​Улстөрийн тавцанд гуравдагч хүчин болж хүч түрэн орж ирсэн МАХН дотооддоо хагаралтай байна. МАХН-ынхан Шинэчлэлээр овоглосон Н.Алтанхуягийн Засгийн газраас гарах болсноо албан ёсоор зарлана гэх яриа гарсаар нэлээдгүй удлаа.

Энэ нь ч оргүй биш бөгөөд намынхан өөрсдөө энэ яриаг энд тэнд ярьж яваа бололтой. МАХН-ыг төлөөлөх хэмжээний хүмүүсээс зарим нь засгаас гарах болсон гэж ярьж, зарим нь үгүйсгэсээр байгаа нь намынхан дотооддоо нэгдсэн ойлголтгүй яваагийн илрэл гэхээс илүүтэй бие биенээ хүлээн зөвшөөрөх хандлага огт байхгүй байгааг харж болох юм. Ер нь ч энэ намыг үзэл баримтлал, дарга, гишүүд дэмжигчдийнх нь байр суурь ямар байна вэ гээд нухацтай авч үзвэл нам гэж үзэхэд бэрх дүр төрх харагдана. Гэвч өөр намтай нэгдэж парламентэд нэлээд хэдэн суудал олж авсныг нь бодохоор яалт ч үгүй биеэ даасан нам гэж үзэхээс өөр аргагүй. Тэгэхээр энэ нам үнэндээ юун дээр тогтож байна вэ гэдгийг хөндлөнгийн нүдээр харахад их л хэврэг дүр зураг харагдана. Өөрөөр хэлбэл нам гэдэг улстөрийн байгууллага нь тодорхой үзэл баримтлалтай, бүлэг хүмүүс эвлэлдэн нэгдэх бодлого, зорилготой байх ёстой. Гэтэл МАХН бол улстөрд гуравдагч хүчний орон зай зайлшгүй үгүйлэгдэж байгаа тэр сиймхийг гярхай олж харж тоглолт хийж сурсан хүний босгосон л нам шүү дээ.

Энэ нь буруу гэж байгаа юм биш. Хамгийн гол нь тодорхой бодлого гаргаагүй, зорилт чиглэлгүй болохоор зорилгогүй цугласан хүмүүс одоо учраа олоход бэрх болоод байна уу даа гэсэн дүр төрх анзаарагдаад байгаа билээ. Уг нь тус намыг босгосон хүний хувьд Н.Энхбаяр удирдаад, зангидаад, захиргаадаад аваад явчих бүрэн чадал бий. Гэвч түүний итгээд цуглуулсан хүмүүс нүүрийг нь харж нэг юм ярьчихаад шилийг нь хараад өөрөөр хийсээр ирсэн. Тийм ч учраас зарим нөхөд засгаас гар гэхэд зарим нь ганц Н.Энхбаярын төлөө ажилладаг нам биш гэж мэтгэлцсээр өнөөдрийн хүрлээ. Хэрвээ МАХН засгаас гарах шийдвэр гаргавал хэлэн дээр тогтсон шар тосоо гаргаад тургичихсантай адил зүйл болох тул ямар ч байсан тэсээд үлдэхийн төлөө МАХН-ын удирдагчид хичээж байна. Өөрийг нь суллуулах тал дээр зүтгэл гаргахгүй байна гэж байсхийн дуудаж загнадаг ч намаа засгаас гаргах нүүдэл хэр оновчтой вэ гэдгийг улстөрд мэргэжлийн болтлоо өндийсөн Н.Энхбаяр хүсэх эсэх нь түүний хэрэг. Магадгүй улстөр, эрх мэдлээс амин чухал асуудал байгаа бол Н.Алтанхуягийн Засгийн газрыг нураах бол түүнд юу ч биш. Харин улстөрөөс ангид байж чадахааргүй болтлоо гүн шигдсэн бол энэ тоглоомоор арай өөрөөр тоглох ухаан сийлж суугаа биз. Гол нь “Үүнийг хийж чадна шүү” гэдгээ бусдаар дамжуулан хааяа нэг дохио өгөсхийн суух нь түүнд зугаатай бас хэрэгтэй байгаа байх.

Одоо МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, МАХН- ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг намын эв нэгдлийг зохицуулж чадахгүй, хагалан бутаргаж байна гэж жижиг фракцийнхан шүүмжилж байгаа. Ялангуяа Д.Тэрбишдагвын МАН- аас чирж ирсэн маш олон хүн манай намд гай болж байна гэж тэд үздэг. Тиймээс Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нарт хариуцлага тооцох ёстой гэж үзэж буйгаа олон нийтэд зарлаад байгаа юм. Хариуцлага тооцно гэдэг бол албан тушаалаас огцруулах улстөрийн л алхам байдаг шүү дээ.

Б.Мөнхтуяа