Монгол хүн бүр төрийн баяр наадмаараа хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, нум сум харвааг харж баясан наадамлахыг хүсдэг.

Гэтэл сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаан баяр бахдал төрүүлэхээ болиод байна. Харин ч эсрэгээрээ хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн шулуухан хэлэхэд “харгис” үйл болж хувираад байна.

             Морь уяачдыг бүгдийг үгүйсгэх гээгүй ч “Морь унаж, морины тоосонд дарагдаж үзээгүй” хэрнээ элдэв цол гуншинтай уяачид олширсон нь харамсалтай. Хамгийн гол нь өөрсдийгөө хамгаалж, эсэргүүцэл тэмцэл хийж чадахгүй бяцхан үрс хохирогч болж хоцрох нь элбэгшээд байна.

             Тухайлбал, энэ сарын 3-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд болсон “Аймгийн хойд бүс”-ийн уралдааны үеэр 12 настай хүү мориноос унаж гэмтсэн хэрэг гарсан. Одоогийн байдлаар хүү зулайн дээд хэсэгтээ цус хуралттай байгаа бөгөөд дахин эмчлүүлэх шаардлагатай байгаа аж. Энэ мэтчилэн хүүхэд хохирч, гэмтсэн жишээ ганц нэгээр тогтохгүй.

              Зөвхөн өнгөрсөн жилийн наадмаар л гэхэд 100 гаруй хүүхэд хурдан мориноос унаж, бэртсэн жишээ бий. Гэтэл энэ асуудалд хариуцлага тооцох байгууллага хувь хүмүүс нь хэргийг чимээгүйхэн дараад өнгөрсөн. Уг нь бидний ирээдүй болсон эрүүл саруул 100 гаруй хүүхэд гэмтэж бэртээд байхад ийнхүү дараад өнгөрсөн нь дэндүү шударга бус санагдана.

            Наадмын хурдан морьдын тоосонд унаач хүүхдүүд мориноосоо унаж,  гишгүүлж, зарим нь бүр алтан амиа ч алдсан тохиолдол цөөнгүй. Бид хийморь сэргээсэн морьдын тоосонд сэтгэл сэргэдэг ч энхрий бяцхан үрсийнхээ эрүүл мэнд, амь насаар наадаж болно гэж үү? Жил жилийн наадам сайхан боллоо л гэдэг цаана нь хэдэн балчир үрс гэмтэж, хэдэн эцэг эхийн зүрхэнд шаналал хурж байгаа бол?  

          Манай улсад өдгөө 500 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилдэг аж. Эдгээр 500 гаруй хууль, тогтоомжид хурдан морь унаач хүүхдийг хам­гаа­лах ганцхан хуулийн заалт бий гэнэ. Тэрхүү хууль нь 2003 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн ҮII зүйлд “Баяр наадмын хурдан морийг 7-гоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна” гэж тусгажээ. Энэхүү заалтаас өөр унаач хүүхдийн алтан амь нас, эрүүл мэндийг эрсдлээс хамгаалсан хууль тогтоомж одоогийн байдлаар манай улсад алга.

            Эрх мэдэл бүхий мөнгөтэй эрхмүүд хүссэн үедээ уралдаан зохиож бэсрэг наадам хийдэг болсон ньхурдан морь унаач хүүхдийн асуудлыг улам ихэсгэж байна хэмээн хэлж болохоор юм. Нэг ёсондоо бэсрэг наадам нь бэл бэнчингээ гайхуулах хэрэгсэл болсон гэлтэй.  

            Тэгвэл энэ асуудалд холбогдох албаныхан ямар байр сууринаас ханддаг бол? Энэ талаар албаны хүмүүс хэлэхдээ, зохион байгуулалт хангалтгүйгээс хүүхдүүд унаж бэртэж байна хэмээн дүгнээд байгаа аж. Мөн холбогдох байгууллагаас гаргасан судалгаанаас  үзвэл, зохион байгуулалт сайтай, Засгийн газрын тогтоолоор болж байгаа уралдаануудад эрсдэл гарах нь харьцангуй бага байдаг гэнэ. Харин хувь хүмүүсийн зохион байгуулж буй уралдаан тэмцээнд осол, гэмтэл гарах нь элбэг тохиолддог гэнэ.  

           Тиймээс морин уралдааныг заавал мэргэжлийн байгууллага, холбооны зөвшөөрөлтэй нарийн зохион байгуулалттай, хийх шаардлага тулгараад байгаа юм. Мөн эрүүл мэндийн талаас нь авч үзвэл, тухайн наадам болж буй газарт эмнэлгийн анхан  шатны тусламж үзүүлэх мэргэжлийн баг байх хэрэгтэйг сануулж байна.

           Энэ жилийн наадам хаяанд ирлээ. Дэлгэр зуны налгар өдрүүдэд дэнж хотойтол сайхан наадамлахыг хэн хүнгүй л хүсч байна.

 

Б.Хорлоо