Байгаль орчны төлөөх ТББ-ууд алт угаасан асуудалд холбогдох бололтой
2013/07/01
-ХОНГОР СУМ ХОЁР ДАХИА ХОРДОХОД ОЙРХОН БАЙНА-
Дархан-Уул аймгийн Хонгор сумын төвөөр хөл хөдөлгөөн багатай хүнгүй шахам байна, энэ өдрүүдэд. Ийн сумын иргэд суурингаа орхисон нь мөнөөх цианит натри, мөнгөн усны хороос дайжсаных биш. Бүр ч эсрэгээрээ цианит натри, мөнгөн усны хор саармагжиж тухайн бүс нутаг эрүүлжсэн, хэвийн болсон учраас нутгийн иргэд тариа ногооныхоо ажилд гарцгаасан нь энэ гэнэ. Өнөө жил Хонгор сумынхан 14 мянган га-д тариа, хоёр мянган га-д хүнсний ногоо тариалаад буй бөгөөд эрчимжсэн мал аж ахуйг түлхүү эрхлэх болсон сурагтай. Мэргэжлийн хяналтын байгууллага, олон улсын корпусын шинжээчид Хонгор сумын хөрсөнд судалгаа хийж одоогоос зургаан жилийн тэртээ алдагдсан мөнгөн усны хор саармагжиж, газар нутаг бүрмөсөн цэвэршсэнийг дүгнэлтээр баталж байгаа аж.
Тиймээс нутгийн иргэд "Хонгорын хор гэсэн улстөржилтийг дахин бүү хийгээч ээ" хэмээн хүсч байна. Үе үеийн сонгуулиар "Хонгор хордож, хүн ам нь өдөрт хэдэн арваараа үхэж байгаа. Энд л төрийн анхаарал хэрэгтэй байна. Бид энэ газрыг цэвэрлэнэ. Иргэдээ аварна" гэж ярьдаг ч яг үнэндээ тухайн хэсэгт асгарсан мөнгөн усны хор байгалийн эрхшээлээр, физик, химийн урвалаар ууршиж алга болсон гэдгийг Хонгор сумын дарга нараас эхлээд иргэд нь хүртэл ярьж байна. Дарга нарын, улстөрчдийн, төрийн анхаарал энд огт байгаагүй учраас одоо, цэвэршсэн хойно нь "Бид л Хонгорыг аварлаа" гэж ярих хэрэггүй шүү хэмээн улстөрчдөд бас анхааруулж байна лээ.
Харин Хонгор сумынхан өнөөдөр төр засгаас хүсэх ганцхан хүсэлттэй байгаа гэнэ. Тэр нь Хонгорын түүхийг давтаж хоёр дахиа хордох аюулаас нь аврах тухай аж. Анх тухайн бүс нутаг мөнгөн усанд автаж тэнд байсан амьд организмууд хордож байхад алт олборлогчдын нөлөөнд сүйдсэн хэд хэдэн орд газрууд бий. Тэнд өнөөдөр ч нөхөн сэргээлт хийгээгүй байгаа. Уг нь алтны нөлөөгөөр сүйдсэн газруудад дөрвөн жилийн өмнө нөхөн сэргээлт хийлгэхээр компаниудыг оруулж байсан ч нөхөн сэргээлт нэрээр алт олборлож, хууль бус ажиллагаа явуулснаас үүдэн бүгдийг нь хөөж гаргаж байжээ. Үүнээс хойш "Хонгор хортой" гэсэн шошго зүүлттэй байсан учраас нинжа нар, хууль бусаар алт олборлогчид цэрвэж ийшээ зүглэхгүй байсан гэнэ. Гэтэл хор нь саармагжсан гэдэг мэдээ тархахтай зэрэгцэн хулгайгаар алт олборлогчид шавах болжээ. Энэ оны тавдугаар сарын дунд үед байгаль хамгаалагч Дарханбаатар