Н.Баянмөнх: Дуу бол тарни юм
2015/11/19
Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн алдарт уяач, яруу найрагч Нямбуугийн Баянмөнхтэй ярилцлаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө “Бодол шиг өдрүүд” нэртэй дууны яруу найргийн ном, “Аархал” морины тухай шигшмэл дууны цомог өлгийджээ.
-Таныг морины дууны цомог, ялангуяа дууны шүлгийн ном гаргаж гэхийг дуулаад үзэхсэн гэхдээ их л яарч ирлээ. Манай яруу найрагчдаас дууныхаа шүлгээр ном бүтээж байгаа хүн яг үнэндээ таниас өөр алга болохоор сайхан санагдлаа ...
-Уран бүтээлч бид чинь ямар мэргэжил, ажилтайгаасаа үл хамаарч сэтгэлийнхээ дуудлагаар бүтээлээ төрүүлсээр байдаг. Хятадын дорно дахины гүн ухаантан, их сэтгэгч Күнз “Их бага хий, бага бага хий, байнга хий” хэмээсэн байдаг. Үүнийг би “Хэн нэгэн амжилтанд хүрэхийн тулд тасралтгүй хөдөлмөрлөх ёстой” гэдгийг хэлж гэж ойлгосон. Миний хувьд дууны яруу найргийг 2001 оноос хойш тасралтгүй бичсэн. 14 жил бичиж байгаа болохоор уран бүтээлчидтэй улам танил, найзууд болсон. Тэр хэмжээгээр тэднээс захиалга, санаа авдаг. Эдгээр бүтээлээ өнөөдөр “Бодол шиг өдрүүд” нэртэй дууны яруу найргийн номондоо багтаалаа. Гэхдээ би 300 гаруй дуу төрүүлснээсээ 155-ыг нь шигшиж оруулсан.
-Та анхны дуугаа хэдэн онд зохиосон бэ?
-1996 онд. “Найрамдал” зусланд амарч байхдаа “Зуслангийн дуу” нэртэй дууны шүлэг бичсэн. Хуучин Пионерийн зөвлөл гэж байхад би сумынхаа бүлгэмийн зөвлөлийн дарга байлаа. Гэвч тун удалгүй тэр зөвлөл татан буугдаж, Монголын хүүхдийн байгууллага нэртэй болсон. Ийнхүү энэ байгууллагын анхдугаар чуулган 1996 онд болж, манай аймгаас найман хүүхдийг “Найрамдал” зусланд болох улсын чуулганд оролцуулахаар сонгоход би багтсанаар хүүхдийн дууны уралдаанд Батчимэг гэдэг гитар сайхан тоглодог охиноор ая хийлгэж, дуулуулж түрүүлсэн. Мөн тэр намар хүүхэд зохиосон дууны улсын уралдаанд ч оролцож, гуравдугаар байр эзэлж байлаа. Түүнээс хойш дууны шүлэг бичилгүй явсаар 1999 онд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Түвшинтөгсийн дуулсан “Аялгуут нутаг”-ийг бичсэн. Гэвч энэ дуу 2004 оноос л сонсогчдын сонорт хүрсэн. Дараа жил нь хайрын дууны улсын уралдаанд зориулж, Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, дуучин Э.Оюумаа нарын хамтран дуулсан “Зүүдэнд ирдэг Урангоо”дууг бүтээсэн. Ийнхүү миний дууны уран бүтээл өнөөдрийг хүртэл сайхан үргэлжилж байна.
-“Бодол шиг өдрүүд” номны дизайн, нэрний талаар сонирхвол та юу гэж хариулах бол ...
-Хүний бодол санаа хязгааргүй. Гэхдээ хэн нэгэн аливааг хэрхэн харж байгаагаараа ертөнцийг тольддог болохоос биш хорвоо ямар байна түүнтэй адил хэн нэгний амьдрал адилхан байдаггүй. Тодруулбал, дотоод сэтгэлээрээ л орчлонг сайхнаар харвал төдий чинээ сайхан гэгээлэг байна гэсэн үг. Тиймээс би “Миний бодол шиг өдрүүд үргэлжилж байна” гэсэн санаагаар энэ номоо нэрлэсэн юм. Түүнчлэн хүний амьдрал гэрэлтэй, сүүдэртэй байдаг болохоор цагаан дээр номныхоо нэрийг хараар бичихээр сонгосон. Эдгээр дууныхаа шүлгийг зургаан бүлэгт хуваасан. Тодруулбал, “Нүнжигтэй Монгол” бүлэгт төрсөн нутгийнхаа тухай бичсэн шүлгээ багтаасан бол “Эгшиглэнт эх нутаг минь” бүлэгт Монгол нутгийн тухай. Дараа нь аав, ээжийн тухай сэдэвт шүлгийн бүлгээ “Хүмүүн заяаны орчлонд”гэж нэрлэсэн бол удаах нь “Алтан туурайт ажнай” нэртэйгээр морины тухай шүлгүүд эзэлсэн. Харин “Хамтдаа туулъя гэсэн юм аа” нэртэй бүлэгт хайрын тухай шүлгүүд байгаа бол “Монголжингоо бүсгүйчүүд минь” бүлэгт Монгол бүсгүйчүүдээ магтан дуулсан дууны шүлэг цогцолсон.
