Жилийн жилд 8-р сарын дунд үеэс  улсын болон хувийн их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхээр удирдах зөвлөлийн хурлаа хийдэг.  

Энэ  жилийн хувьд хамгийн түрүүнд УЗ-өө хуралдуулсан сургууль бол МУИС.  Энэ жил тус сургууль төлбөрөө 50 хувиар нэмнэ гэсэн шийдвэрийг гаргажээ.  Ингэснээр сургуулийнхаа орчин нөхцөл байдлыг сайжруулах юм  гэнэ.  Улмаар энэ саналаа Боловсрол, Шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн байна.  Харин энэ саналыг  салбарын сайд хүлээн аваагүй ажээ.  Учир нь энэ жилийн хувьд  инфляци 14 хувиар нэмэгдсэн тэгэхээр сургалтын төлбөрийг улсын ч бай, хувийн ч бай их дээд сургуулиуд 14 хувиас илүү нэмэхгүй гэдгийг мэдэгдээд авч. Юутай ч  сургалтын төлбөр нэмэгдэх нь тодорхой боллоо.  Харин 14 хувиас илүү нэмэгдэхгүй нь бас тодорхой боллоо.

Сургалтын төлбөрийг сургуулиуд алдагдлаа нөхөх гэж нэмж байгаа нь өнөөдөр  банкуудад орлого, иргэдэд  хүндээр тусаж байгаа юм. Үүнийг тоон баримтаар жишээлүүлье.  Улсын минь нийслэлд Монголын ихэнх их дээд сургууль төвлөрдөг. Тодруулбал 2012-2013 онд улсын болон хувийн 97 их дээд сургуульд  175,600 оюутан суралцсан байна. Тэдгээр оюутны 86,000-ынх нь дунд явуулсан судалгаагаар 87.3 хувь нь сургалтын төлбөр, дотуур байрныхаа мөнгийг өгөхөөр зээл авсан гэж хариулжээ.  Энэ нь сургалтын төлбөр  180,000 гаруй оюутны ард байгаа гэр бүлд хүндээр тусаж байгаа гэсэн үг.  Тэгэхээр энэ тоо 2013-2014 оны хичээлийн жилд нэмэгдэнэ гэсэн үг.   Яагаад гэвэл сургалтын төлбөр, дотуур байрны үнэ нэмэгдсэн учраас.  

Тэгвэл их дээд сургуулиудын  “мөнгөний мангас” шиг авирлаж байгааг судлаад үзье.  Улсын их дээд сургуулиуд нь хувийн сургуулиудын адил  улсаас ямар нэгэн татаас авдаггүй бор зүрхээрээ өдөр тутмын үйл ажиллагаагаа зохицуулаад явдаг гэнэ.  Харин оюутнуудаас цугласан сургалтын төлбөрийн 80-90 хувь нь  багш ажилчдын цалин, урсгал зардал зэрэгт зарцуулагддаг байна. Улмаар үлдсэн 10-20 хувиар нь сургуульд ганц нэг ном авах, ядаж нэг танхимыг тохижуулах зэрэгт арай гэж хүргэдэг гэнэ. Тэгэхээр сургалтын төлбөрөө нэмж байгааг нь буруутгах аргагүй болж байгаа юм.  

Гэхдээ улсын болон хувийн их дээд сургуульд зарим нэг талаараа даварсан үйлдэл хийдэг бөгөөд үүнийг нь дурсахгүй өнгөрч болохгүй юм.   Зөвхөн 2012-2013 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийг  10 хувиар л нэмэхийг зөвшөөрсөн. Гэтэл улсын  МУИС, ЭМШУИС, ШУТИС, СУИС, МУБИС, ХААИС, хувийн хэвшлийн  Их засаг их сургууль,  Орхон, Отгонтэнгэр, Сэрүүлэг зэрэг сургуулиуд сургалтын төлбөрөө 10 биш 13 хувиар нэмсэн.  Үүнд нь Боловсрол, Шинжлэх ухааны яам даанч анхаараагүй, хариуцлага ч  тооцоогүй.  Энэ жилийн хувьд ийм үйлдэл гаргахгүй байх гэдэгт төрийн төмөр нүүрийг харж байгаа түмэн олон найдаж байгаа.

Өөр нэг хариуцлагагүй зүйлийг дурьдахгүй өнгөрч боломгүй юм. Улсын болон хувийн их дээд сургуулиуд нь оюутан элсүүлэхдээ гэрээ байгуулдаг.  Уг гэрээнд сургалтын төлбөрийг анх гэрээ байгуулахад ямар байсан яг тэр чигээр нь  4-5 жилийн хугацаанд буюу суралцаж байх хугацаанд нь хэвээр байлгана гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл нэгэнт гэрээ хийсэн л бол инфляц өссөн ч, буурсан ч сургалтын төлбөрөө нэмэхгүй гэсэн заалт цагаан дээр хараар тодоос тод байдаг.  Гэтэл өнөөдөр гэрээний энэхүү заалтыг нэг ч их дээд сургууль мөрдөхгүй байгаа бөгөөд  энэ нь бас л анхаарал татаж, хариуцлага хүлээх ёстой асуудлуудын нэг мөн юм.  Өнгөрсөн хугацаанд энэ талаар дуугарсан хүн цөөн болохоор  энэ асуудалд хариуцлага тооцогдоогүй өнгөрсөн байх магадлалтай юм.  

Тэгвэл өнөөдөр сургалтын төлбөрийг нэмснээр нэг оюутантай өрх хэдэн төгрөг гаргахыг тооцоолж үзь. Өнөөдөр сургалтын төлбөр кредит цаг, сургууль, эзэмшиж байгаа мэргэжил, сургуулиасаа шалтгаалаад  1.1-1.5 сая төгрөгийн ханштай байгаа. Тэгэхээр  энэхүү дундаж дээр 154,000-210,000 төгрөг нэмэгдэнэ гэсэн үг.  Тэгвэл энэ мөнгийг нэг оюутаны “цалин” болох 70200 төгрөгийг  10 сар авахгүйгээр сургалтын төлбөртөө суутгуулсан ч “даваагаа” давахааргүй болчихож байгаа юм.  

Тэгэхээр сургалтын төлбөр нэмдэг асуудалд төрөөс анхаараад өгчих хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл сургалтын төлбөр нэмэгдээгүй хичээлийн жил гэж байхгүй.  Тэгвэл оюутны “цалин” гэгдээд байгаа 70200 төгрөгийг 96000 болгож нэмэгдүүлэхээ болиод, сургалтын төлбөрын  нэмэгдэж байгаа өртөгийг бууруулчихад олон өрхийн  нуруун дээрээс том ачаа жоохон ч гэсэн хөнгөрчих гээд байгаа юм.

Нөгөө талаас төрийн их дээд сургуулиудын менежентыг өөрчилбөл сургалтын төлбөрийг  2-3 жилдээ нэмэхгүй байх боломжтой болно. Өөрөөр хэлбэл их дээд сургуулиуд сургалтын төлбөрийн 80-90 хувийг багш нарийн цалинд зарцуулж, үлдснээр нь сургуулийн  орчин нөхцлийг сайжруулахад анхаардаг гэсэн.  Тэгвэл сургуулийн орчин нөхцөлд нь  төр нь  анхаараад өгвөл сургалтын төлбөр хоёр оронтой тоогоор нэмэгдэх үндэслэлгүй болчихно гэсэн үг.  Төлбөр нэмэгдэхгүй байна гэдэг 180,000 гаруй оюутны ард байгаа гэр бүлийн ачааг бага ч гэсэн хөнгөлж, төрийн төмөр нүүр гэж харааж суухгүй л байх. ..

Төр минь 180,000 гаруй оюутны ард байгаа гэр бүлийг бодож их дээд сургуулиудын төлбөрийг нэмүүлэхгүй байхад анхаарч өгөөч... Чадахгүй бол  зааснаас илүү хувиар нэмж байгаа сургуулиуддаа хариуцлага тооцож нэр хүндээ өсгөөч гэдгийг ард түмэн чинь хүсэж байна.  

А.Баярмаа