Үндэсний бөхийн долоон сайхан дархан аварга байв. Эрэмбээрээ Булган аймгийн Хангал сумын харъяат Б.Түвдэндорж, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат Д.Дамдин, Говь-Алтай амйгийн Жаргалан сумын харъяат Ш.Батсуурь, Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат Ж.Мөнхбат, Увс аймгийн Хяргас сумын харъяат Х.Баянмөнх, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат Д.Цэрэнтогтох, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Б.Бат-Эрдэнэ гээд жагсана.
 
Б.Түвдэндорж аварга 1946 онд дархан аварга цол хүртсэн. Араас нь Д.Дамдин аварга 1960, тэгээд Ш.Батсуурь аварга 1963, Ж.Мөнхбат 1966, Х.Баянмөнх 1971, Д.Цэрэнтогтох 1981, Б.Бат-Эрдэнэ 1990 онд дархан аварга болцгоосон.
 
Харин Улсын наадамд 11 түрүүлсэн амжилтаараа дарханн аварга Б.Бат-Эрдэнэ түүхэнд хамгийн эхэнд бичигдсэн. Араас нь 10 түрүүлсэн Х.Баянмөнх аварга, долоо түрүүлсэн Б.Түвдэндорж, зургаа түрүүлсэн Ж.Мөнхбат аварга, тав түрүүлсэн Д.Дамдин аварга гэд л бичигдэнэ. Гэхдээ энэ бол тэдний үзүүлсэн амжилтыг л түүхчилж байгаа хэрэг.
 
Хэрвээ энэ хэдэн дархан аварга нэгэн дэвжээнд гардагсан бол Б.Түвдэндорж аварга зүүнээс магнайлж, Д.Дамдин аварга барууны магнайд бусад нь араас нь гарч таарна.
 
Ер нь дархан аварга цолыг авна гэдэг. Түүнийг цааш нь авч явна гэдэг жинхэнэ дархан аваргуудын л даах ажил шиг байгаа юм. Аварга аваргаараа төрдөг гэдэг үгийн учир энэ биз. Дархан аварга Ж.Мөнхбат “Аваргуудыг тал талаас нь судлаад үзэхэд, Н.Жамъян гуайн үеийн “дээр үеийн” аваргууд Б.Түвдэндорж аваргаас шал өөр, Түвдэн аваргаас Дамдин аварга ч өөр. Д.Дамдин аваргаас Х.Баянмөнх бид хоёр бас өөр. Д.Цэрэнтогтох, Д .Хадбаатар хоёр бас л өөр барилдаантай. Ерөөсөө үе үеэрээ л өөр юм билээ” гэсэн.
 
Дархан аварга Д.Цэрэнтогтох “1978 оны наадмаар Д.Дамдин, Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нарын дархан аваргуудыг давж анх удаа түрүүлж байлаа. Тэр үед хоёр Мөнх аваргаас эхлээд нэгэн үеийн шинэ залуу бөхчүүдийн барилдаан ч тухайн үедээ хүчтэй байлаа. Хэн нь илүү бэлтгэл сургуулилт хийж, хөдөлмөрлөж чадна. Тэр нь илүү дээш явна. Баянаа аваргад зориулж жилийн турш мэх давтах үе ч бишгүй л байсан” гэж дурссан.
 
Бас улсын арслан Ж.Хайдав “...Тэр үед шижигнэсэн залуучууд байсан. Гэхдээ хоёр “Мөнх” бараг 20 жил улсын наадам болон бусад барилдаанд ээлжлээд түрүүлчихдэг байв. Тэгэхээр биднээс дээш гарч барилдах хүн ховор байсан” гэж билээ.
 
Энэхүү домог амилуулсан долоон дархан аваргын залгамж найм, ес дэх дархан аварга өнгөрсөн жил нэг өдөр төрөөдхөв. Гончигдоржийн хууль гээчийн буянд төрсөн дархан аваргууд.
 
Нэгэн цагт дэвжээ хотойлгож, дэнж шуугиулж явсан зургаан зааны хоёр нь л доо. Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёр 2014 оны ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын өмнө дархан аварга цолны үнэмлэх, тэмдгээ нэгэн зэрэг гардсан. Асуудал үүнээс л эхлэв.
 