төвтэйгээ холбоо барьж "Хүйтний голын ус бохирдож эхэлжээ. Цэхэр цөөрмийн орчимд алт угааж эхэлсэн байж магадгүй" гэдэг мэдээллийг ирүүлсэн байна. Мэдээллийн мөрөөр сумын удирдлагууд болон байгаль хамгаалагчид шалгахад хоёр аж ахуйн нэгж, дөрвөн иргэн Хүйтний голын Цэхэр цөөрөм, Бага ноён уулын орчмын зургаан цэгт алт угааж байжээ. Битүү ширэнгэ, намаг балчгаар хүрээлэгдсэн энэ газарт морьтой хүн хүрэхэд хэцүү байтал хүнд даацын автомашинууд, экскаватор, усан буу гээд алт угааж, шороо зөөхөд зориулагдсан бүхнийг аваачин уурхайн чиглэлээр ажиллаж байсан байгаа юм. Тэд хэзээнээс эхлэн ингэж алт угааж, хэдий чинээ ашиг олж, төрд ямар хохирол учруулсан нь тодорхойгүй байгаа ч багагүй талбайг сүйтгэснээс нь үзвэл нэлээд удаан хугацаанд ажилласан болох нь илэрхий байгаа аж. Бүр нөхөн сэргээлт хийгдээгүй байсан хуучин нүхнүүдийг тэлж ихээхэн хэмжээний шороон овоолгыг үүсгэсэн байж. Шалгалтын хэсгийнхэн тэдэнд шаардлага тавихад "Бид энд ажиллах эрхтэй. Бас нөхөн сэргээлт хийх юм. Та нарт хамаагүй асуудал. Та нарын бүүр дээд даргаас чинь зөвшөөрөл авсан юм" гэж үл тоомсорлож байжээ. Ингээд нийслэл рүү холбогдож дээрх мэдээллийг өгөхөд зургадугаар сарын 12-нд байцаагчид очиж ажилласан байна. Тэд очсон даруйдаа Цэхэр цөөрөм, Бага ноён уулыг самнаж буруутай этгээдүүдийг илрүүлэн техник технологийг нь лацдан гурван ч хүнд эрүү үүсгэн авч явжээ. Эрүү үүсгэх болсон нь их хэмжээний мод устгасан, ус бохирдуулсан, хөрс сүйтгэсэн, багагүй алт олборлосон гэдэг үндэслэлтэй аж. Ийн ажиллахдаа мөнөөх Хонгорынхныг түгшээх болсон цианит, мөнгөн ус хэрэглэсэн байж магадгүй байгаа гэсэн. Тэнд алт олборлож байсан дөрвөн иргэн нэг аж ахйн нэгж нь Дархан-Уул аймгийнх бол нөгөө аж ахйн нэгж нь нийслэлээс очсон байна.
Яг энэ баривчлах ажиллагаа явагдаж төвөөс ирсэн байцаагчид буцсаны маргааш буюу зургадугаар сарын 15 гэхэд Цэхэр цөөрөм, Бага ноён уулын тухайн ордод 200 гаруй нинжа очсон тухай мэдээлэл иржээ. Бас хоёр ч аж ахуйн нэгж байгаа сураг гарсан байна. Нинжа нарын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд энэ байдлаараа удвал Төв аймгийн Заамар, Өвөрхангай аймгийн Өлтийн ам шиг болоход ойрхон байгааг нутгийнхан ярьж байгаа. Хүйтний голын Цэхэр цөөрөм, Бага ноён уулын хэсэг нь дэлхийд ховор үзэсгэлэнтэй бөгөөд энд аялал жуулчлал зэрэг экологид ээлтэй үйл ажиллагаа явуулбал хөрсөн дорх алтнаасаа ч үнэд хүрнэ гэдгийг хэлж байна.
