Б.Мөнхбаярыг “тавтай морил” гэж чадахгүй нь ээ
2013/07/31
Буудлагын Б.Мөнхбаяр эргээд Монголдоо ирэх гэнэ, Монголын иргэн болох гэнэ. Ерөнхийлөгчийн шийдвэрээр Гавьяат тамирчин, олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн аварга Б.Мөнхбаяр Монгол Улсын иргэн болно. Олимпийн хошой медальт тамирчнаа монголчууд, Монгол Улс баяр хөөр болон угтаж авах нь тодорхой. Гэхдээ тэр хэн билээ, хэдийд, яагаад харь улсын нөмөр нөөлөгт очсон билээ гэдэгт түгдрэлгүй хариулах хүн олон. Би ч бас тэдэнтэй адилхан гавьяат тамирчнаа “Эх орондоо тавтай морил” гэж хэлмээр л байна. Гэхдээ цаанаа л нэг горойгоод байна. Нуугаад яах вэ. Одоогоос 20-иод жилийн тэртээ урт хар үсээ сүлжсэн, жинхэнэ монголжуу охин анх удаа олимпийн хүрэл медалийг эх орондоо авчирч, элэг нэгтнүүдээ баярлуулсан цагаас хойш буудлагын Мөнхбаяр гэдэг бүсгүйг монголчууд хайрлаж хүндлэх болсон. Б.Мөнхбаяр гэдэг тамирчин бүсгүйн амжилт ахиж байсан уу гэхээс бууж байсангүй. Харин ахисан амжилт бүр нь Монгол Улсын нэр дээр биш харь улсын нэр дээр бичигдэж, дэлхийн тавцанд Монголын биш Германы төрийн далбаа намирч байсныг нь бодохоор сэтгэл эмзэглээд байдаг юм. Тэр нэгэн үед хамт тэмцээнд оролцож, баярлаж, гомдож явсан бүсгүйчүүд шигээ ядуухан Монголдоо хэцүүхэн ч гэлээ жаргалтай байж болох л байсан. Гэвч тэгээгүйд нь гомдмоор. Монголын нийгэм амьдрахад хэцүү болсон болохоор яалт ч үгүй Герман улсын иргэн болсон гэдгээ Б.Мөнхбаяр нуудаггүй юм билээ. “1990-ээд оны үед Монголд тамирчин байх, Германд тамирчин байх хоёр үнэхээр их ялгаатай байсан. Монголд байхад тэмцээнд явах зардал, буу сумны мөнгө олох гэж зовдог байсан. Шантарч гутармаар санагддаг үе байсан” хэмээн тэрбээр нэгэн удаа ярьсан нь бий. Гэхдээ бусад нь зовж шаналж, гомдож гутарч байсан ч эх орон, ард түмнээ орхиж яваагүй юм. Б.Мөнхбаяр аа, ингэж хэллээ, бичлээ гээд бүү гомдоорой.
Эх орноо ядарсан үед нь хаяж явчихаад, одоо овоо чадал суугаад эхлэнгүүт нь ирж байна уу даа, Мөнхбаяр минь. Тийм бол өмөөрмөөргүй л байна шүү, чамайг. Олон хүн над шиг ийм бодолтой байгаа. Монголоо ядарч явахад нь хаяж явсан чам шиг бүсгүйчүүд одоо эргэн ирэхээр яарцгааж байна. Манай нэртэй нэгэн хөгжмийн зохиолчийн охин хөгжимчин бүсгүй ч мөн чиний нэгэн адил эргэн ирж иргэншлээ сэргээсэн. Чадалтай, чансаатай байхдаа авьяас чадлаа харь оронд зориулж, бусдын төлөө явчихаад амжилт, бүтээл нь буураад ирэхээр “сиймхий ч гэсэн гэр минь” гэгч болов уу. Хүн ядрахаар нутгаа, тураг ядрахаар уулаа гэдэг үгийг зүгээр ч нэг хэлчихээгүй биз. Чи үнэхээр ядарсан бололтой. Чиний үеийн монгол бүсгүйчүүд хөгжилгүй ч хөдөө нутагтаа малаа маллаж, үр хүүхдээ өсгөөд хүн шиг амьдраад болоод л байна. Утаатай, хогтой, стресстэй ч улсынхаа нийслэлд чихцэлдэж амьдарч, чадлаараа хөдөлмөрлөөд хүнээс илүү гардаггүй юм аа гэхэд дутахгүй амьдарч болоод л байна. Энэ бол миний л бодол. Ингэж бичсэний минь төлөө, үүнийг уншсан хүмүүс яг одоо намайг хараана, зүхнэ. Ална, булна гэнэ. Гэхдээ яах вэ. Үнэн үг хэзээд гашуун байдаг хойно.
Б.Мөнхбаяр гавьяатын эх орон руугаа “гүйсэн” шалтгаан арай мөнгө юм биш биз дээ. Герман улс олимпоос алтан медаль хүртсэн тамирчиндаа 15000, мөнгөн медаль хүртвэл 10000, хүрэл медаль авсан тамирчиндаа 7500 евро өгдөг гэнэ билээ. Өөр ямар нэгэн материаллаг дэмжлэг байдаггүй, зөвхөн нэг удаа л ингэж харж үздэг гэх. Нөгөөтэйгүүр Герман улсад буудлагын спорт тийм ч нэр хүндтэй биш. Ази царайтай бүсгүй тулдаа л арай дөнгүүр нэр хүндтэй байсан гэж өөрийнхөө тухай ярьж байсан. Тэгвэл Монголд түүнтэй адилхан олимпийн хүрэл медальт О.Гүндэгмаа ямархан зиндааны бүсгүй билээ. Тэр ямар ч алдаа гаргасан байлаа монголчууд түүнийг хайрлана, хүндэтгэнэ. Б.Мөнхбаяр хэрвээ Монгол Улсынхаа иргэншлээс татгалзаагүй байсан бол олимпийн хошой хүрэл медальтан гэдгээрээ алдаршиж, амжилтаа үнэлүүлэх байсан. Олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгодог болсон. Тэгэхээр Б.Мөнхбаярын хувьд Барселоны олимпийн хүрэл медаль нь Монголынхоор бичигдэж, Бээжингийн олимпоос зүүсэн медаль нь Германыхад тооцогдоно. Ингэхээр олимпийн хүрэл медальт түүнд сар бүр нэг сая төгрөг, дээр нь дэлхийн аваргын хоёр сая, нийтдээ сар бүр гурван сая төгрөгийн урамшуулал авна гэсэн үг. Цаашдаа нэгэнт амжилт гаргах боломжгүйгээ мэдээд, сар бүр зүгээр сууж байгаад ийм хэмжээний урамшуулал авахын тулд эх орондоо ирж, иргэншлээ сэргээж байгаа юм биш биз дээ. Үгүй л байгаасай. Гэхдээ тэр “Монголд одоо тамирчдын хангамж өөр болсон. Амжилт гаргасан тамирчдад бол хөрөнгө мөнгө, санхүүгийн ямар ч асуудал алга” гэснийг нь бодохоор бас л сонин.
Б.Оюунгэрэл