Иргэд НӨАТ-ынхаа 20 хувийг буцаан авдаг болно

  • Ямар хууль: Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга
  • Хэзээ хэрэгжих: 2016 оны нэгдүгээр сарын 1
  • Хэнд хамаатай вэ: Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэн
  • Гол онцлог талууд: Татварын системийг боловсронгуй болгох, далд эдийн засгийг хумихад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, төлсөн НӨАТ-ын 20 хувийн буцаан олголт болон сугалаанд оролцох боломжуудыг төрөөс бий болгож өгснөөрөө давуу талтай.

Ирэх нэгдүгээр сарын 1-нээс иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг буцаан авахаар болсон. Ингэснээр дундаж орлоготой гэр бүл жилд 600 мянган төгрөг буцаан авах боломжтой юм. Хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд үйлчилгээний байгууллагууд гүйлгээний нэгдсэн баримттай болох ажээ. НӨАТ-аа буцаан авахын тулд иргэд татварын сайтад банкны дансаа бүртгүүлэх шаардлагатай. Мөн худалдан авалт хийх бүртээ гүйлгээний баримтаа бүртгүүлж, хадгалснаар төлсөн нийт НӨАТ-ын 20 хувь дансанд тань жилийн эцэст орох юм.

Гэрийн хорионд байлгах зүйлт заалт нэмэгдэв

  • Ямар хууль: Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга
  • Хэзээ хэрэгжих: 2016 оны есдүгээр сарын 1
  • Хэнд хамаатай вэ: Гэмт хэрэг үйлдсэн хүнд
  • Гол онцлог талууд: Эрүүгийн хуулинд цаазаар авах ялыг албан ёсоор хассан.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг хууль сахиулах байгууллагын хяналтанд гэрийн хорионд байлгах зүйл заалт шинээр нэмэгдсэн. Хүнд гэмт хэрэг үйлдсэн боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний ялийг тодорхой хэмжээгээр хөнгөлнө. Ер нь гэмт хэрэг үйлдсэн хүүхдэд ял оногдуулахдаа хорих ялыг хамгийн эцсийн арга хэмжээ болгож хэрэглэхээр заажээ. Мөн шинээр хуулийн этгээдэд ял оногдуулдаг болсон. Гэмт хэрэгтэн хохирлоо барагдуулсан тохиолдолд хорих ялаар шийтгэхгүй. Бусдын нэр хүндэд санаатай халдаж, хор хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэнэ.

Хүүхдээ вакцинд хамруулаагүй эцэг эхийг торгоно

  • Ямар хууль: Зөрчлийн тухай хууль
  • Хэзээ хэрэгжих: 2016 оны есдүгээр сарын 1
  • Хэнд хамаатай вэ: Захиргааны хэрэгт холбогдсон иргэд
  • Гол онцлог талууд: Энэхүү хуульд зөрчил гаргасан этгээдийн баривчлахгүй бөгөөд торгох, эрхийг хасах зэрэг хоёр төрлөөр шийтгэх юм.

Торгуулийн хэмжээг нэгжээр тооцон, нэг нэгж нь 2000 төгрөгтэй тэнцэхээр баталсан. Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогдож байсан 36 үйлдлийг зөрчилд тооцох болсон. Тус хуулийн заалтанд хүүхдээ дархлаажуулалт, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн тарилгад хамруулаагүй эцэг, эхийг 25 тооны нэгжээр торгох юм. Их дээд сургууль суралцагчид ном шахсан, хуульд заагаагүй нэмэлт төлбөр авсан бол хүнийг 10 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хүн мал амьтанд хортой судалгаа явуулсан, байгаль орчин, хүн амьтны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх байдал үүссэнийг холбогдох байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авахуулаагүй бол хүнийг 15 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдэд 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгонх гэх зэрэг зүйл заалтууд багтсан.

Хүүхэд харагч нь тусгай сургалтанд хамрагдсан байна

  • Ямар хууль: Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль
  • Хэзээ хэрэгжих: 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс
  • Хэнд хамаатай вэ: 1-5 нас хүртэлх хүүхэдтэй хүн бүрт
  • Гол онцлог талууд: Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд суурь хүмүүжил олгох зорилготой.

Нэг хүүхэд харагчид ногдох хүүхдийн тоо тав хүртэл байх, хүүхэд харах нэг байранд байрлах хүүхдийн дээд хязгаар 15 хүртэл байх, хүүхдэд аливаа хэлбэрийн зодуур, дарамт үзүүлэхгүй, хүүхдэд өдөрт 60 минутаас дээш хугацаагаар цахим хэрэгсэл ашиглуулах, зурагт үзүүлэхийг хориглоно. Хүүхэд харагч нь тусгай сургалтанд хамрагдсан байх хэрэгтэй.

Нягтлан бодогчдын эрхийг хугацаагүй олгож эхэлнэ

  • Ямар хууль: Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулга
  • Хэзээ хэрэгжих: 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс
  • Хэнд хамаатай вэ: Нягтлан бодогч, Аудитын газарт
  • Гол онцлог талууд: Аж ахуйн нэгж, байгууллагуудын нягтлан бодох бүртгэл хөтлөх болох санхүүгийн тайлангийн үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх юм.

Уг хууль батлагдсанаар нягтлан бодогчийн эрхийг хугацаагүй олгохоор болж байгаа юм. Аудитын тусгай зөвшөөрөл авсан 120 орчим компани 2016 оноос эхлэн шинээр тусгай зөвшөөрөл авах, зөвшөөрлийг сунгах, тавигдах дүрмийн нөхцөл, шаардлагыг нэг ижил болгожээ.

Татвар суутгагчаар бүртгүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгоно

  • Ямар хууль: Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх, хяналт тавих журам
  • Хэзээ хэрэгжих: 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс
  • Хэнд хамаатай вэ: Согтууруулах ундаа худалддах аж ахуйн нэгжид
  • Гол онцлог талууд: Тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасган найман төрлийн баримт бичгийг 3-4 болгосон.

Хориглосон газарт байршаагүй, харьяалах татварын албанд хотын албан татвар суутгагчаар бүртгүүлж, суутгасан татварыг хугацаанд нь төлсөн байна. Өөрийн обьектын баталгаажсан эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй байлгаж тусгай зөвшөөрөл хүссэн бичиг баримтыг бүрдүүлж, өргөдлийн маягтыг үнэн зөв бөглөнө.

Нийтийн зориулалттай орон сууцны үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглоно. Түүнчлэн холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагыг зөрчсөн, өөр ажлын байранд шилжүүлсэн, бусдад ашиглуулсан, түрээсэлсэн, худалдсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох юм.

Т.Буянаа