Найман сайхан хүүхэд төрүүлж, өсгөсөн Должин эмээ сар шинэ дөхөөд ирэхээр телевизийн мэдээ үзэх нь ихэсчээ. Учир нь улаас олгодог “одон”-гийн мөнгөний сураг сонсох гэж л тэр шүү дээ.

Харамсалтай нь Засгийн газар “Оюу толгой” гэж ярина уу гэхээс биш “Алдарт эхийн одон”- гийн мөнгийг дурсахгүй байсаар өвлийн гурван сар шувтрах дөхөв.

Тэтгэврийн зээл авах тухай бодож байтал гэнэтхэн нэг орой “Одон”-гийн мөнгөний сураг сонсогдож Должин эмээ хөл газар хүрэхгүй баярласан аж. Өглөө эртхэн босч “замура” хэмээн нэрлэгдэх болсон торноос хоёрыг бариад гэрээсээ гарлаа. “Одон”- гийн мөнгөө хэтэвчиндээ хийж авсан хөгшин Хайлаастын эцсээс бараг л гулгах шахам уруудсаар 17 дугаар дэлгүүрт ирж нөөцийн маханд дугаарлав.

Нөөцийн мах бол хөшчүүлийн буузны мах гэсэн үг шүү дээ. Золгох гэсэн хүнд жигнэх буузгүй сууж байх вий гэж эмзэглэж байсан Должин эмээ “замура” тороо сугандаа хавчуулчихаад бага багаар урагшилсаар худалдагчийн дэргэд ирлээ. Гэтэл үнэ тогтворжуулж, хомсдолоос сэргийлнэ гээд байсан нөөцийн махны үнэ нэмэгдчихжээ. Бүр кг тутамдаа 1800 төгрөгөөр гээч.

Үхрийн мах кг нь 5500, ямаа 4100, хонины мах 5100 төгрөгийн ханштай болчихсон байна. Уг нь компаниуд нөөцийн мах бэлтгэх сонгон шалгаруулалтад орохдоо үхрийн махыг 3700, хониныхыг 3200, ямааны махыг 2600 төгрөгөөр борлуулах ам өгсөн. Өнгөрсөн жил бэлтгэж нөөцөлсөн махныхаа үнийг гэнэт нэмж, үүнийгээ “алдагдалаа нөхөж буй” хэмээн тайлбарладаг албан тушаалтнууд их.

Тээврийн зардлаас эхлээд юм юмны өртөг хямд байх үед бэлтгэж агуулахад нөөцөлчихсөн байсан махны үнэ хагас жилийн дараа шатахуууны үнэ өсөхөөр дагаад нэмэгдчихдэг нь хачирхалтай. Өнгөрсөн жил 12 мянган тонн мах бэлтгэх сонгон шалгаруулалтад “Мах импекс”, “Мах маркет”, “Жаст-Агро”, “Баатрууд тэнгэр”, “Мах экспорт”, “Багахангай”, “Тайж трейд”, “Баруун Монгол интернэйшнл”, “Соотон”, “Давшилт трейд”, “Саян-уул”, “Монгол мах экспо”, “Стандарт мах”, “Монгема”, “Сэргэн мандал” групп, “Тэс шим”, “Нэмэр их”, “Хүнс трейд”, “Капитал маркет”, “Хүнсний коллеж”, “Мик маркет”, “Эй эн ди эм” компани тэнцжээ. Эдгээр компани нөөцийн махныхаа үнийг нэмэх мессежийг нэлээн эртнээс буюу цагаан сарын өмнөөс л явуулсан.

Харин эл асуудлыг хариуцсан албан тушаалтнууд “хэрэв махны үнийг нэмэхээр шийдвэл гэрээгээ цуцална” гэж мэдэгдэж байсан ч арганд нь автав уу, хүчгүйдэв үү бүү мэд. Ямартай ч нөөцийн махны үнэ хэдийнэ өсчихөв. Ийнхүү хэн нэгний ашигтай бизнес болж хувирсан нөөцийн махны дугаарлалд зогссон Должин эмээ “одон”-гийнхоо мөнгөний дөрөвний нэгээр нь буюу 50 гаруй мянган төгрөгөөр 10 кг мах худалдан аваад сэтгэл дундуурхан дэлгүүрээс гарлаа.



Чанаргүй буудайнаас болж үнэд орсон хэвийн боов

“10 кг махаар 500 ширхэг бууз хийнэ. Хүрдэг л байгаадаа” гэж амандаа үглэх Должин эмээ тавгийн боов, хүнсний гурилаа авахаар хэд хэдэн томоохон үйлчилгээний төвөөр орж үнийн судалгаа хийв. Задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 820-аас 900 төгрөгийн үнэтэй байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 850 төгрөг, I зэргийн гурил 700 төгрөг, II зэргийн гурил 500 төгрөгөөр тус тус зарагдаж байв.