-Номны редактороор Ардын уран зохиолч, Төрийн шагналт, зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнжав, таны ээж Монгол Улсын гавьяат багш А.Бадамгарав гуай нар хамтран ажилласан байна. Ээжтэйгээ нэг бүтээлд нэрээ мөнхөлснийг харах сайхан санагдаж байна шүү ...
-Хүүхэд байхдаа би ээжийнхээ номын санд байнга суудаг байлаа. Одоо бодоход тэр үед би ирээдүйн гавьяат багш хүний номыг уншиж, тарааж ер нь л хүссэнээ хийдэг байж. Ээж минь намайг яруу найрагт дуртай болгосон. Одоо ч миний хамгийн дотны зөвлөх. Түүнчлэн Ш.Сүрэнжав гуайг хүндэтгэдэг. Би Монголын чөлөөт зохиолчдын холбооны гишүүн. Ш.Сүрэнжав гуай манай холбооны хүндэт ерөнхийлөгчөөр ажилладаг. Агуу их Гегель “Би бусдын мөрөн дээр зогсож байгаа болохоор бусдаас өндөр харагдаж байгаа юм” гэж хэлсэн байдаг. Энэ үгийг би “Өмнөх үеэ хүндэлж, судалж, уншдаг болохоор илүү мэт харагддаг” гэсэн санаатай болов уу гэж ойлгодог.
-Ш.Сүрэнжав гуай олон сайхан дууны шүлэг бичсэн. Таны дууны шүлгийг уншаад ямар бодол төрснөө хэлсэн үү?
-Ш.Сүрэнжав гуай урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр гуайтай хамтарч “Миний нутгийн бараа” дууны шүлгийг аялгуунд нь тохируулж бичсэн гэдэг. Миний ч нэлээн хэдэн бүтээл аялгуунд бичигдсэн.
-Та хэн нэгэн хөгжмийн зохиолчийн бичсэн аялгуунд тохируулж шүлэг бичдэг гэж ярилаа. Ер нь өөрөөрөө бичиж, аялгуунд бичих хоёрын аль нь амар санагддаг вэ?
-Өөрөө эхэлж бичих нь мэдээж амар. Аялгуунд бичихэд тухайн аяныхаа хайрцаглалд баригддаг болохоор илүү задгай сэтгэж бичих боломжгүй байдаг. Гэхдээ надад аялгуунд бичигдэж төрсөн олон дуу бий. Сайхан ч амжилтад хүрсэн. Жишээ нь, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбаттай хамтарч “Сэвхэт сартай замбуулин” дууг аялгуунд нь тохируулж бичээд “Морин хуур” наадмын түрүүг хүртэж байлаа.
-Ингээд ярихаар зарим хүн таныг дууны яруу найргаас өөр төрлийг орхигдуулаад байна уу даа гэж хардах байх. Үүнд хариулт өгнө үү?
-Уг нь би олон төрлөөр бичдэг шүү дээ. Нийтэд илүү хүрдэг нь дуу болохоор зарим хүн дууны уран бүтээлээс өөрийг оролддоггүй гэж ойлгодог байх. 1996 онд “Бодлын урсгал”, 2000 онд “Танил аялгуу” нэртэй яруу найргийн ном хэвлүүлсэн. Түүнээс хойш дууны яруу найргийн “Гэгээн совин”, “Говь шанхын нутаг” номоо өлгийдсөн. Энэ гурав дахь ном маань болж байна.
-Дууны яруу найраг бичдэг хүнд мастер цол олгодог бол гарцаагүй та багтах биз. Ийм хүнтэй уулзсаных нэг зүйл тодруулмаар санагдлаа. Хүмүүс дууны яруу найраг, дууны шүлэг, дууны үг бичнэ гэж гурван янзаар ярьдаг. Ер нь эдгээр нэршлийн аль нь зөв юм бэ?
