Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, гэрлэлтээ хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай хүмүүс, түүнчлэн Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийг гэр бүлдээ авч хүмүүжүүлсний, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосны үр дүнд тухайн иргэний асрамжид байгаа этгээдийн аль нэг нь нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох ба энэ нь бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн, эдийн засгийн хэлбэртэй байж болно гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд тодорхойлсон байна.

Нийслэл хотын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 591 гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг гарсан байгаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өссөн байна. Тэгвэл нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгууллагат ирж байгаа дуудлага мэдээллийн 30 орчим хувийг гэр бүлийн хүчирхийлэлттэй холбоотой хэрэг эзэлж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийн хүрээнд 40.8 хувийг архидан согтуурсны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх тоо баримт бий.
Гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд голлон өртөж байгаа бөгөөд хүчирхийлэлд өртсөн нийт эмэгтэйчүүдийн 62.6 хувь нь нөхөртөө, хамтран амьдрагчийнхаа дарамтад 18 хувь нь өртсөн байдаг ажээ. Нэгэн бүсгүй цэл залуугаараа нөхрийнхөө гарт амиа алдан бяцхан хүү өнчирөн үлдсэн түүх бий. Тодруулбал, Монгол улсын иргэн Б.Г 2014 оны 4 дүгээр сарын 12-ны шөнийн 1 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд эхнэр Х-г онц харгис хэрцгий аргаар хүзүүн тус газар нь хайчаар дүрж, санаатайгаар алсан гэмт хэргийг үйлджээ. Тэрбээр мөн үйлдлийг таслан зогсоох гэсэн эхнэрийнхээ эгчийг хайчаар зүсч, биед нь гэмтэл санаатай учруулсан байна. Түүнчлэн 2009-2012 оны хооронд нийт 5 удаагийн үйлдлээр эхнэр Х-г байнга зодож тарчлаасан гэмт хэргийг үйлдэж байжээ. Эхнэрийнхээ аминд хүрсэн энэ хэрэгт анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс 23 жил 9 сарын хорих ял оноосон. Удаа дараа нөхөртөө дарамтлуулж байсан талийгаач бүсгүй гэрийнхнийхээ санааг зовоохгүй гэж энэ талаар ам нээдэггүй байжээ. Ажлаа байнга сольж, нөхрөөсөө яаж ч зугтсан олж ирээд дарамталдаг байсан нь бүсгүйг амиа алдахад хүргэсэн байдаг.

Энэ жишээгээр бид ажигч байх ёстой гэдгийг хэлэх гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл таны дотны хүн, найз, хамтран ажиллагч, эгч, дүү чинь ойр ойрхон дугаараа сольж байвал, нэг газраа удаан ажиллахгүй байх зэргийг нь анзаарч байх шаардлагатай байна. Хэрвээ бид анзааргатай байсан бол хүнээ алдах хүртэл гарз амсахгүй. Нөхөрт гарсан гэлтгүй бага насны хүүхэддээ мөн анхаарал хандуулах шаардлагатай байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат хамба лам “О” нь бага насны охин “А” гэгчийг 2011 оноос 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл удаа дараагийн давтан үйлдлээр биеэ хамгаалж чадахгүй байдлыг ашиглан хүчирхийлсэн. Мөн мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн 44 настай уг этгээд нь нэрээ нууцлан Улаанбаатар хотод байр түрээслэн амьдарч байсан. Түүнийг аймгийн Цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжилж баривчлан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Шүүхээс 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдөр хаалттай хуралдаанаар хянан хэлэлцээд: Шүүгдэгч О гэгчийг бага насны буюу 12 настай охиныг удаа дараа хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 06 сарын хугацаагаар хорих ял, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 57-р зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд 16 жил 06 сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэрвээ эцэг эхчүүд бид охин хүүхэддээ анхаарал хандуулж, ярилцаж байсан бол дээрх гэмт хэргээс сэргийлэх боломжтой. Нөгөө талаас та бидний эргэн тойронд байгаа хэн нэгэн хүчирхийлэлд өртөж байгаа бол бид хуулийн байгууллагад нь хандаад тэдний эрүүл мэнд, амь насыг хамгаалах бүрэн боломжтой. Энэ нь хэн нэгний мууг үзэж байгаа хэрэг биш харин ч хүчирхийллийг таслан зогсооход таны оруулж байгаа хувь нэмэр, нэг ч гэсэн хүнийг амгалан, эрүүл амьдрахад тусалж байгаа хэрэг юм. Хэрвээ та бид хүчирхийлэлд өртөж байгаа нэгэнд туслахгүй бол хүчирхийлэгчийн тоог нэмэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд өссөн эрэгтэй хүүхдийн 80-90 хувь нь насанд хүрсэн хойноо гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болдог. Харин ийм орчинд өссөн эмэгтэй хүүхдүүдийн 80-90 хувь нь ээжийнхээ хувь тавиланг давтдаг байна. Тэгэхээр бид гэр бүлийн хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрвөл хүчирхийлэгчийг бэлдэж байгаагаас ялгаагүй юм.

Хүчирхийллийг нуувал дахин давтагддаг. Хүчирхийлэл хүчирхийллийг бий болгодог. Хүчирхийлэгчийн харгислал эрх чөлөөгөө хасуулснаар дуусдаг. Өөрийгөө, үр хүүхдээ, хайртай дотны хүнээ, хөршөө, хамаатнаа хүчирхийлэлгүй орчинд байлгахыг хүсвэл иргэн та үүргээ биелүүлэн хуулийн байгууллага, хүний эрхийн байгууллагад хандаарай. Эс бөгөөс гэр бүлийн хүчирхийлэл удах тусмаа ужгардаг болохыг сэрэмжлүүлж байна.

 

А.Баярмаа