Хэдхэн хоногийн дараа хонхны дуу цангинаж, эрдмийн өргөөнүүд сурагчдаа хүлээж авна. Энэ нь сайхан хэрэгч, ерөнхий боловсролын сургуульд анхлан орогч зургаан настнууд ширээндээ багтахгүй, гурав дөрвөө зэрэгцэн суух болоод байгаа нь харамсалтай. 

Одоогоос зургаан жилийн өмнө төрөлт эрс нэмэгдэж, “Алтан” гахай жилд бүл нэмсэн гэр бүл олон бий. Хэдийгээр төрөлт нэмэгдсэн нь сайхан хэрэг. Гэвч манай орны хувьд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, ихэнхийнх нь барилга муудсан нь “Алтан” гахайнд дайрлагад ёстой нэг өртүүлж, төр засгийнхныг “сөхрүүлэх” болоод байгаа юм. Учир нь 2013-2014 оны хичээлийн шинэ жилээр нэгдүгээр ангид 22 мянга гаруй сурагч элсэн орно. Энэ нь өмнөх жилүүдийнхээс бодвол нэгдүгээр ангид элсэгчдийн тоо нэмэгдэж, ерөнхий боловсролын сургуулиуд 4-5 ээлжээр хичээллэх болоод байгааг албаны хүмүүс хэлсээр байна. Яагаад гэвэл жил ирэх тусам сургуулиуд нэмж барих шаардлага тулгараад байгаа ч үүнийг төр засгаас  шийдээгүй учир “Алтан” гахай жилийн сурагчид багтаж шингэхгүй болоод байгаа нь юу юунаас илүү асуудал дагуулж байна. 

Шинэчлэлийн гэх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газар гадаадын зэх зээлээс “Чингис бонд”-ын нэрийдлээр маш их хэмжээний хөрөнгө босгож, үүнийгээ бүтээн байгуулалтад зарцуулж эхэлсэн. Гэтэл өнөөдрийг болтол ганц ч сургуулийн барилга бариад өгсөн юм алга. Үнэн хэрэгтээ том том бүтээн байгуулалт өрнүүлж байгаа хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг цээжээ дэлдэх нь бий. Үнэн хэрэгтээ ирээдүй болсон хүүхэд, багачуудынхаа сурч боловсрох нөхцлийг хангаж чадсан уу гэж асуумаар байна. Харамсалтай нь үгүй гэдэг хариулт өгөх нь мэдээж хэрэг. “Чингис бонд”-ын мөнгөөр олон зүйлийг санхүүжүүлсэн гэж ярих дуртай төр засгийнхан энэхүү зээлийнхээ хүүнд 30 цэцэрлэг барих мөнгийг аль хэдийнэ “Май” гээд өгчихсөн. Магадгүй энэ зээлээс сургууль барих мөнгө хуваариалаад ажлаа хаврын хаварт эхлүүлсэн бол нэгдүгээр ангид элсэгчид тайван орчинд сурч боловсрох байсан. Гэтэл өнөөдөр нэг танхимд шавааралдсан олон хүүхэд бужигнаж, гурав дөрвөөрөө зэрэгцэн суугаад хичээллэвэл эрдэм боловсролтой монгол хүүхэд болон төлөвшихэд хэцүүхэн болоод байна. 

Харин нийслэлийн ИТХ-аас энэ долоо хоногт эхний ээлжинд  83 байршилд  цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор барихыг шийдвэрлэлээ. Ингэснээр бага насны хүүхдүүд гэрээсээ хамгийн холдоо 500 метрийн радиуст сургуульдаа явах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Үүнд харин 1,5 тэрбум төгрөг зарцуулахаар тогтож. Магадгүй энэ нь шийдвэр гаргагч хүмүүст иргэдийнхээ асуудалд анхаарсан сайн зүйл байж болох ч алдаатай, хожимдсон гэдэг нь нэгэнт ойлгомжтой. Яагаад гэвэл, хичээлийн шинэ жил 15 хоногийн дараа эхэлнэ. Хонхны дуутай уралдаж ирсэн хүүхдүүд нулимс туслуулах цаг хэдийнэ ойртлоо. Нэг сургууль 4-5 ээлжээр хичээллэхээр ангиа хэзээ суларч, хичээллээ эхлүүлэх бол хэмээн зогсох сурагч олон байх нь гарцаагүй. 

Монгол Улсын нийгэм, эдийн засагт хүндхэн байдал тулгараад байгаа бол Ерөнхий боловсролын сургуулиуд үүнээс ч хүнд давааг туулна. Сурагчдаа хаана багтааж, шингээхээ бодож байхад зарим нэг нь эхнээсээ хаалга барьж байгаа  мэдээлэл ч гарах боллоо. Өөрөөр хэлбэл, их засварт оруулаад ч хүүхэд авах боломжгүй, амь насанд халтай гэсэн дүгнэлттэй есөн сургууль, цэцэрлэг нэрлэгдээд байна. Эдгээрт нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг багтаж байгаа юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид барилгын ашиглалтын үйл ажиллагааг зогсоох дүгнэлтийг гурван сургууль дээр гаргасан юм. Бусад зургаан сургууль, цэцэрлэгийг нийслэлийн ИТХ-ын 2012 оны тогтоолоор хөрөнгө, барилгыг актлахаар шийдвэрлэсэн. Харин эдгээр сургууль, цэцэрлэгт хүүхэд оруулж болох эсэхийг дахин нягталсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг гаргажээ. Тиймээс таван дүүргийн есөн цэцэрлэг, сургуульд сурч байсан хүүхдүүдийг ойр орчмынх нь сургууль, цэцэрлэгүүдэд тараан байрлуулах болоод байгаа юм. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулиудын анги дүүргэлт хэрээс хэтэрч, зургаан настнууд ирэх хичээлийн жилийг хүндхэн байдалтай өнгөрүүлэх нь нэгэнт тодорхой болж байна. “Алтан” гахайн дайрлага аа гэж. 
 

С.МӨНХБАЯСГАЛАН