-Үг зохиолын төрөл зүйл гэж бий. Үүгээр докторын зэрэг хамгаалсан хүн ч байдаг. Монгол ардын харилцаа дуунд ч үг байх. Эрдэмтэд миний бичсэн “Ботгоны дуу”-ны шүлгийг үг зохиолын төрөл зүйлд хамааруулсан байна билээ. Тэгэхээр “Үг” гэж нэрлэгдэх нь зөв. Тэгвэл би өөрийнхөө бичсэн “Зүүд эргэх нутаг”дууны шүлгээ яруу найргийн төрөлд оруулна. Гэхдээ үүнд бид нэг их анхаарлаа хандуулалгүй хийх юмаа хийгээд л явж байя. Судлаачид угаасаа төрөл зүйлд нь ангилаад тодорхойлчихно. Миний хувьд аль алинаар нь ч нэрлэвэл болох юм.
-Сүүлийн үед бараг л гэрийн тэжээвэр нохой хүртэл нэрийн дуутай болчихсонгүй. Хэн дуртай нь дууны шүлэг бичээд байгаа болохоор утга санаа, логик, үг сонголт нь ч арай хэтэрлээ. Үүнд та мэдээж санаагаа чилээдэг байлгүй ...
-АНУ-ын уран бүтээлчид өмд гутал, халбага сэрээгээ хүртэл дуулж байна шүү дээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунааг “Хуучраагүй жинс” дууг дуулж эхлэхэд сонсогчид их гайхаж хүлээж авсан. Тэгсэн хэрнээ өөрсдөө
... Булганчиг нударга нь бугуйгаа дагана аа
Бодол санаа минь чамайгаа дагана аа ... гээд дээлний тухай дуулдаг шүү дээ. Би үүнд нэг их сэтгэлээ зовоодоггүй. 3000 оюутантай сургуулийн захирал сургуульдаа дуу бичүүлээд дуулж байхад 300 оюутантай сургуулийн оюутнууд ч мөн адил сургуулиа дуутай болгож, дуулмаар л болж байгаа. Олон жил улсын наадамд түрүүлсэн дархан аварга цолтой бөхийнхөө дууг нийт даяар дуулж байгаа ч сумынхаа наадмыг зэргэлдээх сумын бөхөд алдаж үзээгүй сумын зааныхаа тухай дууг тухайн сумынхан бас л дуулмаар болно. Энэ бол шинэчлэл явагдаж байгаа асуудал. Тэгээд ч аливаа зүйл олшрох тусмаа сайн, муугийн ялгарал их болдог. Ер нь цаг хугацаа алийг нь авч үлдэхээ мэднэ. Хамгийн гол нь уран бүтээлийн ёс зүйд захирагдах ёстой.
-Өнөөдөр хэн нэгэн дуучин шүлгэрхүү юм биччихээд мөнгөөр “зодож” телевиз, радиогоор явуулдаг. Гэтэл сонсогчид тухайн дуучныг шүлгээ бичсэн гэж ойлгож амжаагүй хэрнээ “Одооны дууны шүлэг ийм л хөгийн юм болж” гэж ярьдаг. “Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино” гэгчээр мэргэжлийн түвшинд бичиж байгаа яруу найрагчдын нэр хүндийг унагаах асуудал газар авсаар байна. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?
-Дуу бол тарни юм гэдгийг хүн болгон ойлгоосой. Архи, эсвэл гунигийн сэдэвтэй дуу дуулахаар амьдрал нь тэр чинээгээр адилхан болдог бололтой гэж надтай хамтран ажилладаг зарим уран бүтээлч ярьдаг. Тэр үнэн байх. Тэгэхээр дууны үгний сонголтод маш их анхаарах хэрэгтэй. Уран зохиолч, яруу найрагч хүмүүс эх хэлнийхээ дархлааг хадгалж явах үүрэгтэй. Дээхнэ дууны уралдаан болоход яруу найрагч А.Эрдэнэ-Очир шүүгчээр ажилласан юм. Тэрбээр наадмын төгсгөлд “Дууны үг сонголтод бид анхаарахгүй бол болохоо байж. Хөгжмийн зохиолчид ч аялгуу бичихдээ шүлгэнд нь өндөр шаардлага тавих хэрэгтэй. Хоолны меню шиг юманд ая хийхээ болимоор юм” гэж хэлж байсан.Тэр үнэн л дээ.
