Тэр яг өөрийнхөөрөө. Хэн нэгний сүүдрийг дагадаггүй, бас хэн нэгний сүүдэрт дарагддаггүй. Тийм ээ, тэр яг өөрийнхөөрөө. Харин хаан төгс ухаан, хатан цэцэн ухааныг энэ цагийнханд мэдрүүлж, Монгол суу ухааныг дэлхийд таниулж яваа нэгэн.

“Ертөнцийг танихад туслахуй”. Түүний бичсэн энэхүү цувралаас “Хүн болохуй, байхуй” хэмээх бүтээл анхаарлыг минь татав. Хүн болох, хүн байх... Энэ бүхний цаана үнэн байх хүн ухаан оршино. Тэгвэл хүмүүний амьдрал гэж чухам юу юм бэ. Идэх, уух, өмсөх, зүүх, гэр бүлтэй болж үр удмаа үлдээх дээр энэ долоон үсэг тогтох уу. Ингэлээ гээд хүний сэтгэл ханах ёстой юу. Монгол суу ухааны “Манукол” академийн тэргүүн, доктор Зулаагийн Бат-Отгон энэ тухайд “Ийнхүү амьдрах нь хүн амьтдаас огтхон ч ялгаагүй амьдарч байгааг илтгэнэ. Ингэснээр хүн амьтан хэвээр үлдэж, амьдрал нь зөвхөн зөн билгийн буюу адгууслаг амьдрал болно” хэмээн бичжээ. Харин хүн болох, хүн байхыг эрмэлзэгчдэд хандан “Дурсах, дурсагдахуйн нэгдэл буюу хүн болох, хүн байхын учир утгыг ухаарч, ухааруулах боломж олгодогтоо л амьдрал үнэ цэнэтэй” гэж хэлсэн юм. Эрдэмтэн бүсгүйтэй хийсэн ярилцлагыг маань эрхэм уншигч та таалан соёрхоно уу. 

-Ний нуугүй хэлэхэд, та их эршүүд зантай. Ихээхэн хатуу хэрнээ үнэн үгтэй. Тиймдээ ч зарим нь танаас эмээж, нөгөө хэсэг нь тантай эрдмийн их садан бололцохыг хүсдэг биз. З.Бат-Отгон хэмээх үг яриа хурц, дайчин шаламгай бүсгүйг харахад морин дэл дээр салхи татуулан давхиж яваа хөдөө нутгийн хэрсүү охид санаанд ордог. Таны тухай энэ бодол минь хэр оносон бол? 

-Хөндлөнгөөс харсан нэгэнд би тийм сэтгэгдэл төрүүлдэг л байх. Миний хувьд, малчны хотонд төрж, морь унаж өсөөгүй. Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрж, аймгийн төвд хүүхэд ахуй үеэ өнгөрүүлсэн. Өссөн газар маань Буриад маягийн суурин. Тэр тусмаа Улаан-Үд, Эрхүү, Наушк, Хиагтын буриад зоны нөлөө их туссан. Өөрөөр хэлбэл, би буриад ахуй дунд өссөн хүн. Ногоо тарина, уулнаас мод хийж хөрөөднө. Банз бэлтгэж, газар гишгэнэ. Ногоогоо хурааж, даршилж хадгална. Тэр үед сэлэнгэчүүд мал аж ахуй нэг их эрхэлдэггүй байсан. Харин одоо арай өөр болсон л доо. Биднийг бага байхад таваас дээш ам бүлтэй айлд долоо хоногт хоёр килограмм махны талон оногддог байлаа. Монгол Улсын газар тариалангийн нийт бүтээгдэхүүний 40 хувийг Сэлэнгэ аймаг дангаараа нийлүүлдэг байсан. Ийм л нутагт төрж өссөн учраас би газар тариалангийн ажлыг сайн мэднэ. Зах хязгаар нь үл харагдах төмсний талбайг бид хүрзээр гишгэдэг байлаа. Манай улс 1980-аад онд нэг га-аас 35 центнр ургац хурааж, Сэлэнгийн гурилын үйлдвэрийн элеваторууд бүгд дүүрч, улаан буудайгаа хадгалах талбайгүйн улмаас стадионд хадгална. Зүгээр л ногоон зүлгэн дээр асгачихна. Гэвч улаан буудай удахаараа доороосоо шатаж, ямар ч хэрэггүй болдог. Тийм учраас 8-10 дугаар ангийн сурагчид тэр их улаан буудайг багш нартайгаа хамт шөнөжин эргүүлж хонодог байсан. Ингээд өглөө 06 цагийн үед гэр, гэртээ харьж, хүзүү, толгойгоо угаачихаад хичээлдээ явцгаадаг байлаа. 
-Нэг ёсондоо ажлаас хойш сууж, залхуурах эрх та нарт байгаагүй, тийм үү. Гэвч хүүхэд л юм хойно аав, ээждээ эрхэлж, тоглохыг хүснэ. Тиймээс тэр хүнд ажлаас шантрах үе байна биз дээ? 

