Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн ач холбогдол улам их болж байна
2015/10/22
Дэлхийн шилдэг сэтгүүлчдийн хамгийн том цугларалт буюу Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн 9 дүгээр чуулга уулзалтад Монголын төлөөлөгчид анх удаа оролцоод ирлээ.
Чуулганы төлөөлөгчид эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүүлийн үеийн чиг хандлагын талаарх шинэ мэдлэг, туршлагаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнтэй хуваалцаж, дугуй ширэний уулзалт зохион байгуулав.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн 9 дүгээр чуулга уулзалтад дэлхийн 121 орны 950 гаруй төлөөлөгч оролцсон байна. Чуулганд оролцогчид эрэн сурвалжлах сэтгүүлзүйн ач холбогдол сүүлийн үед улам бүр өндөрсөж буйг тэмдэглэж, мөн ажил үүргээ гүйцэтгэж буй сэтгүүлчдийг дарамтлах, мөрдөж мөшгих, хорьж хүчирхийлэх явдал дэлхийн өнцөг булан бүрт хэрээс хэтэрч буйг тэмдэглээд, “Сэтгүүлчийн аюулгүйн баталгааг шаардах тунхаг” бичгийг санал нэгтэйтээр баталсныг Монголын төлөөлөгчид мэдээлж, тунхаг бичгийг танилцууллаа.
Уг чуулганаар эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиг хандлага, хөгжил, хүндрэл бэрхшээл, авилга, зохион байгуулалттай гэмт хэрэг, банк санхүүгийн асуудал, хил дамнасан хүний наймааны асуудлаар эрэн сурвалжлага хэрхэн хийх, эрэн сурвалжлах сэтгүүлзүйн шинэ хэрэглэгдэхүүн зэрэг сэдвийн хүрээнд нийт 170 салбар хуралдаан болжээ. Үүнд Монгол дахь хэвлэл мэдээллийн нөхцөл байдал, эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэх боломж бэрхшээлийн талаарх бие даасан салбар хуралдаан багтаж байсан нь онцлог байв. Энэхүү салбар хуралдааны үеэр Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор М.Мөнхмандах, олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлч Марк Лий Хантер нар илтгэл тавьж, оролцогчидтой санал солилцсон байна.
“Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд дэлхий дахинаа зардлаа танаж, орон тоогоо цомхотгож буй учир чанартай, даацтай сэтгүүлзүйн бүтээл хомсдож байна. Тийм учраас хараат бус, эрэн сурвалжлах сэтгүүлзүйн ач холбогдол хэзээ хэзээнээс өндөрсөж, энэ чиглэлээр дагнасан хэвлэл мэдээллийн болон ашгийн бус байгууллагууд дэлхийн олон оронд хүчээ авч байна” хэмээн Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал уулззалтын үеэр тэмдэглэв.
Монгол улсад хэвлэлийн эрх чөлөө төдийлөн сайнгүй, хэвлэл мэдээллийн зах зээлийн чөлөөт өрсөлдөөн сул байгаа хэдий ч, чанартай сэтгүүлзүйг эрхэмлэж буй шинэ залуу, эрч хүчтэй сэтгүүлчдийн нэгэн үе бий болж байгаа, мөн хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг түүчээлэн манлайлж, сэтгүүлчдийг сургаж чадавхжуулдаг хараат бус төрийн бус байгууллага нэг бус байгаа нь Монголын сэтгүүлзүйд найдлага төрүүлж байна хэмээн Монголын салбар хуралдаан онцолсныг чуулганд оролцоод ирсэн төлөөлөгчид уламжиллаа.
Монголын сэтгүүлчдэд амжилт хүсч, хувийн зөвлөмжөө илгээсэн олон улсын сэтгүүлчдийн видео илгээлтийг дугуй ширээний уулзалтын үеэр мөн танилцуулав.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн 9 дүгээр чуулга уулзалтад Монголын төлөөлөлөгчид оролцох боломжийг Английн Элчин Сайдын Яамны бий болгож, санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Дараагийн Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлхийн чуулга уулзалт 2017 онд Өмнөд Африкийн Жоханнесбургд болох аж.