Тэр жилээ нэгийн давааны өмнө зүүний магнай булаалдаж, А.Сүхбат нь дийлээд гарсан. Харин өнөө жилийн наадмын өмнөөс эхлээд хэвлэлээр “зодолдоод” эцэст нь Г.Өсөхбаяр нь дийлэх шиг болсон. Баяр наадмыг зохион байгуулах комисс аргаа бараад “Бөхийн холбоо шийд” гэчихэж байгаа юм.
 
Бөхийн холбоо нь Г.Өсөхбаяр зүүнийг магнайлна гээд шийдчихсэн. Ингээд отгон дархан аваргуудын хэрүүл уруул тасрав уу гэвэл үгүй юм. Магадгүй, монгол үндэсний бөхөд эцэс төгсгөлгүй маргаан үргэлжлэхийн эхлэл ч энэ байж магад.
 
Бүхэл бүтэн гурван мянган жил байгаад монголчууд балиалаад ирсэн үндэсний бөх яагаад иймдээ хүрчихэв? Ингэж толгойгоо гашилгах бөх сонирхогчид зөндөө байна. Үүний учир нь ердөө л улстөрчдийн “нөгөө арга” энэ спортод орж ирсэнтэй холбоотой.
 
Гурав, дөрвөн жилийн өмнөөс “Үндэсний бөхөд дархан аварга тасрах аюул нүүрлэлээ” гээд л захиалгатай юм шиг бичиж нийтлээд эхэлсэн. Тэгж тэгж Архангайн Р.Гончигдорж баяр наадмын хуульд өөрчлөлт оруулах замаар далай аварга цолыг хасъя гээд хууль санаачлав. 2013 онд батлуулсан.
 
Харин Ерөнхийлөгч тэр хуульд бүхэлд нь хориг тавьж нэг удаа зогсоосон байдаг. Үүнээс хойш “Дархан аварга тасарлаа” гэдэг ухуулга байнга явсаар өнгөрсөн жилийн наадмын өмнө батлуулсан хэрэг.
 
Үнэхээрийн дархан аварга төрөхгүй бол ингэх хэрэг юу байв. Одоо байгаа Мөөеө, Баянаа, Бат- Эрдэнэ аварга шиг бяр заагаад гараад ирэх дархан аварга цолыг гуядаад л авах ёстой. Үндэсний бөхийн ноён оргилд хүрээгүй л бол тэр цолыг хүчээр өгч яах юм.
 
Одоо энэ хоёр дархан аваргыг хар. Эдний насан дээр өмнөх долоон дархан аварга яаж бужигнуулж байв. Муу барилдлаа гэхэд шөвгийн дөрөвт хүрнэ. Ер нь л түрүүлнэ. гэж үзнэ. Г.Өсөхбаяр энэ жил яаж барилдав. Тавын даваанд улсын начин Н.Батзаяад нэг дор бараг гурав уначих шиг л болсон. Зангарагтайсан бол өөрөөр “барилдах” байлаа.
 
А.Сүхбат нь зүүний магнай өгөөгүй гэж шаралхаад барилдаагүй. Увсын 90 жилд очиж барилдлаа л гэсэн. Нэгийн даваанд нь харагдахгүй байж байгаад хоёрын даваанаас гарч ирээд, тэгсгээд харагдаагүй. Үнэхээрийн барилдах гэж байгаа бол наадмыг том жижиг гэлгүй нэгээс нь эхлээд унах хүртлээ барилдах монгол бөхийн дүрэм бий.
 
Энэ хоёр дархан аваргыг хараад зарим хүн Мөөеө, Баянаа хоёр аварга шиг үзэлцэж байна гээд байгаа юм. Үгүй л дээ. Тэр хоёрын хэрүүл чинь эдний дэргэд шал өөр юм. Тэд бие биеэ хурцалсаар өнөө хүрсэн. Одоо ч хэвээрээ. Хэрэлдлээ, муудлаа гээд хэзээ ч наадмын дэвжээг гутааж, үзэгчдээ доромжилж байгаагүй сайхан түүхтэй. Ялгаа их бий.
 
2001 оны наадмын есийн даваанд Г.Өсөхбаяр нь уначихаад А.Сүхбатыгаа “бөлдөгдөж” унагачихаад наадмыг шөнө болтол сунгаж байсан даа. Монгол бөхийн дэвжээн дээр болж байгаагүй явдал тэгж болсон байдаг. Энэ тухайгаа энэ жил ярьцгаалаа. Г.Өсөхбаярын ярьснаар А.Сүхбат унаад өгөөч гэж гуйгаад, дараагийн хоёр наадмыг өөрт чинь өгье.
 
