Б.Бат-Эрдэнэ: АН анхнаасаа молиго үмхүүлсэн
2015/08/13
-Нутгийн бөх, бас өөрийн шавь тань улсын баяр наадамд түрүүлсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Төрөлх сумын маань хүүхэд. Манай “Аварга” лицей сургуулиас эхэлж суралцсан хүүхэд байгаа юм.
-Монгол Улсаа бараг бүтэн тойроод ирсэн гэж сонслоо. Хаагуур явав?
-Энэ жил Хэнтийн аймгийн хоёр ч сумын түүхт ойн тохиолоо. Сумынхаа түүхт ойд оччихоод Дорнодын сумуудаар ажиллаж зүүн хойшоо Дашбалбар хүртэл явлаа. Мөн урагшаа Сүхбаатар аймгийн сумдаар Онгон хүртэл явсан. Мөн ирснийхээ дараа дахин Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн хурдан морины уралдаанд оролцчихоод Хар хорин, Өвөрхангай, Тарагт, Гучин ус, Уянга, Баянхонгор, Архангайн Цэнхэр, Тариат гээд Хангай сум хүртэл явлаа. Ер нь 7000 орчим км явсан байх.
-Зуншлага хэр байна?
-Энэ жил тун хүнд байдалтай байна. Зуншлага муу байна. Сүүлд нийт нутгаар бороо орж, ногоо сэргэж байгаа ч мал тарга хүч авах нөхцөл бага. Хадлан авах боломж ч муу байна. Тариалангийн бүс нутгуудад тариа, ургац алдах тал ажиглагдаж байна. Ер нь энэ жил их гандуу байлаа.
-Иргэдийн амьжиргаа хэр байна, орон нутгийн нөхцөл байдал хүндхэн байгаа тухай олон хүн ярих юм?
-Амьдрал амаргүй байна. Иргэд ам.долларын ханшны өсөлт юаньд нөлөөлж байгаад сэтгэл зовниж байна. Манайхан ихэвчлэн урд хөршөөс худалдаа наймаа эрхэлдэг, дээр нь сургууль цэцэрлэгийн бэлтгэл орох болчихоод хөрөнгө мөнгөгүй хүндхэн л байна. Валютын ханшийн зөрүүнээс болж монгол мөнгө ч цаас болж хувирч. Товчхондоо иргэд мөнгөний хомсдолд орчихож. Төсвийн байгууллагын хувьд ч төсөвлөж өгсөн хөрөнгө нь шатахуун, эмэндээ ч хүрэхгүй байна. Ахмадуудын тэтгэвэр, төсвийн байгууллагын ажилчдын цалингийн зээл хэд дахин нэмэгдэж, өрийн сүлжээд орчихож.
-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хэр хийгдэж байна вэ?
-2012 оны өмнө УИХ-аас шийдвэр гаргаж, Орон нутгийн хөгжлийн сангаар улсын хэмжээнд нийт 330 сум, 21 аймаг, нийслэлд нийт 700 гаруй тэрбум хуваарилсан. Тэр мөнгөөр хашаа хайс барьсан, зам талбай засчээ. Зарим газарт иргэдээ хэдэн малтай, гэртэй болгосон байх жишээний. Ахмадын хөгжлийн төв барьсан аймаг ч байна. 2012 оноос хойш цэцэрлэг, сургууль, эмнэлэг, соёлын төв гээд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгддэг дорвитой бүтээн байгуулалт байхгүй гурван жилбүрэн зогссон. Харин барилгын салбарууд зах зээлээ дагаад орон нутагт гарчихаж. Аймгуудад 10 хүртэл давхар орон сууц барьж байна. Орон сууцны 8, 10 хувийн зээл авдаг төр, төсвийн албан хаагчид хязгаартай учраас зөвхөн малчдын хуримтлал, эрэлт хэрэгцээн дээр тулгуурлаж байна.
-Орон нутгийн худалдаа эрхлэгчидтэй уулзадаг уламжлалтай байх аа, та. Тэдэнтэйгээ уулзав уу. Юу гэж байх юм?
