Усны салбарынхан “Улаанбаатар хотын ус хангамж” сэдвийн хүрээнд өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус хэлэлцүүлэгт Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Усны үндэсний хороо, Барилга хот байгуулалтын яам зэрэг арав гаруй байгууллагын төлөөлөл, усны мэргэжилтнүүд тулгамдаж буй асуудлуудаа ярилцав.
 
Нийслэлчүүдийн усны хэрэглээ, түүнтэй холбоотой тоо баримтууд тус салбарын чиглэл байгууллага бүрт өөр өөр байдаг аж. Тиймээс хэлэлцүүлгийн эхний шийдвэрт усны тоо, статистик дүнг нэгтгэх ажлыг БОНХЯ удирдаж, тусгай баг бүрдүүлэн ажиллахаар боллоо. Ингэснээр иргэд төдийгүй тус салбарынхны тоон дундаа төөрөлдсөн байдал арилах аж. Түүнчлэн устай холбоотой олон салбар юу хийх ёстойгоо умартсан байдалтай байгааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын орлогч дарга З.Батбаяр онцоллоо. Мөн тэрбээр “Усны салбар хөгжихгүй байгаа нь нэг талдаа эзэнгүйдэл, нөгөө талдаа олон эзэнтэйгээс болж байна. Тухайлбал, Өнөөдөр Туул гол ширгэлээ гэхэд хэн хариуцах нь асуултын тэмдэг хэвээр байна” гэв. 
 
Улаанбаатар хотын иргэд ундны усаар машин угааж, бохир, арьс ширний үйлдвэр зэрэгт ашиглаж байгаа нь цэвэр усны нөөц багасах гол шалтгаан болж байна. Тиймээс цэвэр ус ашиглах шаардлагагүй аж ахуйн нэгжүүдийн усны хэрэглээг хязгаарлах шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байлаа. “Улаанбаатар хотын ус хангамж” хэлэлцүүлгийн хүрээнд тус салбарынхан хамтарч, эхний шатанд нийслэлийн усны хэрэглээ, нөөцийг тогтоох мөн боомтын асуудлыг шийдэж, ус хамгаалалт, эрүүл ахуйн хяналтыг сайжруулах зэрэг ажлыг шийдвэрлэхээр болов. Энэ үеэр усны нөөцийн талаар БОНХЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга А.Оюунсувдтай цөөн хором ярилцлаа. 
 
-Улаанбаатар хотын усны нөөц ямар түвшинд байна вэ?
 
-Одоогийн байдлаар нийслэлийн ундны усны хэрэглээ хоногт 268 мянган метр куб/хоног, усны нөөц 278,4 мянган мерт куб/хоног гэж тооцож байна. Эндээс үзэхэд нийслэлийн усны нөөц хүрч байгаа юм шиг боловч усны хэрэглээ нөөцөөсөө даваад байна. Учир нь ус сувгийн тоолуурт холбогдоогүй аж ахуйн нэгж, хувийн худаг олон байдаг. Тиймээс цаашид Улаанбаатар хотын ус хангамжийн цогц бодлого явуулах шаардлагатай.
 
-Энэ хэлэлцүүлгээс ямар үр дүн хүлээж байна вэ?
 
-Гэр хороололд амьдарч байгаа хүнд өдөрт 7-10 литр ус ногдож байна. Харин Орон сууцанд тоолуур тавьсанаар цэвэр усны алдагдал харьцангуй багасч, нэг хүн хоногт 230-250 литр ус хэрэглэж байна гэсэн тооцоо бий. Энэ нь дэлхийн стандартад байдаг дундаж хэрэглээ. Эндээс Улаанбаатар хот усны нөөц багатай нь харагдаж байна. Тиймээс байгаа нөөцөө зөв хуваарилж, усыг дахин ашиглах зэргийг хэрэгжүүлэх, бодлого болгоход хэлэлцүүлгийн үр дүн нөлөөлнө. 
 
Г.Орхон