ҮНЭ ЦЭНТЭЙ ТОХИРОО
2013/07/15
Дэлхийн томоохон ордын нэг Оюутолгойн баялгийг наадмын өмнө дэлхийн зах зээлд гаргаж эхэллээ. Өмнө нь зэсийн баяжмалаа зургаадугаар сарын 14-ны өдөр экспортолж эхлэхээр товлосон ч “Рио тинто” компанийн зүгээс хойшлуулсан.
Ингээд долоо хоногийн дараа буюу өнгөрсөн сарын 21-ний өдөр монгол зэсийн баяжмал дэлхийн зах зээлийг “зорих” байсан ч мөн л хойшлогдсон юм. Үүнийг “Оюу толгой” компанийн удирдлагууд техникийн нөхцөл бололцоо бүрдээгүй, хөрөнгө оруулагчид зарим асуудал дээр санал нэгдээгүй хэмээн тайлбарлаж байсан юм.
Ямартай ч улсын баяр наадмын өмнөхөн хөрөнгө оруулагч талууд харилцан тохиролцож удтал хүлээлт үүсгэж байсан зэсийн баяжмал экспортлох асуудлыг шийдвэрлэлээ. Өдий хүртэл нэг ч төгрөгийн орлогогүй явж ирсэн “Оюутолгой” компани бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлэх болсноор манай улс нөөц ашигласны төлбөр болон бусад татвар авч үүнийг дагаад төсвийн орлого ч нэмэгдэх боломжтой болж буй.
“Оюутолгой” компани зэсийн баяжмалаа дэлхийн зах зээлд нийлүүлснээр экспортын худалдааны гүйлгээг аль банкаар дамжуулан хийх вэ гэдэг асуудлаар хөрөнгө оруулагч талууд удаан хугацаанд санал зөрөлдсөн. Хятад улс руу зэсийн баяжмалаа экспортлох хугацаа хойшлогдож байсан нь ч үүнтэй холбоотой гэж олон хүн үзэж буй юм. Мэдээж хэрэг хувь нийлүүлэгчдийн хуралд манай улсын Засгийн газрыг төлөөлөн оролцсон гишүүд экспортын худалдааны гүйлгээг Монголд байршилтай банкаар дамжуулан хийх саналаа илэрхийлсээр байсан. Тухайлбал Уул, уурхайн сайд Д.Ганхуяг нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Зэсийн баяжмал экспортлох хугацаа бага зэрэг хойшилж байна. Бид Борлуулж буй бүтээгдэхүүн нь тухайн компанийн нэр дээр манайд мэдээлэгддэг, нээлттэй, ил тод байх ёстой гэж үзэж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд гадаад улс орны банкуудад данстай байж болдог. Гэхдээ тэр данс нь манайд ил, тодорхой байх ёстой. Манай банкуудаар мөн үйлчлүүлж болно” гэж байсан юм. Манай талаас энэ мэтчилэн өөрсдийн тавьж буй саналаа ухралгүй баримталж байсны хүчинд энэ сарын эхээр хөрөнгө оруулагч тал манай саналыг хүлээн авлаа. Ингээд хоёр талын маргаан эцэслэж Оюутолгойн экспортын орлого манай улсад бүртгэлтэй банкны дансаар дамжуулахаар болж байна.
Энэ нь дэлхийн хамгийн том ордын нэг Оюутолгойн хувь нийлүүлэгч манай улсын хувьд үнэ цэнтэй, чухал тохироо болж чадлаа. Бид энэ саналаа хөрөнгө оруулагчдаар зөвшөөрүүлж чадснаар “Оюутолгой” компанийн орлогыг бүрэн мэдэх боломжтой болж байгаа юм. Ингэснээр тус компани орлогоо нууцлах, татвараас зайлсхийх боломжгүй болж байгаа бөгөөд шаардлагатай үед хөндлөнгийн аудитын байгууллага хянаж, орлого зарлагын мэдээллийг манай тал авах боломжтой болж байгаа аж. Мөн улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээг нэмэгдүүлэх бөгөөд үүнээс гадна манай улсын банкуудын санхүүгийн чадавхыг сайжруулахад хэрэгтэйг эдийн засагчид онцолж байна. Манай улсад бүртгэлтэй банкаар энэ мөнгө дамжснаар банкуудын бусдаас татан төвлөрүүлж байгаа мөнгөний хэмжээ нэмэгдэж, дагаад тухайн банкны чадавхи өсөх сайн талтай юм.
Харин ямар банкны аль дансаар орлогыг шилжүүлэх вэ гэдгийг “Оюутолгой” компани шийдвэрлэх юм. Үүнтэй холбоотойгоор “Оюутолгой” компани дотоод, гадаад бүх дансаа төрийн холбогдох байгууллагад бүртгүүлэхээр болж байгаа аж.
БАЯЖМАЛАА ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМААР ЭКСПОРТЛОХЫГ ШААРДАВ
Оюутолгойн баялгийг экспортолж эхэлснээр тус ордоос Гашуунсухайтын боомт хүртэл зэсийн баяжмалыг шороон замаар тээвэрлэж байгаа. Зэсийн баяжмал экспортлох зам нь олон улс болон Монгол улсад баримтлах стандартын дагуу зэсийн баяжмал тээвэрлэхэд зориулсан техникийн шаардлага хангасан зам байх шаардлагатай. Гэтэл ийм зам байхгүйгээс тухайн бүс нутгийн байгаль орчин, бэлчээр сүйдэж, нутгийн иргэд амьдарч аж төрөхөд хүнд байгаа талаар Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс мэдэгдсэн. Тус компани зориулалтын хатуу хучилттай замыг өдий болтол ашиглалтад оруулаагүйн шалтгаанаа манай улсын Засгийн газрын харьяа яам, агентлагууд холбогдох зөвшөөрлийг өгөлгүй удсан хэмээн тайлбарлаж байгаа юм. Зэсийн баяжуулсан хүдэр нь нүүрснээс хэд дахин хүнд учир нутгийн иргэд болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд цаашид шороон замаар тээвэрлэлт хийлгэхгүй хэмээн мэдэгдэж буй юм. Мөн стандарт хангасан хатуу хучилттай хүнд даацын авто замыг яаралтай ашиглалтад оруулахыг шаардаж байгаа аж.
Н.Санжаасүрэн