Хууль сахиулахын их сургууль өнөө жил олон бүтээлч ажлаар шинжлэх ухааны ажилтны өдрийг угтлаа. Энэ тухай Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав тус сарын 27-ны өдөр болсон “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулсан баярын хурлын үеэр онцолсон юм. Шинжлэх ухаан, технологийн шийдэл, инновацийн үр ашигтай тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлээд буй Хууль сахиулахын их сургууль нь профессорын судалгааны 17 багийг байгуулаад байна. Эдгээр профессорын судалгааны баг нь эрдэмтдийн судалгааны ажлын үр дүнг сургалт, үйлдвэрлэлд нэвтрүүлэх үүргийг хүлээдгээрээ давуу.

Хамгийн чухал нь мэдлэг, чадварт суурилсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн уг арга хэмжээг Их сургууль маань бодлогын түвшинд авч хэрэгжүүлээд байгаа. “Хууль сахиулахын салбарын инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх”, “Хууль сахиулахын их сургуулийн инновацийг 2015-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг тус бүр батлан хэрэгжүүлсэн нь Их сургуулийн хувьд олон бүтээлч ажлаар шинжлэх ухааны ажилтны өдрийг угтаж буйн тод жишээ гэж болно.

Өнгөрсөн хуацаанд манай эрдэмтэн судлаачид багагүй эрдмийн бүтээл туурвижээ. Их сургуулийн хэмжээнд энэ онд таван багш, ажилтан эрдмийн зэрэг хамгаалсан гээд чамлахааргүй амжилтуудыг үзүүлээд байна.

“Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл-2016” болзолт уралдаан саяхан Их сургуулийн хэмжээнд зохион явагдсан. Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн уг шалгаруулалтад Хууль сахиулахын их сургуулийн профессор, багш нийт 54 эрдэм шинжилгээний бүтээл ирүүлснээс хоёр бүтээл шалгарчээ. Үүний нэг нь Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Долгорсүрэн, докторант Д.Булган нарын “Монгол Улсын Цагдаагийн эрх зүйн курс” хамтын бүтээл аж. Тус бүтээлд цагдаагийн эрх зүйн чиглэлийн холбогдох ном бүтээлийг харьцуулан үзэж, шинжлэн судалсан, цагдаагийн эрх зүй нь захиргааны эрх зүйн төрөлжсөн дэд салбар болохыг нотолж, түүний агуулгыг тодорхойлжээ.

Харин нөгөөд нь Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Бүгд найрамдах Чех улсын “Каритас Чех” байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Ял эдэлж буй хүмүүсийг эрх зүйн зөвлөгөөгөөр хангах нь” дэд төсөл шалгарсан байна.

Дээрх хурлын үеэр шинээр хууль зүйн докторын зэрэг хамгаалсан эрдэмтдэд диплом, мөнгөн шагнал гардуулахын зэрэгцээ Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга н.Зоригт Хууль зүйн сайдын мэндчилгээг Их сургуулийн багш, алба хаагчдад уламжилсан билээ.

Энэхүү мэндчилгээнд “Хууль сахиулахын их сургуулийн эрдэмтэн судлаач, профессор, багш, ажилтан та бүхэнд Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ой, шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэндийг хүргэе. Монгол Улсын төрөөс шинжлэх ухаан, технологийн газраас баримтлах бодлогын хүрээнд Хууль зүйн яам салбарын иннновацийн үр ашигтай тогтолцоог хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, сургалт үйлдвэрлэлийн арга барилыг баяжуулах, судалгааны үр дүнд сургалт үйлдвэрлэл нэвтрүүлэх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, системчлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Шинжлэх ухаан, технологийн шийдэл, инновацийн тогтолцоог нэвтрүүлэх, мэдлэг, чадварт суурилсан эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын үйл ажиллагаа явуулах, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх ажилд Хууль сахиулахын их сургуулийн эрдэмтэн судлаач та бүхний үүрэг, оролцоо, идэвхи санаачилга чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Улс эх орны түүчээ эрдэмтэн, судлаач, профессор, багш, ажилтан та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, бүтээл туурвилын амжилтыг хүсье” хэмээн дурджээ.

Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ой, шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулсан тус арга хэмжээг Их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгээс зохион явуулсан билээ. Хил хамгаалах ерөнхий газрын хурлын танхимд болсон уг хурлын үеэр ажил бүтээлээрээ шалгарсан тэргүүний алба хаагчдад Их сургуулийн удирдлагууд шагналыг нь гардуулсан юм. Тухайлбал, БСШУЯ-ны “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, жуух бичигээр ЭЗНУС-ийн Бие хамгаалах бэлтгэлийн тэнхимийн ахлах багш, ахмад Х.Түвшинтөгс, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдгээр Хууль сахиулахын удирдлагын академийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн профессорын багийн дэд профессор, хурандаа Л.Алтансүх, “Цагдаагийн алдар” тэмдгээр Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа О.Амарсайхан, Цагдаагийн сургуулийн тэнхимийн Эрүүгийн тагнуулын тэнхимийн багш, ахмад Ч.Доржсүрэн, “Хүндэт жуух бичиг”-ээр Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Хил судлалын төвийн эрхлэгч хурандаа Ж.Өвгөнбүргэд, Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан ахмад Б.Мөнхдорж нар шагнуулсан юм. Харин “Цагдаагийн гавьяа” тэмдгээр Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Хууль сахиулахын инновацийн төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дэд хурандаа З.Цэрэнбат, Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр ЭЗНУС-ийн Эрх зүй онолын тэнхимийн дэд профессор, дэслэгч Ж.Ууганчимэг, “Хилчний алдар-III” тэмдгээр ЭЗНУС-ийн Эрх зүйн онолын тэнхимийн багш ахлах дэслэгч Т.Азжаргал нар хүртлээ. Хууль сахиулахын их сургуулийн “Баярын бичиг”-ийг Цагдаагийн сургуулийн Мөрдөх ажиллагааны онол, тактикийн тэнхимийн дэд профессор, ахмад Г.Амаржаргал, Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний туслах ажилтан дэслэгч Э.Чимэдлхам, “Сайшаалын үнэмлэх”-ийг Цагдаагийн сургуулийн Шинжлэн магадлахуйн тэнхимийн ахлах багш С.Аюушбаатар нар гардсан юм.

Их сургуулийн “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулсан тус хурлаар тохиосон томоохон арга хэмжээний нэг нь Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн доктор, профессор, бэлтгэл хурандаа А.Лхагва гуайд “Хүндэт профессор цол” гардуулах ёслол байлаа. Тэрбээр цолоо гардсаны дараа Их сургуулийн багш, алба хаагчдад хүндэтгэлийн лекц уншсанаар арга хэмжээ үргэлжилсэн юм.