Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлах тогтоол гарсантай холбогдуулан манай сайтаас "Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье" цуврал найман нийтлэлийг хүргэсэн билээ. Уг төв нь Хүүхдийн авьяас чадвараа нээн хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон, соёлтой, үр дүнтэй өнгөрүүлэх, хүүхдийн хүсэл, мөрөөдлийн төлөө тэмцэх, өөрийн сонирхолдоо хөтлөгдөн дуртай дугуйландаа үнэ төлбөргүй хамрагдан, тив, дэлхий, олон улсын давцанд эх орныхоо нэр алдрыг цуурауйтуулсан авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэдэг Монголдоо цор ганц үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн байгууллага билээ. Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг хувьчилах нь хүүхдийн авьяас чадвар, хүсэл мөрөөдлийг хязгаарласан, тэдний сурч боловсрох эрх, боловсролыг үнэ төлбөргүйгээр эзэмших эрхэд төр шууд утгаараа нөлөөлж байна хэмээн олон нийт хүчтэй эсэргүүцэж байгаа учраас бид энэ удаагийн цувралаараа эцэг эхчүүдийн санаа бодлыг хуваалцаж байгаа юм.

ХҮҮХЭД Ч БАЙ, ДАРГА Ч БАЙ ДАССАН ГАЗРЫН ДААВУУ ЗӨӨЛӨН БАЙДАГ ЮМ

 

Хүүхдийн урлан бүтээх төвийн эцэг эхийн зөвлөлийн дарга Б.Ламжав:

Иргэдэд хамгийн их хамааралтай энэ асуудлыг анх гарсан цагаас нь эхлээд бид одоо хүртэл тэмцэж байна. НИТХ-ын тогтоол, Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт болон эцэг эхчүүдийн гарын үсэг зэрэг холбоотой бичиг баримтуудаа цуглуулаад нийслэлийн Засаг даргад хүсэлт хүргүүлэхээр бэлтгэж байна. Мөн цаашлаад Нийслэлийн шүүхэд хандахаар төлөвлөөд байгаа. Гэрийн суурь хүмүүжлээс гадна хүүхдийн боловсролын хүмүүжил гэдэг бол маш чухал асуудал. Хүүхдүүд өөрсдөө хичээлдээ явахаасаа илүүтэйгээр дугуйландаа явахыг эрмэлздэг. Өөрийнхөө авьяас, хүсэл мөрөөдлийг ямар нэг төлбөр мөнгө, албан шахалтгүйгээр цор ганц өөрийн дур сонирхол, чин хүслээрээ жигүүрлэн Урлан бүтээхийн энэ дугуйланг зорьдог. Чөлөөт цагаа маш бүтээмжтэйгээр өнгөрүүлж, ур чадвар, оюуны хөрөнгө оруулалтыг өөртөө бий болгож байна. Гэтэл хүүхдийн энэ цайлган зан, гэгээн хүсэл рүү ус цацаж, хичээллэх байргүй болгох гэж байна. Бид хүүхдийнхээ ирээдүй, тэдний боловсрол, хүмүүжлийн төлөө нэгдэж Урлан бүтээхийн энэ барилгыг хувьчлахын эсрэг хатуу тэмцэхээр шийдсэн. Энэ барилгыг хувьчлаад дугуйлангуудыг нь дүүргүүдэд шилжүүлнэ гэсэн. Дунд сургуулийнхаа зураг хөдөлмөрийн багшийг олигтой цалинжуулж чаддаггүй дүүргүүд дугуйлангийн багш нарыг ажиллуулах хүч, төсөв мөнгө байх уу. Үнэхээр дүүргүүдэд ийм төрлийн дугуйлан хичээллэдэг байса бол манай хүүхэд өдийд энд биш тэнд сурах байсан юм, уучлаарай. Уучлаарай дарга нар аа, дассан газрын даавуу зөөлөн байдаг юм шүү. Хүүхэд ч гэсэн өөрийн дуртай, дассан орчиндоо сурч, хөгжхийг хүсдэг юм билээ.

ГАЗАР НЬ НИЙСЛЭЛИЙНХ ЮМ БОЛ БАРИЛГА НЬ АРД ИРГЭДИЙНХ ШҮҮ

Сүхбаатар дүүргийн иргэн, Хувцас загварын болон авто нислэгийн ангийн суралцагчдын аав С.Өнөрбаатар:

Энэ газар нь нийслэлийн өмч юм бол барилга нь ард иргэдийнх шүү. Анх иргэд, хөдөлмөрчид, малчдаас хөрөнгө цуглуулж байж хандиваар босгосон барилга юм билээ. Ардчилсан нийгэмд төр, иргэнийхээ өмчид халдаж болдог юм бол бид аав ээжийнхээ өргөсөн хөрөнгийг буцаан авч, хүүхдийн шинэ ордон барьж өгье. Барилгыг нураах гэж байгаа, хувьчлах гэж байгаа шалтгаан нь газрын худалдааны луйвар шүү дээ. Энэ барилгыг барьсан, зураг төслийг нь гаргасан хүмүүс засаж болно гэсэн. Мөн Японы судлаачид, мэргэжилтнүүд ирээд "Нурахгүй ээ, засаад ашиглаж болно" гэж хэлсэн. Тэд чинь хуурай газар бүү хэл усан дээр арал үүсгээд түүндээ олон давхар гайхалтай уран барилга барьчихдаг улс. Өөрсөддөө итгэдэггүй юмаа гэхэд япончуудад итгэж болно шүү дээ. Энэ барилгыг засаж чадахгүй, мөнгөгүй байгаа юм бол чаддаг, мөнгөтэй хүмүүстээ эрхээ шилжүүлээч дээ. Хүүхдүүдээ гудамжинд гаргадаг өрхийн тэргүүн гэж байдаггүй юм шүү, Э.Бат-Үүл баатраа.

 

 

 

Баянгол дүүргийн 3-р хорооны иргэн, сүрлэн наамлын ангийн суралцагчийн эмээ, өндөр настан Б.Сосорбарам:

 

ХОЁР ХҮҮХДЭЭ ДУГУЙЛАНД НЬ ЯВУУЛМААР Л БАЙНА

Нийслэл ганц барилга засах мөнгөгүй юм бол ард түмэн хандив өргөөд босгосон барилгаа өөд татчих боломжтой. Хүүхдийнхээ ирээдүйн төлөө нас өтөл болсон би өвдгөө чичиртэл алхаж ирлээ. Хичнээн мянган хүн төгсөж, хичнээн олон хүүхэд сурч байгаа барилга билээ дээ. Үе удмынхаа ур ухааныг залгуулж яваа хоёр ачийнхаа сурдаг энэ дугуйланг тийм ч амархан хувьчлуулчихмааргүй байна. Ардчилсан нийгмийн ардын баатар чинь арай ч ийм арчаагаа алдсан, ухаан муутай хүн биш баймаар юм.

 

 

 

 

 

 

 

МӨНГӨӨР ХҮҮХДИЙНХЭЭ ИРЭЭДҮЙГ ХУДАЛДМААРГҮЙ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн 23 –р хорооны иргэн, уран зургийн ангийн сурагчийн ээж Х.Оюун-Эрдэнэ:

Үүнийг хувьчилчихаад ахиад шинэ барилга барина гэдэг бол худлаа. Улсын төсвийн хөрөнгөөр сургууль цэцэрлэг барих гэж хичнээн уддаг билээ. Энэ төвийн дугуйланд хамрагддаг хүүхдүүд сэтгэх, хөдөлмөрлөх, биеэ дайчлах, аливаа зүйлийн учир зүйг олох гэх зэрэг давуу талтай байгаа нь манай хүүгээс анзаарагдсан. Хүү маань уран зургийн дугуйланд хичээллэдэг. Гэтэл урлан бүтээхэд сурдаггүй хүүхдүүд яаж байна. Гэмт хэрэгт өртөх, компьютер тоглоомонд донтох, тэнэх зэрэг буруу зүйлд автаж байна. Манай хүү хичээлдээ явъя гэхээсээ илүүтэй дугуйландаа явах илүү сонирхолтой байдаг. Мөнгөгүй, хоолгүй байсан ч гэсэн өөрөө дурлаад явчихдаг юм. Хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж хомс байхад ийм хэрэгтэй дугуйлангийн цөм, ай савыг үр үндсээр нь устгах гэж байгаа нь өөрөө аймшиг. Ядаж л сагс тоглох талбай алга. Заал, ордон байгаа ч тэр нь өндөр үнэтэй, хүлээлт ихтэй байдаг. Ийм нөхцөлд байгаа хүүхдүүдийг орох оронгүй, ойчих аягагүй болгох гэж шийдвэрээ буцааж татах нь зөв байх. Мөнгөнөөс хүүхдийнхээ ирээдүйг худалдахаасаа ичээсэй.

Энэ мэтээр эцэг эхчүүд хувьчлахын эсрэг байр сууриа илэрхийллээ. Тэдний яриан дунд “Автобусны мөнгө өгөхгүй гэсэн ч манай хүүхэд дугуйландаа алхаад ирнэ. Энэ бол хүүхдийн хүсэл, тэмүүлэл. Магадгүй 10-20 жилийн дараа тэд та нарын нураах энэ байрыг хэд дахин барих, засах хэмжээний их мөнгийг өөрсдийн авьсаараа олох болно” хэмээх үг анхаарал татав. Эцэг эхчүүдтэй уулзсаны дараа мужаан сийлбэрийн ангиар ортол хүүхдүүд бүгд мод зүлгэж, сийлбэр хийж байна. Тэднээс “Та нар автобусын мөнгөгүй байсан ч дугуйландаа алхаад ирж чадах уу?” гэж асуувал тэд дуу нэгтэйгээр тиймээ, бид чадна хэмээн хариулсан юм. Өөрийн төрж, өссөн гэр орон шигээ Урлан бүтээхийн жижигхэн танхимд хүсэл сонирхлоороо нэгдэн зураг зурж, сийлбэр хийж, наамал, сүлжмэл, шавар урлал, авто, нисэх загвараа зохион бүтээх чин хүсэлд дөрөөлсөн эдгээр хүүхдүүд хичээллэх танхимгүй болчихвол нээрээ яах вэ. Үүнийг эртхэн нэг тийш нь шийдээч дээ дарга нар минь.

З.БАТХУЯГ

http://www.newscom.mn/