УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тэргүүтэй төлөөлөл энэ сарын 16-нд Хөгжлийн банкны бондын санхүүжилтээр Дархан-Уул аймагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцтай танилцсан юм. “Дархан нэхий” компани жилд 500 мянган ширхэг нэхий болон савхин хувцас үйлдвэрлэж байна. Харьяа гутлын үйлдвэр нь жилд 500 мянган хос гутал зах зээлд нийлүүлсэн байна. Мөн “Адуу мал” брэндийг бий болгожээ. Тус компани Евро стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүнийхээ 60 гаруй хувийг гадаад зах зээлд экспортолж байна. “Дархан нэхий” компани “Чингис бонд”-ын санхүүжилтийн эх үүсвэрээс 4 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай 14 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Харин хүүгийн төлбөр нь 2015 оны хоёрдугаар сараас төлөгдөж эхэлжээ. Тус үйлдвэр нь Итали, Испани,Тайланд улс руу хагас боловсруулсан шир, ОХУ руу арьсан бүтээгдэхүүн экспортолж байгаагийн зэрэгцээ Европын хэд хэдэн улстай бүтээгдэхүүнээ экспортлох гэрээ байгуулжээ. Түүнчлэн цахим худалдааны томоохон сүлжээ болох www.alibaba.com сайтаар олон улсын хэрэглэгчдээс онлайн захиалга авч эхэлсэн байна.

“Дархан минж” компани жилд 250 мянган ширхэг нэхий боловсруулж байна

“Дархан минж” компани Чингис бондоос авсан санхүүжилтээр тоног төхөөрөмжөө шинэчилснээр Монгол савхи даргар, зузаан гэж гологддог байсан цаг ард хоцорчээ. Тус компанийнхан Монгол хонины нэхийг орчин үеийн дэвшилтэт техник, технологийн тусламжтайгаар эх орондоо боловсруулан, чанар стандартын шаардлага хангасан чанарлаг, загварлаг нэхий дээл, арьсан эдлэл үйлдвэрлэн дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна.
Цэрэг, армийн албан хаагч, ажиллагсдын өвлийн хувцсыг чанар, стандартын дагуу үйлдвэрлэн нийлүүлдэг аж. “Дархан минж” компани Турк, Испани зэрэг орны мэргэжилтнээс туршлага судлан хамтран ажилласны үр дүнд, жилдээ 250 мянган ширхэг нэхий боловсруулж, 20-35 мянган төрөл бүрийн загварын нэхий дээл, малгай, бээлий зэргийг үйлдвэрлэж байна.

Ургамлын тосоор дотоодынхоо зах зээлийг хангах боломж бүрдлээ

“Монгол алтан тос” үйлдвэр одоо үйлдвэрлэж байгаа ургамлын тосноос гадна сармис, чинжүү, лаврын навч зэрэг нэмэлттэй зургаан төрлийн тосыг зах зээлд нийлүүлэхээр туршилтын ажлаа эхлүүлжээ. Монголдоо анхдагч гэгддэг тус үйлдвэр Чингис бондын хөрөнгөөс 850 сая төгрөгийн санхүүжилт авч үйлдвэрлэлээ өргөтгөхөд зарцуулсан байна. Одоогийн байдлаар 260 сая төгрөгийг нь эргүүлэн төлжээ. Тэд 2018 он гэхэд хүнсний ургамлын тосны дотоодын зах зээлийг 100 хувь бүрэн хангах ургамлын тосны түүхий эд үйлдвэрлэхийн зэрэгцээ түүхий ургамлын тосны хандыг экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Монголын ургамлын тосны хэрэглээ жилд 18 мянган тонн байдаг. Тэгвэл “Монгол Алтан тос” үйлдвэр жилд 33 мянган тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай учраас бүрэн хүчин чадлаараа ажиллабал дотоодын хэрэглээгээ хангаад зогсохгүй гадаад зах зээлд борлуулах боломжтой. Мөн үйлдвэрлэл үйл ажиллагаагаа өргөжүүлснээр дахивар бүтээгдэхүүнээр саван, угаалгын нунтаг, малын тэжээл, кетчуп, майноз зэргийг үйлдвэрлэхээр төлөвлөжээ.Энэ үйлдвэр жилд 1.6 тэрбум төгрөгийн татвар төлдөг байна.

Дэлхийн жишигт хүрэхээр зорьсон “Дархан меат фүүдс”-ийнхэн

“Дархан меат фүүдс” үйлдвэр Хөгжлийн банкнаас хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт авч үйлдвэртээ өргөтгөл, технологийн шинэчлэл хийжээ. Тус үйлдвэр нь Монгол малын махны амт, чанарыг дэлхийн зах зээлд танилцуулж, эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүнийг олон үе, шат дамжлаггүйгээр хэрэглэгчидэд хүргэх зорилго тавьжээ. Тиймээс ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO 9001:2008, ISO 22000:2005, “Эгзэгтэй цэгийн аюулгүй байдлыг хянах тогтолцоо” буюу /HACCP/ зэрэг стандартуудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн байна. Энэхүү системийг үйлдвэртээ нэвтрүүлэхийн тулд урьдчилсан бэлтгэл үйл ажиллагаа болох техникийн шаардлагыг хангах зорилгоор БНСУ-ын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үйлдвэртээ бүрэн шинэчлэлт хийж байгаа аж.

Т.Буянаа