Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуулийг батлах ёстой. Тэгвэл Сонгуулийн хуультай холбоотойгоор нам бүр өөрсдийнхөө саналыг тусгасан хуулийн төслийг өргөн бариад байсан. Тодруулбал АН-ыг төлөөлж Р.Бурмаа нарын 16 гишүүн, МАН-ыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн 2015.11.06-ны өдөр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийг төлөөлөн О.Баасанхүү нарын 10 гишүүн 2015.11.13-ны өдөр өргөн тус тус Сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан. Нам, эвслийн бүлгүүд гараар тоолно, машинаар тоолно гэх зэргээр зарчмын зөрүүтэй саналуудаасаа болж багагүй хугацаа алдаад байсан ч зөвшилцсөн гэдэг нь өчигдрийн чуулганаас харагдаж байсан юм. Өөрөөр хэлбэл өглөө чуулган хуралдаанаар хэлэлцэн өдөр байнгын хороогоор хэлэлцээд үдээс хойшхи чуулганы хуралдаанаар дахин хэлэлцээд баталсан. Ингээд шинэчилсэн сонгуулийн тухай хуулийн талаар хүргэе.

  • Сонгуулийн тогтолцооны хувьд 48:28 тогтолцоог хэвээр хадгална. Өөрөөр хэлбэл та бид 48 хүнийг саналаараа сонгоно гэсэн үг. Яг л 2012 оны сонгууль шиг гэсэн үг.
  • УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг нэг өдөр явуулна
  • Сонгуулийн үеэр санал өгөх хуудаст намуудын нэр Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар бичигдэх юм. Өөрөөр хэлбэл нэгт МАН, хоёрт АН гэх мэтээр үүсгэн байгуулагдсан он цагийн дарааллаараа бичигдэх юм.
  • Саналыг тоолохдоо машинаар тоолно. Ингэхдээ 50 хувь хүртэл нь санамсаргүй байдлаар хяналтын тооллого явуулна. Асуудал маргаан үүссэн тохиолдолд уг хуульд заасны дагуу шийдээд явах юм.
  • Сонгуулийн сурталчилгаа 14 хоног байна. Өмнө нь сонгуулийн сурталчилгаа 45 хоног байсныг 21 хоног болж бууруулсан бөгөөд энэ удаад мөн л бууруулж 14 хоног болгосон.
  • Арилжааны телевизүүд сонгуулийн сурталчилгааны үеэр ганцхан цаг л сонгуулийн сурталчилгаа явуулахыг хуульчилжээ.
  • УИХ-ын сонгуулийг сонгуулийн жилийн зургаадугаар сарын сүүлийн 15 хоногийн аль нэг ажлын өдөр хийнэ. Өмнө нь зургаадугаар сарын сүүлийн амралтын өдөр санал хураадаг байсныг шинэ хуулиар ийнхүү болиулсан юм.
  • Орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын сүүлийн 15 хоногийн аль нэг ажлын өдөр хийхээр хуульд тусгалаа.
  • УИХ дахь эмэгтэй гишүүдийн квотыг 20 хувь хэвээр хадгалах юм. Уг нь эмэгтэй гишүүд нэмэх гэсэн боловч эрчүүд олонх болохоор нэмэх саналыг дэмжигдээгүй юм.
  • Энэ хууль батлагдсантай холбогдуулан сонгуулийн холбогдолтой бусад хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд, мөн зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг батлахыг дэмжлээ.

Ийнхүү УИХ дахь нам эвслийн бүлгүүд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шиг хэн хэндээ ашигтайгаар хуулийн төслөө батлав.

Бид уг хуулийн төслийг тун удахгүй бүрэн эхээр нь хүргэх болно.

А.Баярмаа