-Манай улсад дууны үнэлэмж ямархуу болж байна вэ?
-Гайгүй болж байгаа шүү. Доод үнэ гэж байхгүй. Сэтгэлтэй, хөрөнгөтэй нь хэдэн ч төгрөг зарж болно. Энэ дашрамд, Ази номхон далайн орны хүрээнд оюуны өмчийг хамгаалах нийгэмлэгт манай улс бүртгэлтэй болсныг дуулгахад таатай байна. Энэ үндсэндээ хэрэгжвэл хэн нэгэн яруу найрагчийн дуу театр, хүлээн авалт, баяр ёслолд дуулагдвал тодорхой хэмжээгээр мөнгөн дүн данс руу нь шилжиж байх юм.
-Та хамгийн өндөр үнэ хүрсэн бүтээлээ нэрлээч ...
-“Говь шанхын нутаг” хос цомгийнхоо рекламыг интернетэд байршуулсан юм. Гэтэл “Будвейзер” шар айрагны компанийн захирал интернэтээр холбогдож “Энэ цомгийнхоо анхны хэвлэлтээс хоёр ширхэгийг явуулна уу. Би орон орны сайхан ном цуглуулдаг юм аа” гэсэн хүсэлт илгээсэн. Ингээд би тухайн үнэ буюу 70 ам.доллараар хоёрыг илгээсэн. Тэр Америк хүн болохоор манай улсын дууны шүлэг, хөгжмийг ойлгодоггүй байж ч болох. Тэгээд ч 70 ам.доллар нэг их өндөр үнэ биш ч цогц бүтээлийн үнэ цэнэ цаад утгаараа ямар их өндөр үнэлэгдэвээ гэдгийг мэдэрсэн. Харин найз, хамтран ажилладаг хүмүүс сэтгэлээрээ давгүй урамшуулдаг үе бий. Гэхдээ анхны уран бүтээлээ өлгийдөх гэж байгаа залуучуудаас би 100 төгрөг ч авалгүй зүрх сэтгэлээ бүрэн зориулж ажилладаг. Тэднийг эхлээд зөв замд нь оруулбал урам орж, уран бүтээлийнх нь харгуй тэгширнэ. Харин буруутвал шантарна. Би дуучин Э.Төрмандахтай анхны бүтээлд нь хамтарч ажиллахдаа хөгжмийн найруулгынх нь мөнгийг шийдэж өгч байлаа. Э.Төрмандах тухайн үед бэлтгэл курст сурч байсан ч ирээдүйтэй дуучин болно гэдэгт нь итгэсэндээ тэгж хандсан. Түүнчлэн хөгжмийн зохиолч Т.Найданжав ах бид хоёр “Хайрын орчлон” дууг бэлэн болгочихоод дуучин Г.Чинболор, Б.Энхмэнд нарыг оюутан байхад нь өгсөн. Гэтэл тэд хөгжмийн найруулгын мөнгөгүй гэхэд Т.Найданжав ах “Ахын хоёр дүү сайн уран бүтээлч болоорой” гээд мөн л мөнгийг нь өөрөөсөө гаргаж өгч байсан. Энэ нэг их мөнгө биш ч урам, хариуцлага хүлээлгэж байгаа юм л даа.
-Таны гэр бүлийн хүнийг дуучин Б.Энхмэнд гэдгийг олон хүн мэднэ. Дээр цухас яриад өнгөрсөн болохоор түүнийг уран бүтээлдээ эргэн орсон уу гэдгийг асууя ...
-Хүүгээ өсгөөд уран бүтээлээсээ хоёр жил хөндийрсөн. Одооноос эрчимтэй орно. Гэхдээ өнгөрсөн жил “Шүүдрийн мөнгөн дусал” нэртэй кино концерт хийсэн. Энэ жил зөвхөн ээжийн тухай дууны кино концерт бэлтгэсэн. Тун удахгүй телевизээр цацагдана. Мөн ирэх хавар бие даасан анхны тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Гэхдээ нэг их олон хүний суудалтай газар биш ч гэлээ мэргэжлийн төвшинд хийгдэх газар тоглолт нь зохион байгуулагдана.
-Таныг “Шаргал талын дээгүүр” нэртэй судалгааны ном гаргах гэж байна гэж сонссон. Чухам юуны судалгааных вэ?