-Тэр бүр уулзалт, зөвлөгөөн, баяр наадамд оролцоод байж чаддаггүй худалдаа, бизнес эрхлэгчидтэй лангуун дээр нь очиж уулздаг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд аль ч аймаг, сумын худалдааны төвийн хөл хөдөлгөөн, иргэдийн худалдан авах чадвар муудаж, эл хуль болжээ. Нийслэлд ч ялгаагүй. “Нарантуул” захын гаднаас хүн тээвэрлэдэг нийтийн тээврийнхэн хүртэл өглөөнөөс үдэш болтол зогсч байж ганц гардаг болсноо хэлж байсан. Уг нь өдрийн хэд наашаа, цаашаа хүн тээвэрлэчихдэг байсан бол тэр үе өнгөрсөн гэнэ. Аймгийн төвүүдэд худалдаа эрхлэгчид ч ялгаагүй. Урагшаа явдаг худалдаа эрхлэгчид сардаа 2-3 явчихдаг байсан бол хоёр сар болж байж ганц явдаг болсон тухай ярилаа. Ахмадууд амьдрал хүнд байгаа тухайгаа ярьж ийм нөхцөлд төр засгийн зүгээс шуурхай арга хэмжээ авахыг шаардаж байна. Тоглоом хийж байгаа юм шиг жил бүр тэтгэврийг 10 мянган төгрөг нэмэгдүүлэх юм. Энэ чинь нэмэгдэл гэхээсээ илүү бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх гол үндэслэл болж хувираад байна. Иймээс тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч өгөөч. Олон жил сараар тэтгэврийн зээл авч, өрийн сүлжээнд орсон байдлаас гаргаж өгөөч гэж хэлж байна.
-Иргэдийн амьдрал, орон нутгийн нөхцөл байдал хүнд байгаа талаар та хаврын чуулган дээр хэлж байсан. Улмаар Засгийн газарт асуулга хүртэл тавьж байсан байх аа. Асуулгын хариуг өгсөн үү?
-Өвлийг өнтэйхэн давах арга байна уу, үгүй юү. Энэ их ган гачигтай, цаг агаарын ийм хүнд нөхцөл байдалтай үед төр засгаас тодорхой бодлого гаргах шаардлагатай гэдэг үндсэн дээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дагуу Засгийн газарт асуулга тавьсан. Уг нь асуулгын хариуг долоодугаар сарын 10-нд сонсоно гэсэн ч амжилгүй завсарлачихсан. Ээлжит бус чуулганаар сонсохгүй бололтой. Энэ байдлаараа намрын чуулган хүргэх нь. Тэгэхээр ач холбогдол багатай болчихно. Учир нь одоогийн нөхцөл байдал дээр үндэслэж шуурхай арга хэмжээ авч, отор нүүдлээ яаж зохион байгуулах, хадлан тэжээлээ хэрхэн хангах, хаана нь нөхөн олговрын зохицуулалт хийх, цаашилбал мал аж ахуйгаа цаг агаарын хүнд нөхцөл байдлаас хэрхэн урьдчилан хамгаалах, худалдаж, борлуулах гэх мэтээр зохион байгуулалтын болоод бодлогын арга хэмжээнүүд авах хэрэгтэй. Гэтэл аравдугаар сарын 1-нд намрын чуулган эхэлж, энэ асуудлыг яривал цаг хугацааны хувьд хожимдох юм.
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлах шаардлага тавигдсан гэж хууль санаачлагчид тодотгодог. Улмаар гудсан доорх мөнгө ил болсноор элгээрээ хэвтсэн эдийн засгийг ч өндийлгөөд ирэх эм тариа болно гэх. Энэ үнэн үү. Тийм тодорхой үр дүн үнэхээр харагдаж байна уу, эсвэл..?
