Манай эрх баригч АН-ынхан албан тушаалын төлөө алалдсаар л. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгож томилохтой холбоотой асуудал байна.

Өнгөрсөн жил тус байнгын хорооны дарга болох гэж Ж.Батзанданг арайхийж ялж байсан Д.Ганбат энэ удаа ч онигоотойхон суудалдаа үлдэх бололтой. Бололтой гэдгийн учир нь Хууль зүйн байнгын хорооны олон гишүүд түүнийг эсэргүүцсээр байгаа.

Түүнийг энэ удаа УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь байнгын хорооны даргаар үлдээхээр дэмжсэн ч Хууль зүйн байнгын хорооны хурал дээр тэр уначихсан. Бүлэг дээрээ хоёр жил дараалан тус байнгын хорооны даргад нэр дэвшээд унасан Ж.Батзандан санал өгөхдөө түүний эсрэг өгч орхисон.

Мөн түүнийг байнгын хороонд дэмжлэг муутайг “сайн мэдэх” Ш.Түвдэндорж өөрөө зүтгээд байнгын хорооны даргад дэмжигдээдхэв. Ингэж байтал хэрэг бишидлээ.

АН-ын бүлгийнхэн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ээлжит бусаар хуралдаж, Хууль зүйн байнгын хорооны даргад дур мэдэн нэрээ дэвшүүлсэн Ш.Түвдэндоржийг болон намаасаа нэр дэвшигчийн эсрэг санал өгсөн хэмээн Ж.Батзанданг буруутгав.

Ш.Түвдэндоржийг бүлгийнхээ шийдвэрээс зөрж албан тушаалд санаархсан гээд хариуцлага тооцож, бүлгийн дэд даргаасаа чөлөөлсөн.

Харин Ш.Түвдэндорж би буруугүй гэж байсан ч сүүлдээ шахалтад автан “Бүлгийн шийдвэрийг дагаагүй нь миний буруу. Бүлгийн албан ёсны шийдвэрийг дагахаа амалж байна. Ш.Түвдэндорж бүлгийн шийдвэрийг дагах болно гэж мэдэгдэл хийсэн ч болно” гэж шалдаа.

Үүнийгээ ч нотолж Хуульзүйн байнгын хорооны даргад гишүүдийн дэмжлэг хүлээгээд байсан Ш.Түвдэндорж нэрээ татаж байгаагаа мэдэгдэв. Ийнхүү тэрбээр үг дуугүй бууж өглөө.

Ингээд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Д.Ганбат гишүүн дахин томилогдох бололтой юм.

АН-ынхан ийнхүү Ш.Түвдэндоржийг дэмжилгүй яагаад Д.Ганбатаар тус байнгын хороог ахлуулахаар улайраад байна вэ.

Д.Ганбатыг Хууль зүйн байнгын хорооны олонхи гишүүн нэг нүдээрээ ч үзэхгүй байгаа. Тиймээс ч өнгөрсөн хаврын чуулганаар хамаг хуульч гишүүд нь байнгын хорооноос гарах гээд, дарга Д.Ганбат нь тэднийгээ хөөж туух гээд бөөн юм болж байсан билээ.

Ийм хүнийг ахин байнгын хорооны даргад зүтгүүлж байгаа нь тэгэхээр маш том учиртай болох нь мэдээж хэрэг.

Хэвлэлүүд энэ бүхний цаана Өршөөлийн хууль, Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг хэн нэгэн, хэсэг бүлэг нөхдийн захиалгаар хэрхэн засварлаж өргөн барих вэ гэдэг асуудал байсан гэдгийг гишүүд нуухгүй байгаа хэмээн мэдээлж буй.

Үүнийг нь ч Ш.Түвдэндорж “Эрүүгийн болон Зөрчлийн хууль хүлээгдэж байгаа нь үнэн. Энэ хуулиар Өршөөлийн хууль шиг зарим иргэн ялаас чөлөөлөгдөх, ял, дэглэм буурах боломжтой учраас тодорхой хэмжээний хүлээлт үүсгэсэн гэдэгтэй санал нийлнэ. Гэвч ийм хуулийг Д.Ганбат даргын үед гаргахгүй гээд асуудал гацчихсан. Өршөөлийн хууль дээр ч мөн адил гишүүдийн санаа бодлыг нэгтгэнэ гээд мань хүн гацаачихаад байна” гэж тодотгож өгсөн гэнэ.

Нэг талдаа ийм. Бас нөгөө талдаа томоохон шалтгаан байна. Ш.Түвдэндорж МоАХ фракцийн харьяат байж өмнө нь дарга “Женко” Х.Баттулгаасаа нүүр буруулан түүний ор гарсан ХААҮ-ийн сайдын суудал руу чичир байсан нэгэн. Тиймээс ч МоАХ фракци түүнийг найдвар муутай этгээд гэж үзэх болсон учиг бий.

Тиймээс ч энэ удаа түүнийг намын бүлгийн шийдвэрийг сөрлөө хэмээн ийнхүү “унагасан” хэрэг гэдэг тун тодорхой байна. Тэгэхээр Ш.Түвдэндорж намынхаа даргад тун нөлөөтэй байгаа хуучин МоАХ фракцийнхаа Х.Баттулгын араанд лавтай зуугдаж.

Г.Самбаа /Gereg.mn/