НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох нэрийдлээр иргэдийн зовлон дээр зовлон нэмж байна. Бүтэн нэг зуун мянган төгрөгийн наймаа хийж байж хоёр хувь буюу 2000 төгрөг эргүүлж авах юм гэнэ. Нэг зуун мянган хүнээс ганцад нь л ногдож мэдэх зуун саяын хонжворт орох найдлага төрүүлэн иргэдийг горьдоож байгаа нь энэ.

Мөн нэг сая төгрөгийн наймаа хийсний эцэст бүтэн нэг жил хүлээж байж 20.000 төгрөг эргүүлж авна гэсэн үг. Тэгээд дунд нь сар бүр 100 сая төгрөг горьдох ажээ.
Үнэндээ жилд 20хон мянган төгрөг авах ер нь хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Хорин мянга эргүүлж авахын төлөө баахан явдал суудал болох юм биш үү. Хоёр хувиа эргүүлж авах хүсэлтэй хүмүүс байгааг ч бас үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ тоохгүй нь илүү байж мэднэ шүү.

Харин орон сууц болон үнэтэй машин худалдан авсан иргэнд хамаатай буюу тэдэнд ээлтэй байж болох юм байна. Өндөр үнэтэй зүйл худалдан авсан тохиолдолд хоёр хувь эргүүлэн авна гэдэг чинь угаасаа чамлахааргүй мөнгө болчихно. Тэгэхээр чадах нь ямар ч аргаар хамаагүй амьдар гэдэг далд санаа гэж ойлгож бас болохоор байгаа юм. Мөн зуун саяын хонжворыг яг хэн хожих, хэрхэн шударга сугалаа явуулах зэрэг баталгаа бий юу. Аз болон сугалаанд тэр ч бүү хэл мухар сүсэгт итгэдэг ядарсан ард түмнийхээ итгэл үнэмшил дээр хийж буй нэгэн тоглолт юм болов уу.

Баталгаагүй хонжворт найдлага төрүүлж, горьдлого тээсэн энэхүү хүлээлтээс болоод жижиг лангуу түрээслээд ажиллуулж байгаа, гудманд зогсоод оймс зарж байгаа хүмүүст бас нэг бэрхшээл нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл хоёр хувь гэх нэрийдлээр төсвийн мөнгөө ахиухан төвлөрүүлэх цаашлаад томоохон дэлгүүр, супермаркет томхон бизнес эрхлэгчдийг дэмжсэн ажил хийжээ гэж ойлгогдлоо.

Угаасаа лангуу түрээслээд сууж байгаа, гудманд зогсоод чихэр бохь зарж буй хүнд тэр үл давхцах QR кодтой кассын машин нь яаж байх билээ.
Мөн төр иргэдийг улам хянаж байгаа нэг хэлбэр. Ингэж авсан бараа бүрийг нь хянаж авах татвараа ганц ч төгрөг дутаахгүй хураах гэж байгаа далд санаа. Тэд сэргэлэн болохоор НӨAТ-ийн хоёр хувийн буцаан авалт, 100 саяын сугалаанд оролцох зэрэг өчүүхэн бөгөөд горьдоосон хөнгөн аргаар биднийг хуурч байна. Ер нь ядуу иргэдийнхээ мухар сүсгээр наадсан ажил гэж ойлгож бас болно. Баримт гэх цаасыг бид интернет орж бүртгүүлээд сугалаа гэгчийн хонжвор болох 100 сая төгрөг горьдож суух л юм билээ.

Хамгийн инээдтэй нь ингэж бүртгэж буй НӨАТ-ын татварын мөнгө төсөвт төвлөрнө төсвийн мөнгөөр хэн тансаглаж хэрхэн амьдардаг билээ. Тэгэхээр томчуудаа дэмжиж, ядуусдаа горьдлого төрүүлсэн энэхүү мөнгөний ажилд жирийн иргэд, жижиг худалдаачид л хохирч үлдэх болно.

Н.Чимэг