-“Эдийн засгийн ил тод байдлын тухай” хууль гэсэн сайхан нэрнээс цаашгүй. Өмнө нь Эдийн засгийн өршөөлийн хуулийг 2007 онд батлаж байлаа. Тухайн үед Эдийн засгийн өршөөлийн хуулийг гаргачихвал далд эдийн засгийг ил болгож, улс орны төсөвт асар их хуримтлал бий болж, хөгжлийнхөө замд орно. Ажил, бизнес эрхлэгчид бүх зүйлээ ил болгоно гэж ярьж байсан. Харин эсрэгээрээ татварт төвлөрүүлдэг хөрөнгө эрс багассан дүн судалгаагаар гарсан байдаг. Тухайн үеийн баталж гаргасан хууль зөвхөн томоохон хэдэн пүүс, компаниудад л ашгаа өгсөн байх. Гэтэл Монголд томоохон пүүс, компанийн эзэд УИХ-д ороод суучихсан. Дэлхийн бусад оронд ийм жишиг байхгүй. Энэ өвөл Германд албан томилолтоор явж байхдаа парламентын гишүүдтэй нь уулзаж, энэ талаар асуухад ямар ч ойлголтгүй байх жишээтэй. Бизнес эрхэлдэг хүмүүс улс төрд, тэр дундаа хууль тогтоох дээд байгууллагад орж суусан тохиолдол байдаггүй юм билээ. Харин ч бүр Германы парламентын гишүүн миний асуултад “Бизнес эрхлэгч парламентад орж суух нь битгий хэл парламентын гишүүн байсан хүн улс төрийн карьер нь дуусч, хожим нь бизнесийн байгууллагад зөвлөгөө өгөх гэх мэт ямар нэгэн байдлаар холбогдвол ард түмэн эсэргүүцэж, дургүйцэж хүлээж авдаг” гэсэн. Гэтэл манайд замбараагаа алдчихсан.
-Тэгвэл энэ хуулийн үр шимийг өнөөх хэдэн олигархи л хүртэнэ гэх олны шүүмжлэлтэй та санал нийлэх үү?
-Далд мөнгө ил болно гэхчлэн тооцоо судалгаа ярьж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг нэрлэдэг. Үнэхээр ч байх ёстой зүйл мэт сэнхрүүлдэг. Гэтэл үнэн чанартаа цөөхөн хэдэн аж ахуй нэгжид зориулагдсан. Өөрөөр хэлбэл, олигархи гэж нэрлэгддэг эрх мэдэл, эд хөрөнгийн төвлөрлийг бий болгосон дураараа тонгочиж байдаг өөрсөддөө зориулж баталдаг гэхэд хилсдэхгүй.
-Гэхдээ МАН сөрөг хүчний байр сууринаас бүхнийг хардаг гэх шүүмжлэлийн хүрээнд явагдаад байгаа зүйл биш биз?
-Найман жилийн дараа дахин Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хүчээр кнопдож гаргалаа. УИХ-ын даргын хэлсэнчлэн бүртгэлийг сайжруулах тухай хууль биш юм. Цагаан дээр хараар ийм ийм хэрэгт орооцолдсон хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэхгүй, гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй гэх байдлаар бүгдээс чөлөөлөхөөр заагаад өгчихсөн. Уг нь хуулийн төслийг дөрвөн ч удаа буцаасан. Гэтэл олонхиороо хүчээр дахин дахин оруулж ирж, баталлаа. Энэ хуулийн үйлчлэлийн хүрээнд өнөөдөр тухайлбал, сар болгон иргэн бүрт 21 мянган төгрөг олгодог жилдээ 800 гаруй тэрбум төгрөгийг хавтгайрсан халамж хэмээн адлаж болиулаад оронд нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. 3.4 их наяд төгрөгийг өөрсдийн мэдлийн цөөхөн хэдэн компанид тараасан. Энэ мөнгө тэгээд буруузамаар орсон.
-Ямар ч үр дүн гараагүй гэж үү?
-Ямар ч үр дүн гараагүй. Бараа бүтээгдэхүүний үнэ өсдөгөөрөө өссөн. Нөгөө талд нь энэ мөнгө хаана, ямар үр дүн авчрав гэдэг асуудал орхигдсон. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс гадуур зарцуулагдсан. Дээрээс нь Хөгжлийн банкны 500 сая, Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, мөн Хятадаас орж ирсэн мөнгө, Самурай бонд гээд 1990-2012 он хүртлэх хорь гаруй жилийн хугацаанд тавьсан өр зээлтэй тэнцэхүйц өр тавьж, тэрийгээ тараачихсан. Тэгэхээр тэр бүх бузар, булхай луйвар будлианаа далдалж, өршөөхийн тулд Эдийн засгийн Өршөөлийн хуулийг хүч түрэн баталж байгаа юм.
