Төв цэвэрлэх байгууламжийн бохир, лагийг цэвэршүүлэх туршилт, судалгааны ажил хийгдэж байна
2016/02/19
ШУА-ийн Хими, Химийн Технологийн Хүрээлэнгийн Технологийн Инкубатор төв нь Япон улсын EMRO судалгааны төвтэй 2011 оноос хойш идэвхитэй хамтран ажиллаж байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд ЕМ™ технологийг монголд нутагшуулах ажлын хүрээнд туршилт судалгааны ажлыг өргөн цар хүрээтэйгээр хийж гүйцэтгэн үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоон баталгаажуулсаар ирсэн билээ.
Нийслэлийн хэмжээнд шийдэгдэх олон ажлууын нэг нь цэвэрлэх байгууламжийн үнэрийн асуудал болоод байна. Төв цэвэрлэх байгууламж нь их хэмжээний лагийг хөрсөн дээр бус бетонон дэвсгэр дээр хатааж, бүрэн хатаж үнэрээ алдсаных нь дараа шилжүүлэн хаядаг, энэ явцад орчинд тархах үнэрээс өөр байгальд учруулах хор нөлөө байхгүй гэж хэлж байгаа боловч ахуйн бохир ус, ялгадас зэрэг нь хөрс, орчныг хамгийн ихээр бохирдуулж байна гэсэн мэргэжилтнүүдийн судалгаа ар араасаа гарсаар байна. Цэвэрлэх байгууламжийн үүссэн лагийн хэмжээ ихэссэнээс болж байгууламжаас гарч буй үнэр гамшгийн хэмжээнд байгаа ч үнэрийг нь арилгах зорилгоор ариутгах, шүрших, дээрээс нь үртэс асгах ажлууд хийгдсэн ч төдийлөн сайн үр дүнгээ өгч чадахгүй л байна. Харин тэрхүү бохир, лагийг хор болгож ууршуулан хүрээлэн буй орчноо бохирдуулахын оронд байгаль орчинд ээлтэй ЕМ™ технологийг ашиглан экологийн цэвэр бордоо болгон хувиргаж, эргүүлэн ашиглах боломж бидэнд байна.
Технологийн Инкубатор төв нь Ус сувгийн удирдах газар болон Төв цэвэрлэх байгууламжтай хамтран микробиологийн дэвшилтэт технологийг ашиглан нийслэл хотын тулгамдсан асуудал болох төв цэвэрлэх байгууламжийн лагийн үнэрийг дарах, ариутгах, бохир ус цэвэршүүлэх зэрэг туршилт судалгааны ажлыг 2015 оны 12-р сараас 1 сарын турш хийж гүйцэтгээд байна.
Туршилтын ажлуудаа тодорхой үе шаттайгаар явуулсан.
Эхний туршилтаар лагийн талбайгаас өтгөн, шингэн дээж авч 2 саванд тус бүрд нь 20 л, 20 л дээж хийж тодорхой харьцаагаар ЕМ биобэлдмэлээр үйлчлүүлэн битүү орчинд таглан 3, 7, 10 хоногийн дараа эвгүй үнэр нь эрс багассан байсан.
Дараагийн туршилтанд цэвэрлэх байгууламж руу бохир орж ирдэг оролтын хэсэг, бохир усны агааржуулалтын хэсгээс тус тус дээж авч, бичил биетэн үржих таатай орчинг бүрдүүлэх зорилгоор агааржуултыг лабароторийн нөхцөлд явуулсан. Мөн харьцуулалт хийх үүднээс тухайн дээжүүдээ агааржуулалт явуулалгүйгээр ижил хугацаанд байлган өндөр үр дүнд хүрсэн.
Мөн туршилт судалгааны ажлын лабораторийн туршилтуудыг хэд хэдэн удаа гүйцэтгэж, бохир ус, лагийн дээжүүдийг УСУГ-ын усны лаборатори, микробиологийн шинжилгээнүүдийг ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн Микробийн нийлэгжлийн лаборатори зэрэг газруудаар шинжлүүлсэн.
Шинжилгээний эхний үр дүнгүүдээс танилцуулахад идэвхжүүлсэн ЕМ биобэлдмэлийг хэрэглээгүй лагийн нийт бичил биетний тоо 3,5*106, гэдэсний савханцар (E-coli), Cl.perfringens, Proteus ихээр илрээд байсан бол идэвхжүүлсэн ЕМ био бэлдмэлийг хийсний дараа лаг, бохир усан дахь гэдэсний бүлгийн савханцар, өвчин үүсгэгч бичил биетний тоо харьцангуй багассан. Мөн түүнчлэн ЕМ био бэлдмэлийг хэрэглэсний дараа лаг, бохир усан дахь микро, макро элемемэнтийг тодорхойлоход хүнд, хортой элемэнтийн хэмжээ буурсан. Тухайлбал хар тугалга, хүнцэл, хром, стронций, ванади, зэс гэх мэт хүнд металлууд 2-5 дахин буурсан үзүүлэлттэй байна.
Цаашид ЕМ технологийг цэвэрлэх байгууламжийн бохир ус, лагийг ариутган цэвэршүүлэхэд хэрэглэж болох үр дүнтэй технологи болохыг энэхүү туршилт судалгааны ажил харуулж байна.
Туршилтын явцад Технологийн Инкубатор төв, Цэвэрлэх байгууламж, УСУГазрын мэргэжлийн технологич, инженер, эрдэмтэн судлаачид судалгааны ажлын үр дүн, болон цэвэрлэх байгууламжаас гарч байгаа эвгүй үнэрийг арилгах, ариутгах, бохир усанд ЕМ технологийг ашигласнаар хэрхэн үр дүнд хүрэх талаар хамтарсан хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Зочин · 2016/02/19
nice