Улаанбаатарын нэг өдөр тоон хэлээр...
2013/02/13
Нийслэлийн хүн ам өдөр бүр нэмэгдэж байна
Улаанбаатар хот Монгол Улсын бүх нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг. Гэхдээ улсын нийт хүн амын 44 хувь нь нийслэл хотод оршин суудаг байна. Нийслэл хотын нэг өрх дунджаар 3-7 ам бүлтэй. Өдөрт нийслэлд 74 хүүхэд мэндэлж, 19 хүн нас барж бардаг гэсэн судалгаа бий. Мөн шинээр 11 хос гэр бүл болж, дөрвөн хос гэр бүлээ албан ёсоор цуцлуулдаг аж.
Аймаг, сумаас өдөрт 109 хүн бүрмөсөн шилжин ирж, 40 хүн бусад аймаг, хот руу бүрмөсөн шилждэг байна. Хүний хөгжлөөрөө Улаанбаатар нь бусад бүс нутаг, улсын дунджаас дээгүүр буюу хүний хөгжлийн индекс 0.790 болжээ. Улаанбаатар хотын хүн амын өсөлт улсын дунджаас бараг дөрөв дахин өндөр байгаа нь нийслэл рүү чиглэсэн шилжих хөдөлгөөнтэй холбоотой аж.
Нийслэлчүүд номонд хайртай
Хотын иргэдийг номонд хайртай, унших дуртай гэж үзжээ. Учир нь, их, дээд сургуулийн оюутан, сурагч, иргэдийн ном унших хэрэгцээг хангахыг тулд 28 номын сан үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр номын санд өдөрт 1172 хүн үйлчлүүлдэг бөгөөд 222 нь байнгын үйлчлүүлэгч байдаг. Иргэдэд үйлчлэхийн тулд өдөр бүр 2.6 мянган ширхэг номыг уншигчдад олгодог байна.
Хотын иргэдийг номонд хайртай, унших дуртай гэж үзжээ. Учир нь, их, дээд сургуулийн оюутан, сурагч, иргэдийн ном унших хэрэгцээг хангахын тулд 28 номын сан үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр номын санд өдөрт 1172 хүн үйлчлүүлдэг бөгөөд 222 нь байнгын үйлчлүүлэгч байдаг. Иргэдэд үйлчлэхийн тулд өдөр бүр 2.6 мянган ширхэг номыг уншигчдад олгодог байна.
Эмэгтэйчүүдийн сүсэг бишрэл илүү
Сүүлийн жилүүдэд иргэд өөрийн хүсэл, үзэл бодолд суурилан янз бүрийн шашин шүтэх болсон. Энэ эрх нь ч манай улсад нээлттэй байдаг. Нийслэл хотын шашин шүтдэг иргэдийн ихэнх хувь нь эмэгтэйчүүд байдаг бол 42.2 хувийг 15-30 хүртэлх насны залуучууд эзэлдэг аж. Нийслэлийн хэмжээнд буддын шашны 52, христийн 72, Ислам шашны нэг, бусад шашны дөрвөн сүм, хийд өдөр бүр ажилладаг.
Эдгээр олон төрлийн шашны ном сургаалыг 3716 хүүхэд гэрээр, 832 хүүхэд шашны сургууль, дацанд шавилан сууж үздэг. Нийслэлийн иргэдийн 15, түүнээс дээш насны нийт хүн амын 61 хувь нь ямар нэг шашин шүтдэг аж. Тэдний дийлэнх хувь нь буддын шашинтан бөөгийн шашинтай хүн амын тоо 36.4 мянгад хүрчээ. Харин нийслэлийн 26.5 мянган иргэн христийн шашинтан байгаа нь 15, түүнээс дээш насны нийт хүн амын гурван хувь, шашин шүтлэгтэй хүн амын таван хувийг эзэлж байна. Бусад шашны урсгал буюу бахай шүтлэг, мүүний урсгалыг 3.5 мянган иргэн дагадаг.
Амьдралын түвшний ялгаа их
Нийслэлийн 100 хүн тутмын 30 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлээ худалдан авах чадваргүй байна. Нийслэлийн хүн амын хамгийн чинээлэг хэсгийнхний хэрэглээний дундаж хэмжээ ядуу иргэдийн хэрэглээнээс бараг зургаа дахин их байдаг аж.
Түүнчлэн нийслэлийн нийт өрхийн 39 хувь нь нийтийн орон сууцанд, 26 хувь нь монгол гэрт, 33 хувь нь байшин сууцанд, нэг хувь нь тусдаа тохилог орон сууцанд, харин 640 өрхийн 1824 хүн орон гэргүй байна.
