Дэлхийн шилдэгт багтсан монгол архитекторуудад батламж гардууллаа
2015/12/10
Олон улсын Архитекторуудын эвлэл /UIA/-ээс жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн шилдэг 100 архитектор-2015” үзэсгэлэн БНСУ-ын Сөүл хотноо өнгөрсөн аравдугаар сарын 21-25-нд болж өндөрлөжээ. Энэ удаагийн арга хэмжээг дэмжиж Монголын архитекторуудын эвлэл /МАЭ/, БНСУ-ын Архитекторуудын институц /КИРА/ хамтран ажилласан юм. Үзэсгэлэнд оролцсон Монголын шилдэг есөн архитекторт батламж гардуулах ажиллагаа өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 9-нд Монголын архитекторуудын эвлэлийн Хүндэтгэлийн танхимд боллоо. Манай улсаас архитектор Ө.Ганболд, Д.Балдан, С.Цахиур, Г.Нямцогт, Г.Нарангэрэл, Ж.Баясгалан, Ж.Алтантуул, Л.Ганбат, Ц.Батбаяр нарын хүмүүс үзэсгэлэнд бүтээлээ явуулж, Монголын архитекторуудын чадвар чансаа, арга барилыг дэлхийд сурталчилсан байна.
Хэнтий аймгийн есөн гайхамшгийн нэг, ар халхын Утай Гүмбэн гэж алдаршсан Балдан Врайбүн хийдийн цогчин дуганг сэргээн завсарлах ажилд архитектороор ажилласан Ц.Батбаяр, Г.Нямцогт нарын бүтээл олон улсаас өндөр үнэлгээ авчээ. 1789 онд Цорж лам Цэвээндоржийн санаачилгаар дөрөвдүгээр Богдын зарлигаар байгуулсан Балдан Врайбүн хийд 1937 оны хүн амын тооллогоор 8000 ламын данстай байсан. Тэдний 3000 нь цогчин дугандаа, бусад нь гадна талын хийд, Ламын хүрээ, Хүүхэн хутагтын хийд зэрэгт шавилан суудаг байж. Цогчин дуганг Монгол, Хятад, Энэтхэг, Түвдийн ламтангуудын нэгдсэн хүчээр барьсан. 164 баганатай, 164 хаалгатай, 30 цонхтой, гурван давхар хаалгатай барьсан. 1817 оны үед дуусгаж аравнайлсан энэ барилга тэр үедээ Монголын хамгийн өндөр барилга байсан юм гэдэг. Гэвч 1930-аад оноос коммунист дэглэмийн уршгаар бурханы шашин, лам нараа хавчих үеэр тус хийдийг нурааж, сүйрүүлжээ. Дуганг 2008-2010 онд сэргээн засах ажил эхэлсэн бөгөөд 510 мянган ам.долларын санхүүжилт шаардсан ажил байжээ.
Архитектор Ө.Ганболдын тухайд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байгуулах Уул уурхайн жишиг сургуулийн архитектор дизайны шийдлийг төлөвлөжээ. Сургууль, дотуур байр, номын сан, спорт заал, ногоон байгууламж, лаборатори гээд 570 оюутанд зориулсан цогцолбор. Боловсрол соёл, шинжлэх ухааны яам болон Оюутолгой төслийн захиалгаар хийсэн энэхүү ажил хараахан эхлээгүй байгаа боловч Тавантолгой, Оюутолгойн баялгийг хадгалж буй их говийн хөрсөн дээр сүндэрлэх нь зайлшгүй.
С.Цахиур, Г.Нарангэрэл, Л.Ганбат нарын архитекторууд Хүй долоон худагт баригдаж буй Монгол наадам цогцолбор бүтээлээрээ оролцжээ. Үндэсний хэв шинж, монгол наадамын уламжлалыг тодотгосон энэхүү цогцолборын архитектор шийдэл нь хот байгуулалттай холбогдсоноороо онцлог. Үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдийг альбом болгон гаргаж бусад дэлхийн гишүүн орнуудад тараажээ. Тэгвэл эх орныхоо болон Монголын архитекторуудын ур чадварыг харуулж чадсан манай шилдгүүдэд Олон улсын архитекторын холбооны ерөнхийлөгч нь гарын үсэг зурсан батламжаа ирүүлснийг нь өчигдөр ийнхүү МАЭ-ийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар гардуулсан юм.
НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн ОУАЭ нь дэлхий даяар 124 улс орны мэргэжлийн Архитекторуудын холбоодыг нэгтгэсэн ойролцоогоор 1,3 сая гишүүдтэй. Монголын Архитекторуудын эвлэл 1963 онд Олон улсын Архитекторуудын эвлэл(UIA)-ийн гишүүнээр элссэн байна.