-Хувьсгалын эхний жилүүдэд орон даяар малчдын хөрөнгийг хураасан байдаг шүү дээ. Тиймээс би зөвхөн говь нутгийнхаа тухайн үеийн малчдын аж амьдрал, бүхий л насаараа хөдөлмөрлөж байж цуглуулсан хөрөнгөө алдсан өрхүүд, тэр ч бүү хэл нутаг зааглагдаж, эх нутгаа орхиод явсан, эргэж ирсэн ч хэлмэгдсэн тэдгээр түүхэн хүмүүсийн тухай судалгааны ном гаргахаар хоёр жил сууж байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Баянхот, Эрээн, Үзэмчин зэрэг хотоор сүүлийн хоёр жил, гурван сар тутам нэг удаа явж энэ ажлынхаа судалгааг хийсэн.
-Морины тухай дуунаас бүрдсэн “Аархал” цомгоо ч хэвлүүлсэн байна билээ. Энэ тухай яриа дэлгэнэ үү?
-Би Дундговь аймгийнхаа “Нарны хүлэг” уяачдын холбооны дэд тэргүүнээр ажилладаг. Өвөө маань Говьшанх нутгийн хурдан морьт Ж.Авирмэд гэж хүн бий бол Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өвөөгийн төрсөн дүү Ж.Мааманхүү хурдан хүлгээ сойдог. Нагац ах А.Гантөмөр ч нутагтаа мал сүргээ адгуулж байна. Энэ гурван эрхэм хүн бүгдээрээ аймгийн алдарт уяач цолтой. Би таван настайдаа анх хурдны морь унасан. Аймгийнхаа наадамд уралдсан тэр жил даага аман хүзүүдүүлж, их насаа 18-д хурдлуулсан. Түүнээс хойш дөрөвдүгээр анги хүртлээ хурдны морь унахдаа аймаг, сумын наадмын түрүү, айргийг бараг алдаж үзээгүй. Туслах уяач болохдоо А.Гантөмөр ахынхаа дэргэд очсон. Ер нь энэ хүн намайг ертөнцийг үзэх үзэлд төлөвшүүлсэн. Ямар сайндаа намайг зургадугаар ангид сурч байхад бие даалгаж их нас, хязаалан, даага уяулж Өлзийт сумын Бор овоот гэдэг уулын тахилгад явуулж байхавдээ. Тэгэхэд би их насныхаа морийг долоо, хязаалангаа дөрөв, даагаа аман хүзүүдүүлсэн. Миний морийг Ариунболд дүү маань унасан. Гэтэл Дэлгэрхангайн наадмаас өвөө, ах хоёр маань мөн адил хэд хэдэн түрүү, айраг хүртээд ирж билээ. Тэр л үе, дурсамж намайг хөглөж, адуутай бие, сэтгэл ойр өсөхөд нөлөөлсөн. Уран бүтээл ч чамлахааргүй өлгийдлөө. Жинхэнэ Монгол эр хүнийг би морио уяж, тоосонд нь дарагдаж явдаг гэж ойлгодог. Тийм л хүн жинхэнэ аархал. Иймд би “Аархал” нэртэй дуу бүтээж, энэ удаагийн цомгоо ч нэрлэлээ.
-Та өнгөрсөн жил аймгийн алдарт уяач цол хүртэж, гурван үеэрээ энэ эрхэм цолны эзэн боллоо. Энэ дашрамд тухайн үеийн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Энэ цолонд хүрэхийн тулд уяачид аймаг, бүсийн чанартай наадамд хүлгээ 12 түрүү, айрагт давхиулсан байх шаардлагатай. Манайх шинэ байрандаа орж, найр хийхэд А.Гантөмөр ах надад “Ах нь чамд овоо, толгодын наадамд айрагдах болов уу, яах бол гэж санаа зовохооргүй хурдан хүлэг бэлэглэе” гээд хязаалан хээр үрээгээ заасан. Дэргэд нь өвөө маань сууж байсан болохоор “Хамаагүй ингэж ам гарч болдоггүй юм” гээд уулга алдаж ч байсан. Ахын минь өгье гэсэн сэтгэлийг дагаад ч тэр үү угаасаа шандастай хүлэг гэдгээ баталж тэр жил аймаг, сумынхаа наадамд найм уралдахдаа зургаан удаа айраг амсуулсан. Хүлэг эзнээ хайдаг гэдэг үг ч бий. Үнэхээр л надад заяах хувьтай ажнай юм. Надад аймгийн алдарт уяач цол хүртээхэд хамгийн их нөлөөлсөн адуу бол энэ.