Уруул тагнайн эмгэгтэй хүүхдүүдэд Монгол, гадаад эмч нар хамтран хагалгаа хийж байна
2013/07/27
Уруул тагнай төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд хагалгаа хийхээр “Operation smile” байгууллагын найман орны эмч, эмнэлэгийн мэргэжилтэн бүхий 31 хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсад ажиллаж байна. Хоёр өдөр багтаан 50 хүүхдэд хагалгаа хийхээр ирсэн эмч нарын багийнхан хагалгааг Монголын эмч нартай хамтран үнэ төлбөргүйгээр хийж байгаа юм. Биднийг очиход ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн ачаалал ихэссэн нь анзаарагдаж байлаа. Ээждээ тэврүүлсэн бага насны хүүхдүүдийн уйлах, эрхлэх нь зэрэгцэн байсан юм.
Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Г.Аянгаас тодруулга авсан юм.
- Манай улсад уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй хүүхэд бусад улсынхтай харьцуулахад ямар түвшинд байна вэ?
- Олон улсын хэмжээнд хэдэн амьд төрөлт тутамд уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй хүүхэд төрж байна вэ гэдгээр нь тогтоодог. Манай улсын хувьд 2012 онд 1072 амьд төрөлөт тутамд уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй хүүхэд төрж байгааг тогтоосон. Дэлхийд улсаасаа хамаараад 500-2000 байдаг.
Манай улсад сүүлийн жилүүдэд төрөлт ихсэж байгаа, уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй хүүхдийн тоо ч нэмэгдэж байгаа. Манай тасагт жилдээ 300-350 мэс заслын эмчилгээг үнэгүй хийдэг.
- Эмчилгээний хувьд?
- Эмгэгээсээ шалтгаалаад 2-5 удаагийн давтан хагалгаанд орох шаардлагатай байдаг. Хавсараад хамар, чих хоолой болон бусад эмгэг заслын баг ажилладаг. Тэгж байж хагалгаа төгс болж, эмчилгээ бүрэн хийгддэг.
- Зөвхөн эх нялхаст л энэ төрлийн цогц хагалгааг хүүхдэд хийж байгаа. Бэрхшээл их гарна биз?
- Манай багт олон улсын стандартад нийцсэн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэн байдаг. Бид хийгдэх ёстой эмчилгээг олон улсын эмч нараас дутахааргүй ЭХЭМҮТ-д хийдэг. Хүндрэлтэй зүйл гэвэл Монголчууд тархан суурьшсан байдаг. Харин давтан хагалгаа хийлгэх хүүхдүүд маань хугацаандаа ирж чаддаггүй. Үүнээс болж манай мэргэжлийн эмч нарын баг хөдөө орон нутагт ажиллаж эмчилгээ хийдэг. Харин энэ эмчилгээнд ямар нэг байдлаар хамрагдаж чадаагүй орон нутгийн өвчтөнгийн хагалгааний хуваарийг аль болох урагшлуулж өгдөг.
- Өнөөдрийн хувьд гадаадаас эмч нар ирж хагалгаа хийж байна. Манай эмч нарын ур чадвар эсвэл тоног төхөөрөмж нь муу болоод гадаадаас эмч нар ирж хагалгаа хийж байгаа юм уу?
- Гадны байгууллагуудын ажиллах ерөнхий зарчмыг бол сайн мэдэхгүй. Гэхдээ нэг төсөөлөл байдаг юм. Ер нь гадны байгууллага ингэж явна гэдэг нь мөнгөний л асуудал байдаг юм.
Манай тасгийн хувьд байгуулагдаад 20 жил болж байна. Энэ хугацаанд дэлхийн олон улсаас ирсэн эмч нарын багтай хамтарч ажилласан. Ер нь харьцуулаад байхад манай эмч нарын туршлага, ур чадвар дэлхийн хэмжээнд дүйдэг.
- Гадаадын эмч нарын хэлж байгаагаар 50 хүүхдэд хагалгаа хийнэ гэж ирсэн ч 20 хүүхдэд л хагалгаа хийлгэж байна. Яагаад?
- “Operation smile” байгууллагын удирдлага өвөл манайд ирж уулзсан. Тэр үед манайхаас хагалгаанд орох 20 өвчтөн, “Эрүүл Монгол” ТББ-аас 30 өвтөн олж өгөхөөр болсон. Бидний зүгээс хагалгаанд орох 20 хүүхдийг олсон. Өнөөдөр давтан болон анх удаа хагалгаанд орж байгаа 20 хүүхддээ хагалгаагаа хийгээд эхэлсэн.
