Засаг, төр солигдохоор хамгийн эхэнд төрийн албаныхан бужигнадаг. Учир нь, хууль бус халаа сэлгээ, томилгоо өрнөхгүй яам, агентлаг гэж байдаггүй. Угтаа бол хэд хэдэн нам хамтарч Засгийн газар байгуулах болохоор тэдний хооронд албан тушаал, сандал ширээний төлөөх “дайн” бүр ч ширүүсдэг. Тухайлбал, хэдэн яамны сайдын суудлыг аль намын, хэнд өгөх вэ гэх мэтээр нэлээд ширүүхэн дайн дэгддэг гэж ойлгож болно.

Дараа нь тухайн яамны харьяа агентлаг, газар, хэлтсийн дарга нарын асуудал яригдана. Бас л манай, танай нам хэмээн хэрэлдэж, хэлэлцэн албан тушаалын хувиарлалтаа хийдэг. Ийм нэгэн гаж тохиролцоо өнөөгийн нийгэмд тогтсон ёс болчихоод байна. Үүний үр дүнд ажил, мэргэжлийн туршлагагүй, албан ажлаа ч мэдэхгүй, “утсан хүүхэлдэй”-нүүд төрийн албанд шургална.

Олон жил тогтвортой ажилласан, туршлагатай, чадвартай, салбараа биш юм аа гэхэд, ажлаа арван хуруу шигээ мэддэг төрийн зарим албан тушаалтан лааз өшиглөж, золиосонд гарна. Муу амлаж байгаа юм биш. Энэ бол өнөөгийн нийгэмд үйлчилж, хэрэгжиж буй бичигдээгүй хууль. Тэгвэл Шийдлийн Засгийн газрын зарим нэг сайд нар өөрчлөгдөж ажлаа авсан ч яам, агентлаг болон төрийн албаныхныг нэг хэсэгтээ хөдөлгөөнд оруулахгүй байцгааж байсан. Тухайлбал, Шийдлийн Засгийн газрын Шадар суудлын суудалд МАХН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар томилогдсон билээ. Бидний олж мэдсэнээр МАХН-ын мэдэлд зургаан агентлаг хувиарлагдсан байна.

Тухайлбал, ШӨХТГ, Худалдан авах ажиллагааны газар, Стандарчлал хэмжилзүйн газар, ОБЕГ, МХЕГ, Оюуны Өмчийн газруудыг авахаар болжээ. Гэтэл ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч болоод тохируулагч зарим агентлагуудыг нэгтэж, зарим агентлагийг татан буулгах төсөл боловсруулсан юм. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааны чиглэл нь адил ч тус тусдаа удирдлагатай агентлагуудыг нэгтгэж нэг удирдлагад оруулахаар болжээ.

Тодруулбал, Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэж Ашигт малтмал, газрын тосны агентлаг болгох бол Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрыг нэгтгэж Үндэсний орлогын газар болгох зэрэг төслийг боловсруулсан билээ.

Тиймээс МАХН-ынхан МХЕГ, ОБЕГ гэсэн хоёр томоохон агентлагаа нэн түрүүнд авахаар болсон байна. Мэдээж Засгийн газар яам агентлагийг нийлүүлсний дараа тус намынхан өөрсдөдөө олгогдсон квотоо тоо ёсоор нь авах нь ойлгомжтой. Тухайлбал, МХЕГ-ын даргаар Ц.Шаравдоржийг томилохоор болсон байна. Гэхдээ энэхүү томилгоо Засгийн газрын хуралдаанаар орж байж шийдэгдэх аж.

Харин Ц.Шаравдорж ийм хариуцлагатай албан тушаалд томилж болохгүй хэмээн намынх нь зарим нөхөд үзэж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт нь түүний нас сүүдэр өндөр болсон, хоёрдугаарт нь эхнэр Ц.Эрдэнэчулуун нь Дорноговьд зургаан давхар зочид буудалтай, Өмнөговьд дугуй хэлбэртэй том буудал, байшинтай хатагтай өрөө төлөхгүй "луу унжиж" яваа тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа зурайж байсан. Өөрөөр хэлбэл, тэрбээр хуучин “Зоос” банкнаас гурван ч удаа их хэмжээний зээл авсан бөгөөд өнөө хэр нь өрөө төлөлгүй, зугтсаар байгаа гэх юм билээ.

Өдгөө "Зоос" банк татан буугдсан ч гэлээ өр барагдуулах албаныхан түүний хойноос хөөцөлддөг ч заргачаараа зартай, алдартай хуульчийн гэргийгээс сохор зоос ч авч чадахгүй аргаа барж сонинд хүртэл зар тавьж байх вэ дээ. Уг нь МАХН-ын нарийн бичгийн дарга П.Ангараг, Ц.Шаравдорж, МХЕГ-ын байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Ц.Батсайхан нарын нэр яригдаж байсан.

Түүнчлэн сүүлд нь МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар өмнө нь МХЕГ-ын даргаар ажиллаж байсан Д. Батмөнх олонхийн санал авсан ч улстөрийн тогоонд нэлээн удаа чанагдсан гэх Ц.Шаравдоржид боломжоо алджээ. Ямартай ч Өршөөлийн хууль өнгөрсөн пүрэв гарагт батлагдсан. Олон нийт хийгээд намууд дараагийн нүүдлээ хийх гэж байна гэсэн яриаг хүртэл гаргаад амжсан. Тэгэхээр Н.Энхбаяр даргын таалалд багтсан Ц.Шаравдорж МХЕГ-т очоод чадвартай мэргэжлийн боловсон хүчнүүдээ битгий самраасай л гэж хүсэх байна даа. “Нам дагавал ам тостоно” гэж үнэн үг бололтой.

 

Р.Саруул

Эх сурвалж:Өглөөний сонин