-“Үгүй” гэж хэлбэл одоогийн хүүхдүүд гайхах байх. Гэхдээ бидний амьдрал тийм л байсан. Дөрөвдүгээр ангийн сурагчид нүх ухаж мод тарина. Дээр үед хятадууд барьсан чулуун байшинг буулгана. Сэлэнгийн үерийн далангуудыг барихад ч бид оролцож байсан. Тэр ч бүү хэл олон, олон цэцэрлэгт хүрээлэнг байгуулалцаж байлаа. Энэмэтчилэн цагаан захт эрчүүд бараг хийдэггүй хар бор ажлыг нугалдаг байж дээ. Би долдугаар ангид байхдаа 70 килограмм жинтэй шуудайтай төмсийг мөрлөөд л алхдаг байсан. Есдүгээр ангидаа 40 литрийн бидонтой ус мөрлөчихдөг л байлаа. 

-Ээж тань “Боль, миний охин. Хуруу, гар чинь эвдэрнэ” гэж байгаагүй юу? 
-Яах юм. Сэлэнгийнхэн бүгд тийм юм чинь. Нийгэм нь, амьдралын орчин нь ийм байсан. Тэгэхэд Сэлэнгэд ганц ч нэгдэл байгаагүй. Бүгд сангийн аж ахуй. Том, бага, хөгшин, залуу, эр, эмгүй зүтгэж байж Монгол Улсын газар тариалангийн салбарын гол ачааг нуруундаа үүрч байсан. Энэ бол сэлэнгэчүүдийн баатарлаг гавьяа. Би ийм л орчинд бага насаа өнгөрүүлсэн. Зун болно. Бидэнд тоглох эрх байгаагүй. Нэгдүгээр ангиа төгсөөд л барилга дээр 14 хоног туйпуу зөөдөг байлаа. Хоёрдугаар ангиа төгсмөгц аймгийн төвөөс 100 гаруй километр зайд орших суманд ажиллаж, төмс, нарийн ногооны талбай дахь зэрлэгийг 14 хоног зулгаана. Юун үсээ самнахтай манатай. Ногоо усалдаг шланкаар толгой руугаа ус асгаж, самнасан болно. Үүнээс болж ангиараа бөөстчихөөд харьж байсан удаатай. Ийм хатуу хөтүүг туулж байж бид хүн болсон юм. Харин өнөөдөр хүүхдүүд тийм хүнд ажил хийвэл эцэг эхчүүд яах бол. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд л гэнэ. Хүүхдийн хүнд хөдөлмөр л гэнэ. Хүүхэд нь нэг өдөр ангиа угаачихвал аав, ээж нь бараг мөнгө нэхэх гэж байна шүү дээ. Гэвч энэ байдал хүнийг хүн болгодоггүй юм. Та нар Улаанбаатарын охид, хөвгүүдийг хараарай. Цонхийсон туранхай “Амь нь хаана байгаа юм” гэмээр байгаа биз дээ. Үгүй, энэ чинь тэд биед тустай хөдөлмөрлөхгүй байна. Бүтээлч ажил хийхгүй байна. Эцэг эхдээ тус дэм болохгүй байна. Өрх гэр, улс орныхоо бүтээн байгуулалтад оролцохгүй байна. Нэг л их хувиа хичээгсэд... Компьютерийн ард сууж, нэгэн биеийн жаргал хөөгсөд болон хувирлаа, тэд. 

-Ингэхэд та айлын хэд дэх хүүхэд вэ. Аав тань тээврийн жолооч байсан гэлүү? 
-Би эцэг эхээс наймуулаа. Дээрээ хоёр ах, хоёр эгчтэй. Доороо гурван дүүтэй, айлын дунд охин л доо. Ах, эгч нар маань түрүүчээсээ оюутан болж, өрх тусгаарласан учраас дүү нараа асрах үүрэг надад оногдсон. Ингээд л хашаа хороогоо засаж янзлан тахиа, галуу, гахай, туулайгаа тэжээнэ. Нэг зуу гаруй толгой малыг хоёр километр газарт тууж, эргүүлдэг худагнаас усалчихаад буцааж авчрахад ямар ч ууртай хүний уур барагдана. Аав, ээж хоёр маань маш хөдөлмөрч, аж ахуйч хүмүүс байсан. “Малчин хүн мянган мэргэшилтэй” гэдэг шүү дээ. Бидний хувьд мянган мэргэшилтэй нь юу юм. Гэхдээ л аав, ээж хоёр минь хүүхдүүдээ зуун мэргэшилтэй болгож өсгөсөн. Тийм учраас би ахуй, аж ахуй талдаа огтхон ч түүртэж тордоггүй. Яагаад гэвэл, би мэдээ орох цагаасаа гаапуу барьж, ногооны талбайд ажиллаж байлаа. Нэг ах маань надаас хоёр ах. Би тавдугаар ангид байхдаа ахтайгаа хоёулхнаа байшин барьж байсан. Тэр үеийн хүүхдүүд зуныхаа амралтаар сургалтын материалаа ч бэлтгэдэг байв. Тэдгээрийг өөрсдөө хэрэглээд зогсохгүй дүү нар, ах, эгч нарынхаа хүүхдүүдэд хэрэглүүлнэ. Ер хийхгүй ажил байдаггүй байлаа.  