“Атар” талхны үнэ хүнсний зах, дэлгүүрт 630- 700 төгрөгийн үнэтэй. “Баянзүрх”, “Номин”, “Бөмбөгөр”, “Хар хорин” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 630 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван Эрдэнэ”, “Марко” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 700 төгрөгөөр худалдаалж байна. Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 1942 төгрөг байна.

Хамгийн хямд үнэтэй хэвийн боов нь “Бамбууш”- ынх. Хэвийн боовны үнийн ялгаа нь харагдах өнгө зүс, амт, чанараас шалтгаалах нь мэдээж. Гэхдээ өнгөрсөн цагаан сарын мөн үеийнхээс өсч хэвийн боовны үнэ 25.4 хувиар буюу 393 төгрөг нэмэгджээ. Харин бууз, хэвийн боов хийдэг “Цесна” зэрэг орос гурилуудын үнэ тэнгэрт хадаж 10 кг нь 21100 төгрөгийн үнэтэй болсон нь эгээтэй л Должин эмээг цус харвуулчихсангүй.

Гурилын үнэ өсөх болсон шалтгаан нь эх орны буудайн чанар муутайгаас болсон гэх дам сураг байлаа. “Алтан дэлхий ач ивээлээ хайрлаж, арвин ургац өгч байхад арчилж тордоод байж чаддаггүй” хэмээн бувтнах Должин эмээ зөв харж уйлж, буруу харж инээн байж 80 гаруй мянган төгрөгөөр тавгийн хэвийн боов, буузныхаа гурилыг авав. Энэхэн зуурт Должин эмээгийн санаанд нэгэн домог орж ирэв.



Ул боовны учир

Цагаан сардаа монголчууд бор, цагаан гэсэн хоёр янзын идээ бэлтгэнэ. Бор идээнд бүхэл мах, битүү бууз, банш, шимийн архи. Цагаан идээнд ааруул, хурууд, өрөм, айраг, сүү, ул боов, боорцог ордог. Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш боов давхарлан тавган дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж дээд тал нь 81 ширхэгээр засдаг.

Тавгийн боовыг гурваар өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал, таваар өрдөг нь таван бие махбодь, үелэн давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосныг бэлгэддэг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас сүүдэр зооглож байгаа болон хэдэн үр ач, зээ, гуч, дөчтэйгөөс хамаараад “тэдэн улыг элээжээ” гэж хүндэтгэн, юм үзэж нүд тайлснаар нь дахин ул элээх бэлэгдэл болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг байна.

Өнөө цагт “оймс элээнэ” гэж ярьдаг. Эрт үед “ул элээнэ” гэж ярьдаг байж. Ул боов гэж нэрлэхийн шалтгаан нь хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэйгээ холбогдож, мэдээлэл солилцон, эрч хүч авч явдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, нөгөө орон зай уруу шилжин явдаг. Тиймээс “явах” гэсэн үйлдэл буюу “урагшлах” гэсэн бэлгэдлээр “ул” гэж нэрлэдэг байна.



Ачаа тээвэрлэлт ааруулын үнийг өсгөжээ

Гэрээсээ авч гарсан хоёр торондоо багтахааргүй их ”юм” худалдаж авсан Должин эмээ гэртээ ирлээ. Аяга цай ууж жаахан амарч байгаад хүлээж, хүлээж авсан “одон”-гийнхоо 200 мянган төгрөгөөс үлдсэн 70- аад мянган төгрөгөөрөө цагаан идээ авахаар шийдэн “Хүчит шонхор” зах уруу дахиж явлаа. Тус захад ааруул 7000-15000, хурууд 8000- 10000, шар тос 7000-9000, сарлагийн өрөм 5000-5500, бяслаг 7500, аарц 1500 төгрөгийн үнэтэй байв.

Энэ нь ачаа, тээвэрлэлтийн хөлс нэмэгдсэн болохоор өмнөх жилүүдээсээ бас л үнэтэй байлаа. Нутаг нутгийн цагаан идээ өөр өөр үнэтэй харагдана. Тухайлбал, Архангайн ааруул, Увсынхаас 500 төгрөгийн зөрүүтэй байх жишээтэй. Хүүхэд ахуй цагаасаа ааруул идэж өссөн болоод ч тэр үү өнгө өнгийн цаастай чихрээр тавгаа чимэхээсээ илүү цагаан идээгээр таваг засдаг Должин эмээ 500 гр ааруул, тогооны өрөм, зулын шар тос зэргийг худалдаж аваад сэтгэл тэнэгэр гэрээдээ алхана.

Тортой юмаа дааж ядан алхах энэ хөөрхий буурал орчлонд “одон” зүүх гэж ирээгүй ч олон хүүхдийнхээ ач буянаар дутуугаа дүүргэж сар шинэдээ сайхан шинэлэх нь мэдээж. Должин эмээ шиг олон сайхан буурал оройтож буусан “одон”- гийнхоо мөнгийг авч амжсан болов уу. Ямартай ч нэгэн сайхан ээж ерөөлтэй цагаан сарын бэлтгэлийг ийнхүү “одон”-гийхоо мөнгөөр бэлтгэжээ.


Б.Нэргүй