Бас дүү Г.Батбаярыг чинь заан болгож бас нэг наадмаа өгье гэж анхаарлыг нь сарниулсаар давчихсан гэж байгаа. Тэгээд л уурандаа тийрчихэж. Харин А.Сүхбат нь “Г.Өсөхбаяр наадмын дэвжээн дээр танхайрсан” гэж зурагтаар мэдэгдэж байна лээ. Угтаа энэ нь ам мэх л байсан юм билээ.
 
1974 оны наадмаар үзүүр түрүүнд үлдсэн Ж.Мөнхбат аварга Х.Баянмөнх аваргыг ам мэхээр хаясан гэдэг. Барилдааны өмнө Магсар багш, Мөнхбат аварга хоёр Баянаа аварга дээр очиж. Тэр үед Баянмөнх аварга улсын наадамд дөрөв түрүүлчихээд байжээ. Тэд “Чамайг тав түрүүлэхийг дэмжинэ гэж хэлсэн гэж байгаа.
 
Үүнд нэг их итгээгүй ч Мөнхбат аваргын хөлийг нь авахдаа “Угаасаа л намайг тав түрүүлүүлнэ гэсэн юм чинь, хэтэрхий чанга тавиад яах вэ” гэж бодож байсан. Тэгээд л аятайхан унагаачихъя гэсэн чинь гэнэтхэн хашгираад л тонгорчихсон гэж байгаа. Ингэж ам мэхэнд орж үзсэн тухайгаа Баянмөнх аварга хуучилсан. Гэлээ гээд тийрээгүй л байгаа юм.
 
Х.Баянмөнх аварга дараа нь өөрөө ам мэхээр түрүүлж байж. 1987 оны улсын баяр наадмын үзүүр түрүүнд Өвөрхангайн Нарийнтээлийн харьяат залуу арслан Д.Цэрэнтогтохтой үлдээд байв. Аварга өрж байхдаа “Чи ид гарч ирж байгаа Бат-Эрдэнийг ийм амархан хаяж байгаа юм чинь над шиг хөгшнийг гарын үзүүрээр л хаяна. Яарч хаях гээд яах вэ. Түрүүлэх чинь тодорхой юм чинь жаахан тогтож барилдаарай” гэж Д.Цэрэнтогтох арсланд хэлж.
 
Арслан “Нээрээ ч тийм дээ” гэсэн шүү юм бодоод тулаад зогсож байтал гэнэт хүчтэй зайлсан. Ингэж Х.Баянмөнх аварга 44 насандаа улсын наадмын 10 дахь түрүүгээ авч байжээ. Тэр үед Д.Цэрэнтогтох арслан ам мэхэнд орчихлоо доо гээд айхтар харамссан гэж байгаа.
 
Мөөеө, Баянаа хоёр аваргын яаж ярьдгийг хар даа. Ж.Мөнхбат аварга “Манай Баянаа ерөөсөө агуу л даа. Агуу бөх хүн” гэж ярина. Харин X. Баянмөнх аварга “Мөөеөд хайртай байлгүй яадаг юм бэ. Би хөлстэй нүцгэн биеэрээ хоёр хүнтэй уулзсан. Нэг нь миний гэр бүл, хоёр дахь нь Мөнхбат. Ясаа таньсан хоёр гэж биднийг л хэлнэ.
Хүмүүс гэтэл их муухай “Мөнхбат халхын дэвжээнд дөрвөдүүдийг томруулахгүй гэж байна” гээд л хагаралдуулах гэж их үзсэн. Даанч дийлээгүй л дээ. Мөн бид хоёр бие биедээ бууж өгч ард түмнээ хуурч байсангүй” гэнэ.
 
Дархан аваргуудын үг нь хүртэл ийм л байгаа юм. Харин найм, ес дэх дархан аваргуудыг наадам гутаан гурвын даваанд бие биеэ амлаж, тахимаа өгч зогсохыг дэвжээн дээрх бөхчүүд бүгд барилдахаа зогсоож байгаад л ажиглаж байсан. Энэ цагийн дархан аваргуудын ийм үйлдэл тэдэнд ямар үлгэр үзүүлэх нь ойлгомжтой. Хамгийн гол нь гуядаж аваагүй, улстөрчдийн төрүүлсэн “кесаров”-ын дархан аваргууд учраас л ийм байгаа юм гэцгээж байгаа нь үнэний ортой.
 
 
Б.Дамдин-Очир