Эрүүл мэндийн салбарын зорилго, статусыг харахад хэн ч хэзээ ч муу нэр өгч чадамгүй санагдана. Гэхдээ сүүлийн үед тус салбарын “но” илэрч цагаан халаадтай “алуурчин” хэмээх мэдээлэл өдөр алгасахгүй гарах болжээ.

Оны өмнөхөн Баянхонгор аймгийн эх барих тасгийн сувилагч дөнгөж төрсөн нярайн бөгсөн биеийг буцалсан усаар шалзалсан. Дараахан нь Увс аймгийн Зүүнхангай суманд хоёр ой хүрээгүй бяцхан хүү эмчийн буруутай үйлдлээс болж амь насаа алдсан. Э.Хонгорзул гэх бүсгүй одоогоос хоёр жилийн өмнө III төрөх эмнэлэгт амаржихдаа хагалгаа хийлгэх үеэр гэдсэн нь нэг метр гаруй марль үлдээчихсэн байсан нь саяхан мэдэгдсэн. Харамсалтай нь жил хагас онош нь тодорхойгүй гэх шалтгаанаар зовж явсан бүсгүй одоо ухаан санаа нь самуурч, үхэх сэхэхийн дэнсэн дээр тарчилж хэвтэнэ гэх мэт бараан мэдээлэл гарсаар байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрдэнэт хүний алтан амийг аврах эрхэм үүргээсээ ухарсан эрүүл мэндийн “дампуу” салбарынхантай тулж ажиллахаар болсноо мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногийн турш эрүүл мэндийн салбартай “дотно” танилцсан Ерөнхий сайд эрүүл мэндийн яамны ажилчидтай зарим асуудлыг хэлэлцсэн юм. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын нэг, хоёрдугаар шатлал нь холилдоод, гурав дахь шатлал ачаалаа даахаа больсон байна. Эрүүл мэндийн салбар эмх замбараагаа алджээ. Эрүүл мэндийн салбарт засаж, залруулах зүйл их байна. Эмнэлгүүдийн бодит байдалтай танилцлаа. Одоо Эрүүл мэндийн сайд, дэд сайдууд, яамны газрын дарга нартай сууж, эрүүл мэндийн салбарт дорвитой шинэчлэл хийх хэд хэдэн шийдвэр гаргана” гэдгээ хэлсэн юм.

Мөрөөдөл биелэхгүйн зовлон
Эмч нар нэг л шалтгаанаар ард иргэдэд буруу өгдөг. Тэр нь монголчууд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах эрүүл мэндийн боловсрол тааруу гэх. Иргэд жилдээ нэг бүх төрлийн шинжилгээнд сайн дураараа хамрагдах учиртай. Гэвч уг мөрөөдөл биелэсэнгүй. Мөрөөдөл биелэдэггүйн учрыг Ерөнхий сайд тэргүүтэй эрүүл мэндийн салбарынхан өнгөрсөн долоо хоногт олжээ. Хамгийн гол шалтгаанд нөгөө л замбараагүй байдал, мөнгөгүйн бэрхшээл, боловсон хүчний асуудал, технологийн хоцрогдол багтсан байна. Гэхдээ энэ удаа хуучин шалтгааныг халах шинэ арга боловсруулахыг Ерөнхий сайд Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон аж. Харин Эрүүл мэнд сайд тэргүүтэй, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ хэлэлцээд хамгийн түрүүнд өрхийн эмнэлэгүүдийг чадавхижуулахад анхаарах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эмч нарын буруутай үйл ажиллагааны тухай мэдээлэл олон гарсан. Цаашдаа тийм явдал гаргахгүйн тулд суурь бүтцийг өөрчилж байгаа. Тухайлбал, иргэдээс санал авч, эмчийн хариуцлагагүй үйлдэлд хатуу арга хэмжээ авна. Гэхдээ эхлээд эмч нарын ачааллыг бууруулах, ажилдаа хариуцлагатай ажиллах орчныг бүрдүүлэх шаардлага бидэнд бий. Үүний тулд л өрхийн эмнэлгийн чадавхижуулах гээд байгаа юм” гэв.

Пирамид эргүүлэх төлөвлөгөө
Сэтгүүл зүйн мэдээлэл бичих загвар буюу ураагаа харсан прамид аргачлалаар хөгжиж ирсэн нь эрүүл мэндийн салбарынхны гол алдаа байсан гэнэ. Харин өнөөдрөөс тус салбарынхан Ерөнхий сайдтай хамтраад пирамидаа эргүүлэх нь тэдний эхний төлөвлөгөө гэнэ. Анхан шатны эмнэлгийн үйлчилгээг чадавхижуулж олон улсын түвшинд хүргэж чадвал бусад шатлалын ачаалал багасч салбарын хөгжил зөв голдрилдоо орох юм байх.


 
Иргэд анхан шат буюу өрхийн эмнэлгээ тоодоггүй. Хоёр дахь шатлал буюу дүүргийн эмнэлэгт эмчлүүлэх биш дугаарлаж зогссоор өвчин нь хүндрдэг. Гурав дахь шат буюу нарийн мэргэжлийн эмнэлэгт сувилалын журмаар хэвтдэг “доголон” тогтолцоог халах болсныг Ерөнхий сайд онцолсон юм. Мөн Азийн хөгжлийн банкнаас гуравдугаар шатлалд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтний 50 орчим хувь нь сувилалын буюу амралтын журмаар хэвтдэг гэх судалгааг гаргасан байна.