-Өршөөлийн хуулийг өнөөдрийг хүртэл гацаасан шалтгааны талаар тодруулахгүй юу. Та энэ хуулийн төслийн санаачлагчдын нэг байх аа. ?
-Өршөөлийн тухай хуулийн санаачлагчдын нэг нь би. Өршөөлийн хуулийг нэгэнт гаргана гэж шийдсэн л бол богино хугацаанд тооцоо судалгаа хийж гаргадаг. Гэтэл өнөөдөр зориуд хүлээлт үүсгэж байна. Ингэж удаасны эцэст гаргах болсон шалтгаан нь магадгүй тэр хуультай холбоотой, уягдаж хоригдоод байгаа нөлөө бүхий хүмүүс, УИХ, Засгийн газарт хамтрах зорилгын хүрээнд хийгдэж байж мэднэ. Улмаар хуулийг 2016 оны сонгуулийн өмнө гаргах улс төрийн зорилго цаанаа агуулсан, унасан нэр хүндээ өсгөх арга гэж ойлгож байгаа.
-Яг өнөөдрийн нөхцөл байдалд Өршөөлийн хуулийг гаргах шаардлага бий гэж үү?
-Өршөөлийн хуулийг гаргах ёстой. Хорих ангиудаар явж нөхцөл байдалтай танилцахад ачаалал нь хэрээс хэтэрчихэж. Ялимгүй хэргээр маш олон залуучууд хоригдож байна. 100 хүний багтаамжтай байранд одоо 200-300 хоригдол байна. Гэхдээ өршөөлийн хуулиар хэт хавтгайруулан олон ноцтой хэргүүдийг чөлөөлөх гэж байна. Тухайлбал: Их хэмжээний хохиролтой, маш олон хохирогчтой луйвар залилангийн хэргүүд байна. Хохирсоны хохь болоод үлдэх нь.
-Өршөөлийн хууль батлагдсанаар хэчнээн хүн суллагдах вэ?
-Бидний тооцоогоор 3000 орчим хүнийг хугацаанаас нь өмнө суллаж, эргээд нийгэмшүүлэх зорилго зорилт бий. Улмаар төсөв зардал, хүн хүч гээд олон зүйлийг шийдвэрлэхэд тус болох юм.
-Өршөөж болох ч гол нь нийгэмшүүлэх ажиллагаа манайд дутагдалтай. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан хоригдлуудын олонх нь буцаж орсон баримт бий шүү дээ?
-Алдсан эндсэн хүнийг барьж хорихоосоо илүү урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Цэргээс халагдсан, шоронгоос суллагдсан хүнийг аймаг, сум ажлын байраар хангаж, тусгайлан анхааралдаа авдаг хуучин тогтолцоо бий. Гэтэл өнөөдөр гараад ирэхээр нь бараг л бушуухан буцаад ороосой гэх байдлаар хандах болж.
-Эдийн засгийн Өршөөлийн хууль эрх баригчдад ашигтай бол Эрүүгийн хуульд оруулж байгаа өөрчлөлт Н.Энхбаярт тустай гэх. Аливаа хуулийг зөвхөн хэн нэгэнд, хэсэг бүлэгт зориулж баталдаг байдал хэтэрхий ил цагаандаа гараад байгаа юм биш үү?
-Санал нэг байна. Энэ УИХ-ын гаргаж байгаа бодлого шийдвэрүүдийн цаана хэн нэгэн хүн, эсвэл аж ахуйн нэгж яригддаг. Ингээд ирэхээрээ буруу гольдрол руугаа явж байгаа нь тэр. Үүний хор хохирлыг улс орон үүрч, ард түмэн амсдаг. Энэ бол сүүлийн 25 жил явж ирсэн тодорхой жишээ. Өнөөдрийн УИХ-аар яригдаж байгаа хууль, шийдвэрүүдийн цаана ч иймэрхүү үйл явдал өрнөдөг гэж боддог. Ямартаа л УИХ-аар хүнд зориулж хууль баталснаас болж хоёр жил дараалан төрийн наадамд маргаан дагууллаа. Ийм жижиг эрх ашгаар хандаж, хүнд зориулсан хууль гаргах нь ямар хор хохиролтойг бид харж байгаа. Монгол наадмыг хүн бүр мэддэг, монгол бөх хүн бүрт хамаатай учраас хөгшин залуу, эрэгтэй, эмэгтэйгүй шүүмжилж ярилаа. Гэтэл нэг салбарт, хэсэг бүлэг хүнд зориулагдсан хуулийн төслүүдийн хор хохирол тэр бүр яригддаггүй. Нөгөөтэйгүүр, нийгэм, эдийн засгийн байдал ийм хүнд байгаа нь гадаад орчин нөхцөлөөс шалтгаалаагүй. УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа улс төрийн хүчний хариуцлагагүй, бодлогогүй үйл ажиллагаанаас болж эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргаа туйлдаа хүрсэн.
-Гэхдээ энэ бүхнээс гарахын тулд хоёр нам хамтарч, шийдлийн Засгийн газар байгуулсан биз дээ. Гэтэл өнөөдөр юу бүтээв?
-Шинэчлэлийн Засгийн газар УИХ-д суудалтай нам эсвэл, бие даагчдыг нэгтгэн бялуу хувааж, урагшилсан ч хол зам туулж чадаагүй. Богино хугацаанд бүх нөөцөө шавхаж, эдийн засаг хямарч, иргэдийн амьжиргаа доройтох үндэс суурийг тавьчихаад огцорсон. Нэгэнт цааш явах боломжгүй болсон тул шийдлийн Засгийн газар байгуулж бүгдээрээ хамтрах нь зүйтэй гэж УИХ-ын дарга манай бүлгийн хуралдаан дээр хэлж байлаа. Улмаар хөтөлбөр, төлөвлөгөөнийхөө талаар ярилцаж, гурван гол зүйл дээр тохиролцох санал ирүүлсэн юм. Эдийн засгаа сэргээж, өр таазыг хуулийн хэмжээнд барьж, улс төрийн намчирхал талцлыг арилгах, хүлээлт үүсгээд байгаа хуулийн төслүүдийг гаргах санаачилга эхнийх нь. Тухайлбал, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль. Мөн хардлага дагуулсан хар машины асуудлыг цэгцэлж, аль ч хэсэг дээр ямар нэгэн гомдлоор биш хүсэлт гаргахад саналыг гараар тоолдог болох. Түүнчлэн Оюутолгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд улс орныхоо нийтлэг эрх ашигт тулгуурлан нээлттэй ил тод, ашигтай хувилбараар урагшлуулах.
-Уян яруу үгтэй нялуун захианы гол утга агуулга нь ч иймэрхүү байсан?
-Төсвийн үрэлгэн байдал, төрийн данхар бүтэц, орон тоог, давхар дээлийг байхгүй болгох тухай ч ярьсан. 2012 оноос өмнө иргэд нохой шиг амьдарч байсан юм шиг сонгуулиар “Хүн шиг амьдарья” хэмээн уриалж иргэдийг хуурсан шигээ шийдлийн Засгийн газар байгуулахдаа их ард түмнээс сонгогдсон бага ард түмэн буюу УИХ-г тэгж сайхан молиго үмхүүлсэн.
-Үнэхээр өнгөрсөн хугацаанд МАН молиго үмхсэн. Хамтарсаны үр дүн гараагүй. Үүний бурууг танай нам хүлээж, Засгаас хөөгдлөө шүү дээ?
-Олон жил шийдлээс хүлээсэн тэдгээр асуудлыг хамтарч шийдвэрлэхийг дэмжих нь зүйтэй мэт байсан. Харамсалтай нь, УИХ дээр Засгийн газрын бүтцээ оруулж ирж батлуулахаас л тохиролцсон зүйлээ зөрчиж эхэлсэн. Тэр үед бүхий л үйл явц ойлгомжтой болж эхэлсэн дээ, ер нь. Улс төрийн шийдлээ хүлээсэн асуудлуудыг хойш тавьсан. Харин оронд нь зээл, бонд, төсвийн хөрөнгийг хуулийн гадуур зувчуулсан цөөхөн хэдэн том компанийнхаа арыг хэрхэн батлан даах эрх зүйн орчныг бүрдүүлэх, өөрсдийнхөө амийг хэрхэн хоохойлох, өрийн таазыг яаж нэмэгдүүлэх үү гэдэг арга замыг эрэлхийлж, үүнийг ч амжуулж дөнгөсөн. Урт нэртэй хуулиас эхлээд орд баялгаа тараах хуулиудыг баталсан. Цагаан сарын битүүний өдөр олон хуулийг бөөндсөн дөө.
Аливаа асуудалд улс төрийн намууд ихээхэн нухацтай, ул суурьтай хандахгүй нам дамнасан хуйвалдаант бүлгүүдэд дөрлүүлээд жижиг эрх ашигт хөтлөгдөж байгаагийн тод жишээ.
-Намын хувьд тухайн үед хэн ч дуугараагүй шүү дээ?
-Хамтарч байсан болохоор хэн ч дуугараагүй.
-МАХН- МАН болж хуваагдсан талаар таны бодол?
-Манай нам хагарсан нь эгэл жирийн намын гишүүдээс болоогүй намын толгойд суусан цөөхөн хэдэн нөхдөөс болсон. Тийм учраас хот хөдөө хаана ч явсан манай намын гишүүд дэмжигчид эх орны хөгжил тусгаар тогтнолын баталгаа болсон энэ том улс төрийн хүчнийг хагалсанд харамсаж санаа зовнин ярьдаг би ч бас санал нэг байдаг. Нэг үзэл бодолтой, нэгэн зорилгын төлөө зүтгэж явсан хүмүүс 2 талд гарчихаад хамгийн гол нь улс ард түмний эрх ашиг хохирсоор байгаа нь хамгийн харамсалтай. Том эрх ашгийн төлөө хамтрах ёстой гэж боддог энэ талаар байр сууриа илэрхийлсээр ирсэн.
-“Шийдлийн Засгийн газраас шийдвэртэй хариу сонсьё” нийтлэл бичиж байсныг тань санаж байна. Магадгүй намынхныхаа амыг асууж байсан юм шиг?
-Битүүний өдөр хуулиудыг баталсны дараа хамтарсаны зорилго огт өөр байжээ гэдгийг хэлсэн. Улмаар “Шийдлийн Засгийн газраас шийдвэртэй хариу сонсьё” гэж төвийн хэвлэл дээр бичиж, нийтлүүлсэн сая. Зургаан сайдыг огцруулахад тэр нийтлэлээ барьж ирээд тулгасан. Тавантолгой эрх баригчдын дотоод фракциудын хагаралдаанаас болж гацсан, Гацууртын ордыг олны хүчээр түрэмгийлэх гэсэн боловч чадаагүйг эс тооцвол бүгдийг дуусгасан. Оюутолгойг кабинатаараа шийдээд явуулах ёстой ч Ерөнхий сайд нь Дубайд хулгайгаар гарын үсэг зурсан. Уг нь 2012 онд УИХ-ын дарга З.Энхболд, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг томилогдоход баярлаж байлаа. Оюутолгойн гэрээг сайжруулахын төлөө тэмцэж явсан нөхдүүд холбогдох салбаруудад очсоноор ашиг тусаа өгөх нь гэж. Харамсалтай нь, хэзээ ч тийм зүйл болоогүй. Үйл явдал өмнөхөөсөө 180 градус эргэсэн. Гэтэл сая бүр сул тавиад туучихлаа.
