Сэлэнгэ аймгийн Алтанбулан дахь Хилийн цэргийн 0101-р ангиас 2016 оны 01 сарын 6-ны өприйн 11:50 минутад “Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан Б, Г нар нь хилийн манаанаас бууж ирээгүй оргосон байж болзошгүй тус алба хаагчид тус бүртээ 25 сум бүхий АКМ байлдааны галт зэвсэгтэй яваа” гэсэн мэдээлэл цагаадгийн байгууллагад ирсэн байна. Уг мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Энхбараар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан эрэрлийн ажиллагааг Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар, Хушаат болон Булган аймгийн Сайхан сум, Атарын сангийн аж ахуйн чиглэлд зохион байгуулжээ. Улмаар оргосон цэргүүдийг Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэр “Гэгээлэг” гэх газарт автомашинтай явж байсныг тогтоосон байна. Тэдэнд зогсох шаардлага тавихад зугтаж 21:30 цагт “Шаамар” сумын нутаг дэвсэг Бүүрэг толгой гэх газарт тээврийн хэрэгслийн албадан зогсоож, баривчилсан байна. Цэргээс оргосон этгээдүүд нь иргэн Б, З нарыг нарыг галт зэвсэг хэрэглэн айлган сүрдүүлж автомашиныг нь дээрэмдэн авч зугтаж явахдаа баригдсан байна.

Тэднийг баривчлахад ЦЕГ-ын удирдлага, ХХЕГ-ын удирдлагатай шуурхай мэдээлэл солилцон хамтран ажилласан бөгөөд Сэлэнгэ аймаг дахт цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд ажилласан байна.

Одоогоор оргосон цэргүүдийг Сэлэнгэ аймагт саатуулаад байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн 279.1-ийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тус заалтад “Цэргийн хугацаат болон гэрээт албан хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, салбар, алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан буюу эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан байдаг юм байна.

Цэргүүд оргосон шалтгаанаа гэрээ санасан хэмээн тайлбарласан бөгөөд ямар нэгэн дарамт шахалт байгаагүй гэдгийг хэлсэн байна.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа