Улаанбаатар хотын хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт хийгээд цаг үеийн асуудлаар өчигдөр Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэрУлаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар хүн амины онц ноцтой хэргийг илрүүллээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ сарын 15-ны шөнө 02.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр буюу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн Согоот 116-р чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан дэслэгч Батсайхан, ахлах ахлагч Доржгочоо нар маань албаны бэлэн байдлыг хангаж албан үүргээ гүйцэтгэж байхдаа сонор сэрэмжтэй ажиллаж хүн амины ноцтой хэргийг илрүүлсэн байгаа.


Ингээд хоёр албан хаагчдаа Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс сонор сэрэмжтэй ажиллаж, цагдаагийн албыг нэр төртэйгээр хэрэгжүүлсэнд нь талархал илэрхийлж байна.


Дээрх хэргийн тухайд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Гол сэжигтэн этгээдэд цагдан хорих арга хэмжээг авсан. Хэрэгт шалгалтын ажиллагаа хийж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй байгаа.


-Хэргийн гаралт ямар байгаа вэ?
-2015 онд цагдаагийн байгууллагын 102 дугаар утсан Улаанбаатарын хэмжээнд 1.5 сая орчим дуудлага мэдээлэл ирсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын 17 цагдаагийн хэлтэс, хөдөлгөөнт болон явган эргүүл, мөн жижүүрийн бүрэлдэхүүний чиглэлээр очиж хууль эрхзүйн хүрээнд үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж иргэдэд тусламж үзүүлсэн байгаа.


Нийслэлийн хэмжээнд 68 машинтайгаар хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллааг зохион байгуулдаг. Замын хөдөлгөөний чиглэлд 25 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.


Цагдаагийн байгууллага үйл ажиллагааны журмын хүрээнд бэлэн байдлын гурван түвшинд шилжиж ажилладаг. Байнгын бэлэн байдалд ажиллах үндсэн үүрэгтэй. Өндөржүүлсэн болон байнгын бэлэн байдалд шилжих зэрэглэлүүд бий.

Онц ноцтой хэргийг илрүүлсэн цагдаагийн алба хаагчид


Цагдаагийн дэслэгч Батсайхан “Цагдаагийн байгууллагын алба хаагч үүргийнхээ дагуу сэжигтэй хүн, тээврийн хэрэгсэл зэргийг шалгадаг байгаа. Бид оройн 02:00 цагийн үед шалгалт хийх явцад Хайлаастын усан сангаас орж ирдэг уулзвар дээр сэжигтэй тээврийн хэрэгслийг шалгасан. Тэгтэл тээшинд нь хүний цогцос байсан. Тухайн үед шаардлагатай арга хэмжээ авсан учир сэжигтэн зугтахыг оролдох, эсвэл хариу үйлдэл үзүүлэх зэрэг эсэргүүцэх зүйл болоогүй.


Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй” гэлээ.

 

Улаанбаатар хотын цагдаагийн газарт Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг хохирсон гэмт хэргийг шалгах урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах бие даасан нэгж байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс гэсэн бие даасан нэгж байгуулагдаад жил гаруй болж байна.


Улаанбаатар хотын цагдаагийн газар Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэцэцэг юуг онцлов?

Гэр бүлийн хүчирхийлэлд хамтран амьдрагчаас илүү эхнэрүүд их өртөж байна


Улаанбаатар хотын цагдаагийн газарт ирж байгаа дуудлага мэдээллийн 30 орчим хувийг гэр бүлийн хүчирхийлэлттэй холбоотой хэрэг эзэлж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийн хүрээнд 40.8 хувийг архидан согтуурсны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх тоо баримт бий. Нийслэл хотын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 591 гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг гарсан байгаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өссөн байгаа.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг цагдаагийн байгууллагаас нарийвчлан судалж байгаа. Ялангуай гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд түлхий өртөж байна. Өөрөөр хэлбэл, албан ёсны эхнэр 62.6 хувь, хамтран амьдрагч эмэгтэй 18 хувийг эзэлж байгаа. Харин бусад хувийг эцэг эх, төрөл төрөгсөд гээд хуваагддаг.

 

27 хүүхэд хүчирхийлэлд өртөж Түр хамгаалах байранд “хоргодсон”


Өнөөдрийн байдлаар 27 хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон байгаа. Энэ 27 хүүхдээс 25 нь Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч түр хамгаалах байранд ээжийнхаа хамтаар ирж, хамгаалалтанд орсон байгаа.


Түр хамгаалах байранд энэ онд 481 хүн байрлаж, цагдаагийн байгууллагын хамгаалалтанд орсон. Өнгөрсөн оныхтой харьцуулахад хамгаалалтанд орсон иргэдийн тоо 1 дахин өссөн.

 

Гэр бүлийн хүчирхийллийн шинэчлэгдсэн хууль хүчирхийлэл үйлдэгчийн хариуцлагыг өндөрсгөнө


Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг шинэчлэн батлахтай холбогдуулаад цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг ажиллаж байгаа. Хэрвээ хууль батлагдаад гараад ирвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлага өндөр болно. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй ажиллах төрийн болон төр бус байгууллагууд иргэн хувь хүн ямар үүрэг хариуцлагатай байх, эрхээ хэрхэн яаж хамгаалуулах талаар тодорхой заалтууд орж өгсөн байгаа.


Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар эрхзүйн орчин боловсронгуй болж багагүй асуудал шийдэгдэнэ.


Орон нутгуудад ч Түр хамгаалах байр бий болгох шаардлагатай


Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Хохирогчийн Түр Хамгаалах байр их үр дүнтэй байгаа. Тиймээс 2016 онд хөдөө орон нутгуудад хохирогчийг хамгаалах байрууд бий болгуулахаар яригдаж байна. Мөн төрийн бус байгууллагууд дээр байгаа ажиллаж байгаа түр хамгаалах байрны чанар, стандарт дээр хяналт тавьж өргөжүүлнэ.


Ерөөсөө л хохирогч юу хүсдэг вэ гэхээр цагдаагийн байгууллагын хамгаалалтанд орох. Тэгэхээр түр хамгаалах байр бий болсноор хохирогчийн эрүүл, аюулгүй байдлыг хангах том ажил болсон.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд дарга, цадаагийн хурандаа Б.Даваажав хэвлэлийн хурлын үеэр зарим зүйлийг онцоллоо.

 

Амар хялбар аргаар амьдрах гэсэн нөхөд банк дээрэмдсэн


2015 оны 11 дүгээр сарын гэмт хэргийн статистик мэдээ гарсан. Гэмт хэрэг 5.6 хувиар нийслэлийн хэмжээнд өссөн. Харин гэмт хэргийн илрүүлэлт 2.5 хувиар өссөн. Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 64.4 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдэж байгаа гэх тоо баримт бий.


Харин бусдын өмчийг хулгайлах, бусдын бие махбодид гэмтэл учруулах хэргүүд зонхилж байна.


Гэмт хэргийн үндсэн шалтгаан архидан согтуурах юм. Мөн ажил сургуульгүй, амар хялбар аргаар амьдрах гэсэн улсууд хулгай, дээрэм булаалтын гэмт хэрэг үйлдэж байна.


Дээрмийн хэргийн тухайд энэ онд 22.9 хувиар буурсан байгаа боловч үйлдлийн арга нь иргэдийн амь бие, эрүүл мэндийн эсрэг байна. Хамгийн сүүлийн жишээ Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдсэн асуудал байна.


Шалтгаан нөхцлийг нь үзэхээр амар хялбар аргаар амьдрах гэсэн, өнөөдрийн амьдарч байгаа өөрийн нөхцөлд сэтгэл ханамжтай байдаггүй, илүү ихийг хүсэх гэсэн этгээдүүдийн хууль зөрчсөн үйл ажиллагаа байгаа.

 

Өшөөлд хамрагдсан 26 этгээд дахин гэмт хэрэг үйлджээ


Өршөөлийн хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээс хойш өршөөгдсөн нөхөд дахин гэмт хэрэг үйлдсэн талаарх мэдээлэл сошиал ертөнцөд нэг хэсэг түгсэн.


Энэ нь нийгэмшиж чадахгүй байгаагаас үүдэлтэй гэж учир мэдэх хүмүүс тайлбарладаг. Тэгвэл Б.Даваажав “Өршөөлийн хуульд хамрагдаад суллагдсан хүмүүсээс дахин гэмт хэрэг үйлдэх явдал бүртгэгдэж байгаа. Одоогийн байдлаар 26 этгээд дахин гэмт хэрэг үйлдсэн.


Тэд хулгай, дээрэм, булаалт, танхайн хэргүүд зонхилон үйлдсэн байдаг” гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

Д.Ундрах

www.24tsag.mn