-Ганцууртын орд ч мөн ялгаагүй нинжа нар ухаад эхэллээ. УИХ-аар батлуулж чадаагүй учраас зориуд нинжа нар оруулсан гэх мэдээлэл бий. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Эрх мэдэлтнүүд УИХ дээр Гацууртын ордыг батлуулж авч чадаагүй учраас шууд нинжа нар орно шүү гэх байдлаар турхирж байсан. Ийм зүйл байж болох уу. Нэг түүх бий. 100 гаруй жилийн өмнө Богд хааны Засгийн газар Баруун, Зүүн хараагийн нутагт баруун Европын бэлэвсэн хатантай алтны уурхай байгуулах гэрээ байгуулж гуравдагч орны хөрөнгө оруулалт орлоо гэж баярлаж. Гэтэл яг л өнөөдрийн түүх давтагдсан гэдэг. Хятад хүмүүс орж ирээд ажиллаж. Тэр компанийг татан буулгаад гаргангуут нинжа нарыг турхирч, оруулсан байдаг. Богд хааны Засгийн газар цэргийн хүчээр нинжа нараас хамгаалсан байна. Төд удалгүй нинжа нар тарж харуул хамгаалалтыг буулгасан түүхтэй. Том компаниуд тэр газар нутгийг авахын тулд нинжа хэлбэрээр зохион байгуулалт хийж, нутгийн иргэдийг талцуулдаг. Хамгаалах нэг хэсэг байхад нөгөө талд нь ухаж авахыг дэмжигчидыг гаргаж зөрчилдүүлдэг шалгарсан арга бий. Улмаар төр засгийг шантаажилдаг. Хэрэв зөвшөөрөл өгөхгүй бол нинжа нараар ухуулна гэх байдлаар. Уул уурхайгаа зөв ашиглаж чадахгүй, төр засаг нь сул улс орнуудад байдаг тодорхой жишээ.
-Тэгвэл тэр жишгээр Гацууртын орд явж байгаа гэсэн үг үү?
-Тэр жишгээр явж байна. Улс орныхоо аюулгүй байдал, газрын хэвлий дэх баялгаа хамгаалах учиртай эрх мэдэлтнүүд шантааж хийж байгаа нь үүний л илрэл.
-Эдийн засаг хүндхэн байхад улс төрийн нөхцөл байдал тогтворгүйжих нь муугийн ёр гэлтэй. Намрын чуулганы эхэнд Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөгдөх нь. Тэгэхээр Засгийн газар ирэх оныг үзнэ гэхэд эргэлзээтэй?
-Дубайн гэрээг үзэглээд ирэхэд нь л Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нэр бүхий гишүүд бид нар тавьсан байгаа. Энэ байр суурь маань өөрчлөгдөөгүй.
-Таны хувьд огцруулах албан бичигт гарын үсгээ зурчихсан гэсэн үг үү?
-Тийм ээ зурсан.
Л.НИНЖСЭМЖИД
Зочин · 2015/08/17
88583399 ЭНХБАЯРЫН ХЭРГҮҮД МӨН ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙГ ГАДААДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД МӨНГИЙГ НЬ АВААД ГАДААДРУУ АЛЬ УЛСАД НУУГДСАН НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ БОЛСОН М.А.Н-ЫН ЗОРИГ САЙД , БАЯР САЙД НАРЫН ХЭРГҮҮД Ч БАГА ХЭРЭГ. ХАРИН ЖАНЖИН СҮХБААТАР БОДОО ДАНЗАН НАРЫН ҮҮСГЭН БАЙГУУЛСАН М.А.Н-ЫГ ҮГҮЙ ХИЙЖ М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛАН / ОДООГИЙН М.А.