Төр засаг нь хүүхдийг хайрлаад бас хамгаалаад байгаа нь энэ гэж үү?
2013/08/06
...Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол
Хүн бүхэн сууна даа гэж хааяа би боддог юм...
Энэ дууг сонсоогүй, аялаагүй нэгэн үгүй гэхэд хилсдэхгүй бизээ. Он цаг улиран өнгөрсөн ч үнэ цэнээ үл алдах энэ л дуу өдгөө ч бидэнд дуулагдсаар.
Гэхдээ хүн бүрийн хүүхэд нас үлгэрийн юм шиг жаргалтай байдаггүй нь харамсалтай. Бидний амьдарч буй нийгэм хүүхдээс жаргалтай насыг нь булааж, бяцхан сэтгэлд нь шаналал нэмж айдас хүйдэст автуулж байна. Төрсөн эцэгтээ заазуурдуулсан, хойд аавдаа хүчиндүүлсэн, гэрээсээ дайжсан, сургууль завсардсан, хэрэг төвөгт орооцолдсон гээд л хүүхдийн талаарх хар бараан мэдээлэл уртаас урт цуваа үүсгэнэ.
Бид хүүхдийн эрх зөрчигдөж байна, энэ байдал хэрээс хэтэрлээ гээд л ярьдаг хэдий ч чухам хүүхэд аль төрлийн гэмт хэрэгт илүү холбогдож, хаана хүүхдийн эрх хамгийн ноцтой зөрчигдөж байгааг төдийлөн сонирхдоггүй нь үнэн. Тиймээс энэ удаад бид хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар хөндөж байна. 1998 онд хүчирхийлийн эсрэг Үндэсний төвийн хийсэн судалгаанаас үзвэл, манай улсад хоёр хүүхэд тутмын нэг нь ямар нэгэн хүчирхийлэлд өртдөг гэсэн дүн гарсан байдаг. Энэ бол мэдээж сэтгэл түгшээсэн тоо баримт.
Хамгийн харамсалтай нь, хүүхэд гэр бүлийн хүнд нөхцөл, эцэг эхийн дарамт шахалтаас үүдээд төрсөн гэрээсээ дайжих нь ихсэх хандлагатай болсон байна. Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харвал, улсын хэмжээнд нийт халамж асрамжийн 55 байгууллагад 1798 хүүхэд амьдарч байна. Зарим халамж асрамжийн болон хорих байгууллага дахь хүүхдүүдээс авсан судалгаагаар тэнд хүүхэд бүр хэн нэгний зүгээс ямар нэгэн шийтгэл амсдаг гэжээ. Тэрчлэн тэд ял эдэлж байх хугацаандаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэл, дарамтанд өртдөг гэж судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн ихэнх нь хэлсэн байна. Тэд нийгэмшүүлэх, нөхөн сэргээх мэргэжлийн үйлчилгээг хангалттай хүртэж чадахгүй, харин ч эсрэгээрээ дахин өөр төрлийн гэмт хэрэг үйлдэж, ялаа нэмүүлэх тохиолдол нэлээд гардаг байна.
Энэ мэтчлэн жишээнээс харахад, хүүхдийн эрх гэр бүл, сургууль цэцэрлэг, тэр ч бүү хэл хорих газарт хүртэл зөрчигдөж байна.
Хүүхдийн хүчирхийлэл дундаас охидыг хүчирхийлэх гэмт хэрэг багагүй хувийг эзэлдэг байна. Хүчирхийллийн хэргийн 26.6 хувийг ураг төрлийн хүчин эзэлж байгаа бөгөөд хохирогчидын 60% нь 5-18 хүртэлх насны охид байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.
Гэхдээ харамсалтай нь хуулийн байгууллагад бүртгэгдсэн энэ төрлийн гэмт хэргүүдийн 88% нь шүүхийн өмнөх шатанд хэрэгсэхгүй болж байна. Бид чухам л эх орныхоо ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө “За” гэж хэлэхийг уриалдаг, тэднийг хайрлах хэрэгтэй гэж ирээд л ярьдаг бас тунхагладаг. Гэхдээ хайрлаад бас хамгаалаад байгаа нь энэ гэж үү? Тэдний эрх бидний нүднээ илт зөрчигдөж, хүний санаанд баймгүй хэрцгийгээр дарамтлуулж байхад авч буй арга хэмжээ нь юу билээ?
Ямар ч л байсан энэ талаар бид сонсоогүй, дуулаагүй биш болохоор авч буй арга хэмжээгээ сайжруулж, холбогдох байгууллага, албан тушаалтан нь анхаарч ажиллах цаг хэдийнэ болжээ. Тэгэхгүй бол хүүхдийн эрх зөрчигдсөөр, авсан арга хэмжээ төдийлөн харагдахгүй байсаар байх гэж үү? Хүүхдийн төлөө хийж буй ажлыг бүгдийг үгүйсгэх гээгүй ч илүү сайжруулж, үр дүнг нь олон нийтэд хэлдэг, мэдээлдэг боллх нь зүйтэй болов уу. Хэрэв тэгж чадвал хүүхдийн эрх зөрчигдөх нь багасах боломжтой гэж үзэж байгаа юм.
Б.Хорлоо
Зочин · 2013/08/07
demjij bna. hunguluud l baiya. ene neeree amar yum bna
Зочин · 2013/08/07
huchin hiisen hulgaichuudiig za***g bolvol yasiin be. ene bol hamgiin goy shiitgel. ami nasnad ni hal balgui. iim huuli urgun bariach ee. uksiin ih hurliin 76 gishuun ee. bid tsaazal geegui bna shuu dee. zugeer l hunguluud orhiyo. heden hunhunguluuleh bol. aygui bol 50 huvi ni bha daa.