Хорин дөрвөн цагийн турш надад гэрэлт найрагч О.Дашбалбар агсаны хэлсэн амьддаа бие биеэ хайрла хэмээх үг л бодогдоод байна.  Өчигдөр өглөө 06 цаг өнгөрч байхад яруу найрагч Г.Сүхзориг залгаж байна.

Хар өглөөгүүр энэ одоо яах гээд байдаг байна аа гэж уур нойр хоёр дундуураа унтууцан утсаа авбал “Өвгөөн, өнөө Цогоо чинь урьд шөнө ухаантай, ухаангүй л хоносон гэнэ. Ээж нь над руу ярьлаа”... гэв. Хар өглөөгүүр нойрноосоо сэрж, мөн л Сүхзоригийн адил миний бие яруу найрагч Анхтуяа, Лхамноржмаа, Эрдэнэбаатар, Сонинбаяр нар руу сонссоноо хэлж тэднийг ч бас сэрээж, Б.Эрдэнэцогтын хэвтэж байгаа Хан-Уул дүүргийн эмнэлэг дээр очив.  Эмчтэй нь уулзлаа. Бурхан минь. Түүнд одоо хоёрхон сарын нас үлдсэн. Элэг солиулахаас өөр ямар ч аврал байхгүй. Элэг сольход Монголд 100 сая, гэхдээ Монголд солих боломж бас л цөөн хувь. 100 сая, 100 сая, дахиад 100 сая.

Бидний анд Б.Эрдэнэцогт “Шинэ дэлхий” телевизийн сэтгүүлч. Өмнө нь ТВ-9, UBS, SBN, Ийгл ТВ зэрэг телевизүүдийн мэдээний албаны сэтгүүлчээр ажиллаж байсан. Бид түүнийг чамд одоо ажиллаагүй телевиз байгаа юм гэхээр “Хөгшөөн, Монголд зөндөө телевиз байгаа ш дээ. Бүгдэд нь ажиллая гэвэл миний нас хүрэхгүй байх” гээд мушийна. Цогоо сэтгүүлзүйн салбарт 12 жил ажиллажээ. Тэр цаашдаа ч ажиллана гэж мөрөөдөж  байгаа.

Цогоотой цөөн хором ярилцлаа. Тэр босч чадахаа больж, хүнээр түшүүлэн өндийж бие засаад буцаад л хэвтэнэ. Ингэж хэвтээд 5О гаруй хонож байна. Зургаадугаар сарын 3-ны өглөө сэртэл бүх бие нь ногоорсон байжээ. Тэр өдөртөө ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлж байгаад Нэгдүгээр эмнэлгийн Дотоод шүүрлийн эмгэг судлалын төвд шилжин эмчлүүлэв. Нэгдүгээр эмнэлгээс гарч гэртээ ирснийхээ маргааш бие нь муудан сандаргаж, харьяалалынхаа дагуу Хан-Уул дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мэдээж манай эмч нар боломжит бүхий л эмчилгээг цаг алдалгүй хийж байгаа ч хэтэрхий дор орсон бие нь одоо элэг солих хагалгаанаас өөрийг нэг их удаан хүлээж чадахааргүй болжээ.

Бид нэлээд олуулаа нэгдүгээр эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж очсон юм. Нэгдүгээр эмнэлгийн 6 давхарын зааланд тэр биднийг тэргэнцэр дээр суун хүлээж байсан юм. Нүд нь шар, арьс нь шар, үснийх нь хуйх хүртэл шарласан нь цонхоор тусах нарны туяанд тов тод харагдаж байсан юм. Харин санаа нь урьдынхаараа яруухан хэвээрээ л байв. “Өө, одоо гайгүй болж байна. Балрах шахсан шүү. Нов ногоон болчихсон байсан юм. Харин одоо шарлаад. Ингээд гайгүй болдог гэсэн.” гээд хөдөө гэртээ харьчихаад ирсэн оюутан банди шиг инээнэ. Бид ч дагаж инээлдээд л... Нээрээ л бид ингээд гайгүй болчихно гэж тэр үед итгэцгээсэн юм. Гэвч тэгсэнгүй. Тэр одоо ч өнөөх л шар хэвээрээ. Улам турж, улам ядарч, дуу нь цаашаа орсон байв. Гэхдээ би түүний нүднээс эдгэрнэ, амьдарна, өчнөөн гоё шүлэг бичнэ, өчнөөн гоё нэвтрүүлгүүд хийнэ гэсэн дүүрэн эрмэзлийг яарч цонхийж шарласан нүднийх нь очноос олж харсан юм. Ээж нь уйлж, эхнэр нь яах учраа олохоо байж, хоёр хүү нь бүлтэгнэж, дүү нь дотроо өмөрч суугааг олж харав.    