Уг нь нутгийн иргэд болоод байгаль хамгаалагчид нь нинжа нар, аж ахуйн нэгжүүдээс газар нутгаа харамлан хөөж тууж байгаа ч ширүүн эсэргүүцэлтэй тулдаг учраас яаж ч чадахгүй сумынхаа удирдлагуудаас тусламж хүсчээ. Буу шийдэмтэй нинжа нар ч олон байгаа тухай мэдээллийг сумын Засаг дарга, ИТХ-ын даргад ирүүлсэн байна. Бага ноён уулын нөхөрлөлийн дарга Элдэв-Очир толгойлж буй хүмүүстэй нь уулзаж "яв" гэдэг шаардлагыг тавихад "Та энэ асуудалд битгий оролц" гээд машинд нь 10 сая төгрөг оруулж ирсэн гэдгийг ч дарга нартаа хэлсэн байдаг юм байна. Бас нэг эмгэнэлтэй мэдээ нь Хүйтний голын өнгө хувирч, ногоон болсон, алт олборлогчдын орчимд химийн бодис, мөнгөн усны сав, зузаан гялгар цаас үзэгдэх болсон тухай байв. Энэ нь алт угаахдаа химийн хорт бодис хэрэглэж байгаа байх гэдэг харыг дагуулж буй. Түүнчлэн байгаль орчны төлөөх төрийн бус байгууллагууд алт олборлох ажиллагаанд оролцож байна гэдэг мэдээлэл ч тархаад байгаа ажээ. Хүмүүсийн дам сонссоноор "Байгаль дэлхийнхээ төлөө" гэсэн утгатай нэр бүхий төрийн бус байгууллагынхан зарим компаниудад мэдээлэл өгч энд авчирсан гэж байна. Бас нинжа нарыг нааш нь турхирч ирүүлсэн хэмээх яриа ч гарчээ. Хэрвээ олон нинжа ороод ирвэл хэн ч хөөж хүчрэхгүй учраас уурхайн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүмүүст ашигтай гэж тооцоолж буйнх гэж учир мэдэх хэлж байгаа. Харамсалтай нь энэ бүх мэдээллийг газар дээр нь очиж шалгах гэхээр сүүлийн өдрүүдэд тасралтгүй үргэлжлэн орсон борооны улмаас зам харгуй битүүрч, намаг балчиг ихэссэнээс хүрэхэд бэрх болоод байгаа бололтой. Гэхдээ Хонгор сум, Дархан-Уул аймгаас ажлын хэсэг гарч асуудалтай нь газар дээр нь танилцаж, нинжа нарыг хүчээр тараах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэсэн. Дээрх бүх мэдээллийг сумынх нь иргэд алт олборлож буй хэсгийн малчин иргэдээс авдаг гэнэ. Тэнд ойролцоогоор 200 орчим малчин өрх аж төрдөг аж.
Энэ асуудлаар Хонгор сумын ИТХ-ын дарга Б.Баярмөнхөөс дараахь асуултад хариулт авлаа.
-Хонгор суманд дахиад химийн хорт бодис хэрэглэж, алт олборлож байна гэдэг мэдээлэл тархаад байна. Сум орон нутгийн удирдлагын хувьд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Мэдээллийн мөрөөр ажиллаж байна. Саяхан Хүйтний гол Цэхэр цөөрмийн орчимд алт олборлож байсан хүмүүсийг шалгалтаар тогтоогоод гурван хүнд нь эрүү үүсгээд авч явсан. Байгаль орчны байцаагчид маань бололцоот хүчин чадлаараа ажиллаж байна. Бид тариа ногооны тариалалтыг шалгаж дууссан. Харин одоо яригдаад байгаа алтны асуудлыг шалгах гэж байна. Бороо их орж байгаа учраас Цэхэр цөөрөм, Бага ноён ууланд хүрэхэд хүндрэлтэй байгаа. Бидний авсан мэдээллээр 200 гаруй нинжа, хоёр аж ахуйн нэгж тэнд очсон сураг байна. Тэд буу зэвсэгтэйн дээр олон мэдээлэгчтэй байгаа сураг байсан. Шалгах гээд очихоор уул руугаа гараад зугтчихдаг тал бий. Тэгэхээр нэг л өдөр гэнэтийн шалгалт оруулахгүй бол ухсан нүх үзээд буцах магадлалтай байдаг.
