой байдлыг бий болгож байдаг. Хамгийн тогтвортой үлгэр жишээ гэр бүл дундаж давхаргынхан. Тэд хүүхдүүдээ боловсролтой болгохын зэрэгцээ нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог. Нийгмийг бүхий л талаараа авч явдаг “мотор” гэж хэлж болно. Эдийн засагт эзэлж буй дунд давхаргын байр суурь өндөр. Ажлын байр, ажиллах хүчинг тэд бүрдүүлж, татварын орлогод их хувь нэмрийг бүрдүүлдэг. Банкнаас хамгийн олноор зээл авч банкны үйл ажиллагааг дэмжихийн сацуу өөрийн гэсэн хуримтлал үүсгэдэг. Мөн ажлын байр бий болгож, аль ч салбарт худалдан авалт хийж ашиг орлого оруулж өгдөг. Дундаж давхаргын улс төрийн оролцоо өндөр. Сонгууль, улс төрийн үйл ажиллагаанд өөрийн бодолтой, идэвхитэй оролцдог. Өөрийн хүсэл сонирхолд нийцсэн хүнийг сонгох чадвартай. Сонгуульд оролцогчдын масс, ирц идэвхийн дийлэнх хувийг нь дундаж давхаргынхан бүрдүүлдэг гээд тэдний үүрэг өндөр байна. Мөн нийгэмд дуу хоолойгоо илэрхийлж чаддаг. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж, сонгуульд идэвхитэй оролцож байна.

Бодлогын зөвлөмж:

Дундаж давхаргын ажлын байрны нөхцөл, баталгаат байдал, аюулгүй байдалд анхаарах шаардлагатай байна.

Үүнд:

1. Ажилд ороход танил тал, босго тогтоож, хахууль авдагийг нь зогсоох,

2. Нас харгалзах асуудлыг арилгаж, мэдлэг мэргэжил, ур чадвараар нь ажилд шалгаруулж авдаг байх,

3. Хувиараа бизнес эрхлэгчдийн ажлын байрны аюулгүй байдлыг анхаарах, дэмжих, хувийн бизнесийг хамгаалах,

5. Намын харьяалалыг зогсоох,

6. Гадаадад сурч ажиллаж байгаад ирсэн хүмүүст зориулсан тусгай бодлого хэрэгжүүлэх зэргийг нэрлэж болно.

Инфляцийн түвшин дундаж амьдралтай иргэдийн амьжиргаанд их нөлөөлж байна. Ядуу хүмүүсийн хэрэглээ бага, нийгмийн халамжаас хамгийн их хүртэгсэд байдаг тул үнийн хөөрөгдөл нэг их нөлөө байхгүй, баян хүмүүст ч ялгаагүй нэг их нөлөө үзүүлээд байдаггүй бол ихэвчлэн тогтмол орлоготой дундаж давхаргынханд өргөн хэрэглээний барааны үнэ тэр дундаа хүнсний бүтээгдэхүүн, шатахууны үнэ их нөлөөлж байна. Түүнчлэн дундаж давхаргад татварын хөнгөлөлт өгөх, татварын уян хатан тогтолцоотой байх, нийгмийн суурь үйлчилгээг тэдэнд ээлтэй байдлаар хүргэх, төрийн үйл ажиллагаа түргэн шуурхай болгох, амьдралын аятай тухтай, аюулгүй орчинг бий болгох зэрэг зөвлөмжүүдийг судалгаагаар гаргажээ. Дүгнэж хэлэхэд, дунд давхаргын нийгэм, эдийн засаг, амьдралыг орчинг сайжруулах шийдэл гаргаж, цаашид дундаж давхаргын эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарах учиртай.