​Наадам айсуй. Хотоос дөнгөж гаруут хот айлын гадаа морины уяа зэхээстэй, хурдан морьд багшраастай. Харин гүүгээ барьж, унагаа зэллэсэн нь ховор.

Хавар гандуу, салхи ихтэй байснаас зун оройтсоноос болсон гэнэ. Гүүгээ бариагүй болохоор айраг цагаа ч харагдахгүй байна. Шөлний хонины үнэ тэнгэрт хадчихлаа. Төлөг борлон нь 100 мянган төгрөг давчихаар яах ч юм билээ. Наадам дөхөөд байдаг. Айраггүй, хорхоггүй болохоор наадамласан болох­гүй. Хөдөөгүүр уяачид барьсан морьдоо тавьж байна гэнэ. Унаач хүүхэд олдохгүй хэцүүдэж байгаа гэнэ. Морь хөлслөх, уралдахад өдрийн төдөн төгрөг гээд өөрсөддөө ханш тогтоочихсон байсан унаач хүүхдүүд хууль журамд баригдаад энэ зун “олдоц” нь ховордсон юм байх. Өвөөгийнхөө биш аавынхаа дүүгийн морийг унана гэсэн жаалхүүгээс болж нэгэн нэртэй уяач хэдэн морьдоо буцааж тавьсан сураг дуулдав. Энэ зуны наадмаар цөөхөн морь уралдвал гайхах хэрэггүй нь бололтой. Бөхчүүд ч ялгаагүй. Сэргээш хэрэглэж барилдах эрхээ хасуулсан бөхчүүд хугацаа нь дуусаагүй байхад наадмаар барилдах зөвшөөрөл хүссэн ч гэх шиг. Охид зодог шуудаг өмсчихсөн дэвж шавж ч байх шиг, эмэгтэйчүүдийг баяр наадмаар барилдуулдаг болъё гэж нэг нэртэй бөх ярьж байна гэнэ. Ингэхэд наадамтай холбоотой хуулийн төслүүд Их хурал, байнгын хороо хавиар “эргэлдээд” байгаа сурагтай. Гурван жилд нэг удаа наадамлая ч гэх шиг. Наймаас дээш насны хүүхдэд морь унуулъя ч гэх шиг. Наадмын хуушуур, хорхогны үнийг хянаж, хазаарлая ч гэх шиг. Наадмын талбай дээр хуушуур заруулахгүй ч гэх шиг. Ер нь юу л болоод байна даа.. Нэг л мэдэхэд монголчууд гурван жилд нэг удаа наадамлаж, наадмаар хуушуур биш “Макдональдс” идэж, хүүхдүүд биш томчууд хурдны морио унадаг бол­чихсон байх юм биш биз дээ. Тэгвэл ч бүр амар болно. Алдарт уяачид хур­дан хүл­гүүдээ өөрсдөө унаж уралдвал сүртэй юм биш үү. Рестор­анууд гам­бур­гер, чиз­-бургерээр наа­дам­чдаа дайлбал гоё юм биш үү.

Б.Оюунгэрэл