Өршөөлийн хууль батлагдаж, МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо хөл тавьсан үйл явдал улстөрчид, тэдний фэнүүд, улс төр сонирхогчдын анхаарлыг хурцаар өдөөж, интернэтийн талбарт жинхэнэ дайн зарлав.
 
Сүлжээний акулууд болон шакалууд \цөөвөр\ ямар ч баталгаа нотолгоогүй мэдээллээр олон түмний тархийг угааж, ердөө 48 цагийн дотор МАХН-д ногдох сайдын тоо ная хувирч, Н.Энхбаяр төдийгүй, түүний хүүг аль хэдийнээ Шадар сайдаар “томилж” амжив.
 
Манайхан ер нь ихэнхдээ гэнэн хүмүүс. Интернэт гэдэг бол үндсэндээ мэдээллийн хогийн сав. Гэхдээ тэндээс алт олддог. Гагцхүү түүнийг хогноос ялгаж салгахын тулд уураг тархи хэмээх эрхтэнтэй байх хэрэгтэй. Даарин дээр давс гэгчээр ийм өргөн дэлгэр шавар шалбаагаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яаж хоцрохов.
 
Мөнөөх л интернэтээр Өршөөлийн хуулийг зад шүүмжилж, хориг тавина хэмээн сүрдүүлэв. Угтаа төрийн уучлал утгаар Өршөөлийн хуульд хориг тавьдаг практик байхгүй. 
 
Түүний улаан фэнүүд “нэг хүнд зориулсан хууль гаргалаа” гэж баахан гомдоллов. Уг нь улайм цайм 3,000 гаруй хүний хувь заяа шийдэгдэх гэж байхад нүдэнд нь гагцхүү Энхбаяр харагдаад, бусад 2,999 иргэн огт хамаагүй аж. Тайвширцгаа. Өршөөлд хамрагдах иргэдийн дунд Н.Энхбаяр багтаж байгаа нь үнэн. 
 
Тэрбээр бусдын адил иргэний эрхтэй. Монгол төрийн хууль тогтоох дээд байгууллага болох УИХ 3,000 гаруй иргэнээ уучлах шийдвэр гаргахад, яагаад ганцхан Энхбаяр эрхээ хасуулаад, сугарч үлдэх ёстой юм? Харин ч нарийн яривал тэр хүн цэвэр хэлмэгдсэн. Одоо ч хэлмэгдэж, хавчигдаж яваа. Үүнийг ч түүх нотлоод, тэрбээр бүрэн цагаадах сайн цаг ирнэ. 
 
Эцсийн дүндээ хууль нь нэг хүнд зориулагдаад байна уу, Элбэгдоржийн хориг ганцхан хүнд зориулагдаад байна уу тавина гэж заналхийлж байна. Энэ нь Элбэгээ ой санамж муутайгийнх үү, эсвэл Ерөнхийлөгч нь УИХ-тай барьцаад байгаа юм уу? Түүний энэ авирлал “Энхбаярыг хэрхэхийг би мэдье” гэсэнтэй яг адил.
 
Хичнээн шударга ёс, ард түмэн гэж донгодсон ч түүний уран үгийн үнэ цэнийг монгол түмэн хэдийнээ мэдэрсэн. УИХ-тай төдийгүй, өөрөө өөртэйгөө зөрчилддөг оноштой Ерөнхийлөгчтэй гэдгээ түүнийг сонгосон иргэд ч тунгаан бодоорой. 
 
Тэгээд ч хүн амаараа шударга болдоггүй, үйлдлээрээ л нотолдог. Аман шударгын марзан жишээ Уянга гэж хүн байна. 2012 онд МҮАН-д орж, улмаар “Шударга ёс” эвслээс нэр дэвшин сонгогдож, одоо ч эвслийн бүлэгт багтаж байгаа хэрнээ мөнөөх л фэйсбүүкийн хогийн саванд Элбэгдоржийг дэмжсэн мэдэгдэл хийгээд сууж байдаг.
 
Эхлээд эвслийн бүлгээсээ гарчих. Сул гишүүн болчих. Дараа нь бүлгийн эсрэг кнопоо дар л даа. Батцогт үнэнээ хэлээд гарсан. Энэ бол шударга үйлдэл мөнөөс мөн. Хэн нь ориг шударга, хэн нь аман шударга гэдэг нь харагдаж байгаа биз?
 
Эцэст нь Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн тухай хэлэхэд, түүний эзлэх орон зай, улс төрийн зиндаа дэндүү тасархай гэдэг нь энэ олон цөөврүүдийн цовхчооноос бэлхнээ харагдаж байна. Түүний үйлс элдэв реклам, пиаргүйгээр чин шударга учир тэр ялна!
 
Жич: Энэхүү бичвэр маань хүссэн хүсээгүй нөгөө л интернэтээр цацагдах учир комментоор солиорох дуртай интернэтийн цөөврүүдэд нэгэн зүйлийг хэлчихье. Намайг муулах, доромжлох пост болгоныг би өөрийн амжилт хэмээн тооцож, “Ашгүй, би үнэнийг нь хэлчихэж дээ” хэмээн баярлах болно.
 
Улстөр судлаач Л.Эрдэнэтуул