-Тэр их ажлын хажуугаар та бүхнийг эрдэм номд сургасан багшийн талаар асуумаар байна. Доктор З.Бат-Отгонд “А” үсэг заасан анхны багш хэн бэ? 
-Долгорсүрэн гэдэг буурал бий. Өдгөө Сэлэнгэ аймгийн төвд амьдардаг. Сургуулийн маань 30 жилийн ой хоёр жилийн өмнө болох үеэр би “А” үсэг заасан багштайгаа уулзсан. Бид байнга холбоотой байдаг. Ер нь хүн эрдэм номд хэрхэн шамдаж, ямар хүн болохыг анхны багш л чиглүүлж өгдөг. Суурийг нь сайн тавьчихвал өндөр байшин барихад түвэггүй болдог шиг бага ангийн багш нь сайн бол хүүхдийн суурь зөв тавигдана. Тийм хүүхэд хүмүүжил, мэдлэгээрээ хэнээс ч дутдаггүй. Судлаач, багш болж олон хүнийг эрдэмд сургаж байгаагийн хувьд би зүг чигийг минь зөв гаргаж өгсөн Долгорсүрэн багшийнхаа ачийг ямагт санаж явдаг. 

-Үнэхээр ч таныг “Миний багш” гэж хүндэлдэг хүн олон. Тэдний дунд салбар, салбарт нэр хүндтэй хүмүүс цөөнгүй бий. Та тэдэнд хэр хатуу шалгуур, шаардлага тавьдаг вэ?      
                
-Би шавь нартаа “Хар бор ажил хий. Бие, булчин, тархи, оюун ухаанаа задал. Ингэсний дараа л оюуны талбарт хөл тавьдаг юм” гэж захидаг. Ерөөс хүн амьдралын хүнд хэцүүг туулах хэрэгтэй. Хатуу хөтүүг туулах чадвар, тэвчээртэй болж гэмээнэ хүн их үйлийг бүтээдэг. Харамсалтай нь одоогийн хүүхдүүд бэлэн юман дээр өсөж, сургууль соёл төгсөөд л нэг их мундаг хүмүүс болчих юм шиг бодож байна. Үгүй ээ, тийм биш. Агуу гайхамшиг амьдралаас, тэр дундаа амьдралын хатуу хөтүү дундаас бий болдог юм. Амьдралын хүнд хэцүү тохиолдлууд хүнийг ирлэдэг, хурцалдаг, ухааруулдаг, бас хүчирхэг болгодог. Миний өдий зэрэгтэй яваа нь үүнтэй холбоотой. Хүн аливаа бэрхшээлийг даван туулахын тулд тархиа ажиллуулна. Тархиа ажиллуулснаар сэтгэнэ. Олон, олон шийдлийг бодож олно. Тэдгээрээс хамгийн оновчтойг нь сонгодог. Тиймээс би “Хөдөлмөр хүнийг бий болгосон” гэдэг үгтэй санал нийлдэг юм. Шавь нартаа хэлдэг л дээ. “Одоо ч би хамгийн хүнд гэхэд цүнхтэй ном, компьютерээ л үүрдэг болж” гэж. Гэхдээ залуучуудад зөвхөн ярих биш, үзүүлэх хэрэгтэй мэт санагддаг. Яаж ажилладаг байснаа өөрийн биеэр үзүүлэхгүй ч “Бид төдөн онд ангиараа, сургуулиараа яг энд ингэж ажиллаж байлаа” хэмээн нүдэнд нь харагдтал яривал хүмүүс юм бодно, ойлгоно. 

-Та эрдэмтэн, судлаач төдийгүй гайхалтай уран илтгэгч. Зарим хүн таныг “Буудлагын спортын маш сайн тамирчин байх байсан” гэдэг юм билээ?  
-Багадаа техник их сонирхдог байсан. Одоо ч тийм. Буудлага хийвэл хийчихнэ, машин жолоодвол жолоодчихно. Машин жолоодохдоо тулбал би ямар ч сайн жолоочтой хурд, хүчээ сорино. Ер нь над шиг “Прадо” жипээр мөнх цаст Цамбагарав хайрханд гарсан эмэгтэй битгий хэл эрэгтэй хүн ч байхгүй. Нутгийн хашир туршлагатай жолооч нар энэ хайрхан өөд “Фургон”, “УАЗ-469”-өөр гардаг юм билээ. Тэгэхэд би хоёр жилийн өмнө тэр хайрхны оргилд гарсан. Нутгийн зон олон ч ихэд гайхсан. Техникт ийм л сонирхолтой хүн дээ, би. Энэ нь миний эршүүд зан, удам судартай ч холбоотой байх. Аав минь 