Сайдын сэжиг
Уруугаа харсан пирамидыг өөд нь харуулахын тулд Эрүүл мэндийн яамныхан 30 орчим хуудас анхан шатны төлөвлөгөө боловсруулжээ. Тухайлбал, зохион байгуулалтыг сайжруулж, хүнд суртлыг халах. Өрхийн эрүүл мэндийн төвийг шинэчилж, эмч нараа “супер” болгох гээд олон санаа гаргажээ. Олон улсад өрхийн эмч нар бол “супер” байдаг гэнэ. Ерөнхий сайдын хэлснээр өрхийн эмч “хүний үсний үзүүрээс хөлийн хурууны төгсгөл хүртэл ерөнхий биеийн шинжилгээг бүрэн хийдэг байх учиртай” аж. Ингэж чадвал өрхийн эмнэлэгийн нэр хүнд өсөх учиртай. Харин үүний тулд олон салбар нэгж байгуулах ёстойг эрүүл мэндийн яамныхан хэлэв. Энэ санааг Ерөнхий сайд сэжигтэй байна гэсэн юм. Учир нь, салбар нэмэгдвэл дарга байх шаардлагатай. Даргыг дагаад туслах, ажлын өрөө, цалин мөнгө, хүнд суртал гээд баахан үргүй зардал, үйлчилгээний чирэгдэл гарч ирэхийг сануулсан юм.

Мордохын хазгай
Дэлхийн ямар ч улсын анагаах ухааны салбар эдийн засгаасаа шууд хамаардаг. Ихэнх оронд өндөр үнэтэй үйлчилгээг багасгаж, хэмнэсэн мөнгөөрөө бүх нийтийн эмнэлгийн суурь үйлчилгээний багцаа гаргаж авдаг байна. Энэ зарчмын дагуу эрүүлийг хамгаалах үйлчилгээг хямд үнэтэй юм уу, “үнэ төлбөргүй” болгодог аж. Үнэ төлбөргүй гэдгийг хашилтанд хийсэн учир нь ямар ч эрүүл мэндийн үйлчилгээ төлбөр шаарддаг ажээ. Учир нь эрүүл мэндийн салбарын үйлчилгээг үнэгүй болгочихвол хүмүүс энэ завшааныг буруугаар ажиглаж эхэлдэг байна. Үүний тод жишээ нь Монголын ядуу иргэд үнэгүй гэх шинжилгээнд заасан тооноос хэд дахин илүү орсон байдаг гэх судалгаа ЭМЯ-наас гаргажээ.  Мөн хоёр, гуравдугаар шатны эмчилгээний төлбөр бараг адилхан байдгаас ихэнх нь шууд нарийн мэргэжлийн эмнэлэгт ханддаг бөгөөд энэ нь ачаалал үүсгэдэг. Эмч нарын ачаалал нэмэгдсэний улмаас алдаа гаргах, үйлчилгээ хүрэлцэхгүй байх зэрэг хүндрэлийг бий болгожээ. Мөн уг буруу хандлага монголчуудын дунд эмчилгээний буруу заншлыг бий болгосон талаар ДЭМБ-аас гаргасан судалгаанд дурдасан байна. Тухайлбал, монгол хүний сэтгэхүйд тариа хийлгэх нь эм уухаас сайн. Эмнэлэгт хэвтэх нь оношилгоо хийлгэхээс үр дүнтэй гэх ойлголт бий бий болгосон байна. Эрүүл мэндийн салбар нь ч буруу хөгжиж, ард иргэд нь ч буруу ойлголттой болсон нь өвгөдийн хэлдгээр “Мордохын хазгай” гэдгийг Ерөнхий сайд хатуухан хэлж энэ байдлыг даруй халахыг анхааруулсан юм.
 

Хүнээ дагасан хөрөнгө оруулалт
Эрүүл мэндийн салбартаа жилд хэдэн төгрөг төсөвлөдөгөөс төр засаг нь ард түмнээ нэн тэргүүнд тавьдаг эсэхийг нь харж болно гэх үг ч байдаг.  Харин төсөвлөсөн мөнгөө хаана хэрхэн хувиарлах вэ гэдэгт толгойгоо гашилгадаг. Гашилгаж гаргасан тооцоо нь буруу байдаг талаар Азийн хөгжлийн банкны судалгаанд дурджээ. Тухайлбал, зуу гаруй хүн амтай суманд зуун хүнд үйлчлэх хэмжээний том эмнэлэг барих мөнгө төсөвлөчихөөд хэдэн мянгаар тоологдох хүн амтай хот, суурин газарт яг л адилхан хөрөнгө төсөвлөдөг талаар жишээ татсан юм.

Ийм буруу тогтолцоог халах цаг нь болсон талаар Ерөнхий сайд хэлсэн. Халахын тулд хүнээ дагасан хөрөнгө оруулалтын механиз эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх гэнэ. Үүний тулд эмчээ сонгох эрхийг иргэнд өгөх ажээ. Тухайлбал, иргэн Б-д харьяа өрхийн эмнэлгийн үйлчилгээ таалагдахгүй бол өөр өрхийн эмнэлгээр үйлчлүүлж болно.  Энэ үед засгаас аль илүү ачаалалтай ажиллаж байгаа эмнэлэгт илүү хөрөнгө оруулж, ажилчдын цалин дээр урамшуулал олгох аж. Харин хариуцлага алдсан эмнэлэг, эмч нарт хатуу арга хэмжээ авч, хуулийн хариуцлага хүлээлгэх юм байна.

 

Э.Зоригт