Улс төр судлаач Д.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
 
-Цаг агаар халуун, ард иргэд нь амралтын байдалд байдаг наймдугаар сард улс төрийн үйл явц “халуун” байна. Та сүүлийн үед улстөрд өрнөж байгаа үйл явдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
 
-Улс төр ингэж “халж” байгаа шалтгаан нь мэдээж ирэх оны сонгууль. 2012 оны сонгуулийн өмнө хоёр намын эвсэл бас задарч байсан. Тэр үеийн үйл явдал өнөөдөр ч давтагдаж байна. 
 
Аль аль нам, ялангуяа АН ирэх оны сонгуульд бэлтгэх, өөрийн гишүүддээ суудал хуваарилах зорилгоор иймэрхүү акц зохиож түүнийгээ зуны ид халуун өдрүүдэд хэрэгжүүллээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгч эсрэг байр суурьтай байсан ч УИХ-ын дарга нэлээд зүтгүүлж өөрийн зорилгодоо хүрч чадлаа.
 
-Сонгуулийн дараа хамтарсан нэр зүүж, дараагийн сонгууль дөхөөд ирэхээр салдаг нь ямар зорилготой гэж та үздэг вэ?
 
-Хэн, юу хийснээ ард түмэнд нэг нь тайлагнах ёстой. Мөн хэрхэн хариуцлага тооцож, сөрөг хүчин байж чадсан бэ гэдгээ харуулах зорилгоор ингэж ялгарч, улс төрийн тоглолт хийдэг юм. Ийм шаардлагын дагуу хамтарсан засгаас нөгөө намаа гаргаж байна. Мөн УИХ-ын дарга З.Энхболд болон бусад улстөрчийн фракци бялуу хуваалцах, боломжийг ашиглах гэсэн зорилгоор сайд нарыг засгаас гаргалаа.
 
-Сайдын томилгоог УИХ-ын гишүүд дундаас хийнэ. Тэр нам төдөн суудал авна гэх зэргээр улс төрийн наймаа бүр ил цагаандаа гарч байх шиг. Та үүнд ямар байр суурьтай ханддаг вэ? 
 
-Ёстой л улаан цагаандаа гарч байна. Хэн нь хэнийгээ сайд болгох, манай фракциас энэ залууг сайд болгоод өгөөч ч гэх шиг. Сандал суудлын өрсөлдөөн нь улс төрийн хямралыг араасаа дагуулдаг. Тэдний гаргаж байгаа үйлдэл ард түмэн намуудад итгэх итгэл алдрахад түлхэц болж байна. Гэхдээ одоо байгаа улстөрчдийн алдаа дахин улс төрийн өөрчлөлт, шинэ үе гарч ирэх шаардлага, нөхцөлийг бий болгох сайн талтай. 
 
АН улстөрд ороод бараг 20 гаруй жил болчихлоо. Шинэ цагийн бодлогыг хуучин хүмүүс барьдаггүй юм. Энэ хүмүүсийг өөрчлөх ёстой гэсэн бодол, байр суурь жирийн иргэдээс эхлээд судлаачдад ч байдаг.
 
-Яаж өөрчлөх гэж. Одоо байгаа хүмүүсийг өөрчлөөд, тэднээс илүү гарах шинэ үе гарч ирнэ гэдэг итгэл нэг л төрөхгүй байна. Тэр шинэ үеийнхэн нь хэн байх юм бэ? 
 
-Шинэ бодлого, шинэ сэтгэлгээг авч ирэх тодорхой үе байнга байдаг. Гэхдээ тэр үе бэлтгэгдээгүй байх шиг байна. Тэд уг нь хуучин үеэ түрээд гараад ирэх ёстой. Хуучин үеийг түрж гаргахаас биш, тэд өөрөө явахгүй. Суудлаа тавьж өгөхийг хүсдэггүй байхгүй юу. Харин залуу үе маань харзнасан, идэвхгүй байдалд орчихлоо. Үүнийг зугтах байр суурь гэж нэрлэдэг юм. 
 
Эдийн засаг хямарсан, улс төр тогтворгүй байна. Ийм үед яах вэ гэдэг шийдвэр гаргахдаа “Би үүнийг өөрчилье гэхээсээ илүү зугтах байр суурь барьж байна. Гадагшаа явъя, улс орон гайгүй болохоор буцаж ирье гэсэн бодолтой. Үүнээс гадна улс төр бохир, муухай харагдаж байгаа учраас залуучууд улс төрд орохоос зугтаж, шинэчлэл хийе манлайлъя гэхээсээ илүү улс төрөөс хол байя гэх цаг үе таарчихаад байх шиг.
 