“Зуун милийн Зулаа 
Зуданд суудаггүй Зулаа 
Зусар бялдуучгүй Зулаа 
Зарганд бол дийлдэшгүй Зулаа 
Залинд бол мэхлэгдэшгүй Зулаа
” гэж их алдартай хүн байсан. Үнэхээр ч миний аав социализмын үед “Гуч” машинаар дандаа зуун милийн хурдтай давхидаг байж билээ. Нэгэн удаа аймгийн намын хорооны дарга аавын дэргэд сууж яваад даралт нь ихэсч, галт тэргээр харьсан гэдэг. Харин би “Наймдугаар ангиа төгсөөд жолооч болно” гэж боддог байлаа. Гэвч сурлагаараа нэгдүгээрт орсон учраас захирал, багш нар есдүгээр ангид шууд хуваарилсан. Намайг долдугаар ангид байхад тооцоолон бодох машин буюу ТБМ гарч, программчлалын анхны мэдэгдэхүүнтэй болж байлаа. Ес, аравдугаар ангид байхад энэ нь бүр ч түлхүү хөгжсөн. Тэр үед “Автомат удирдлагын систем” гэж их ярьдаг байсан. Миний хувьд, аравдугаар анги төгсөхдөө инженер, тэр дундаа нарийн мэргэжлийн автомат удирдлагын инженерийн мэргэжлийг сонирхож байв. Хэрэв би уралдаант шалгалтад орсон бол тэр ангид орчих л байлаа. Гэвч тухайн үед “Багшлах боловсон хүчин бол маш шалгарсан хүмүүс байх ёстой” гэх нам засгийн бодлогоор аравдугаар ангиа онц төгссөн хүүхдүүдийг шалгаруулж авдаг байсан. Ингээд би шалгалтад хамгийн дээд буюу 15 оноо авч Багшийн дээдийн Физик, математикийн ангид суралцах болсон доо. Өөрөөр хэлбэл, инженер, тэр дундаа автомат удирдлагын чиглэлээр суралцах хүсэл минь талаар өнгөрсөн. Хэрэв би автомат удирдлагын чиглэлээр суралцсан бол мэдээллийн технологийг илүү сонирхон судлах байв. Багшийн дээдээс ТИС руу шилжих гэж их хөөцөлдсөн ч зам нь хаалттай байсан. Хааяа боддог юм. “Физик, математикийн багшийн мэргэжил эзэмших нь миний хувь заяа байсан юм байна” гэж. Харин инженер болсон бол өнөөдөр хэдэн ажилчидтайгаа хэрэлдсэн нөхөр юм уу, их л сайндаа компани байгуулж, мөнгөний хойноос хөөцөлдсөн хүн байх байсан биз. Гэтэл намайг энэ их өндөр заяа руу соронздож хөтөлсөн нь тэнгэрийн дохио, тэнгэрийн учрал, тэнгэрийн эрхшээл байсан юм шиг байгаа юм. Хэрэв би сургуулиа сольсон бол оюуны их ай савд орж, эрдмийн их далайг шүүрдэж, тэр тусмаа агуу их оргил нь болсон Монгол суу ухааны яндашгүй их далайд “живэхгүй” л байх байсан. 

