"Тэжээсэн бяруу тэргээ эвддэг" гэх ардын үгийг Монголын дөрвөн Ерөнхийлөгч сайхан баталж, нотолжээ. Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат МАХН-ын Төв хорооны гишүүн, Сайд нарын Зөвлөлийн гишүүн зэрэг өндөр албан тушаалтан байж, намаасаа итгэл хүлээн АИХ-ын тэргүүлэгч, шилжилтийн үеийн түр Ерөнхийлөгч зэрэг албуудыг хашиж байжээ. Шинэ Үндсэн хуулийг батлан гаргах хүртэл түр ерөнхийлж байх үедээ намтайгаа таарахаа больж эхэлсэн тул МАХН тэргээ эвдэж буй "тэжээсэн бяруугаа" сольж Лодонгийн Түдэвийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн байдаг.

 

П.Очирбат хоёр дахь удаагаа нэр дэвшээд МАХН-аас нэр дэвшигч Нацагийн Багабандид ялагдсанаар тэргээ эвдсэнийхээ шанг хүртэж суудлаасаа буусан билээ. Одоо тэр Үндсэн хуулийн Цэцийн гишүүний ажлын завсар чөлөөгөөр, хууль зөрчин гадны гар хөл бологсдод зөвлөх хийн, багагүй доллараар цалинжингаа "баялаг цөлмөх" үйлсэд нь тусалж суугаа. Дөрөвдөгч нь анхдагчийг ивээлдээ авсан болохоор айх аюул ч хол.

 

Хоёр дахь Ерөнхийлөгчийн хувьд 1997 онд Ерөнхийлөгч болохынхоо өмнө МАХН-ын дарга болох тэмцэлд Н.Энхбаяртай ширүүн үзэлцэж байсан нь үр дүнгээ өгч, намын удирдлагуудтайгаа таарамжгүй болж эхэлсэн. 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ахиж намаасаа нэр дэвших эсэх нь бүдэг болж эхэлсэн учраас 1998 оноос өөр нүүдэл эрэлхийлж, Эрэл компанийн захирал Б.Эрдэнэбатыг дуудан МАШСН буюу Эх орон намыг байгуулуулсан байдаг.

 

Б.Эрдэнэбат улс төрийн ажлын ямар ч туршлагагүй нэгэн байсан тул Н.Багабанди өөрийн намын итгэлт нөхдийг МАШСН-ын зөвлөхүүд болгон дүрэм, хөтөлбөр зэргийг зохиолгожээ. Б.Эрдэнэбатыг шинэ нам байгуулах хүнээр сонгосон нь ч учиртай. Н.Багабанди Ерөнхийлөгч болсныхоо дараахан алтны экспортын татварыг нэмэх хуульд хориг тавьж, энэ зуур нь Эрэл компани амжиж 2000 тонн алтыг экспортод гаргаснаар Монголын хамгийн их ашиг унагасан хүн болж байжээ.

 

Н.Багабанди том боломж олгосныхоо шагналд намаасаа жийгдсэн үедээ зөөлөн буух шинэ тавцанг засахыг Б.Эрдэнэбатад үүрэгдсэн нь ийм шалтгаантай бөлгөө. 2000 оны УИХ-ын сонгуулиар Эх орон нам ядаж 1 суудал авах нь гол зорилт байсан бөгөөд үүнийг ч Б.Эрдэнэбат бахдалтайгаар биелүүлж Хан Уул дүүрэгт ялалт байгуулан гишүүн болсон юм.

 

Н.Багабанди хэрвээ МАХН өөрийнх нь нэрийг ахин Ерөнхийлөгчид дэвшүүлэхгүйд хүрвэл парламентад суудалтай, өөрийн болгосон намаас дэвших төлөвлөгөөтэй байсныг Н.Энхбаяр сайн мэдэж, сонгуулийн үеэр Б.Эрдэнэбатыг дарахын тулд Хан Уул дүүрэг дээр биеэрээ морилон ухуулга яриа хийн, хүүхдүүдтэй сагс тоглох зэргээр онцгойлон анхаарал тавьж байлаа. Гэвч Н.Багабанди энэ нүүдэлд эртнээс бэлтгэсэн тул Б.Эрдэнэбатын аманд МАХН-аас нэр дэвших хүнээр өөрийн гарын хүн Б.Ганзориг хэмээх сул эрийг хаясан юм.

 

2001 оны эхээр Н.Энхбаяр, Н.Багабанди хоёрын тэмцэл оргилдоо хүрч нэр дэвшүүлэх асуудал тасардгийн даваан дээр Ш.Отгонбилэг, С.Баяр нарын хүчин чармайлтаар Н.Энхбаяртай түр зуур учраа ололцон Н.Багабанди төрөлх намаасаа ахин дэвших эрхээ авч, харин Эрэл нам нь хэнийг ч нэр дэвшүүлэхгүй, Н.Багабандийг дэмжин оролцох шийдвэр гаргаж байв. Юутай ч Н.Багабанди хоёр дахиа сонгогдож авлаа. Ингээд тэргээ эвдэхээ болих байх гэсэн хүлээлт харин талаар өнгөрөв. 

 

Алдах юмгүй болж авсан хоёр дахь Ерөнхийлөгч тэргээ ууртайгаар хэмлэж, 2004 онд ялагдах нөхцөлийг бүрдүүлж өглөө. Түүний хэлсэн алдарт хоёр эшлэл Ардчилсан холбоо эвслийн сонгуулийн уриа шахуу болсон юм. Нэг нь, "2004 он шинэ сонголтын жил болох болно", нөгөө нь "Урт шар дээлтэй хүний учруулж болзошгүй аюулаас болгоомжил". Эдгээр эшлэлүүд үйлчилж УИХ-ын сонгуульд ялагч байхгүй болов.

 

Эвслийн засгийн газар байгуулагдсанаар МАХН-ын хожмын задралын үүд нээгдсэн юм. Хоёрдагч нь дөрөвдэгчийн замыг зассан тул айх цочих зүйл багатай, тайван титэмдэж суух ба Дөрөвдэгч нь гуравдагч ямар муухай хүн байсныг үгээр илэрхийлэхдээ хоёрдогчийг байнга жишээлнэ. "Гуравдагчийн хажууд Хоёрдогч суухаасаа ч цээрлэдэг" гэх алдарт үг буй. 

 

Н.Энхбаяр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялгуулсан ялалт байгуулж өөрийн дуртайяа хэлж, бичдэгээр Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч болов. Хуулиар Ерөнхийлөгч намын харъяалалгүй байх ёстой учир ар талыг нь дааж намыг удирдах хүнийг хэн байлгах талаар сэтгэлээ ихээхэн чилээжээ. Н.Багабандитай хийсэн тэмцлийн явцад намын даргын суудал ямар чухал болохыг тэр  яс махандаа тултал ойлгосон.

 

М.Энхболдыг өөрийн арыг хамгаалж, намаа сахих хүнээр "томилж" сонгуулсан ч удсангүй. Хоёрдахь Ерөнхийлөгч зүгээр хараад суухыг хүсээгүй учраас С.Баяр хэмээх бэрсээ түлхлээ. С.Баяр намын дарга болсноор гуравдахь Ерөнхийлөгчийн тэргээ эвдэх явц шуударч, тэмцлийн эрс хэлбэрт шилжсэн гэхэд болно. 2009 оны сонгуулийн өмнөхөн 2001 онд Н.Багабандид учруулж байсан тээг нь үйлийн үрээр түүнд эргэн иржээ. Гэвч тээг бүхнийг аргалж, давсаар ахин нэр дэвшив.

 

Энэ нь харин дэвшүүлэлт биш, тонгоролт байсныг тэр хожим ухаарч, энэ тухай нэлээд гомдол, заналтай ярилцлага өгсөн байдаг. Сонгуулийн кампанит ажил нь мордохын хазгай болсоор өндөрлөхөд Монгол Улс шинэ "тэргээ эвдэгчтэй" буюу дөрөвдэхь Ерөнхийлөгчтэй болсон байлаа. Түүний нэрийг Цахиагийн Элбэгдорж гэдэг. Э.Бат-Үүлийг уйлуулж, Н.Алтанхуягийн хөмхийг зуулган байж, өрсөлдөгч намын даргаар сэм дэмжүүлэн Ерөнхийлөгч болсон азтай эр. Тэр өмнөх гурван тэрэг эвдэгчийн гашуун туршлагаас суралцсан нэгэн тул өөрийн тэргээ хэзээ эвдэх ёстойг сайн мэднэ.

 

Хоёрдахь удаагаа нэр дэвших хүртлээ тэр намаараа оролдсонгүй, харин ч туслав. Гуравдагчийг болон түүний унаган намыг эвдэх ажиллагааг дуулиан шуугиантайгаар тун дажгүй амжууллаа. Гуравдагчийн оймстой хөлийг гозолзуулах мөртөө намынх нь хуучин нэрийг "бэлэглэж" тохуурхав. МАН-ыг сүйрлийн төвшинд очтол нь эвдсэн энэ баатарлаг үйлс улс төрийн түүхэнд бичигдэнэ.

 

Харин хоёрдахиа сонгогдсон 2013 оны намраас хойш дөрөвдөгч Ерөнхийлөгч маань хүн биш болжээ. Намаа хазаж хайран, тийрч өшигчин элдэвлэх болов. Засгийн газрын хуралдаан дээр орж ирэн сайд нарыг байцаан аашлах, УИХ-ын гишүүнийг өрөөндөө дуудмагцаа гэнэт хэвлэлийнхнийг оруулж ирэн олны өмнө баатарлагаар зандчих зэрэг дархан мэхнүүдээ үзүүлж гарав. Ц.Элбэгдорж арынхаа өрөөнд хэвлэлийнхнийг нууж байгаад загнах гэсэн хүнээ оруулж ирэн гэнэдүүлдэг нэг айхтар аргыг М.Энхболдод Ерөнхий сайдын албаа хүлээлгэн өгөхдөө боловсруулсан бөгөөд хожим энэ аргаа хэд хэд ашигласан юм. 

 

Ц.Элбэгдорж өмнөх Ерөнхийлөгч нарын бий болгосон тэргээ эвдэх уламжлалыг "бүтээлчээр" хөгжүүлсэн бөгөөд чөтгөрийн  бага нь адтайг нотолж тэдний зүүдэнд ч ороогүй өргөн хүрээнд эвдэлтийг хийж үзүүллээ. Бусад нь түүн шиг намын дарга, Ерөнхий сайдаа онхолдуулж, өөрийн "уяаны" хүнийг Ерөнхий сайд болгох завшааныг эдэлсэнгүй. Ард түмний өмчлөлд буй Тавантолгой зэрэг томоохон ордуудыг хэнд өгвөл зохихыг зааварлаж явсангүй. Намын журмын нөхдөө шоронгоор айлган, шүүх дамжуулан "хөлийн хурууг нь тайруулан" тарчилгаж байсангүй.

 

Элдэв ойн баяр дээр уламжлалыг эвдэн хамгийг загнан ааширхах, шүлсээн үсэргэж бусдыг "адгийнаар" нь дуудан дүрэмдэх эрх чөлөөг өөр хэн ч амссангүй. Ерөөс Монголд урь өмнө огт байгаагүй, бохир улс төрд оролцоогүй цэв цэвэрхэн, ав ариухан хүний дүр эсгэн бусдыгаа хачирхан, өөчилж, тэнгэрээс өчигдөр бууж ирсэн мэт гэгээн дүрийг түүнээс өөр үзүүлээгүй. Жинхэнэ "баг алагч" болчихоод байгаа хэр нь багийн сэтгэлгээг хөгжүүл хэмээн тохуурхана. Хэлснийхээ яг эсрэгээр үйлдэх нь нэгэнт түүний имиж болон төлөвшжээ. 

 

Есдүгээр сарын 1-нд шинэ сурагчдад "муу юм бодохоор тархи үхэждэг" хэмээх алтан сургаалыг өөрийнхөө тархинд явагдсан бодит процессоос олж мэдээд, багачуудад сургасан байх гэсэн таамаглал улс төрийн хүрээнд тэнүүчилнэ. Хэрвээ "тархи үхжих" онол нь үнэн бол Прокурорын байгууллагын ой дээр хэлсэн үг нь гэхэд маш олон муу бодлоос бүрдсэн нь илэрхий бөгөөд энэ үгийг бичих, хэлэх явцад тархинд бараг эрүүл эс үлдээгүй байх хэмээн бооцоо тавих хүн цөөнгүй байгаа юм. 

 

Тэр Монголын улс төр дэх бүхий л taboo-г зад татан эвдэж, agony-д орсон хүн шиг аашилж байна. Халгиа цалгиа ихтэй түүний гэнэтийн санаачилгууд ямар үр дагавар авчрахыг таамаглахад бэрх. Учрыг хэн ч эс мэднэ. Хамгийн хорон эвдэгч нь дөрөвдэх Ерөнхийлөгч болж байна.

 

"Төвийг сахисан орон болохоор тусгаар тогтнол батаждаг" гэх түүний шинэ онолыг ч түүх няцааж байна. 1938 онд Латви, Литва, Эстони гэсэн Балтийн гурван улс төвийг сахиж байгаагаа дэлхий нийтэд тунхагласан ч 1940 онд ЗХУ дайран ороод эзэлчихжээ. Тэгэхээр гэнэт, цочмог гаргасан шийдвэрийг нь сайн шинжиж, тал талаас нь бодохгүй бол эрсдэл үүсэж мэдэхийг УИХ эрхбиш мэдэж байгаа биз.

 

Гуравдах ба дөрөвдөгчийн хоорондох толхилцоон ч ширүүслээ. Тэд тэргээ эвдэх нь ч дүүрч, тэнэгэр Монгол орныг минь сүйрүүлчихгүй байгаасай хэмээн залбирах л үлджээ. Үйл үйлээн дагуулдаг. Эвдсэн бол эвдүүлэх цаг ч ирдэг болохыг бид гуравдагчийн намтраас мэдэж авсан. Эвдрэлцээнийх нь хөлд үрэгдчихгүй байх арга хэмжээг эртнээс авсан нь өлзийтэй байх.

 

Дөрвөн Ерөнхийлөгчийн нүүр үзсэн Монгол орон өөдийн бараа харсангүй. Бүх Ерөнхийлөгч жудаггүй аашлан намаа, улсаа эвдэж байна. Ийм албан тушаал бидэнд хэрэгтэй юм уу, зүгээр байсан хүнийг "тэрэг эвдэгч" болгож, сандаачуулж суух шаардлага байгаа юм уу? 

 

Г.Мөнгөн

 

Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл