Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр зэхэж буй хүүхэд бүрт үнэн зөв мэдээлэл хүргэх үүднээс бид БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвтэй хамтран элсэгчид, болон эцэг, эхчүүдээс ирсэн асуултад хариулдаг билээ. Тиймээс энэ удаа элсэгчдээс ирсэн зарим асуултад БҮТ-ийн мэдээллийн ажилтнуудаас дараах хариултыг авлаа.

МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТ НЬ ЭЛСЭГЧДЭЭС ХУРААМЖ АВАХГҮЙ

 

Элсэлтийн шалгалтын бүртгэл эхлээд 10 хонох гэж байна. Иймд хот, хөдөөгийн зарим элсэгчдээс шалгалтын бүртгэл, шалгалт өгөх хичээлтэй холбоотой цөөнгүй асуултыг ирүүлсэн. Энэ асуултад БҮТ-ийн мэргэжилтнүүд дараах хариултыг өгч байна.

“Элсэгчдээ бид www.eec.mn цахим хаягаар бүртгэж байна. Шалгалтын бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн 70119498 дугаарын утсаар болон онлайн чат үйлчилгээгээр асууж болно. Элсэлтийн шалгалтыг энэ жил монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг зэрэг хичээлээс сонгон өгнө. Ингэхдээ онлайн бүртгэлд хамрагдсан сурагч бүр Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. Өөрөөр хэлбэл, энэ шалгалтыг өгснөөр ЭЕШ-д орох эрх нь нээгдэнэ гэдгийг анхаараарай. Энэ жилийн шалгалтын хураамж шалгалт тус бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байгаа. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Харин заавал өгөх монгол хэл, бичгийн шалгалт нь бүртгүүлэгчдээс хураамж авахгүй” гэв.

 

БУРУУ БӨГЛӨСӨН ХАРИУЛТАА ЗАСВАРЛАХ БОЛОМЖТОЙ

 

Элсэлтийн ерөнхий шалгалт гэдэг өсвөр насныхны хувьд мэргэжлээ зөв сонгох, суралцах сургуулиа зөв сонгохоос эхлээд амьдралынхаа хамгийн чухал алхамуудыг хийх маш том шалгуур байдаг. Энэ утгаараа элсэлтийн шалгалт эцэг, эхчүүдийн ч бас анхаарлын төвд байдаг. Иймд зарим эцэг, эхчүүд энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын онцлог болон элсэлтийн шалгалтын журамд орсон зарим өөрчлөлтийг сонирхож байна.

Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журамд багагүй өөрчлөлт оржээ. Тухайлбал, Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо өнгөрсөн жилийнхтэй адил 400-гаар тогтоогдсон байна. Мөн монгол хэл, бичгийн шалгалтын дүн, оноог батламжилсан батламж хуудас 2.5 жилийн хугацаанд хүчинтэй хэвээрээ байна. Харин элсэлтийн ерөнхий шалгалтын хариултын хуудасны загварт бага зэрэг өөрчлөлт оржээ. Өмнөх жилүүдэд хариултын хуудсыг бөглөхдөө хар эсвэл цэнхэр өнгийн балаар засваргүй бөглөдөг байсан бол энэ жилээс балын харандаагаар бөглөхөөр болжээ. Энэ нь элсэгчдэд бас боломж олгож байгаа аж. Хариултын хуудсыг буруу бөглөсөн бол түүнийгээ баллуурдаж, үнэн зөв бөглөх боломжтой болжээ. Энэ хариултын хуудасны загварыг БҮТ-ийн www.eec.mn хаягнаас татаж авч дадлага хийх боломжтой гэдгийг мэдээллийн ажилтнууд хэлж байна. Элсэгчдэд дуулгах бас нэгэн чухал мэдээлэл нь, энэ жил БСШУЯ-ны статистик мэдээллийг үндэслэн 12 дугаар анги төгсөгчдийн мэдээллийг элсэлтийн шалгалтын цахим бүртгэлд регистрийн дугаараар нь оруулсан байна. Энэ нь төгсөгчдийн хувийн мэдээллийг бүртгэлийн программд алдаагүй бүртгүүлэх чухал алхам болжээ. Тэгэхээр энэ жил сургуулиа төгсөж байгаа шалгуулагчид регистрийн дугаараа эхэлж оруулахад өөрийнх нь хувийн мэдээлэл автоматаар гарч ирэх юм байна. Элсэгчид өөрийнхөө хувийн мэдээллийг сайтар нягталж шалгаад, бүртгэлээ цааш үргэлжлүүлэх боломжтой гэдгийг албаныхан хэлэв.

 

БҮТ-ӨӨС СУРГУУЛИУДАД ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙНА

 

Шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан БҮТ-өөс хот, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулиудад шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгч эхэлжээ. Нийслэлийн боловсролын газартай хамтран гаргасан хуваарийн дагуу энэ долоо хоногт Хан-Уул дүүргийн төгсөх ангийн сурагчдад зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа аж. Өнгөрсөн жилүүдтэй харь­цуулахад, энэ жилийн элсэгчид шалгалт өгөх аймаг, хотоо сонгож бүртгүүлэх, шалгалт өгөх хичээлээ нэмж сонгох боломж нээлттэй болсон байна. Мөн бүртгүүлэх явцдаа төлбөрийн гүйлгээг давхардуулж хийсэн тохиолдолд БҮТ-д хандаж, төл­бөрийн буцаалт хийж болох зэрэг элсэгчдэд олон боломжтой хувил­баруудыг санал болгожээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ЭНХТУУЛ