Монгол Улсын Засгий газар Хятадын “Чалко” компанид 350 сая ам.долларын өртэй. Энэ тухай 2013 оны гуравдугаар сарын 27-ны өдөр сэтгүүлчтэй уулзах үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг ам алдаж байсан удаатай.

Одоо харин тэр өдрөөс хойш бүтэн дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Гэвч өнгөрсөн долоо хоногт “Чалко”-д төлөх өрийнхөө 170 сая ам.долларыг “далдруулсанаа” Засгийн газрын тэргүүн мэдэгдэж, 180 саяыг нүүрсээрээ цайруулахаа амлаж сууна. Энэ ч мөн яривагтай асуудал болоод байгаа. Учир нь улс төрийн намууд УИХ-д сонгогдохын тулд иргэддээ сая 500 мянган төгрөг өгнө гэж одоогоос таван жилийн өмнө амласнаас болж эцэстээ үүнийгээ нүүрсээр цайруулахаар тохиролцож, “Чалко” компаниас 350 сая ам.долларыг зээлсэн. Өөрөөр хэлбэл, Хүний хөгжил сангийн мөнгийн сүүлчийг  өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохын тулд, бас нэр цэвэр үлдэх гэснээс болж ийм байдал ороод сууж байгаа нь үнэн. Энэ бол өөрсдийнхөө гаргасан горыг цайруулах гэсэн үйлдэл мөнөөс мөн. Харин 180 саяыг яаж төлөх вэ гэдэг тэдний хувьд өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа ч Монголын хар алтны баялаг арвин учир өрийг нүүрсээр төлөх замаар шийдэж сууна. 

Харин “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ гадагшаа гаргаж чадахгүй зогсолтын байдалтай байна. “Чалко”, “Эрдэнэс Тавантолгой” компани хоёрын дунд асуудал бий. Учир нь нүүрсээ гаргахаар манай талд алдагдалтай болохоор Засгийн газар үүнийг нь шийдвэрлэхээр тохиролцсон гэдэг. Гэвч өнөөдрийг болтол нүүрсээ гаргаж чадахгүй, тээг уяандаа хүлэгдчихээд байгаа юм. Харин Засгийн газрын тэргүүн энэ долоо хоногт нүүрсээ экспорлоно гэж амласан. Хэрвээ энэ яриа биелэлээ олохгүй бол тэр худлаа хэлсэн болно. Уг нь нүүрсээ алдагдалгүй гадагшаа гаргабал Монголын талд, тэр дундаа “Чалко”-гийн 180 сая ам.долларыг төвөггүйхэн төлчих боломжтой. Гэвч гай газар дороос гэхчээр “Чалко” компанийнхан “Мөнгө зээлдүүлсэн, бидэнд бас ашигтай байх хэрэгтэй” гэдгээр сүрдүүлсэн нь нүүрсээ гадагшаа гаргаж чадахгүй байгаасаас үүдэлтэй гэхэд болно. Харин энэ дунд хамгийн их тарчилж байгаа хүн нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь. Учир нь тэрбээр “Улс төрийн маш хүнд дарамтад байна” гэдгээ хэлсэн удаатай. Үүгээр юуг илэрхийлэх гэсэн бэ гэвэл “Чалко”-гоос авсан 350 сая ам.долларын өр хэн нэгнийг шахалт, хавчилган дунд байлгаж байгаа гэхэд хилсдэхгүй.   

“Чалко”-д төлөх үлдэгдэл 180 сая ам.долларын өрийг яаж төлөх вэ. Хэдийгээр Засгийн газрын тэргүүн нүүрсээрээ төлөхөөр хэдийнэ тохиролцсон ч “Чалко”-той хэлэлцэрийн ширээний ард хэдэнтэй суусан ч дорвитой үр дүн гараагүй. Өөрөөр хэлбэл, нүүрсээ гадагшаа гаргаж чадахгүй байгаа нь үнэнийг батлах нэгэн сэжүүр юм. “Эрдэнэс Тавантолгой” компани он дуустал “Чалко”-д 4.5 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн. Харин нэг тонн нүүрсээ хэдэн ам.доллараар борлуулах нь эргэлзээ дагуулж байгаа юм. Учир нь “Чалко” компаниас 350 сая ам.долларыг зээлэхэд 2012 онд нүүрсний нэг тонн нь 56 ам.доллар байсан. Гэхдээ зээлийн төлөлтөө шийдэхдээ тонн нүүрсийг 70 ам.доллараар нэрлэсэн гэдэг. Гэвч одоо тонн нүүрс 47 ам.доллар хүрэхтэй үгүйтэй байна. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ асар хурдацтай буурч буй. Үүнээс шалтгаалаад манайд ч нөлөөлж байгаа юм. Харин “Чалко” компани дэлхийн зах зээлд үнэ нь унасаар байгаа нүүрсний тонн дутмын үнийг нэмнэ гэвэл ёстой худлаа. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар “Чалко”-д нэг тонн нүүрсээ асар бага үнээр худалдаж, өрөө цайруулахаар сууж байгаа нь тодорхой болсон зүйл. 
 

С.МӨНХБАЯСГАЛАН