Цагдаагийн Ерөнхий газар (ЦЕГ)-ын удирдлагууд наадмын өмнө эрүүдэн шүүх сандлуудыг улсын өнцөг булан бүрд тараав. Үүнийг дотооддоо болон Олон Улсын байгууллагууд хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн хэмээн хүлээж авлаа.

Гэхдээ хүнд хэрэг тулгаж, эрүүдэн шүүх хэлбэрийг өөгшүүлдэг энэ сандал өөрөө их ухаалаг юм шиг ээ. Эрүүгийн цагдаа нарын хийж чадахгүй ажлыг амьгүй ганц сандал хийгээд үнэн, худал аль нь ч бай гэмт хэргийн илрүүлэлтийг огцом өсгөх ид шидтэй юм чинь. Тэгээд ч XXI зуунд хүнээс бусад юм бүхэн ухаалаг хэмээн нэрлэгддэг болж. 

Алганд багтах гар утас хүртэл дээд зэргийн ухаалаг болсон байхад Монгол Улс даяар тараагдсан эрүүдэн шүүх 400 ширхэг сандлыг “ухаалаг” гэвэл зохилтой. Шаланд үл хөдлөх байдлаар бэхлэгдэж, хүний хөлийг дөнгөлж, гарыг нь гавлан биеийн бүх хэсгийг хөдөлгөөнгүй бэхэлж, удаан хугацааны турш тамлан зовоосны эцэст хэрэг хүлээлгэх чадвартай учраас тэр шүү дээ. Харин энэ сандлын нэг бүрийн үнэ нь 1600 орчим, нийтдээ 626 мянган юань гэж байгаа.

Үүнийг өнөөгийн ханшаар монгол төгрөг рүү шилжүүлбэл, 170 орчим сая төгрөг болох нь. Үнэтэй гэж жигтэйхэн. Өнөөх бороохой, бамбай байхгүй, төсөв мөнгөгүй гээд л төв талбайгаар цустайгаа холилдон байсан цагдаа нар эрүүдэн шүүх болохоор сая саяар нь цацсан байх юм. Үүнээс үзэхэд, манай улсын гэмт хэрэг улам бүр л хэрцгий болоод байгаа бололтой. 

Хэрэг илрүүлэхэд ингэж их ач холбогдол өгч, төсөв мөнгийг тамтаггүй цацаж байгаа нь цаанаа л нэг учиртай биз ээ. Гэхдээ л ардчилсан Монгол Улсад эрүүдэн шүүх сандал үгүйлэгдэж байсан түүх нэгээхэн ч үгүй. 

Түүнчлэн эрүүдэн шүүх хэлбэр нь онц хүнд гэмт хэрэгт хэрэглэгддэг өгөр арга. Дэлхий дээр аль ч улс энэ аргыг хэрэглэдэггүй гэхэд болно. Гэтэл манай улс Хятадаас их хэмжээгээр нь худалдан авч сумдад хүртэл тараасныг харвал асар их мунхаглал, ардчиллаас алхам алхмаар хөндийрсний шинж буюу. 

Адаглаад бодвол, сумдын цагдаа нар онц хүнд гэмт хэрэгтэнтэй тэмцэх, эрүү шүүлт авах, үнэтэй сандлыг нь эзэнтэй болгох арга, техник эзэмшээгүй байлтай. Эсвэл яргалах аргыг мөрдэстэй болгонд зааж сургадаг юм болов уу даа.

170-н сая төгрөг салхинд хийслээ

Дээр хэлсэн шиг хүний эрхийг хөсөр хаясан 400 ширхэг сандал 170 орчим сая төгрөгийн үнэтэй. 

Дээрх сандлыг ЦЕГ-ын дарга асан Д.Сандаг-Очир худалдаж авахын тулд өнгөрсөн оны долдугаар сарын 27-нд урд хөршийн “ИЕПҮ" компанийн захирал Хуан Ий гэгчтэй худалдааны гэрээ байгуулсан аж. Харин Д.Сандаг-Очирын халааг авсан ЦЕГ-ын дарга Б.Билэгт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-нд тушаал гаргаж, эрүүдэн шүүх сандлыг төв, орон нутгийн цагдаагийн бүх хэлтэс, тасгуудад тараах хуваарь гарган ажилласан байна.

Улмаар зөвхөн ЦЕГ бие даан бүхэл бүтэн улсыг ардчиллаас ухарсан улс болгож дөнгөв. Тодруулбал, манай улсад Олон Улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэж зүйл бий. НҮБ-ийн гишүүн орны хувьд тус байгууллагын Ерөнхий Ассамблейгаас гаргасан Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус аргаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг батлан гаргасан конвенцийг мөрдөх учиртай юм. 

Гэтэл сандлыг хэрэглээгүй ч тарааж, хэрэглэх журам батлах гэж байсан нь л энэхүү амлалтаас цэвэр ухарсан үйлдэл боллоо. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэдгээр сандлыг эргүүлэн татаж, зохих этгээдэд хариуцлага тооцохоор ажлын хэсэг байгуулсан байна. 

Гэсэн ч энэ бүхний үр дүнд 170-н сая төгрөг салхинд хийсэв бололтой. Нэгэнт сайд нь хориг тавьсан учраас эргүүлэн татахаас өөр гарцгүй. Нэг ёсондоо хэрэглэхгүй гэсэн үг. Гэхдээ тэдгээр сандлыг төмрийн хог болгох уу гэдэг нь бас нэг асуудал. Өөрөөр хэлбэл, хэрэглэхгүй ч хадгалаад байх шалтгаан байхыг үгүйсгэх аргагүй. 

Адаглаад асар их хөрөнгө зарцуулсны хувьд шуудхан хаячих бөх зүрхтэй хүн байхгүй л болов уу. Тиймээс эрүүдэн шүүх сандлыг төмрийн хог болгож чадах болов уу, бид.

Б.Ширнэн