-Хүмүүс “Эх түүхийнхээ жимээр аяллаа” гэж ярих нь олонтаа. Харин та тэрхүү жимийг өөрөө нээж, шавь нартаа газарчилж яваа мэт санагддаг. Энэ амьдрал яг хэзээ эхэлсэн бэ? 
-Би үүнийг “Тэнгэрийн эрхшээл” гэж боддог. Миний хувьд, дотроо нэг л зүйлийг хайж байсан. Учир нь “Хүмүүс яагаад ийм олноороо зовж байна вэ. Бас юуны учир ядарч, ядуураад байна вэ. Яагаад ийм ухаан муутай, мунхаг, бүдүүлэг байна вэ” гэдэгтэй хэзээ ч эвлэрч чаддаггүй байлаа. Ялангуяа физик, математикийн шинжлэх ухааныг судалж, тархи их задарсны дараа, бүр тодруулбал их сургуульд багшилж байхдаа би дотоод сэтгэлийн айхтар их эмзэглэлтэй болсон. Хүмүүсийг ажиглахаар “Үнэхээр өчүүхэн” гэхэд багадам санагддаг байлаа. Бүх талаараа шүү. Гэвч тэр үед шинжлэх ухааныг шүтдэг байв. Харин би “Оршихуйн хууль байхгүй учраас хүмүүс санасан, санаснаараа, дур, дураараа амьдарцгаадаг юм байна. Тэдгээрээс онох нь ч бий, алдах нь ч бий” гэж үзээд физик, математикийн онолыг шүүрдэж, оршихуйн түгээмэл хуулийг хайгаад олоогүй. Аргаа бараад өрнө, дорнын гүн ухааныг нэлээд гүнзгий судаллаа. Харамсалтай нь орчлонгийн оршихуйн түгээмэл хуулийг олж чадаагүй. Ингээд шашны гүн ухаан, тэр дундаа Буддын гүн ухааныг хамгийн түрүүнд судалж эхэлсэн. Энэ талаар судлахын тулд түвд бичигт суралцах шаардлагатай болсон л доо. Дараа нь эзотерик, синергетик рүү орлоо. Гэвч хүмүүс орчлонгийн оршихуйн түгээмэл хуулийг одоо болтол мэддэггүй, ярьдаг ч үгүй. Хүн төрөлхтөн зөв оршин амьдарч байж элдэв зовлонгүй, сайн сайхан амьдарна. Харин дээрх хуулийг одоо болтол нээгээгүй, мэдэхгүй байна. Миний хувьд, тэр хуулийг олон жил хайсан ч хүн төрөлхтөний таван том мэдлэгийн сан буюу шинжлэх ухаан, философи, шашин, эзотерик, синергетикээс олоогүй. Эцэст нь би Монголоо судалсан. Эрсэн зүйлээ ч олсон. “Монголчуудад бие даасан мэдлэгийн сан байдаг. Түүнийг “Монгол суу ухаан” гэдэг юм байна” гэдгийг ч ойлгож мэдэрсэн. Тэр дунд миний хайж явсан орчлонгийн оршихуйн түгээмэл хууль хэмээх гайхамшиг байсан даа. Гэрийн, номын, хувилахуйн онол хэмээх гурван том онол дээр уг хууль оршин тогтнодог. Монголчууд энэхүү хуулийг 100 мянган жилийн өмнөөс ойлгож, мэдэрч, байгаль, орчлонгоос олж танин амьдралдаа хэрэгжүүлсэн нь нүүдлийн соёл иргэншил юм. Харин хэрэгжүүлсэн технологи нь бөө юм байна гэдгийг ойлгосон. Хүн төрөлхтөн шинжлэх ухааны мэдлэгийг техник, технологи болгон ашиглаж байна. Тэгвэл Монгол суу ухааны мэдлэгийг бөө технологи, аргачлалаар амьдралд хэрэглэсэн. Ингэж бүтээсэн амьдрал нь нүүдлийн соёл иргэншил. Энэ бол маш гайхамшигтай соёл. Гэвч бид эх оронгүй, хэрэн хэсэж явдаг цыгануудыг “Нүүдэлчид” гэж ойлгож байна. Эх оронгүй байсан еврейчүүдийг нүүдэлчид байсан мэтээр ярьцгаадаг. Үгүй шүү дээ. Улаанбаатараас Дархан, Москва, Вашингтон, Токиогоос Нью-Йорк руу явна гэдэг нь байр сэлгээ, байр шилжих л ойлголт юм. Өөрөөр хэлбэл, энэ нь хавтгай хөдөлгөөн. Нүүдлийн тухайд яривал, дандаа дээшээ нүүдэг. Нэг ёсондоо тэнгэрийн гэрэл, тэнгэрийн орой руу нүүж, дээшээ дэвшиж явахад оршино. Тийм учраас монголчууд тархи, оюун санаа, зөн билэг, оршихуй, амьдрахуй, амьдралаа засаж төвшитгөхүйн хувьд нүүдэл хийж, хамгийн дээд цэгт хүрсэн хүмүүс. Ийм байхад “Нүүдэлчид” гэж нэрлэхээс яах вэ. 

