УИХ ын хаврын чуулганы сүүлийг мушгисан өчигдрийн нэгдсэн хуралдаан ширүүхэн болж өнгөрлөө. Нэг үгээр хэлбэл хэрүүл болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын хэлэлцсэн олон асуудлын зөвхөн нэгд нь, тэр дундаа наадмын өмнөхөн хориг тавьснаас гол асуудал үүссэн гээд хэлчихэд хилсдэхгүй.

Ерөнхийлөгч хуулийн төсөлд хориг тавих нь бий ч яагаад заавал Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд хориг тавив гэдэг нь анхаарлын төвд байсаар байна. Харин УИХ-д цөөнхийг бүрдүүлэгч хүчтэй сөрөг хүчин МАН-ын бүлэг энэ хоригийн талаар чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гол асуудлыг гогдоод үлдчихсэн. Энэ нь тэдний хувьд хамгийн чухал асуудлын нэг байснаас гадна монголчуудын түүхийг гуйвуулж, мартагдуулж болохгүй гэдгээс гишүүдийн дунд хэрүүл, маргаан дэгдэх нь тэр. Хэдийгээр Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг гишүүд хүлээж авсан ч МАН-ын бүлэг энэ асуудалтай холбогдуулж баяр наадмын комиссоос зарим зүйлийг тодруулах шаардлагатай байна хэмээн завсарлага авсан. Харин Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр гэх үгийг Үндэсний их баяр наадам гэж яагаад оруулсан” гэдгээр чуулганы танхимд ширүүхэн маргаан үүсгэж, эцэст нь яхир гишүүн Ц.Нямдорж буйр зааж, мөн МАН-ын дарга, УИХ ын гишүүн Ө.Энхтүвшин байр сууриа ингэж илэрхийллээ. 
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: -Ардын хувьсгалын тэдэн жилийн ой гэдгээс яагаад зугтаад байгаа юм. Түүхийг өөрчлөх гээд байгаа юм уу. 1921 онд ямар үйл явдал болсон юм бэ гэдгийг залууст ойлгуулахыг бодохын оронд юунд тусгаар тогтнол гэдгээс зайлсхийгээд байна вэ гэдгийг асууя. Гудамжаар дүүрэн байгаа энэ сурталчилгааны самбарууд дээрээ яаралтай “Ардын хувьсгалын ой” гэж  бичихийг шаардаж байна. Ингэхгүй бол тусгаар тогтнол руугаа нулимсан, түүхээ гутаасан зүйл болно шүү гэдгийг хэлмээр байна. 
Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хулгайч муур гэдэг шиг сэмхэн Ардын хувьсгалын 92 жилийн ой гэдэг үгийг аваад хаячихсан байх юм. Ардын хувьсгал, Тусгаар тогтнолоо үгүйсгэчихээд ямар наадмаа хийх гээд байгаа юм. Ямар бөхөө барилдуулах гээд байна. Тусгаар тогтнолоор оролдоод үзээрэй. Эцсээ хүртэл, чадах чинээгээрээ тэмцэнэ шүү. Энэ төрд шургалсан хулгайч муур шиг юмнуудаа зайлуулж санааг минь амраагаад өгөөч” гэв. 

Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлэг үүний дараа хэвлэлийнхэнд нээлттэй хуралдаж, Улсын баяр наадмын хөтөлбөр, урилгад Ардын хувьсгалын 92 жилийн ой гэсэн үгийг зориуд хасаж, зөвхөн Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадам гэсэн үгтэй байхаар шийдвэрлэсэнд гомдлох шалтган болсноо хэлээд амжив. Уг нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Ардын хувьсгалын 92 жилийн ойг хөтөлбөрт оруулахаар баталсан ч үүнийг нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас хасчихсан гэдэг. Цагаан цаасан дээр хараар тодоос тод бичсэнийг ёстой өөрсдийнхөө дураар арилгачихжээ. Тиймээс жилдээ ганцхан хийдэг баяр наадмаа урьдаас, заншиж ирсэн нэрээр нэрлээгүйд МАН-ын бүлгийн гишүүд уурсах нь тодорхой байв. Тиймээс Ерөнхийлөгч, Засгийн газарт хандан улсын баяр наадмын бүх төрлийн сурталчилгаа, анонс, урилга, хөтөлбөрт Ардын хувьсгалын 92 жилийн ойг оруулахыг шаардсан шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдэгдээд амжив. Энэ нь өнөөдөр эхэлж байгаа баяр наадмын хувьд гутамшигтай бас хар мөр үлдчихлээ. 
Үнэн хэрэгтээ Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2.5-д “Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын ой болон нийслэлийн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ”, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн  4.1.1-д “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: Долдугаар сарын 11, 12, 13 болно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Үндэсний их баяр наадмын тухай хуульд Ардын хувьсгалын ойг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ гэж заагаад өгсөн юм. Гэтэл яагаад энэ жилийн наадмаар Ардын хувьсгалын 92 жилийн ойг хасав. Энэ асуултыг олонхийн зүгээс асуух нь нэгэнт тодорхой байгаа юм. 

АН парламентад олонхи. Төрийн тэргүүний сэнтийд Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа сонгогдож, тангаргаа өргөж байна. Нэг ёсондоо АН-ын мэдэлд төр, засаг ирсэн. Тиймээс шүүх, хяналтын машиныг АН жолоодож байгаа. Харин энэ наадам АН-ынхны баяртай давхцаж байгаа нь нэгэн том завшаан. Энэ үед “Өглөө” киноны Гүржавын “Наадам биш найр боллоо” гэдэг үг АН-д жинхэнэ зохиж байна гэвэл ононо. Гэвч наадам, ардчилсан Ерөнхийлөгчийн баярыг АН ынхан зүгээр ч нэг хамтад нь хийхийг хараад суухыг санаархсангүй. Тэд Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярыг өөрсдийнхөө санаархлаар нэрлэж болно гэдгээр уламжлалыг эвдэж сууна. Энэ нь харин олон түмэнд таалагдах болов уу. 
Ардын хувьсгалын гэдэг үгийг хассанаар хэнд ашигтай вэ гэдгийг асуумаар. Гэхдээ хариулт нь АН-д байж таарна. Гэвч тэд түүхээ самарч хаяж болохгүй. Цаг цагаараа байдаггүй гэхчээр АН-д унах үе ирэхэд МАН-ынхан Ардчилсан хувьсгалын баярыг тэмдэглэхгүй гээд яриад сууж байвал ямар вэ. Тэгэхээр АН-ынхан “булшин” дээрээ цэцэг ургуулах биш хөсрийн өвсөнд даруулахад хүрнэ. Тиймээс тэд түүхийг арчин хаяж болохгүй гэдгийг санах ёстой. 
1921 оны гуравдугаар сарын 1-нд Дээд Шивээд эхэлсэн хуралдаанаар Монгол Ардын намыг албан ёсоор байгуулж, Түр засгийн газрыг байгуулан намын даргаар С.Данзан, Түр Засгийн газрын ерөнхий сайдаар Д.Чагдаржав, Гадаад хэргийн сайдаар Д.Бодоо, бүх цэргийн жанжнаар Д.Сүхбаатар нарыг томилсон. Энэ түүхэн үйл явдал мартагдаагүй. Харин 1921 оны долдугаар сарын 6-нд Ардын цэрэг Их хүрээнд орж ирсэн бөгөөд 11-нд Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс ба Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхагласан юм. Тиймээс 1922 оноос хойш жил бүрийн долдугаар сарын 11-нд Ардын хувьсгалын ялалтын баярыг үндэсний их баярт тооцож, эрийн гурван наадам хийн тэмдэглэж иржээ. Энэ уламжлалыг 91 жилийн турш монголчууд дагаж ирсэн. Харин 92 дахь жилээс нь ардчилсан засгийн үед соливол харьцангуй ойлголт. 

Ардын хувьсгал ялснаар монголчууд асар их зүйлийг авч чадсан. Энэ бол бидний өвөг дээдсийн халуун цусаа урсган байж ялалт байгуулсны баяр. 1921 оны хувьсгал ялснаар бид тусгаар тогтнолоо тунхаглаж, 1924 онд Үндсэн хуулиа баталснаар монгол хүн тусгаар тогтносон улсын бүрэн эрхт иргэн болсон. Ардчилсан хувьсгал ч бас үнэ цэнэтэй. Монголчууд өнөөдөр Ардчилсан хувьсгалын үр шимээр амьдарч байгаа ч өнгөрснөө нулимж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна гэдэг. Харамсалтай нь засгийн эрхэнд гарсан нам нь “Манай засгийн үед ийм журам тогтооно” гэж өөрсдийнхөөрөө зүтгэж, өнгөрснөө уландаа гишгэж байгаа нь эмгэнэлтэй. Бид өвөг дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж, үр хойчдоо түүхээ үнэн бодитоор үлдээх ёстой. 

Ардын хувьсгалын түүх орчин цагт архивт шилжсэн. Гэхдээ алдаа, оноотой зүйл байгаа ч Монголын түүхийг суралцаагүй залууст улам таниулах эрх дээд түвшний хүмүүст бий. Харин “Манайх, танайх” гэж талцаж суугаа ч Ардын хувьсгалыг үгүй хийх гэснээр ардчилсан засаг ахмад дайчдынхаа өмнө өвдөг сөгдөх хэрэгтэй боллоо. Эхлээд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн өвөг дээдсээсээ уучлал гуй. Дараа нь наад үгээ аваад хая. 

 

С.МӨНХБАЯСГАЛАН