Өдөрт 24 аж ахуйн нэгж, байгууллага бүртгүүлдэг
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын дийлэнх нь 1-9 ажилтантай. Улаанбаатар хотод өдөрт 24 аж ахуйн нэгж, байгууллага шинээр байгуулагдан, улсын бүртгэлд бүртгүүлдэг байна.
Түүнчлэн нийслэлд 27 мянган аж ахуйн нэгж байгууллага байнгын үйл ажиллагаа явуулж, өдөрт 14.3 тэрбум төгрөгийн баялаг бүтээдэг. Монгол Улсын барилга угсралт, их засварын ажлын 67 хувь нь нийслэлд хийгддэг.
Өдөрт 86 машин шинээр нэмэгддэг
Улаанбаатар хотод бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн 24 хувийг 4-9 жил, 72 хувийг 10 ба түүнээс дээш жилээр ашиглаж байгаа тээврийн хэрэгслүүд эзэлдэг байна. Энэ нь агаарын бохирдол болон замын хөдөлгөөний түгжрэл, саатал бий болгох үндсэн шалтгаан болдог. Замын хөдөлгөөнд өдөрт шинээр 86 авто машин (суудлын 50 авто машин) нэмэгддэг бөгөөд тэдгээрийн 10 нь үйлдвэрлэснээс хойш гурван жил хүртэл хугацаагаар ашигласан тээврийн хэрэгсэл байна.
Харин хот доторх нийтийн тээврээр өдөрт 613 мянган хүн зорчдог. Нийтийн тээврээр зорчигчдын 40 гаруй хувь нь өдөрт дунджаар хоёроос дээш удаа үнэ төлбөргүй үйлчлүүлдэг аж.
Хотын иргэд хамгийн спортлог нь
Манай улсын хамгийн спортлог иргэд нь нийслэлийн оршин суугчид гэнэ. Тэд бусад аймаг, сумтай харьцуулахад спортоор хичээллэх, тэмцээн, уралдаанд оролцох идэвхээр өндөр. Үүний тулд, нийслэл хотод өдөр бүр 308 спортын заал, танхим ажилладаг.
Мөн бүх нийтийг хамарсан аялал, өдөрлөг, чийрэгжилтийн арга хэмжээг жилд дунджаар 50 удаа зохион байгуулж, түүнд 278.1 мянган хүн оролцжээ. Нийслэл хотын аварга шалгаруулах тэмцээнийг жилд дунджаар 72 удаа зохион байгуулж, нийт 42 мянган тамирчдыг хамруулдаг байна.
Интернэт ашиглалт өссөөр байна
Нийслэлийн нэг хүнд дунджаар 1.8 ширхэг үүрэн телефон ногддог байна. Харин гурван өрх тутмын нэг нь гэртээ компьютертэй бөгөөд хоёр өрх бүрийн нэг нь өдөр бүр интернэт ашигладаг. Энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг судалгаагаар тогтоожээ.
Оршин суугчдын гурван хүн тутмын нэг нь өдөрт дунджаар нэг цаг радио сонсож, гурван өрх тутмын нэг нь кабелийн телевизийн 50 гаруй сувгаар гурван цагийн турш нэвтрүүлэг үздэг. Түүнчлэн өдөрт 52 мянга гаруй ширхэг сонин, 10136 ширхэг сэтгүүлийг худалдан авч уншдаг аж. Эдгээрээс гадна чөлөөт цагаа өнгөрөөх олон арга бий. Тухайлбал, кино театруудаар нэг өдөрт үйлчлүүлэх иргэдийн тоо 2697 бол 574 хүн музей үздэг. Жишээ нь, “Улаанбаатар хотын музей”-гээр өдөрт 18 хүн үйлчлүүлдэг байна.
Ажил эрхлэх хүсэлгүй 34 мянган иргэн бий
Нийслэл хотод оршин суугаа хөдөлмөрийн насны 100 хүн тутмын 40 нь хүүхэд байдаг. Харин ажил эрхлээгүй нийт хүн амын 72 гаруй хувь нь 16-40 насны иргэд байна. Ажилгүй хүмүүсийн 29.7 хувь буюу 34 мянга гаруй нь ажил эрхлэх хүсэлгүй болон тодорхой шалтгаангүйгээр хөдөлмөр эрхэлдэггүй аж.
Гэхдээ өдөр бүр 34265 иргэн ажил идэвхтэй хайж, ажил хийхэд бэлэн байгаагаа илэрхийлдэг. Үүнээс хөдөлмөрийн бирж, зуучлалын төвөөр дамжуулан өдөрт 45 хүн ажилтай болж байна.