​Хөгийн юм их үзэх нь ээ. Уясан хүлэг нь эзэндээ Ерөнхий сайдын сэнтийг бэлэглэнэ гэнэ үү. Улстөржиж болно, ухаангүй улстөржилт, улгүй таамаглал гэгч л энэ байх даа.

“Наадмын дараа Засгийн газрыг хөдөлгөнө” гэсэн цуурхлыг тодорхой бүлэглэлийн зүгээс эртнээс, зорилготойгоор тарааж эхэлсэн. Гэвч энэ цуурхал үнэн байх албагүй. Монголд удаа дараа сонгууль болсноос үүдэн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ багассан, улс төрийн тогтворгүй нөхцөл байдалтай гэх дохиог дэлхийн гигантууд авчихаад болгоомжилж байгаа. Ийм үед Засгийн газрыг огцруулах, өөрчлөлт оруулах тухай яриа эдийн засгийн хувьд маш хортой үр дагавартай билээ. Гэтэл үүнийг заавал үнэн болгох гэж, тэр тусмаа Монголын ард түмний үнэт зүйл болох наадам, хурдан морины уралдаантай холбон улстөржүүлж тайлбарлах нь бүр ч тэнэг хэрэг болох биз ээ.

 

Дээр хэлсэн “тодорхой бүлэглэл” нь энэ сценарийг эртнээс бэлдээд байсан. Гэхдээ олон сум зэрэг тавих тактик ашиглаж буй. Юуны өмнө “хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо” гэх маягаар намын даргынхаа тэргүүлж буй Засгийн газраас өө сэв эрсээр байна. Ардчилсан намынхны засгийн эрх барих үедээ алдсан түүхэн алдааг яагаад заавал давтах ёстой гэж. Энэ бол 1996 он биш шүү дээ. Олон нийт хүнээр нь бус бодлогоор нь, ажлаар нь Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэдэг болсон цаг үе. Тэр тусмаа нэг намтай, нэрийн үндэс нэгтэй хоёр хүнийг хүчээр эсрэгцүүлэх лоббид итгэхээ больсон.

Гэтэл яагаад Ерөнхий сайдын суудлыг “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй холбож ярих болов. Д.Бат-Эрдэнэ сайд үүнд дуртай байна уу, эсвэл мөн л “долдойнууд”-ын ажиллагаа юу гэдэг нь бас л соньхон. Ер нь Н.Алтанхуягийг “Ажнай” Д.Бат-Эрдэнээр солих нь шинэчлэл мөн үү. Энэ бол Ардчилсан нам “боловсон хүчин”-ий нэг хэмжүүр болж харагдах учиртай. Яагаад гэвэл тэд хурлаа хийж намын даргаа сольсон нөхцөлд л энэ томилгоог хийж таарах учраас бүхэл бүтэн намын бодлого, оюун ухааны сорилго гэж хэлж болох талтай.

Яг одоогийн байдлаар Н.Ал­танхуягийг огцруулах, түүний Засгийн газрыг хөдөлгөх ямар ноцтой шаардлага байгаа юм бэ. Бүтээн байгуулалтын ажил урагштай байна. Инфляци буурч, авлигатай маш амжилттай тэмцэж байна. Шинэ төрөх эмнэлгүүд барьж, зам харгуй тавьж хөгжлийн бүх суурь ам ярианаас ажил хэргийн байдалд шилжлээ. Үүнийгээ өмнөх Засгийн газрын хийж байсан ажлын үргэлжлэл гэдгийг ч танхимын гишүүд бахархалтайгаар хэлдэг. Гэтэл яагаад нам дотроос нь хагалан бутаргах “операци” зохион байгуулаад байна вэ. Дээрх бүх амжилт ололт хэнд таалагдахгүй, хэний дургүйцлийг төрүүлээд байна вэ. Эсвэл гурван том сонгуульд намаа удирдаж ялалт авчирсан тул хариуцлага тооцож байгаа хэрэг үү.

Түүнээс биш “Ажнай” Д.Бат-Эрдэнэд Ерөнхий сайдаар томилогдож болохгүй гэх ноцтой шалтгаан бас үгүй. Ёстой л дархан аварга Ж.Мөнхбатын хэлсэн шиг “Их ухааны хүн” л дээ. Өөрөөр хэлбэл социализмын үеийн философич. Түүнд өнөөгийн “лидер”-үүдэд байгаа бүхэн илүү бий юү гэхээс дутахгүй. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдож, сайдаар анх удаа томилогдон ажиллаж байгаа тэрбээр Тавантолгойн ордоор томоохон улс төр хийж, төдий хэмжээний золиос гаргахад л олон нийтэд таалагдаад авна. Өнөө цагийн санасандаа хүрч сарвайснаа авч үнэхээр хэвлэлүүдэд бичээд байгаачлан Ерөнхийлөгчтэй хамгийн ойр шадар байгаа хүн бол Д.Бат-Эрдэнэ сайд яах аргагүй мөн. 

Гэхдээ цаг үе нь одоо биш. Жишээ нь зарим хүн ярьж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт уригдан оролцоогүй ч яг ижил зохиомжтой нэвтрүүлгийг наадмын өмнөхөн залхтал үзүүллээ гэж. Энэ нь наадмын дараа Засгийн газрыг огцруулах яриатай холбоотой гэнэ. Хэрэв энэ өнцгөөс харахыг хүсвэл тийм ч байж болох юм. Ер нь энэ Засгийн газар ч огцорч болшгүй дархлагдсан шинж чанартай биш шүү дээ. Гол нь яагаад АН-ынхан дотроосоо ийм “чулуу шидээд” байна вэ гэдэг нь л анхаарал татаад байгаа юм. Нөгөөтэйгүүр улс орны нийтлэг эрх ашигтай зөрчилдөх, улирлын чанартай ажлуудыг гацаахгүй байх, эдийн засагт улс төрийн шалтгаантай хорлон сүйтгэх ажиллагаа болж хувирчих гээд байгаа учраас Засгийн газрыг “хөдөлгөх”, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд хэн байж болох талаар таамаглал дэвшүүлэх нь увайгүй харагдаж байна.

 

У.Оргилмаа