Цогоог өвдсөн энэ хугацаанд гэрийнх нь эмчилгээний зардалд хамаг байдгаа барж байгаа бололтой. Ээж нь яаж мөнгө олно доо. Миний хүүд хамт олон, найз нөхөд гэж байдаггүй юм байх даа гэж өрөө зулгартал уйлж сууна. Өөрийн амьдралаа хэн нэгэнд гаргаж хэлдэггүй найз минь бас өөрийнхөө өвчин зовлонг  бусдад хэлж, тусламж авахыг хүсээгүй нь илт. Гэвч тэр бусдын тусламжийг авч, өөрөө энэ амьдралд үлдэж, ээжийгээ асарч, хөвгүүдээ аав болохыг харж, гэргийгээ жаргааж, дүүдээ ах нь байж урт наслах  хэрэгтэй юм байна гэдгийг магадгүй ухаарсан байх.

Цогоод олон найз байсан. Хаа сайгүй хэлхэлдэн шүлэг ярьж явдаг найрагч андууд, өнөөгийн нийгмийн болох болохгүйг хэлэлцэн шүүмжилж явсан мэргэжил нэгт сэтгүүлч анд нөхөд, улс төрийн замд хамтдаа явсан улс төрч найзууд, хүүхэд багаасаа нөхөрлөсөн багын найзууд гээд. Азаар тэр олон найзтай хүн гэж би хувьдаа боддог.

Саяхан үндэсний их баяр наадам болоод өнгөрлөө. Монголчууд наадаж чаддагаа харуулж зуны сарыг зургаа юм шиг найрладаг ард түмэн. Энэ жил начины найраа 300 сая хүрсэн гэсэн мэдээлэл байж л байх юм. Нутаг нугаараа нийлээд наадахаараа морио бандгар ландаар мялааж, бөхчүүддээ хэдэн зуун саяар цол авч өгөөд л гайхамшигтай өгөөмөр ард түмэн гэвэл дэлхийд ганцхан манайх байх шүү. Гэтэл андын минь амь насыг аврах мөнгө тэр бай шагналын дэргэд өчүүхэн ч юм шиг бодогдоод. Хонгилын үзүүрт гэрэл үзэгдэх мэт байна.

Түүний хамтарч ажилладаг улс төрч найзууд нь одоо УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, агентлагийн дарга гээд төрийн өндөрлөг болоод суудал сэнтийний мундагт заларчээ. Энэ цагийн залуус юм байна, хүн чанар нь ч гэсэн хамт байгаа гэж бодож байна.

Түүний ажилладаг телевизийн эзэн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Н.Номтойбаяр гишүүний ажил албанд тусалж, Дорнод аймагт  хамтдаа томилолтоор ажиллаж байсан нэлээдгүй тохиолдлыг бид мэдэх юм. Тэд ихэд дотно юм шиг санагддаг байсан. Гэвч төрийн томчууд мань Цогоог өвдөж, эмнэлгийн орон дээр босч чадахгүй болтлоо хүний гарт орон зүдэрч байгаа гэж бодоогүй байх. Магадгүй түүнийг зэсэрч зуны цагт айраг цагаа эргүүлэнхэн, эхнэр хүүхдээ эрхлүүлэн яваа л гэж бодож байгаа байх.

Цогоогийн олон олон найзуудаа, Цогоо одоо эмнэлэгт байгаа шүү. Тэр хүндээр өвдсөн. Бид саяхан УИХ-ын гишүүн, МАК-ийн ерөнхийлөгчийн хүү Н.Номтойбаярыг шударга сэтгүүлчид 100 сая төгрөг өгнө гэснийг бүгд мэдэж байгаа. Тэгвэл хамтран зүтгэгч сэтгүүлч, яруу найрагч андад минь эрхэм гишүүн таныг туслана гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. 12 жилийн хугацаанд хамтран ажилласан анд нөхөд нь туслана гэдэгт ч итгэж байна. Андад минь амьд явах цөөн хоног үлдсэн гэж эмч нь хэлсэн. Ар гэрийнхэн нь ч гэсэн ингэж л бодож голдоо хатаж байгаа. Ард нь зовж, асгаруулан уйлж шаналахгүйн төлөө амьддаа бие биеэ хайрлая, хүмүүс ээ.

 Н.Биндэръяа