Н / ЯМАР Ч ГЭМГҮЙ 3 ТҮМЭН МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙГ ЗАЛГИСАН ЦААШЛААД АРД ИРГЭДИЙН ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭН АВСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-ЫН ҮЙЛДСЭН ХЭРЭГ ХАМГИЙН ЖИГШИН ЗЭВҮҮЦМЭЭР МОНГОЛЫН ТҮҮХЭНД ХЭЗЭЭ Ч ГАР Ч БАЙГААГҮЙ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ МӨНӨӨС МӨН. ХЭРВЭЭ АРД ИРГЭД ХУВИЙН МАЛ ХӨРӨНГӨТЭЙГЭЭ БАЙСАН БОЛ 1990 ОНД ОРОСООС ХАРААТ БАЙДЛААС ГЭНЭТ ХАГАЦАН САЛАХ ҮЕД МОНГОЛЧУУД ИНГЭТЛЭЭ АМААРАА ШОРОО ҮМХЭХГҮЙ БАЙСАН. АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛС ОРОНТОЙ САЙН ХАРИЛЦААТАЙ БОЛЖ ХЯМД ГУРИЛ ,БУДАА ХУВЦАС ХУНАРААР ХАНГАГДАЖ МОНГОЛ УЛС АВРАГДАЖ ӨНӨӨГИЙН САЙХАН БҮХЭН БИЙ БОЛСОН..МӨН 2 ХҮН ОРОСУУД ГАР ЗАЙЛ ГЭЭД ОРОСУУД ГАРЧИХСАН
Зочин · 2015/08/17
100 ЖИЛИЙН туршлагатай гээд байгаа МАН дээрх хугацаандаа ямар ч гэмгүй 3 түмэн Монгол хүний толгой залгисан, Монголчуудыг Монгол бичгээ мэдэхгүй, хэл яриандаа Хятад үг их хэрэглэдэг Хятадын эрлийзүүд болгож, хүүхэд багачуудийг нь хоол ундгүй цаг наргүй ажлуулж бүх мал хөрөнгийг дээрэмдэж аваад Оросын угжнаас 1988 онд гэнэт салгаж 1990 онд амаар нь шороо үмхүүлсэн.Монголчууд Ардчиллын буянаар /Е/ паспорттай, хувийн орон сууцтай, малтай, машинтай,газартай Монгол улс 1990 оноос өмнөхтэй харьцуулшгүй өнгөтэй өөдтэй, гял цал болж аврагдсан. Бид далдыг харж чадахгүйгээс хойш УИХ-д хүнээс өөр амьтан сонгохгүйгээс хойш өөрсдийгөө сайн гэж худал ярьж байгаа бие даагчид, бусад хүмүүс биш, өөрсдийгөө 100-гаад жил сайн гэж худал хэлж Монгол улсыг амаар нь шороо үмхүүлсэн цуст алуурчин МАН биш, зөвхөн дарга нарын идсэн уусан хулгай луйврыг сонгуульд ялж байж зоригтойгоор хэргийг нь хүлээлгэж шоронд нь оруулж чадсан АН л өөд нь татна. ШҮХөдөлгөөн 88583399
Amraagaach · 2015/08/16
Baterdene shig uzel bodoldoo unencheer uuriin hunii nam gehgui eh orniihoo tuluu zutgej baigaa gishuun tsuuhun baigaa .Ter suvgaa bitgii solioroo gej heldegees uur yum medehgui, bas medlegguig ni dalimduulj Z.Enkhboldod azragluulaad suuj baigaa huurhii zaluug zasgiin ajlaas chuluulj setgeliin tamaas gargaj amraah heregtei .Eh orondoo tuslaj chadahgui ch,Ehner huuheddee heregteil bailgui yaahav
eh oronch · 2015/08/14
Niit olnooroo temtsehgui bol gants neg bolohoor bolohgui bna temtsye
ЭГЭЛ БОР · 2015/08/14
ЭНЭ ХҮН Ч ТУУШТАЙ УЛААН КОММУНИСТ, КАПИТАЛИСТ "ХАР МАХ" БОЛСОН НЬ ХАРАГДАЖ БАЙНА. ЮМ БОЛГОНД МУУ АМЛАЖ, ИРЭЭДҮЙГЭЭ ҮГҮЙСГЭСЭН ҮГС Л АМНААС НЬ ЦУВАРЧ БАЙХ ЮМ ДАА. ТАХИАН ТАРХИТАЙ Ч АМЬТАН БОЛ ДОО. АРД ОЛНООС ХҮРТЭЭСЭН ХАЙРАН Ч НЭР ХҮНД, АЛДАР ЦОЛ.
ЛАЛАР · 2015/08/13
ӨӨРСДДӨӨ ЗОРИУЛСАН ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ БАТАЛДАГ ЛАЛАРУУД ЮМ ДАА ХЭЛЭХ Ч МУУ ҮГ ОЛДОХГҮЙ НЬ