-Байгаль орчны төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ, хүмүүс энэ асуудалд оролцсон гэсэн мэдээлэл байгаа?
-Алтны нөөц ихтэй газар юм билээ. Өмнө нь олборлож байсан ч бас л их хэмжээний алт байдаг бололтой юм, одоо. Тэгэхээр хүмүүс ямар ч хамаагүй аргаар эндээс "юм" олох санаатай байх шиг байна. Харин үйл ажиллагааг нь эсэргүүцэж очсон хүмүүст "юм" атгуулаад буцааж байна гэсэн мэдээлэл ирсэн. Тэнд байгаль орчны төлөөх төрийн бус байгууллагыг төлөөлж Амгалан, Элдэв-Очир гээд хэдэн хүмүүс очсон байна гэсэн. Амгалан гэдэг хүнтэй уулзаагүй болохоор тэр хүн байгаль орчны төлөө яваад байгаа юм уу эсвэл тэдний гар хөл болоод байгаа юм уу гэдгийг мэдэх арга байхгүй байна. Газар дээр нь очиж шалгахаар асуудал тодорхой болох биз. Харин Бага ноён нөхөрлөлийн дарга Элдэв-Очир нинжа нарыг хөөхөөр очиж толгойлогчидтой нь уулзахад машинд нь 10 сая төгрөг оруулж ирээд "Та чимээгүй яв" гэж хэлсэн байсан. Элдэв-Очир гуай ч "Та бүхэн энэ мөнгөө нөхөн сэргээлтдээ зарцуулаарай" гээд буцааж өгөөд явсан байна лээ. Ер нь тэнд хууль бусаар ажиллаж буй хүмүүс байгаль орчноо хамгаалж очсон хүн бүрийн өөдөөс мөнгө бариад зогсч байна гэсэн. Гэхдээ өөрсдөө очиж үзээгүй, хүний яриа сонссон учраас тэрэнд, тэдэн төгрөг өгөх гэсэн гэж хэлэхэд хэцүү байна.
-Нинжа нарын дунд тавьж буй хяналт байгаа юу. Яагаад гэнэт нинжа нар гараад ирэв ээ?
-Хяналт тавихад хүндрэлтэй байна. Тэр газрын алтыг нь авахаас гадна байгаль орчныг нь сүйтгэж, мод бутыг нь устгаад дууслаа. Нинжа нар гэнэт гарч ирсний тухайд гэвэл шалтгаан байгаа байх. Томоохон компаниуд нинжа нарыг турхирч оруулаад хэр алттайг нь мэдсэний дараа ордыг нь булааж авдаг гэх яриа гарсан байна. Үүнтэй ч холбоотой байж магадгүй. Бас сайн дураараа нөхөн сэргээлт хийе гэх хүн олширлоо. Ямар шалтгаанаар гэнэт нөхөн сэргээлт хийх гээд байгаа нь бас л ойлгомжтой байх.
Хонгор сумын өчигдөр ба өнөөдөр ийм байна. Харин маргааш буюу ирээдүй нь алт, алт олборлоход ашигладаг хорт бодисоос улбаалан өчигдөртэйгээ ижилхэн байх уу гэдэг асуултын өмнө буй. Бороо хур элбэгтэй байгаа учраас Цэхэр цөөрөм, Бага ноён ууланд хүрэх 80 км зам тэр чигтээ балчиг ихтэй болж хүссэн хүн бүр очих боломжгүй байгаа юм байна. Ннжа буюу хууль бусаар алт олборлогчид өдөрт хэдэн арваараа энэ замыг туулан хүссэн газартаа очсоор байгаа ажээ. Тэнд яг өнөөдөр хэдэн нинжа очоод байгаа, хэдэн компани уурхайн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгааг нутгийн удирдлагууд нь ч мэдэж амжаагүй байна.
Л.МӨНХТӨР
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
news · 2013/07/08
nthUxl Muchos Gracias for your article post.Much thanks again. Keep writing.