- Цаг гаргаж тодруулга өгсөн таньд баярлалаа.
ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Г.Аянгатай ярилцсны дараа гадаадын эмч нарын багийг ахлан ажиллаж буй Сингапурын “Operation smile” байгууллагын тэргүүн, доктор Винсент Яеовтой ярилцлаа. Түүний хувьд Индонез, Вьетнам, Камбож, Лаос, Хятад, Энэтхэг, Бангладеш, Узбекстан, Зүүн Тимүр зэрэг азийн улсуудаар явж 18 жилийн турш уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд хагалгаа хийсэн бөгөөд тэрбээр өвчнийхөө тоог мартсан гэнэ.
- Та Монголд хэд дэхь удаагаа ирж байна вэ? Өнөөдрийн хувьд хэд дэхь хагалгаагаа хийгээд байна вэ?
- Монголд манай баг анх удаагаа ирж байна. Бид 50 хүүхдэд хагалгаа хийхээр ирсэн ч өнөөдөр хагалгаа хийлгэх 20 хүүхэд байна. Маргааш мөн тооны хүүхдүүдэд хагалгаа хийнэ байх гэж бодож байна. Өнөөдөр долоон сартай хүүхдээс эхлээд 16 хүртэл насны хүүхдэд хагалгаа хийлээ.
- Таны хувьд “Operation smile” байгууллагын журмаар нэг жилд хичнээн улсад ажилладаг вэ?
- 6-10 удаа гадагшаа явж хагалгаа хийдэг. Миний хувьд дандаа Азийн улсуудаар явж хагалгаа хийдэг. Харин байгууллаг маань дэлхийн өнцөг булан бүрт очиж хагалгаа хийдэг байгаа. Миний хувьд хагалгаа хийсэн өвчтнийхөө тоог мартсан ч Индонез, Вьетнам, Камбож, Лаос, Хятад, Энэтхэг, Бангладеш, Узбекстан, Зүүн Тимүрт очиж ажиллаж байсан.
- Та энэ төрлийн хагалгааг олон жил хийсэн туршлагатай эмч хүн. Манай Монгол хүүхдүүдэд таньд ямар санагдав?
- Монгол хүүхдүүдих том биетэй, дээрээс нь их хүчирхэг юм. Сингапурчуудын хувьд жижиг биетэй бас хүчирхэг биш.
- Манай Монголын эмнэлэг таны ажиллаж байсан Азийн орнуудын эмнэлэгтэй харьцуулахад ямар байна вэ?
- Монголын эмнэлэг хамгийн шилдэг нь. Эмч нар нь туршлагатай, дотоод зохион байгуулалт сайтай, хамтран ажиллахад хялбар, харьцааны соёлтой гээд маш олон сайн зүйлс ажиглагдлаа. Тийм болохоор дараагийн удаа өөр улсад ажиллахдаа бид Монголын эмч нарыг багтаа авч ажиллах хүсэлтэй байна. Манай багт Филлифин, Энэтхэг, АНУ, Узбекстан, сингапур, Малайз гээд олон улсаас ирсэн эмч нар багтсан байгаа.
- Цаг гарган ярилцсан таньд баярлалаа.
Манай улсын хувьд төрөлхийн уруул, тагнайн эмгэгтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгаа ч төгс эмчилж чаддаг байна. Харин ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн ачаалал сүүлийн үед нэмэгдэх хандлагатай болжээ. Өөрөөр хэлбэл 1980 онд 1500 амьд төрөлт тутам нэг байсан уруул тагнайн эмгэгтэй төрөлт 2005 онд 1314 тутамд нэг, 2012 онд 1072 төрөлт тутам нэг болжээ. Хэдийгээр уруул тагнайн эмгэгтэй хүүхдийн тоо буурсан мэт харагдаж байгаа ч энэ нь төрөлтийн тотой харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт юм.
Харин Азийн улсуудад 600 төрөлт тутамд руул тагнайн эмгэгтэй хүүхэд төрдөг бол харь арьстануудын 1000 амьд төрөлт тутам нэг уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй хүүхэд төрдөг байна.
А.Баярмаа