-44 хуулийн төслийн хэлэлцүүлгийг урагшлуулах шаардлагатай байна-

УИХ дахь улс төрийн бүх хүчнүүд хамтарч ажилласан найман сар энэ парламентын бүрэн эрхийн хугацаан дахь онцлог тохиолдлуудын нэг.

Гэхдээ эрдэс баялгаа эргэлтэд оруулж, эдийн засгийн хямралаас гарах УИХ-ын даалгавартайгаар бүх намууд хамтарч байгуулсан Ч.Сайханбилэгийн танхимд УИХ-ын дэмжлэг хэр байв. Засгийн газрын ХЭГ-ын Хуулийн хэлтсээс авсан мэдээллээр шийдлийн Засгийн газар байгуулагдсан цагаас хойш нийт 62 хууль, тогтоолын төслийг УИХ- д өргөн мэдүүлсэн байна. Үүнээс 28-ыг нь баталсан бол 34 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх шатандаа байгаа аж.

Тухайлбал, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэдэнтээ буцаасан. Үүнээс гадна Өрийн удирдлагын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг хуулийн төслүүдээс МАН завсарлага аваад байгаа юм. Гол шалтгаан гүйцэтгэх засаглалын санаачилсан төслийн усыг нь шахаж, чамбайруулах.

Түүнээс гадна 2008-2014 оны хооронд улсын төсөвт суусан төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлыг хувийнхаа хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн үндэсний компаниудыг вексель бичих замаар хохиролгүй болгох асуудал бий. УИХ-аас 2015 оны нэгдүгээр сарын 23- ны өдөр 07 дугаар тогтоол гаргаж, вексель гаргах эрхийг Засгийн газарт өгсөн. Энэ дагуу Сангийн яамнаас долдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 81 аж ахуйн нэгжид вексель бичих ажлыг эхлүүлсэн. Ингэснээр Векселийн тухай хуулийн дагуу аж ахуйн нэгжүүд хийсэн ажлынхаа төлбөрийг авах боломж бүрдсэн юм. Нөхцөл нь бүрдсэн ч, биелэл нь мөн л хангагдаагүй. Учир нь наймдугаар сарын 4-нд Төсвийн байнгын хороо хэлэлцэх асуудлаасаа халтирч “Векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнд шалгалт хийх тухай” асуудлыг Байнгын хорооны дарга Б.Болор сөхөн тавьж, улмаар Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулснаар, векселийн санхүүжилт үндсэндээ зогсоод байна.

Энэ мэтчилэн Засгийн газрын санаачилсан төсөл, гаргасан шийдвэр УИХ дээр бүдрэх, саатах тохиолдол цөөнгүй бий.

Энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх үедээ “Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцэх шатанд явж буй 44 хуулийн төслийн хэлэлцүүлгийг урагшлуулах, цаг алдахгүй шийдвэрлэх шаардлагатай байна. Тухайлбал, томоохон төрийн өмчит компаниудыг хувьчлах замаар 2015 онд нийт 172.9 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр тооцсон боловч Төрийн өмчийг 2015- 2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах асуудлыг УИХ- аас хараахан шийдвэрлээгүй байгаа нь өмч хувьчлалын орлогын төлөвлөгөө тасалдах эрсдэлийг үүсгэж болзошгүй байна” гэсэн юм.

Уг нь улс орны эрх ашгийг тэргүүн эгнээнд тавих, төр засгийн эрх барих байгууллагуудын тогтвортой, бүтээлч ажиллагааг хангах үүднээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимдаа парламентад суудалтай улс төрийн хүчнүүдийг урьж, зөвшилцлийн гэрээ байгуулсан юм. Гэвч хоёр том намын хооронд байгуулсан зөвшилцлийн гэрээний хэрэгжилтийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл гэнэт дүгнэж, МАН-аас томилогдсон зургаан сайдыг шийдлийн Засгийн газраас “хөөх” шийдвэр гаргаж, УИХ хүлээн авсан үйл явц өнгөрсөн наймдугаар сард болж өрнөлөө.

Хоёр том намын хооронд байгуулсан зөвшилцлийн гэрээг зөвхөн Ч.Сайханбилэгийн танхимыг бүрдүүлэхэд зориулагдаагүй. Засгийн газрын тогтвортой байдлыг 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл хадгалахаар зорьсон ч УИХ дээр гацаанд ороод байсан хэд хэдэн хууль, тогтоолын төслийг урагшлуулах “үүрэг”-ийг бас давхар хүлээж байсан гэдгийг хууль тогтоогчид мэдэж байсан. Тухайлбал, Улс төрийн тогтвортой үед парламентад суудалтай намуудын зөвшилцлийн хүрээнд баталдаг Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хууль болон Улс төрийн намын тухай хуулийн төслийг уг гэрээнд тов тодорхой тусгасан байсан. Мөн эдийн засгийн хямралаас гарахад гол хөшүүрэг болох мега төслүүдийг урагшлуулах асуудал ч байв.

Хэрэв зөвшилцлийн гэрээний зүйл, заалт бүрийг хэрэгжүүлэхийн тулд хоёр тал багахан чармайлт гаргаж, шийдлийн Засгийн газарт дэмжлэг үзүүлсэн бол эдийн засгийн хямрал төдийгүй засаглалын хямралаас гарах байсан гэдгийг зарим хүмүүс онцолж байна.

Б.Даваатогтох