ИНЕГ-ын даргаар С.Буяндалай хууль бусаар томилогдох нь
2013/02/19
Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ.
АН парламентад олонх болсны дараа өмнөх даргыг нь МАН-ынх хэмээн ад үзээд, үүрэгт ажлаас нь зайлуулсан билээ. Түүний оронд тус газарт ажиллаж байсан С.Буяндалай гэгчийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод багагүй хугацаа өнгөрөв.
Нэгэнт түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа болохоор уг албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах нь Төрийн албаны зөвлөлийн үүрэг. Тус зөвлөлөөс гаргасан сонгон шалгаруулалтын зарыг анхааралтай уншвал түүний зэс аяндаа цухуйх аж. Уг албан тушаалд ажиллах хүн нь нислэгийн хөдөлгөөний инженер, нисэх техникийн ашиглалтын инженер, эсвэл эдийн засагч байх шаардлагатай.
Нисэхийг энэ салбарын мэргэжилтэн удирдах нь зүйн хэрэг. Өмнө нь эдийн засагч, нислэгийн удирдагч энэ тэрээр удирдуулаад онгоц сүйрүүлж байсан гашуун туршлага ч бий. Гэтэл нисэхийн салбарын хамгийн гол мэргэшил болох нисгэгч-инженер, агаарын хөлгийн ашиглалтын инженер зэрэг нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг сахин хангуулдаг үндсэн мэргэжлийг чухам юуны учир сонгон шалгаруулалтад огт дурдаагүй нь гайхмаар.
Эднийг ийн гадуурхсанаараа мэргэжлийн салбарын бодлогыг алдагдуулж, нисэхийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэх аргагүй. Хэрэв нисгэгчдээс жийрхэж байгаа бол агаарын тээврийн зохион байгуулалт, менежмент, нисэхийн эрхзүйч гээд энэ салбарт зайлшгүй шаардлагатай мэргэжлийг орхигдуулмааргүй л юм. Түүхээс үзвэл, иргэний нисэхийг нисгэгч нар л удирдаж, тэр үед нислэгийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж чаддаг байжээ.
Улсын баатар, хурандаа генерал Б.Цогоо, улсын баатар, гавьяат нисгэгч Д.Гунгаа, гавьяат нисгэгч Д.Сүрэнхорлоо, генерал-нисгэгч С.Санжмятав, техникийн шинжлэх ухааны доктор, инженер-нисгэгч С.Батмөнх нарын зэрэг аваргууд энэ салбарыг удирдаж өдий зэрэгт хүргэсэн юм. Тэдний дэргэд С.Буяндалай гээч нь дэндүү жулдана. ИНЕГ-ын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж өгөх тухай захиалга өгсөн Зам, тээврийн яам, захиалгыг хэрэгжүүлэхээр зар түгээж буй Төрийн албаны зөвлөлийн нөхөд үүнийг огт анзаарсангүй.
Үүний учрыг лавлавал түр орлон гүйцэтгэгч С.Буяндалай сонгон шалгаруулалтын шаардлагад яв цав тохирч буй гэнэ. Нэг үгээр хэлбэл, сонгон шалгаруулалтад дурдсан хэдэн шаардлагыг зөвхөн С.Буяндалайд зориулжээ гэж хэлж болох. Хэргийн учир чухам үүнд л байгаа ажээ. Дээрх зарыг цааш уншвал “нислэгийн төлөвлөлт зохицуулалт, нисэхийн эрэн хайх, авран туслах чиглэлээр ажиллаж байсан” гэх сүрхий шаардлага тавьжээ. Үүнийг нь ухаж үзвэл С.Буяндалай нэг үе ИНЕГ-ын нислэгийн төлөвлөлт зохицуулалтын тасгийн даргаар ажиллаж байжээ.
Гэвч тэр энэ хариуцлагатай албыг хашиж байхдаа ноцтой алдаа гаргаж, албан тушаал буурч байж. Тодорхой хэлбэл, “нислэг хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалтыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага ИНЕГ гэсэн үг-аас зохицуулах” гэсэн хуулийн заалтыг зөрчөөд энэхүү төлөвлөлт зохицуулалтыг нэр бүхий гурван ч хувийн компаниар хийлгэж байжээ.
Тодруулбал, иргэний нисэхийнхний хувийн гэгдэх АСН, “FAL сервиз”, “Идэр авиэшн” компанид дээрх онцгой эрхийг найр тавин өгснөөр тэд Монголын нутаг дэвсгэр дээгүүр нисэн өнгөрөх тухай гадаадын авиа компаниудын захиалгыг авч, дундаас нь хөөрхөн хувь хүртэж, үлдсэнийг нь улсад тушаадаг байсан гэх. Нисэхийнхний хэлж буйгаар С.Буяндалай дарга эдэнтэй нэг баг, түрийвч нэгтэй нөхөд гэнэ.
Түүний энэ нугалаа завхрал 2006 оны намар аудитын шалгалтаар олонд ил болсноор тэрбээр нислэгийн төлөвлөлт зохицуулалтын тасгийн даргаас хусагдсан аж. Өнөөх нисэхийн эрэн хайх, авран туслах чиглэлээр ажиллаж байсан гэдгийн учир нь ч одоо нэгэнт тодорхой болж байна. С.Буяндалай 2010 онд ОХУ-ын Уулын Алтайд болсон Орос-Монголын хамтарсан энэ чиглэлийн хээрийн сургалтад оролцсон Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж явсныгаа ийнхүү өөрийгөө дөвийлгэх нэг хэрэгсэл болгожээ. С.Буяндалай багагүй сүйхээтэй нэгэн бололтой.
Юу гэвэл, 2009 онд Г.Даваа гэдэг нөхрийг хууль бусаар ИНЕГ-ын дарга болоход нислэг хөдөлгөөний ерөнхий менежер гэдэг том тушаалд тохоон томилогдсон ч хэдхэн сар болоод мөн л халагджээ. Өмнө өгүүлсэн сонгон шалгаруулалтын зар дотор “иргэний нисэхийн салбарт тав болон түүнээс дээш жил ажилласан, удирдах албан тушаал эрхэлж байсан” гэх шаардлага байна лээ. Дээр дурдсан нислэг хөдөлгөөний ерөнхий менежерээр хэдэн сар ажилласныг эс тооцвол түр орлогч С.Буяндалайд тийм туршлага байхгүй.
Учир мэдэх зарим эх сурвалжийн хэлж буйгаар МАХН-ынхныг Н.Энхбаяраар барьцаалж Засгийн газраас гарна хэмээн айлган сүрдүүлж байх үед аргаа барсан Н.Алтанхуяг танхимаа бүрэн бүтэн авч үлдэхийн тулд бие даагчид руу хандарч, тэдэнтэй сүжирч эхэлсэн байна. Бие даагчдын мэдэлд нэг, нэг агентлаг өгөх тухай ч амласан бололтой.
Чухам тийм эгзэгтэй мөчид Хөвсгөлөөс бие даан УИХ-ын гишүүн болсон Ц.Даваасүрэн С.Буяндалайг энэ албанд зүтгүүлсэн гэнэ. Зам, тээврийн сайд А.Гансүх уг нь иргэний нисэхийн салбарын зовлон бэрхшээлийг сайн мэддэг, тухайн салбарыг зүйл бүрээр дэмждэг хүний нэг. Гэтэл тийм хүний ар хударгаар албатууд нь нэг хүнд зориулсан захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн нь хачирхалтай.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан “Төрийн албаны зөвлөл гэдэг байгууллага нийгэмд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа учир татан буулгана” хэмээн мэдэгдэж байсан билээ. Хууль эрх зүйн орчин нь ч нөлөөлдөг биз. Энэ байгууллага үнэхээр тааруухан ажилласан гэдэгтэй хэн ч маргахгүй. Тийм ч учраас тус байгууллагын дарга Д.Зүмбэрэллхамыг ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөд энэ байгууллага одоо л шинэчлэгдэх нь хэмээн олон хүн баярлаж байсан.
Харамсалтай нь, бадарчин баярлах болоогүй байжээ. Түүний оронд Б.Цогоог томилов. Гэтэл “Сахил хүртээд шал дордов” гээчийн үлгэр болсны зөвхөн ганцхан нотолгоо нь ИНЕГ-ын даргын энэхүү сонгон шалгаруулалтын маапаан юм. Уг нь Б.Цогоо нисэхийн салбарт чамгүй өндөр албан тушаал хашиж, хоолыг нь бишгүй хороосны хувьд, богинохон хугацаанд ч болов “МИАТ” компанийг удирдаж явсны хувьд энэ салбарт чухам ямар мэргэжлийн удидлага хамгаас чухлыг эрхбиш гадарлах л учиртай.
Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын зараас үзвэл, одоогийн даргын үүргийг түр гүйцэтгэгч С.Буяндалайгаас өөр хүн гарах боломжийг боомилсон, нээлттэй, ардчилсан сонгон шалгаруулалт болохгүй нь тодорхой байгаа юм. Энэ бүхнээс дүгнэлт хийвэл Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон С.Буяндалайг Төрийн албаны зөвлөлийн шинэхэн дарга Б.Цогоо цээжээрээ хамгаалсаар сонгон шалгаруулалтанд ялалт байгуулах нөхцөл бүрдүүлжээ.
ИНЕГ-ын Сургалт, дадлагын цогцолборт бүсийн багшлагч мэргэжилтнээр ажиллаж байсан С.Буяндалай шинэчлэлийн Засгийн газрын өнгөн дээр шууд л ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч болж дөнгөсөн юм чинь одоо жинхэлчих нь тодорхой. АН-ынхан дэмжиж л байвал “халзан бор төлөг” ч дарга болдог хуультай юм аа хө.
Асуудал өнөөдөр иймэрхүү л байна.