-1990 оны үеийн шинэчлэл нийгмийн шаардлагаар өөрчлөгдөж байсан. Үүнтэй ижил байдал хэрэгтэй гэж та үзэж байгаа юм байна. Гэхдээ ойрын жилүүдэд одоо байгаа улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөх болов уу?
 
-Тухайн үеийн шинэчлэл хийж байсан хүмүүс бараг 30-аад жил болчихлоо. Улс төр судлалд улс төрийн нас гэж байдаг. Тэр нь арав гаруй жил байдаг. Ийм хугацааны дараа, дараагийн шинэ үе гарч ирдэг. Энэ нь мэдээж ардчилсан улс төрийн тогтолцоонд шүү дээ.
 
Тэгтэл шинэчлэл хийсэн хүмүүс маань 20 гаруй жил улс төрд байлаа. Өмнө нь шүүмжилдэг байсан Ю.Цэдэнбал шиг, коммунист тогтолцоонд эрх барьж байсан хүмүүсээс ч бараг урт хугацаанд төр барих нь. 
 
Ийм удаан хугацаанд улс төр тогтонгиших, ялзрах талруугаа явдаг. Тиймээс шинэ үе гарч ирэх ёстой. Тэр шинэ үе эрчтэй гарч ирж чадахгүй, дотроо хуваагдаад эхэллээ. Монголын залуучуудын холбоо, НАМЗХ зэрэг байгууллага хуваагдчихлаа. Энэ нь шинэчлэл хийх, нэг төвшинд нэгдсэн зорилготой шинэ үе гарч ирэхэд саад бэрхшээл болж байна.
 
-Улстөрчид удаан хугацааны турш эрх барих нь харин ч төрийн залгамж чанарт сайнаар нөлөөлөх юм бишүү?
 
-Нэг талаас тэгж хэлдэг. Гэхдээ улс төрийн бодлого тогтвортой байх ёстой болохоос улстөрчдийг сэлгэж, өөрчилж байх ёстой. Сэлгэж байхын тулд бид ардчилсан тогтолцоог сонгосон. Гэвч ардчиллын зарчмаар явж чадахгүй байгаад хэргийн учир байна.
 
-Өнөөдрийн Монголын нийгэмд улс төр хүн бүхэнд хамаатай байж, иргэд ч улстөржих нь их байна. Энэ нь байх ёстой үзэгдэл үү? 
 
-Улстөржилт их байгааг байнга ярьдаг. Нийгэм шилжилт хийж байх үед улстөржилт байх шаардлагатай. Тогтвортой байгаа үед ард түмэн улс төрөөр оролдоод, улстөржөөд байх шаардлага байдаггүй. “Жаргалтай ард түмэн хаанаа таньдаггүй" гэдэг эртний үг ч байдаг. 
 
Гэтэл өнөөдөр эдийн засаг хямралтай, ард түмний амьдрал дорой байна. Үүний шалтгаан нь улс төр, эрх баригчидтай холбоотой, эдийн засгийн буруу бодлого явуулж байна гэж үзэж байгаа учраас иргэд улстөржөөд байна. Тэгэхээр үүнд иргэдийг буруутгах аргагүй.
 
-Улс төрийн гадна байгаа, судлаач хүний хувьд эрх баригчдын ямар бодлогыг буруу гэж үздэг вэ?
 
-Эдийн засгийн хямралд гадаад нөхцөл байдал шалтгаалсан нь үнэн. БНХАУ нүүрс худалдаж авах нь багассан, ашигт малтмалын үнэ ханш буурсан гэх мэт гадаад хүчин зүйл байна. Гэхдээ манайх хямралын үөд ямар бодлого барих вэ гэдэгт бэлэн биш, авч хэрэгжүүлж байгаа зарим бодлого нь алдаатай. Бонд босголоо гэх ч урт хугацаанд ашигтай байх аж үйлдвэрийн салбарт оруулж чадсангүй. Эргээд хөрөнгө оруулалтаа хэзээ нөхөх нь мэдэгдэхгүй салбар, дэд бүтэц, яг хэнд хөрөнгө оруулсан нь мэдэгдэхгүй зүгээр л өр болж, эдийн засгийн үр ашиггүй бодлого явуулсан гэж би хувьдаа дүгнэдэг.
 
