​Харьж яваа цагийн хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй” гэх алдарт үгээ хэлж, шатаж явсан Х.Тэмүүжин  Хууль зүйн сайдаар ажиллаад нэгэн жилийн нүүр үзэв.

Хууль зүй, дотоод хэргийн гэх нэрийн талыг тасдаж тэр ч байтугай “Шударга ёсны сайд гэх санал ч гарч байсан. Гэвч хууль хэрэгжүүлдэг сайд байх ёстойг бодож Хууль зүйн сайд” болсон хэмээсэн тэрбээр бүтэн жилийн дотор юу амжуулав. Тэр тусмаа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар гурвантаа сонгогдон ажиллаж тодорхой хэмжээгээр дархлаа тог­тоочихоод байсан “аугаа” Ц.Ням­доржтой хэрэлдэж, төдөлгүй  “УИХ-д олон жил суусан, эсвэл хуучны хуульч гэдгээрээ бахархдаг цаг үе одоо өнгөрсөн” хэмээн ярьж суусан Х.Тэмүүжинээс олон нийт их зүйлийг хүлээж буй.

 

Юуны өмнө тэрбээр салбарынхаа эрх зүйн бод­логод шинэчлэл хийж эхэлсэн. Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн тухайд олон нийт Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдоржийг  “автор” нь гэж хардаг. Гэвч үнэн хэрэгтээ Ц.Элбэгдорж энэ шинэчлэлийг хийхдээ МУИС-ийн багш Х.Тэмүүжин тэргүүтний санаа бодлыг сонсож, судалгаа захиалж байсан гэдэг. Харин одоо Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж бодсоноо хийх эрх мэдлийг олж авч хүссэн ачаагаа нуруундаа үүрч явна.

Шүүхийн салбарын шинэт­гэлийн гараа болсон зарим хуулийн эцсийн найруулгыг энэ сарын 10-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан. Үүнд Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цагдаагийн байгууллагын  тухай хууль, Маршалын албаны тухай хууль, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх эрх зүйн туслалцааны тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиуд багтсан юм. Үүнээс Маршалын албаны тухай хууль нь Тахарын албаны тухай хууль нэртэйгээр өөрчлөгдөж батлагдсан билээ. Энэхүү шинэ нэр томьёо зарим хүнийг  элгийг хөштөл инээлгэж, эсвэл багтартал бухимдуулж  байсан ч шүүх ажиллагааг хараат бус, хэвийн аюулгүй ажиллах боломжийг “Тахарууд” манах нь гол агуулга нь байсан юм.

Цагдаагийн тухай хуулийн тухайд хамгийн том өөрчлөлт нь юу байв. Энэ талаар Хууль зүйн сайд цахим хуудаснаа бичихдээ “Цагдаад зориулж иргэд амьдардаггүй. Харин иргэдэд зориулж цагдаа ажилладаг” гэсэн юм. Энэ л тэдний ажлыг ч тодорхой болгож, бидний хүсэл зорилгод ч нийцэж байгаа бус уу. Товчхондоо “Миний цагдаа намайг хамгаална” хэмээн ярьдаг байсан ч зарим хүнд адлагдаж, “Эрийн муу нь цагдаа” гээд байсан тэр үзэл бодлыг өөрчлөх хууль болсон гэдэгт найдаж байна. 

Одоо иргэд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “өөр хүн” гэдэгт итгэж эхэлжээ. Эрүү шүүлтийг илчилсэн бичлэг илгээж хариуд нь сайд “Сэжигтэнг эрүүдэн зодож тамласан албан хаагч иргэнээс уучлал гуйсан” хэмээн “рапорт өгөх” жишээтэй. Мөн эрүүдэн шүүх сандал захиалж тараахаар завдаж байсныг таслан зогсоож, “тамлагааны” сандлуудыг буцаан татаж, уг сандлыг авахаар шийдвэр гаргасан хүмүүстэй хариуцлага тооцож зардлыг гаргуулахаар болсон гэнэ. Энэ тухайгаа хэвлэлээр тодорхой мэдээлнэ гэсэн. Ийнхүү төр иргэд рүү ойртож байна. Ардын төр болох шинжтэй дэг шүү.

Наадмын өмнө амжиж баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсож байхад ихэнх нь шүүхийн шинэтгэлтэй холбоотой, хууль зүйн салбарынханд хамааралтай хуулиуд байв. Тухайлбал Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Гэрч хохирогчийг  хамгаалах тухай хууль, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль гээд олон хуулийг нэрлэж болно. Мөн Монгол Улсад хэрэгжиж буй бүх хууль тогтоомжийг мөрдөн хэрэгжүүлэхэд тус салбар онцгой хамааралтай. Тиймээс энэ бол тус салбарын хувьд тогтолцооны хувьсгал болсон гэхэд хилсдэхгүй. “Эрүүгийн тог­толцооны шинэчлэлийн” гэсэн тодотголтой энэхүү багц хуульд Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль тус тус багтаж байгаа юм. Мөн намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Мөрдөх албаны тухай хууль болон хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд багтсан. Тэгэхээр шинэчлэл тасралтгүй үргэлжилнэ. Ойрын хугацаанд гэвэл ирэх гурван жилийн дотор ихээхэн өөрчлөлт гарах байх гэсэн хүлээлт бий болчихоод байна. Энэ бүхэн Х.Тэмүүжинд, Хууль зүйн яаманд л хэрэгтэй зүйл биш юм. Монголын нийгэмд хэрэгтэй, бүр тулгамдсан асуудал болчихоод байгаа билээ. Одоо “хогийн ургамлаа” арилгах үндэс суурийг тавьж байна. Айсуй цаг хугацаанд ямар том өөрчлөлт гарахыг бид таашгүй. Ямартай ч бид зөв, цэвэр хүнд итгэсэн байх болтугай. 

 

У.Оргилмаа