-“Монгол хатан ухаан” хэмээх номондоо та “Эр, эм хоёрын дундаас удам төрнө. Өөрөөр хэлбэл, удамшил, уламжлал хоёр нийлж гэмээнэ сайн удам төрдөг” гэж дурьджээ. Шинэ зууны монголчууд бид сайн удмаа хэр хадгалж байгаа бол? 
-Эрэгтэй, эмэгтэй гэдэг нь бэлэг эрхтэнийг нэрлэж байгаа юм. Амьтанд хүртэл эрэгчин, эмэгчин гэж байдаг. Үүнийг нь тодорхойлдог бэлэг эрхтэн гэж нэг юм бий. Тэгвэл эрэгтэй, эмэгтэй хүний хооронд ямар ч ялгаа байхгүй. Эрэгтэй хүн хоёр зүрхтэй, эмэгтэй хүн нэг зүрхтэй гэж ялгардаггүй биз дээ. Харин энэ хоёрыг ялгадаг ганцхан зүйл нь бэлэг эрхтэн. Эрэгтэй, эмэгтэй бэлэг эрхтэн нийлж, дундаас нь нэг амьд бодгаль гарч ирнэ. Тэр бол малын үр төлтэй яг адилхан. Харин хэдийд удам болдог юм бэ гэвэл, эрэгтэй нь амьдралыг гэгээрлээр засаж авч явдаг удамшилд зохистой 25 эрдэм ухааныг эзэмшсэний эцэст эр болдог. Эмэгтэй нь амьдралыг гэгээрлээр засаж төвшитгөдөг уламжлалд зохистой 25 эрдэм ухааныг эзэмшиж байж эм болно. Тиймээс эр, эм хоёрын дундаас төрсөн амьд бодгалийг удам гэнэ. Товчхондоо, аав, ээж хоёрын эзэмшсэн эрдэм ухаан үр хүүхдэд нь дамжина гэсэн үг. Бидний мах, цус, ясны мэдээлэл хүүхдэд дамжиж байгаа нь нүднээ илхэн байдаг. Тийм ч учраас хүмүүс “Аавтайгаа адилхан юм байна. Ээжийнхээ нүдийг дуурайчихаж. Дуу хоолой, алхаа гишгээ нь яг аав” гэлцдэг биз дээ. Гэтэл эцэг эхийн тархи, зүрхний бүх мэдээлэл үр хүүхдэд нь дамждаг гэдгийг хэн ч мэддэггүй. Хамгийн сонирхолтой нь монголчууд үүнийг мэддэг байсан. Сайн удам төрүүлэхээ ч мэддэг байж. Чин үнэнийг хэлэхэд, эрэгтэй, эмэгтэй хоёрын дундаас төрсөн амьтны үр төл шиг хүүхдийг монголчууд “Хижи гөрөөс” гэж хэлдэг байсан. Үг хэлнэ, ойлгохгүй. Сургааль хэлнэ, сургамж болгож авахгүй. Хичээл заана, эрдэм сурахгүй. Гэсэн хэрнээ амнаас нь унаж буй үг болгон буруу, муухай. Тархинаас нь гарч буй бодол бүхэн мөн л тийм. Сэтгэлээс нь гарах санаа нь бүр ч ялгаагүй. Биенийх нь үйлдэл бүхэн бас адилхан. Ийм юмнууд гудамжаар дүүрэн байна. Тэднийг “Удам” гэдэггүй. “Хижи гөрөөс” гэдэг. Энэ нь амьтны үр төлтэй адил ухамсар, оюун, тархигүй гэсэн үг. Тэгээд ч монголчууд “Хижи гөрөөс” төрүүлэхийн төлөө байдаггүй байсан. Энд сууж баахан хог тарьчихаад гарсан бол тэр хижи гөрөөс. Тийм учраас хижи гөрөөснүүдтэй тэмцэх цаг болсон. Хижи гөрөөснүүд төрүүлэхийн тулд бид секс хийгээгүй. Хижи гөрөөс төрүүлэхийн тулд хорвоод хүн болж ирээгүй. Тэр тусмаа айл гэр болж тоглоогүй шүү дээ. Удам шиг удам, эх орондоо хүн шиг хүн төрүүлэхийн тулд айл гэр болж, секс хийдэг. 

-Жендер, жендер... Энэ тухай амтай болгон ярьж, улстөрчид Жендерийн тэгш байдлын тухай хууль хүртэл баталсан. Гэтэл та “Жендер гэдэг бол эмэгтэйчүүдийн авгай чанарын нийгэм дэх сөрөг үр нөлөө юм” гэж дүгнэжээ. Яагаад ийм сөрөг дүгнэлт хийх болов? 
-Авгай гэдэг нь эмэгтэй хүний алдаа болгоны цуглуулга. Эмэгтэй хүнээс ямар л муу муухай үйлдэл гарна вэ, тэр бол авгай. Ямар л сайн сайхан зүйл гарна, тэр бол гэргий. Эмэгтэйчүүд тархи, оюун, сэтгэл, ухаан, гэгээрэл, мөн чанар, ажил үйлсээ тордохгүй бол түрүүнд хэлдэгчлэн хижи гөрөөс л гэгдэнэ. Гэвч тордож байгаа нь юу вэ. Нүүр царай, бие хаа, бөгс, хөх. Нэг үгээр хэлбэл, эрэгтэй хүний бэлгийн дур тачаалыг өөртөө яаж татах вэ гэдгийн төлөө л амьдарч байна. Тэгэхийн төлөө цаг, мөнгөө урсгадаг. Гэсэн атлаа тархи, оюунаараа эрчүүдэд гологдчихсон. Залуусын хэлдгээр, бүр “миалагдчихсан”. Чухам иймээс л эрчүүд “Өө, энэ надад хэрэг болохгүй. Төр улсаа төвшитгөхөд нэмэр болохгүй. Ийм байж эмэгтэйчүүд улс төрд хөл тавиад яах юм бэ” гэж үзэж байна шүү дээ. Эмэгтэйчүүд эрчүүдээс квот гуйгаад өрвийж зогсох биш, тархи, оюунаараа “гуядаад” улс төрд орох хэрэгтэй. Бүр уригдаж орох ёстой. Эмэгтэй хүний дотоод сэтгэл сайхан байвал эрэгтэй хүн түүнийг л таалдаг. Өэлүн эх, Бөртэ хатан, Сорхогтан бэхи хатан, тэд цөм Монголын том хаадыг түшиж, тэдэнд тоогдож, уригдаж орж байсан. Чингис хаан 1225 онд “Сорхогтан бэхи хатан бол төрийн их хатан болно. Их Монгол Улсын үе, үеийн төрийн их хатан болно” хэмээн төрийн зарлиг гаргаж байсан түүхтэй. Харин Чингис хааныг тэнгэрт хальснаас хойш Тулуй, Өгөөдэй, Гүюг, Мөнх хаан, Дөргөнэ хатан... Их Монгол Улсыг удирдаж байсан тэдэнд тэр л бүсгүй төрийн бодлогыг нь боловсруулж, зангидан өгч, түшиж тулж байсан. Чингис хааныг харийн нутагт өчнөөн жил дайтаж байхад Бөртэ хатан ард түмнээ өлсгөж цангаалгүй, ядууруулж, эрдэм боловсролоор доройтуулахгүй, улс орноо харийнханд эзлүүлэхгүйгээр авч явдаг байв. Ганцхан жишээ хэлье. Тэр үед монголчууд Хоризмтой долоон жил байлдсан. Чингис хаан ухаанд нь болж дөрвөн том хатантай болсон юм. Харин дайн тулаанд бага хатнаа авч явдаг байлаа. Байлдааны тактик боловсруулуулахын тулд тэр. Дэлхийн цэргийн жанжнууд хэлж яддаг шүү дээ. “Чингис хааны байлдааны тактик үнэхээр агуу” гэж. Түүний ард хатан ухаант бүсгүйчүүд байсан. Тэр дундаа Есүй хатан гайхамшигтай үүрэг гүйцэтгэж байлаа. Монголчууд дайсандаа ялагдаж, хүчин мөхөстөхийн цагт ялах тактикийг дандаа боловсруулалцана. Сүүлд Хулан хатан Чингис хаантай хамт дайнд явдаг болсон. Монголын арми 120-хон мянган цэрэгтэй атлаа 640 мянган цэрэгтэй Хоризмын армитай дайтсан удаатай. Алтан улсын 800 мянган цэрэгтэй дайтаад ялж байсан. Хулан хатан орондоо орох завгүй орчилдон дайтаж яваа монгол цэргүүдийн оюун ухааныг хурцалж өгдөг байв. Товчхондоо, тэрбээр соён гэгээрүүлэх үүрэг гүйцэтгэдэг байсан. Харин Бөртэ хатан дотоод хэргийн эзэн, төсвийн удирдагч байлаа. Есүй хатан тусгаар тогтнолч байх үүрэгтэй. Энэмэтчилэн яривал үнэхээр гайхамшигтай. 

-Өэлүн эх, Бөртэ үжин, Алунгоо эх, Сорхогтан бэхи, Хулан... Таны хувьд, хамгийн хайртай хатан нь хэн бэ? 
-Сорхогтан бэхи хатан. Өмнө нь түүний тухай хэн ч дурсдаггүй байлаа. Алунгоо, Өэлүн эх, Бөртэ хатнаас хэтэрдэггүй л байсан. Сүүлийн үед “Хатан ухаан” гэж гарч ирснээс хойш судлаачид хатдын түүхэнд анхаарлаа хандуулах боллоо. Бүр нэрийг нь ч мэдэхгүй олон хатан гарч ирж байна. Гэвч Монголын хатан ухааны дээд оргил, хатдын гол ноён нуруу нь Сорхогтан бэхи хатан. Тэр хүнийг би “Эмэгтэй Чингис” гэж үнэлдэг. Түүний нэрийг гаргаж, ном бичиж бизнес хийх нь олширч байна. Гэхдээ тэрхүү номонд Сорхогтан бэхи хатныг сайтар дүрсэлж чадаагүй. Миний хувьд, энэ хатны тархи, оюун руу багахан өнгийж харж байна. Сорхогтан бэхи хатан маш энгийн агаад эрхэмсэг эмэгтэй байсан. Үг дуу цөөтэй, намуухан даруухан, хүний анхааралд өртөхийг хүсдэггүй, цөөхөн хэдэн үг нь дэндүү том далайцтай, дэлхийн энгээр ярьж, орчлонгийн энгээр сэтгэдэг эмэгтэй байсан нь өөрийн эрхгүй сэтгэлд буудаг. Би түүнийг нүдэндээ төсөөлж хардаг. Нэг их цагаан шаргал биш мөртлөө цайвар бор царайтай. Үсээ арагш нь сүлжиж дарж боосон мэтээр төсөөлдөг. Нуулгүй хэлэхэд, Сорхогтан бэхи хатан надад нэг удаа харагдсан юм. Гаднаас нь харахад Сорхогтан бэхи хатан гэж хэлэхээргүй, яльгүй махлаг, сүрдмээр эмэгтэй байсан. 
-Түүнийг яаж харж чадсан юм бэ? 
-Тэнгэрийн өгөгдлөөр харсан. Сорхогтан бэхи хатан бол бөө ухааны дээд оргил болсон хүн. 

-Чингис хааныг “Бөө байсан” гэлцдэг. Гэхдээ одоогийн бөө нараас тэс өөр биз дээ? 
-Өөр байлгүй яах вэ. “Одоогийнх бол хэц, хэнгэрэг дэлддэг, шүтээнтэй, хуяг, тусгай өмсгөлтэй тэнгэрийн улаач нар юм” гэж би хэлдэг шүү дээ. Энэ бол бөө болохын эхний үе шат болохоос бөө биш. Хэрэв бөө болсон тохиолдолд ямар ч шүтээн, хэц, хэнгэрэг, өмсгөл зүүсгэл хэрэггүй. Тэнгэртэй тархиараа шууд холбогдоно. Алтан ургийнхан бүгд бөө тархитай хүмүүс байсан. Бөө гэдэг нь ерөөсөө л бөөн гэсэн үг. Эрдэм ухаан, оюун гэгээрэл, зөн, чадвар, авьяас, увидас, эдгээрийг бүгдийг нь эзэмшсэн хүнийг л бөө гэж байгаа юм. Бид өнөөдөр нэгхэн мэргэшил эзэмшиж байна. Тэгэхэд Алтан ургийнхан буюу улсыг засаж, төрийг төвшитгөдөг байсан хүмүүс 1943 мэргэшил эзэмшсэн байв. Мянган мэргэшлийн туршлага, мэдлэг, ухаан, чадвар гэвэл юу байх вэ. Гайхалтай зүйл болно биз дээ. Тиймээс тэд орчлонгийн мэдээллийн орон зайтай шууд холбогддог байсан. Түүнээс бус монголчуудад ном хэвлэж, барлаж, олшруулах ямар ч шаардлага байгаагүй. Учир нь бүгд бөө тархитай байлаа. 

-Та далд ертөнцтэй холбогддог уу? 
-Далд ертөнц гэж бий. Харин нүдээр харж, гараар барьж буй бүхэн ил ертөнц юм. Тэгвэл нүдээр харахгүй, гараар барихгүй, шүдээрээ хазахгүй байгаа нь далд ертөнц. Чингис хаан “Монгол Улс хүчирхэг оршихуйн нууц нь тэнгэр, газар хоёр, ил, далд хоёр, бас арга, билиг хоёр юм” гэж хэлсэн байдаг. Эдгээрийн аль нэг нь дагнавал худлаа болно. Өнөөгийн суурин иргэншлийн тухайд, арга нь, ил нь, мөн газар нь дагнасан. Ийм учраас нэг л өрөөсгөл, бүх зүйл мухардмал байна. Улстөрчид “Тогтолцооны өөрчлөлт хийнэ” гэх боллоо. Гэхдээ үүнээс яаж гарах юм бэ. Цоо шинэ онол, үзэл, бодлого л хэрэгтэй. Тэгж байж гарна. Бид эдийн засаг, санхүүгийн хямрал жил бүр нүүрлэхийг харж буй атлаа улс төрийн хямралыг хардаггүй. Улс төр, нийгэм, эрүүл мэнд, боловсрол нь байнга хямралтай байна. Монголчууд өчнөөн их, дээд сургууль төгсөж буй атал хүн чанар, хүнлэг сэтгэлтэй, үнэн, шударга нэг ч хүн төрсөнгүй. Харин бие биенээсээ айж байна. Нэг нэгэндээ дайсан, зовлон болж байна. Энэ юуг хэлнэ вэ. Боловсролын салбар байнгын хямралтай байгааг харуулна бус уу. Ер болж, бүтэж байгаа зүйл байна уу. 

-Тариа будаа хураах их ажилд оролцдог байсан жаахан охин өдгөө эрдмийн их “ургац”-ынхаа дээжийг ард түмэнд хүртээдэг том эрдэмтэн болжээ. Харин ээж, эзэгтэй З.Бат-Отгоны амьдралын хэмнэлийг сонирхмоор санагдана? 
-Өглөө 05.30 цагт сэрнэ. Өмнөх өдрүүдийн болон өнөөдөр, ойрын үед хийх ажлуудаа 30 минут төлөвлөж, бодож, сэтгэдэг. Харин 06.30 цагаас эхлэн хоёр цагийн туршид зам дээр гүйнэ, алхана. Хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгнө. Гэртээ сууж номоо бичих болбол шөнө 01 цаг хүртэл бичнэ. Ном бичээгүй үедээ гадуур, дотуур явж ажил хөөцөлдөнө. Гэхдээ би сүүлийн үед дандаа ном бичиж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас есдүгээр сарын 10 хүртэл зөвхөн ном бичсэн. Тухайлбал, “Японы сумо дахь Монгол нууц” хэмээх номоо Монголоо дэлхийд сурталчлан таниулах, дотроос нь ойлгуулах зорилгоор бичлээ. Бусад номны хувьд ч мөн адил. “Японы сумо дахь Монгол нууц” гэдэг номыг маань англи, герман, япон хэлээр орчуулаад дуусаж байна. Энэхүү номоо би монгол бөхчүүд сумо бөхийн дэвжээн дээр амжилт гаргахад монгол хоол хүнс, газар нутаг, тэр тусмаа дээл, аргал, адууны мах яаж нөлөөлөв гэдэг талаас нь бичсэн юм.  

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!                      

 

С.Тулга