-Шилжилтийн үед улстөржилт байх ёстой гэж та хэллээ. Монголын нийгэм шилжиж дуусаагүй юм уу? 
 
-Улс төр судлаачдын дунд шилжилтийн үеийг яаж тооцох вэ гэсэн янз бүрийн хандлага байдаг. Ерөнхийдөө ардчилсан үеийн шилжилт хийхэд 20 гаруй жил шаардлагатай гэж үздэг. Гэхдээ бид өөрсдийгөө шилжиж дууслаа гэхээс илүү гаднынхан юу гэж үзэж байна. гаднын судлаач, олон улсын байгууллагууд шилжилтийн үеэ хэрхэн туулж байгаа дүгнэлтийг судлах хэрэгтэй.
 
-Гаднын судлаачид ямар дүгнэлт өгдөг вэ?
 
-Ардчилсан тогтолцоонд амжилттай шилжсэн. Гэхдээ илүү эрчимтэй үргэлжлэх эрчим нь удаашраад эхэлчихлээ. Иргэдийн хүсч байгаагаас улстөрчдийн хийж байгаа алхам хоцроод байна. Тиймээс дахиад шинэчлэх, реформ хийх шаардлагатай гэдэг.
 
-Намууд болон улстөрчдийг хоцрогдсон гэж хэлэх гээд байна уу?
 
-Улс төрийн хүчнүүдийн төлөвшил хөгжил алга. АН 20 гаруй жил болсон ч төлөвшиж чадахгүй байна. Нөгөө намд шинэчлэл хийх шаардлага нь үргэлжилж байгаа гэж үздэг. МАН аливаа асуудалд харьцангуй буурьтай ханддаг. Гэхдээ энэ нь хямралын үеийн нөхцөл байдалд болон эрс шинэчлэл хийхэд хойрго харагдуулдаг.
 
-Та ирэх сонгуулийн үр дүнг яаж харж байгаа вэ. Урьдчилсан тандалт судалгаа хийдэг үү? 
 
-Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй одоогийн холимог байдлаараа явна гэж тооцвол аль ч нам олонхи болохгүй. Тиймээс өөрчлөлт нэг их гарахгүй. Тэгэхээр дахин нэг эвсэл хавчуурга болж орж ирээд яг өнгөрсөн дөрвөн жилийнх шиг улс төрийн тоглолт хийх болов уу. МАН арай олон суудал авч магадгүй, гэхдээ тэр нь 39 суудалд хүрэхгүй. Одоогийн тогтолцоо нь ингэж шахаад байна. 
 
Харин эдийн засгийн хямралаас шалтгаалж улс төрд нэг сөрөг үр дүн гардаг. Энэ нь иргэд популистуудад илүү санал өгдөг. Нийгэм тогтворгүй байгаа учраас илүү амласанд нь санал өгдөг. Энэ нь, юу ч гэж амалж магадгүй, гарч ирээд яахаас ч буцахгүй хүмүүс төрд гарч ирэх боломжийг бүрдүүлдэг. Тиймээс ирэх сонгуульд гуравдагч хүчнүүд илүү санал авах магадлалтай
 
-Тэгэхээр тоогтолцоогоо өөрчлөх ёстой юм байна. Гэхдээ яаж өөрчлөх ёстой вэ?
 
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. УИХ, Засгийн газрыг хянах боломжгүй болчихлоо. Намууд фракцид хуваагдаад байна. Үүнийг Үндсэн хууль, Улстөрийн намын болон Сонгуулийн хуулийг өөрчилж байж зогсоох боломжтой. Үндсэн хуулиар УИХ төрийн эрхийг барьж бүх асуудлаа шийддэг. Гэтэл УИХ-ын дарга бүх асуудлыг шийддэг болчихлоо.   
 
“УИХ, Засгийн газрын хуулийн хэлтэс боллоо" гэж Ц.Нямдорж гишүүний шүүмжлэл үнэн болсон. Тэр нь бүр ил тод боллоо. УИХ-ын дарга парламентыг, Ерөнхий сайдыг яаж хөдөлгөж чадаж байна. Монголын төр нэг хүнээс хамааралтай болчихоод байна. УИХ-ын дарга З.Энхболд өөртөө эрх мэдлийг төвлөрүүлж, дараагийн сонгуульд өөр байр сууринд дэвших боломжийг өөртөө хангаж өгч байна. Эрх мэдлийг дагаад мөнгө хөрөнгөөс эхлээд бусад олон зүйлийг татах боломж үүснэ.
 
 
М.Алтанцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин