“Эрдэнэт” үйлдвэрийнхэн Хонконгод данс нээсэн нь тогтоогджээ
2013/08/11
Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас “Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан 109.9 сая ам.доллар зээлсэн тухай мэдээлэл нэг хэсэг түгээд намжсан.
Үүнээс хойш олон нийт Ш.Батхүү гэх луйварчин хуурамч баримт бүрдүүлэн “Эрдэнэт” үйлдвэрийг банкны барьцаанд тавьчихсан юм байна. Улмаар Арбитрийн шүүхэд Засгийн газартайгаа “Эрдэнэт” үйлдвэрийнхэн дуудагдана гэх сэтгэгдэлтэй хоцорсон юм. Тухайн үед “Стандарт” банкнаас зээлсэн их хэмжээний ам.долларын өртэй холбоотой асуудалд Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан “Жаст” группийн захирал Ш.Батхүү 109.9 сая ам.доллар зээлснийг Ч.Ганзориг бид хоёр огт мэдэхгүй. Хуурамч баримт бүрдүүлсэн л гэж бодож байна” гэж манай Ийгл телевизид өгсөн ярилцлагадаа тов тодорхой хэлсэн юм.
Тэгвэл үнэн хэрэгтээ “Жаст” группийн захирал Ш.Батхүү ч биш “Эрдэнэт” үйлдвэрийн хуучин удирдлагууд “Стандарт” банкнаас 160 сая ам.долларын шууд зээлийн гэрээ байгуулсан баримт гарч ирсэн тухай баттай эх сурвалжийн мэдээлэл байна. Үүнд Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарын нэр ч холбогджээ.
Өөрөөр хэлбэл, Хонконгийн банкинд “Эрдэнэт” үйлдвэрийнхэн данс нээж “Стандарт” банкнаас зээлсэн мөнгөө шилжүүлэн авсан нь тодорхой болсон юм байна. Ингэхдээ 2009 оны гуравдугаар сард, 2010 оны тавдугаар сард, мөн есдүгээр сард, 2011 оны тавдугаар сарын 3-нд гэх мэтчлэнгээр хэд, хэдэн удаагийн үйлдлээр зээлээ авсан байгаа юм. Хуулийн байгууллагынхан ч “Эрдэнэт” үйлдвэрийн экс удирдлагуудын нээсэн Хонконг дахь дансыг илрүүлэхэд нэг их түвэг учраагүй аж. Учир нь он гарсаар авлигаар мөнгө олж, түүнийгээ гадаадын банкуудад байршуулан амар жимэр суудаг байдлыг эцэслэн Ерөнхий прокурор Д.Дорлигжав Хонконгийн Прокурорын байгууллагатай уулзаж, хууль бус дансыг илрүүлэн шалгах талаар тохиролцож чадсан юм.
Тиймээс хуулийн ажилтнууд “Эрдэнэт” үйлдвэрийн Хонконг дахь дансны талаар ил тод тайлан авахаар Хонконгийн Прокурорын байгууллагад албан тоот хүргүүлэхээр зэхэж байгаа аж. Түүнээс гадна тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байсан албан тушаалтнуудыг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шинээр хавтаст хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээллээр “Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг батлан даагчаар баримт бүрдүүлэн “Стандарт” банкнаас зээл авсан ч юм биш. “Эрдэнэт” үйлдвэрийнхэн “Стандарт” банктай шууд зээлийн гэрээ байгуулсан нь баримтаар нотлогдохоор болсон байна. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн дансанд орж ирсэн 160 сая ам.доллараас 109.9 сая ам.долларыг нь “Жаст” группийн захирал Ш.Батхүү зээлж үлдэгдэл 50 сая.ам.доллар нь усанд хаясан чулуу шиг сураг алдарсан гэх.
“Эрдэнэт” үйлдвэрийн нэр дээрх данс нь Хонконгод өнгөрөгч 2009 оны хавар нээгджээ. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийнхний “Стандарт” банкнаас авсан зээлийн гэрээний хуулийн ажлыг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын 1997 онд санаачлан байгуулсан “Mahoney liоttiа" гэх хуулийн фермер гүйцэтгэсэн юм байна. Энэхүү хуулийн фермер нь өдгөө ч үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тэрхүү зээлийн гэрээний хуулийн ажлыг гардан гүйцэтгэсэн хуульч АНУ-ын иргэн бөгөөд өдгөө амралтаараа нутаг буцсан юм. Уг фермерийн ажилтнууд ч “Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банкнаас авсан зээлийн гэрээний зарим хэсэгт ажилласан гэдгээ ч хүлээгээд байна. Гэхдээ хэдий хэрийн хөлсөөр тохиролцон гэрээг гүйцэтгэснийг талууд маш их нууцалжээ.
Ч.Ганзоригийг ямар учраас шалгах болов
Сэтгүүлчид нэлээд хожуу буюу өнгөрсөн сараас эхлэн “Стандарт” банкнаас зээлсэн мөнгөний асуудлаар шуугих болсон юм. Гэвч өнгөрсөн тавдугаар сараас “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг УМБГ-ынхан Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар буюу албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглан хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байхдаа “Стандарт” банкнаас 160 сая ам.долларыг зээлэх гэрээнд гарын үсэг зурсан хэрэгт буруутгасан юм. Уг хэргийн шалгах ажиллагааны явцын талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан “Стандарт” банктай зээлийн гэрээ байгуулсан талаарх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь үнэн. Уг хэрэгтэй холбогдуулан Төрийн өмчийн хорооноос шаардагдах баримт бичгийг гаргуулж авсан.
Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрээс ч холбогдох баримтуудыг гаргуулан авч цаашид хэргийг шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэв. Түүнчлэн Ч.Ганзоригийн бүх данс, хөрөнгө орлогыг нэг бүрчлэн шалгаж байгаа тухай мэдээлэл ч байна. Харин бид хэргийн эзэн Ч.Ганзоригоос “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг тодруулахад “Эрдэнэт” үйлдвэр 2007 онд “Жаст” группийн захирал Ш.Батхүүд батлан даалт гарган зээл авахуулж байсан нь үнэн. Харин 2009 оноос хойшхи зээлийн асуудлыг би огт мэдэхгүй” гэсэн тайлбарыг өгч мэлзсэн юм.
Д.Сугар гарын үсэг зураагүй, зурах ч үгүй
Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхээр халхавчлан суугаа Д.Сугар “Таныг УМБГ-аас дуудаж асуусан уу” гэсэн асуултад “Байцаалт, мэдүүлэг аваагүй шүү” хэмээн мөрдөн байцаагчдыг даапаалсан хариулт өгсөн цаг саяхан. Эл эрхэм ил цагаанаар “Нэг зүйлийг тодотгож ярих нь зүйтэй болов уу. Өнгөрөгч 2007 онд “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаж, “Стандарт” банкнаас 20 сая ам.долларыг “Жаст” групп зээлсэн юм. Энэ гэрээ хэлцэл 2008 онд хэрэгжээд дууссан. Тэр үед бид гэрээ хэлцэл амжилттай хэрэгжиж үйлдвэрт ашигтайгаар дууслаа гэсэн ойлголттой үлдсэн юм. Авсан бүх зээлээ төлсөн” гэх утгатай хариултыг өгч байв. Өөрөөр хэлбэл 2009 оноос хойшхи гурван удаагийн үйлдлээр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан авсан зээлийн баримт бичигт зурагдсан Д.Сугар болон Ч.Ганзориг нарын гарын үсэг хуурамч юм шүү гэдгийг баттайгаар хэлж суугаа.
“Жаст” группийн захирал Ш.Батхүү ч хэвлэлийн хурал зарлан “Стандарт банкнаас зээл авахын тулд “Эрдэнэт” үйлдвэрийн баталгааг хуурамчаар үйлдсэн нь үнэн л дээ” хэмээн хэнэггүйхэн өчсөн нь бүлэг хэрэг бүр хүндрэхээс зайлсхийж хар толгойдоо хамаг хэргээ үүрэхээр болж дээ гэх хардлагыг төрүүлэв. Банкны мэргэжилтнүүд ч ардын малчин Б.Дорж, алтны магнат Ц.Мянганбаяр хоёрын банкнаас зээл авах, Европын банкнаас зээл хүсэх хоёр тэмээ ямаа шиг зөрүүтэй. Европын банкны зээлийн судалгаа маш нарийн, баримт нотолгоотой явагддаг тул “Жаст” группийн захирал Ш.Батхүүд “Стандарт” банкныхан хулхидуулсан гэвэл монголчуудаас өөр итгэх хүн гарахгүй гэдэгт мөрий тавьсан ч алдахгүй гэж хэлэх хүн ч цөөнгүй бий.
Монголчууд 160 сая ам.долларыг нугалж төлөхөд хүрнэ
“Стандарт” банкныхан Английн Хатан хааны шүүхэд хандаж дэлхийн номер нэг хуулийн фермерийг хөлслөн манай “Эрдэнэт” үйлдвэрийн зээлсэн 160 сая.ам доллараа буцаан авахаар ажиллаж байгаа нь тодорхой болсон. “Жаст” группийн захирал Ш.Батхүү хийгээд Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар хоёрын өмнө нь ярьсан үлгэрийг түр орхиод Арбитрийн шүүхэд дуудагдсанаар бид хэдий хэрийн хохирол амсч болохыг урьдчилан зураглая. Өмнөх практикиас харахад монголчууд Арбитрийн шүүхэд дуудагдаж байгаа тохиолдол анхных биш юм.
Зочин · 2013/08/12
эрдэнэтээс их юм гарна даа...
ооо · 2013/08/12
фермер гэдэг чинь манайхаар бол малчин шүү дээ. фирм гэсэн ойлголт байдаг юм Мөнх-Оргилын чинь Линч энд Махоней хуулийн фирм гэдэгийн монголд дахь салбар байдаг байх шүү